Шолой убаши хунтайж

Шолой убаши хунтайж нь Гэрсэнз жалайр хунтайжын ахмад хүү Ашихай дархан хунтайжын дэд хүү Түмэндарь дайчингийн ахмад хүү юм. Шолой убаши хунтайж, түүний хүү Омбо Эрдэнэ нарын үед газар нутаг тэлж, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэгжиж халхын баруун гарын тэргүүлэгчдийн мэдлээс гарч бие даах бодлого явуулж ирсэн бөгөөд түүний эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярск хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Мөн тэд Орос улстай харилцан элч солилцож худалдаа наймаа хийж байжээ. Иймээс Оросын хаанаас Хотгойдын ноёдод "Алтан хан” цолыг олгожээ.[баримт хэрэгтэй]

Шолой убаши хунтайж
Убаши хунтайж, Алтан хан
Хаанчлал1587?-1623
Төрсөн огноо1567 он
Өнгөрсөн огноо1623 он
УдаахБадма эрдэнэ хунтайж
ЭцэгТүмэндарь дайчин хутухур
ЭхТайгал хатан[1]
ШүтлэгШарын шашин
Ургийн овогБоржигин

Ингэж харилцахдаа Оросын цагаан хааны зүгээс дорно зүг хаяа тэлж Сибирь, алс Дорнодод ирсэн тул улмаар Хотгойдын хангуудтай харилцаа тогтоох, цаашлаад өөрийн хил хязгаарыг сахиулах, алба бариулж, түшмэг хараат улс болгох бодлого барьж байсан бол, Хотгойдын Алтан хангуудын зүгээс Ойрадуудтай байлдахад түшиг болгох, худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох, халхад нэр нөлөөгөө ахиулахад Оросыг ашиглах бодлого барьж байлаа. Оросууд Алтан хан Шолой Убашийн тухай анхны мэдээг 1604 онд хүлээж авсан ба Алтан хантай харилцах зорилгоор анхны элчдийг Иван Белоголовоор удирдуулан 1607 онд явуулсан боловч Шолой Убашийн Ойрадтай хийж байсан байлдааны улмаас очиж чадалгүй Киргизийн нутагт хүлээж өвөлжөөд 1609 оны хавар Томск руугаа буцжээ. Энэ үеэс Оросын хаан В.В. Волынский нарын элчийг илгээсэн боловч Шолой Убашид бараалхаж амжаагүй байна.

Ингээд хэсэг хугацаанд засварласны дараа 1617 оны 2 сарын 2 - нд Томскийн харьяат Василий Тюмениц, аравны дарга И.Петров нар Оросын хаан Михайл Федоровичийн элчээр Алтан хан руу зарагдаж 18 өдрийн турш хүнд хэцүү замыг туулан Алтан ханы нутгийн захад иржээ. Алтан ханы өргөөнд ойртон очиход хан өөрийн бага хүүг 50 орчим нум сум бүхий морьт цэргийн хамт илгээн идээ ундааны зүйлтэйгээр тосон авчээ. Оросын элчдийн зорилго нь Алтан ханаар Оросын хараат болох тангараг өргүүлэх, тэдний зан байдал, нутаг орныг тандан судлах байв. Алтан хан Оросын элчийг хүлээн авч хэрэг зоригийг асуун бэлэг сэлтийг хүлээн авч дайллага цайллага хийн өнгөн дээрээ Оросын хааныг хүндэтгэн үзэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж түүнээс цэргийн тусламж авахын зэрэгцээ шаардлага гарвал зохих хэмжээний цэргийг Орос улсад илгээж байж болохыг мэдэгдээд өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг дагалдуулан илгээжээ. Ийнхүү Оросын элч нар үндсэн зорилгоо биелүүлээгүй бөгөөд Алтан ханы бурхан тахих ёслолд оролцсоноо “Алтан хан Оросын эзэн хааны харьяат болох тангараг үйлдэв” хэмээн эндүүрэн ойлгож “ Алтан хан Шолой Убашийн өргөө нь Хан Хөхүйн нурууны ойролцоо орших давсархаг Увс нуурын хавиар нүүдэллэн оршдог” .....” нэг газартаа долоо хоногоос удаан байхгүй, уул, усны хооронд өвөл зунгүй нүүдэллэн явна.Хүмүүс нь сайхан зантай. Ойролцоогоор түүний хүмүүс 100 000 орчим харагдсан. Таван хошуу малыг эрхлэх боловч тэд тариаланг мэдэхгүй, учир нь хад чулуу ихтэй уулархаг нутагтай” гэх мэтчилэн мэдээтэй буцжээ.

Алтан ханы элч нарын гол зорилго нь Ойрадын Хар хултай байлдахад тусламж үзүүлэх, дарь хийх, галт зэвсэг үйлдэх дархан илгээх, Сибирын хотод худалдаа хийлгэхийг гуйжээ. Оросын хаан мөн л найрсаг харилцаа тогтоохыг хүсэн буйгаа илэрхийлэн дайлж цайлаад тавьсан саналуудад нь тодорхой хариу өгөөгүй бөгөөд 1617 оны 8 сард Монголын элчдийн хамт өөрийн элч Иван Петлинээр удирдуулсан 11 хүнтэй багийг Монголоор дайруулан Хятадад очуулахаар буцаасан байна. Алтан хан Оросын талын хүссэнээр И.Петлин нарыг Хятадад хүргэхийн тулд агт мориор хангаж Билэгт, Дархан хэмээх хоёр ламаар газарчлуулжээ. 1618 онд Алтан хан И.Петлинийг буцахад түүнийг дагалдуулан өөрийн элчээр дотны хүн Дархан ламыг Москвад илгээжээ. Дархан лам 1620 оны эхээр Москвад хүрэлцэн очиж Оросын эзэн хаан Михайл Федоровичид бараалхан Алтан ханы бичсэн жуух бичгийг гардуулжээ. Элчийн зорилго нь Орос улсад амласан амлалтаа сахиж буй дүр үзүүлэх, Ойрадтай хийх тэмцэлдээ Орос улсаас цэрэг, зэвсгийн тусламж хүсэх, Сибирь хотод худалдаа хийхийг зөвшөөрүүлэх, өндөр цол хэргэм хүсэх зэрэг байсан бөгөөд Оросын хаанаас асуудалд ихэд болгоомжтой хандан элчийг жил орчим байлгаж байгаад “Алтан ханыг Их эзэн хааны ивээлд орвол түүнийг дайснаас хамгаалах болно“ гэсэн хариутайгаар буцаажээ. Мөн дахин Алтан ханы элчийг хүлээж авахгүй, тэдэнтэй ямар нэгэн хэлбэрээр харилцахгүй байхыг Сибирийн хотуудын захирагч нарт тушаасан байна.

Хотгойдын Алтан хан эл тулгасан шаардлагыг хүлээн аваагүйгээр үл барам түүнд хорсон Оросын хараат Енисей хавийн болон түрэг аймгуудыг уулгалан довтолж алба татвар хураах болсноор харилцаа нэлээд эвдэрэлцэж иржээ

Энэ үеэс тэдгээрийн хоорондын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд Шолой Убаши ч Ойрадын Хар хул хаантай байлдаж эхэлсэн учраас харилцаа нэг хэсэгтээ тасарчээ. 

Удалгүй 1627 онд Шолой Убаши хунтайж ойрадтай хийсэн дайнд алагдаж, түүний оронд Бадма Эрдэнэ хунтайж /1627-1657/ хан ширээнд суужээ. 

Үр хойчис

засварлах

Убаши хунтайж нь Чандмань тойн, Гүүш тайж, Зоригт тайж, Бадма эрдэнэ хунтайж, Дорждай хунтайж, Дай ноён, Гомбо илдэн, Сан тайж[2] гэсэн найман хөвгүүнтэй.

Бадма эрдэнэ хунтайж эцгээ залгамжлан, хоёр дахь үеийн Алтан хан болж, Хотогойдын эзэн суусан.

  • Чандмань тойны хөвгүүн Гүмэчи номч, Түсхэр баатар, Султан тайж, Хаан тайж. Гүмэчи номчийн хөвгүүн Ядам. Түсхэр баатарын хөвгүүн Цөөхүр тайж[2]
  • Гүүш тайжийн хөвгүүн Сэцэн гүүш, Баатар тайж, Дүгэр дайчин хушууч, Буйма эрх баатар. Сэцэн гүүшийн хөвгүүн Цэрэн ахай. Дайчин хушуучийн хөвгүүн Хоргол тайж.[2]
  • Зоригт тайжийн хөвгүүн Содном цөөхүр, Цэрэн илдэн, Санжуба тайж, Убаши баатар, Эрх тайж, Тарва сэцэн зоригт. Содном цөөхүрийн хөвгүүн Чидар мэргэн ахай. Цэрэн илдэнгийн хөвгүүн Бахасу тайж. Шанжуба тайжийн хөвгүүн Дорж тайж. Убаши баатарын хөвгүүн Доржжав.[2]
  • Бадма эрдэнэ хунтайжийн хөвгүүн Лувсанринчин сайн хунтайж, Жалханз хутагтын гэгээн. Сайн хунтайжийн хөвгүүн Рааш хатан баатар, Хучигир, Бандида, Анди багахан Рааш, Тахахи.[3]
  • Дорждай хунтайжийн хөвгүүн Сэнгүн баатар тайж, Эрдэнэдай хунтайж, Балдан дүүргэч, Гэндэн бэйл. Сэнгүн баатарын хөвгүүн Хувилгаан. Эрдэнэдай хунтайжийн хөвгүүн Маханиту тайж. Балдан дүүргэчийн хөвгүүн Алдар тайж.[3] Гэндэн бэйлийн хөвгүүн Бүүвэй бэйл, Бүүвэйн хөвгүүн Сүнжинсэнгэ, Сүнжинсэнгийн хөвгүүн Банди бэйл, Бандийн хөвгүүн Чингүнжав
  • Дай ноёны хөвгүүн Шарав мэргэн дайчин, Аюуш баатар, Лувсандай ноён. Шарав мэргэн дайчингийн хөвгүүн Дургал тайж.[3]
  • Гомбо илдэнгийн хөвгүүн Эрдэнэ Гурбагула.[3]
  • Сан тайж үр үгүй.
  1. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.102
  2. 2.0 2.1 2.2 2.3 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.67
  3. 3.0 3.1 3.2 3.3 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.68