Зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголд
Зөвлөлтийн цэрэг Монголд- ЗХУ-ын Улаан Арми дараа нь Зөвлөлтийн зэвсэгт хүчиний янз бүрийн цаг үед Монгол улс буюу БНМАУ-ын нутаг дэвсгэрт байрлаж байсныг хэлдэг. Зөвлөлтийн цэрэг нь Монголын нутаг дэвсгэрт 1921, 1939, 1945 ба 1967 онуудад 4 удаа орж байрласан байдаг. Ийнхүү цэргийн хүчийг шилжүүлэн Монголд байрлууулах болсон нь Монгол улсын эсрэг гадны халдлагыг зогсоох болон болзошгүй дайсны эсрэг ЗХУ болон Монгол орныг батлан хамгаалах зорилготой байсан гэж албан ёсоор үздэг байжээ. Монголд байрласан цэргийг хэзээ ч "цэргийн бүлэг", "цэргийн бүлэглэл" гэж нэрлэн бүрдүүлж байгаагүй бөгөөд учир нь үүнийг шууд Зөвлөлтийн Жанжин штаб эсвэл Өвөр байгалийн цэргийн тойрогт харъяалагддаг байснаараа бусад социалист болон холбоотон улсууд дах цэргээс ялгаатай.
Анх Улаан армийн ангиуд монголд байрласан нь
засварлахАрдын хувьсгалын жилүүд буюу 1920 онд Монголд нэвтэрсэн цагаантан, ялангуяа Барон Унгерн фон Штернбергийн үйл ажиллагааны үр дүнд Монгол нь ЗХУ-ын эсрэг цагаантны хөдөлгөөний бааз болох нөхцөл бүрдсэн байна. Үүний эсрэг арга хэмжээ авахын тулд ЗХУ нь өөрийн Улаан Армийн ангиудыг монголд оруулах шаардлагатай болсон боловч Монголыг хятадын салшгүй нэг хэсэг гэж үзэх тухай Дундад Иргэн Улстай байгуулсан ЗХУ-Хятадын гэрээг зөрчихөөс эмээж байжээ. Энэ үед монголын хувьсгалчид хятадын Үндэсний Хувьсгалт Армийн цэргийн эсрэг цэргийн болон зэвсгийн тусламж ЗХУ-аас хүссэн байна. Зөвлөлтүүд үүнд ч гэсэн ЗХУ-Хятадын гэрээг баримтлан тусламж үзүүлэхэс татгалзсан боловч Монгол дах цагаантны нөлөө, хүч улам бүр өсч, цагаантны генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдлагаар Азийн морин дивиз Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь цагаантаныг монголчууд өргөнөөр талархан дэмжихэд хүргэсэн байна. Энэ мэтээр цагаантаны үйл ажиллагаа идэвхжсэн нь ЗХУ-ын сибирь, байгаль орчмын урд хилийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй болж эхэлжээ. Иймд цагаантаныг устгах шаардлагын дагуу Монголд Зөвлөлтийн Улаан армийн ангиудыг оруулах арга замыг хайж эхэлсэн бөгөөд БНХУ-ын зүгээс албан ёсны хүсэлтэнд хариулт өгөөгүй нь зөвлөлтүүдийг сандаргасан байна. Зөвлөлтүүд монголын хувьсгалчдын хүсэлтийг эргэн санаж, түүгээр шалтаг болгон Монголд Улаан армийн ангиудыг оруулах, улмаар цаашид Монголыг Зөвлөлтийн нөлөөнд оруулж өөрийн "буфер" буюу "бамбай" болгох зорилгоор тусгай ажиллагаанд бэлтгэж эхэлсэн байна. Энэ үед Хүрээнээс зугатаж Хиагтад ирсэн Монгол дах хятадын төлөөлөгч Чен-И, генерал Го Сунлин нар Монголд Улаан армийг оруулан Барон Унгернийг бут цохиулах хүсэлтийг гаргасан нь зөвлөлтүүдийн хүсэлд нийцсэн цаг үеэ олсон нэг шалтаг болжээ. ЗХУ нь дээрхи хүсэлтүүдэд дулдуйдан 1921 оны 6-р сард Улаан Армийн 5 корпусын ангиудаас бүрдсэн Аялан байлдах цэргийн ангийг Константин Нейманы командан дор Монголд оруулсан байна. Энэхүү Улаан Армийн цэрэг Д.Сүхбаатар жанжны Ардын журамт цэрэгтэй хамтран Хиагтыг Барон Унгернээс хамгаалсан ба улмаар Нийслэл хүрээ хүрч тэндээ байрласан байна. Монголд байрласан Улаан армийн ангиудын цэргүүд Хүрээнд байрлаж байхдаа олон удаа дээрэм хийсэн нь Богд хаан болон тэр үеийн монголын удирдлагуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Иймд 1922 онд Нийслэл хүрээнд байсан улаан армийн командлалд Д.Сүхбаатар жанжин албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж, цэргийн тоог 500 болгон цөөрүүлэх санал тавьж байжээ. Мөн хятадын зүгээс Монголд цэрэг оруулсныг эсэргүүцэн дипломат эсэргүүцлйг ЗХУ-д удаа дараа хүргүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлууд болон ЗХУ-ын нөлөө Монголд бэхэжсэн тул 1925 оны сүүлээр Улаан Армийн ангиуд Монголоос гарсан байна.
Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах тухай 1936 оны протокол ба Улаан Армийн ангиуд монголд хоёр дах удаа байрласан нь
засварлахЗХУ ба БНМАУ нь 1934 оны 11-р сарын 27 нд зөвшилцөл байгуулсан бөгөөд учир нь ЗХУ нь Монголыг хятадын нэг хэсэг гэж үзэх тухай Зөвлөлт-хятадын гэрээг 1924 онд байгуулсан байжээ. Иймд ЗХУ нь БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэрээ байгуулдаггүй байсан байна. Энэ байдал 1946 онд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ үед Японы эзэнт гүрэн Манжуурыг эзэлсэн бөгөөд 1935-1936 онуудад БНМАУ-ын дорнод хилийн дагуу Буйр нуур орчимд Адагдулаан, Булан дэрс, Халхын сүмийн хэсгүүдээр удаа дараа хилийн зөрчил будилаан үүсгэн, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байсан байна. Үүнийг зохицуулах зорилгоор Манжуурын бага хурал хийсэн боловч төдийлөн амжилт олоогүй байна. Японы зүгээс ЗХУ-ын Алс дорнод, Байгаль орчим, Сибирьт аюул учруулах нөхцөл бүрдсэн тул бамбай улсын үүрэг гүйцэтгэж байсан БНМАУ-ын удирдлага газар нутагтаа Улаан армийн ангиудыг байрлуулах замаар японыг түрэлтийг зогсоох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Үүнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд 1936 оны 3-р сарын 12-д Улаанбаатар хотноо Зөвлөлт-Монголын харилцан туслалцах протоколыг 10 жилийн хугацаагаар байгуулжээ. Энэхүү Протоколд талуудын аль нэг рүү гуравдагч этгээд цэрэглэн халдсан тохиолдолд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх, энэ зорилгоор нэг талын цэргийг нөгөө тал нь өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахаар заасан байна.
Энэхүү Протоколын дагуу 1936 оны 3-р сарын 12-нд тэр даруй ЗХУ-ын Зэвсэгт хүчний Улаан армийн ангиудыг Монголд байрлуулсан ба тэдгээр цэргийн ангиудыг буудлагын 57 онцгой корпус болгон зохион байгуулсан байна. Корпусын бүрэлдхүүн 1939 оны 5-р сарын 25-ны байдлаар 5544 хүнтэй байсан ба үүнээс захирагч 523, бага дарга 996 байжээ. Улаан армийн аниуд нь Өндөрхаан, Чойрт голлон төвлөрсөн байна. Буудлагын 57 онцгой корпус нь 1939 оны 5-р сард Халхын голын тулалдаанд анхлан оролцогчдын нэг байсан бөгөөд улмаар Зөвлөлтийн Зэвсэгт хүчний Өвөр байгалийн тойргоос нэмэлт хүч татах замаар түүний бүрэлдхүүнийг хүчжүүлэн Армийн 1 бүлэг болгон өөрчлөн зохион байгуулсан нь Халхын голын тулалдааныг Монголын Ардын армитай хамтран ялалтаар дуусган япончуудыг бут цохисон түүхтэй.
ЗХУ-ын Батлан хамгаалах Ардын комиссарын 1940 оны 6-р сарын 21-ны өдрийн тушаалаар Армийн 1 бүлэгт үндэслэн Монгол дах Зөвлөлтийн Улаан армийн ангиудыг нэгтгэн ерөнхий цэргийн 17 дугаар армийг байгуулж, командлагч болон Штабын даргаар хошууч генерал Антон Гастиловичийг томилон, уг Армийн бүлгийг Өвөр байгалийн цэргийн тойрогт харъяалуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ оролцсоны дараа 1941 оны 9 сарын 15-наас тус 17 арми нь Өвөр байгалийн фронтод хамаарах болжээ. Ерөнхий цэргийн 17 арми нь 1945 оны 8-р сарын 9-31 хооронд Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаанд оролцон Ляодуны хойг хүртэл давшсан байна. Дайны дараа тус арми нь Өвөр байгаль-Амурын цэргийн тойрогт харъяалагдаж байгаад 1946 оны 4-8-р сард татан буугдсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайн ба 1945 онд нэмэлт цэрэг оруулсан нь
засварлахДэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд 1945 оны 5-р сарын 1 -нээс Зөвлөлтийн 39 армийг Монголд нэмж оруулан байрлуулсан. Үүний учир нь Холбоотнуудын удирдагч нарын Ялтын уулзалтаар тохирсоны дагуу ЗХУ-ыг Японы эсрэг дайнд ороxод цэргийн хүчийг нэмж бүлэглэх шаардлагатай байсны дагуу энэхүү армийг ЗХУ-ын Дээд ерөнхий командлалын бэлтгэл хүчнээс татан Өвөр байгалийн фронтод шилжүүлсэн байна. Ерөнхий цэргийн 39 арми нь Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаанд оролцож Порт-Артур хүртэл давшсан юм.
БНХАУ-тай харилцаа муудсан ба Зөвлөлтийн цэргийн ангиуд Монголд даxин байрласан нь
засварлахЗХУ ба БНХАУ-ын харилцаа 1960-аад оны сүүлээс эхлэн муудсан байна. Үүнтэй уялдуулан БНХАУ нь Ардын Чөлөөлөх Армийн ангиудыг хойт хил дээрээ бөөгнөрүүлэх замаар Умарт цэргийн бүлэглэл гэсэн цэргийн хүчтэй бүлгийг байгуулсан байна. Энэ армиудын бүлэглэлд 33 хээрийн цэргийн дивиз, механикжуулсан 11 дивиз буюу нийтдээ 44 дивиз бүхий ерөнхий цэргийн 9 арми багтаж байсан нь өөрийн зэвсэглэлдээ 4300 танк, 10 мянган их буу, пуужинт төхөөрөмжтэй байсан байна. Үүнээс гадна ардын журамт цэргийн 30 дивизийг бас бөөгнөрүүлсэн байжээ. Эдгээр хүч нь ЗХУ-БНХАУ-ын хилийн дагуу 200-300 м тутамд суман цэргийн хүчтэй нягтралыг хангах боломжийг хятадын талд олгосон байна.
Үүний эсрэг Зөвлөлтийн удирдлага хариу арга хэмжээ авч төвийн районоос цэргийн хүчийг алс дорнод, өвөр байгаль руу татаж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд З9 армийн бүрэлдхүүнээс толгойн бүлэглэлийг зохион байгуулан БНМАУ-ын нутагт байршуулсан байна. Эдгээр нь голлон танкийн дивизүүд байсан бөгөөд нэг дивиз дунджаар 330 танктай байсан. Мөн түүнчилэн цохилтын бөмбөгдөгч, сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны ангиудыг байрлуулжээ. Монголд байрлаж байсан ерөнхий цэргийн 39 армийн штаб нь Улаанбаатар хот орчим байрлаж байсан бөгөөд түүний бүрэлдхүүнд танкийн дивиз 2, мотобуудлагын дивиз 2, тагнуулын бригад, зенит-пуужингийн бригад 2, радиотехникийн бригад, холбооны тусгай хороо, инженерийн хороо 2, десантын дайрагч батальон, радио-электроникийн батальон, нисдэг тэрэгний тусгай хороо, тусгай радиобатальонтай байжээ.
Зөвлөлтийн цэрэг Монголоос гарсан нь
засварлахЗХУ, БНХАУ нь 1989 оны 2-р сарын 4-нд "Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. ЗХУ-ын удирдлагч Михаил Горбачёв БНХАУ-тай харилцаагаа сайжруулах бодлого баримталж эхэлсэн бөгөөд хятадын талын "монголоос зөвлөлтийн цэргийг гаргах шаардлагыг" гүйцэлдүүлэх зорилгоор 1989 оны 5-р сарын 15-нд БНМАУ-ын удирдлагад урьдчилан анхааруулалгүйгээр Монгол дах Зөвлөлтийн цэрэг буюу ерөнхий цэргийн 39 армийг гаргах болсон тухай мэдэгдэл хийжээ. Ингээд цэрэг гаргах ажиллагаа гэнэт эхэлсэн бөгөөд 39 армийн бүрэлдхүүнд байсан танкийн 2, мотобуудлагын 2 дивизийн бүрэлдхүүн 50 мянга гаруй цэргийн албан хаагч, 1816 танк, 2531 хуягт машин, 1461 их буу, 190 байлдааны онгоц, 130 нисдэг тэрэгийг 1992 оны 9-р сарын 25-нд бүрэн татан гаргасан тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Гэхдээ ЗХУ-ын сүүлийн цэрэг 1992 оны 12-р сард монголын нутгаас гарсан байна. Ингэж гэнэт татан гаргахдаа цэргийн ангийн гарнизоны барилга, байгууламж, албан хаагчдын тосгон зэрэг ямар ч хамгаалалтгүй үлдсэн бөгөөд зарим тохиолдолд зэвсэг, техник ч үлдсэн байна. Эдгээр барилга байгууламжийг Монголын талд хүлээлгэн өгөлгүй шууд хаяж явсан бөгөөд цэргийн хаалттай бүсүүдэд байсан их хэмжээний газар нутаг гэмтэж, бохирдон байгаль-экологийн хувьд сүйрсэн байсан байна.
Үр дагавар, өнөөгийн байдал
засварлахЗөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсан нь тухайн үеийн олон улсын нөхцөл байдалтай шууд хамааралтай байсан юм. Гэхдээ зөвлөлтийн цэргийг Монголын талд урьдчилан мэдэгдэж, цэрэг гаргах нөхцөл, гарсаны дараах барилга байгууламж, экологийн асуудлыг хэрхэн шийдвэлэх талаар харилцан тохиролцолгүй дан ганц зөвлөлтийн талын санаачилга, шийдвэрээр гүйцэтгэсэн. Гэтэл европ тэр тусмаа герман болон бусад социалист орнуудад байсан зөвлөлтийн цэргийн бүлэглэлүүдийг гаргахдаа тухайн цэрэг байрласан улс орны удирдлагатай хэлэлцэн тохиролцсон байна. Тэгээд цэргийн барилга байгууламж, тоног төхөөрөмж зэрэг бүхэл бүтэн цогцолборуудыг талууд хамтран хүлээн авч шилжүүлж байсан ба цэргийн ялангуяа байлдааны сургуулийн зорилгоор ашиглаж байсан талбайнуудыг цэвэрлэн хүлээлгэн өгсөн төдийгүй тухайн улсад экологийн сүйтгэл учруулсны нөхөн төлбөрийг тохиролцон тогтоож, төлсөн тухай баримтууд байдаг байна. Харин Монголд олон жил байрлаж байсан зөвлөлтийн цэрэгтэй холбоотой дээрх асуудлуудыг тухайн үед шийдээгүй байна. Учир нь 1990-д онд Монгол улсын анхны ерөнхийлөгч байсан Пунсалмаагийн Очирбат нь Оросын талд;
- 1. Монголд байрлаж байсан зөвлөлтийн цэрэгтэй холбоотой ямарваа нэг асуудлаар,
- 2. Зөвлөлтийн шууд удирдлагаар Монголд 1930-1940-д онд зохион байгуулсан Их Хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар Монгол улс, түүний удирдлага ямар нэг асуудал гаргахгүй болохыг баталж гарын үсэг зурж, баталгаажуулсан хэлцэл байдаг байна. Энэхүү хэлцлээс шалтгаалан монголын тал дээрх асуудлуудаар дуугүй амаа үдүүлсэн байна.
Сонирхолтой баримтууд
засварлах- Монголд байрлаж байсан зөвлөлтийн цэргүүд нь монголын шимийн архийг устай андуурч уугаад согтсон тухай олон анекдотууд монголчуудын дунд байдаг. Тиймээс Оросууд монголын шимийн архийг "Зальтай ус" буюу "Хитрая вода" гэж нэрлэдэг байжээ.
- Зөвлөлтийн цэргийн ангиудад цэргээс оргох үзэгдэл байсан байна. Оргодол цэрэг заримдаа зэвсэглэсэн байдаг учир гэмт хэрэг хийдэг байсан тухай баримтууд байдаг. Ийм нэг оргдол цэрэгтэй холбоотой "Чөтгөртэй байшин" гэдэг алдартай байшин Баянхонгор аймгийн Өлзийт сумын төв дээр одоо хүртэл байдаг.
- Зөвлөлтийн цэргийн ангиудын зарим нь барилгын цэргийн ангиуд байсан ба тэд Монголд тэр тусмаа Улаанбаатар хотод олон тооны орон сууц, үзвэр, үйлчилгээ, үйлдвэрийн барилга байгууламжуудыг барьж өгсөн гавъяатай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр орос цэргүүд нь барилгын материалаа хулгайлан монголчудад зарах тохиолдол олон байсан. Үүнийг нь ашиглан тохижсон монголчууд олон бөгөөд монголын барилгын байгууллагын овсгоолог дарга нар ч үүнийг ашигладаг байсан.