Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь
Хятад цэргийн хүчийг задалж, Монголын автономит засаг сэргэн тогтоход Унгерн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1920 оны 10 сарын 1-нд “Азийн морин дивиз” хэмээх 800-аад цэргийг авч Монголын хязгаарт нэвтэрсэн. Хятад цэргийн эсрэг тэмцэхээр Богд хаантай харилцаж, арав, арван нэгдүгээр сард Хүрээг хоёр удаа дайрсан ч амжилт олоогүй. Монголчуудаар хүчээ зузаатган 1921 оны 2 сарын 3-нд Хүрээнээс хятад цэргийг хөөж Чойр, Хаалганы байлдааныг амжилттай удирдсан учир Богд хааны зарлигаар Унгернд ханы зэрэг дархан хошой чин вангийн хэргэм, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнаж, Г.Семёнов дэслэгч генерал цол олгосон.[4]
Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд | |||||||
Цагаантны Орос офицер нь гамингийн шоронг чөлөөлөхөд хятадын цэргийн харгислалын улмаас амиа алдсан хоригдлуудын толгойн дэргэд зогсож байна | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Азийн морин дивиз | Дундад иргэн улс | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
генерал Барон Унгерн фон Штернберг, генерал Борис Резухин, Лувсанцэвээн ван, Найданжав ван, Цырендаши Тубанов,[1] Саж лам Жамъянданзан |
бүрэн эрхт төлөөлөгч Чен-И генерал Чү Цисян генерал Го Сунлин | ||||||
Цэргийн хүч | |||||||
1250 морин цэрэг, 12 пулемёт, 4 их буу, 3000 Монголын сайн дурын цэрэг[2] |
5000~10 000 цэрэг,[3] 72 пулемет, 18 их буу | ||||||
Хохирол | |||||||
алагдсан шархадсан 200 |
алагдсан тодорхойгүй, олзлогдсон 1000 цэрэг, 16 их буу, 60 пулемёт 5000 гаруй винтов буу, олон мянган сум,хүнс,хувцас, 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө |
Дайны тойм
засварлахБарон жанжны цэрэг 1920 оны 11-р сард монголын хилийг давж нийслэл Хүрээнд ойртлоо. Барон жанжин монголын нийслэл Хүрээнд дөхөж очоод шууд хятадын цэргийн удирдлагад зэвсгээ хураалгаж бууж өгөхийг шаардав. Шаардлагыг нь хятадын цэргийн удирдлага няцаав. Барон жанжин 800 цэргээ авч 1920 оны 11-р сарын 26-27- ны өдөр Нийслэл Хүрээ рүү эхний дайралтаа хийлээ. Хятадын цэргийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Дараа нь 12- р сарын 2-4 ний өдрүүдэд нийслэл Хүрээг хоёр дахь удаагаа дахин довтлов. Гэвч хятадын тал 12 000 гаруй цэрэгтэй, олон арван пулемёттай, олон их буутай, зэвсэг, хориглолт бэхлэлт сайн байсан тул Барон жанжин их хохирол үзэж цэргээ ухраав. Барон жанжны цэргүүдийн гуравны нэг нь энэхүү байлдаанд үрэгдэж, арван офицер тутмаас хоёр нь үрэгдэж өвлийн хүйтэнд хүнсний нөөц гурил, будаа, махаа дуусчээ. Байлдааны сум дуусч цэргүүдийн зориг мохох тийшээ болж байв.
Барон жанжин цэргээ Сэцэн хан аймгийн Хэрлэн голын орчим татаж буудаллав. Энд монголын ноёд, ард олон Барон жанжны цэргүүдийг дэмжиж сэтгэл санааны болон материалын тусламж үзүүлэв. Сэцэн хан аймгийн ноёд, ард иргэд Барон жанжинд өвлийн хүйтнийг давахад нь тусалж 600 гаруй майхан олгосон байдаг. Удалгүй Барон жанжин Бээжингээс Өргөө рүү хятад цэрэгт тусламж үзүүлэхээр ирж явсан хятадын цэргийн цувааг дайран эзэлж олон буу сум, зэвсэг олзлов. Монголын тэргүүн зэргийн тайж ноён Гомбожавын Лувсанцэвээн, мээрэн Дугаржав, Тогтох тайж, буриад Жамбалон нар 200 гаруй монгол цэрэг дайчилж Барон жанжинд цэргээр туслав. Түшээт хан аймгийн Дархан чин ван Лувсанцэвээн нь 1920 оны өвөл Барон жанжинтай уулзаж хятад цэргүүдтэй хэрхэн байлдаж, нийслэл Хүрээг хэрхэн чөлөөлөх талаар тохиролцжээ. Лувсанцэвээнд Богд хаан чин ван цол олгож, Сангийн сайдаар томилж байсан. Хожим нь улаантнууд Лувсанцэвээн чин ванг 1922 онд “Бодоогийн хэрэг” гэдэг зохиомол хэргээр баривчилж буудан хөнөөсөн байдаг.
Барон жанжин Хүрээ, Бээжинг холбосон телефон утсан холбоог тасалж хятадын цэргийг ямар ч холбоо мэдээлэлгүй болгов. Монголын нийслэл Өргөө хотыг довтлох үед Барон жанжин 1250 морьт цэрэг ба сайн дурын 3000 цэрэгтэй байсан бол Хүрээг эзлээд байсан хятадын арми пулемёт, их буугаар сайтар зэвсэглэсэн нийт 10 000 орчим цэрэгтэй байлаа. Хятадын цэргийг хятадын түшмэл Чен И, генерал Чү Цисян нар удирдаж байв. Барон жанжин Хүрээг эзлэх төлөвлөгөөг нягт нарийн боловсруулж хэзээ хэдэн цагт довтлохыг зурхайч ламаас асууж дайснаа дарах тарний номыг лам нараар уншуулж довтолсон байдаг.
Барон жанжин Богд уулан дээр харуулын цэргээ тавьж хятадын цэргийн хөдөлгөөн бүрийг ажиглаж улмаар Богд ууланд нэг зуут цэргээ байрлуулав. Барон жанжны явуулсан Тубанов, Саж ламын удирдсан 200 гаруй цэрэгтэй тусгай отряд Богд хааныг хятад цэргийн хамар дороос чөлөөлж авсан нь хятад цэргийн зүрхийг үхүүлсэн явдал болов. Дайралт хийхийн өмнөх шөнө Барон жанжин Чингис хааны цэргийн тактикийг ашиглаж Богд уулан дээр 1 цэрэг 3 түүдэг гал асаахыг тушаав. Богд уулан дээр тэр шөнө үй түмэн түүдэг гал ассаныг харсан хятад цэргийн зориг улам мохов.
Барон жанжны цэргүүд 1921 оны 2-р сарын 2 -ны өдөр Хүрээний зүүн талд байдаг Маймачин хотхоныг дайрч хятадын цэргийн генерал Чү Цисян зугтаалаа. 2-р сарын 3-ны өдөр зурхайч монгол лам байлдаж болохгүй гэсэн тул Барон жанжин цэргээ амрааж, 2-р сарын 4-ний өдөр дахин Хүрээг дайрч, хятад цэргийн хуаранг эзэлж дараа нь ширүүн тулаан өрнүүлж Өргөө хотыг хятадын цэргээс бүрэн чөлөөллөө. Хятадын гамин цэрэг зугтахдаа Хүрээнд 15 их буу, олон пулемёт, 4000 гаруй винтов буу, олон мянган сум, хүнс, хувцас, хятад цэргийн мөнгөн санд 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө орхисон байсныг Барон жанжны цэргүүд олзлов. Барон жанжин дайснаас огт айдаггүй эрэлхэг зоригтой хүн байв.
Ийм нэгэн яриа байдаг. Өргөө хотыг хятад цэрэг эзлээд байсан үе. Тэр үед хятадын цэргийн удирдлага Барон жанжны толгойг авчирсан хүнд олон мянган лан мөнгө өгнө хэмээн амлаад байсан цаг. Өвлийн нэгэн нартай өдөр Барон жанжин монгол дээл, цагаан папах малгайгаа өмсөөд гартаа ташуураа бариад хар морио унаж Өргөө хотын гудамжаар явж хятадын том ноён Чен-И-тэй уулзаж, дараа нь буцах замдаа шоронгийн хажуугаар өнгөрөн явж байтал харуулд гарсан хятад цэрэг буугаа дэрлээд хурхиран унтаж байхыг харжээ. Барон жанжин мориноосоо бууж унтаж буй хятад цэргийг ташуураараа хэд сайн ороолгожээ. Ихэд айж цочсон хятад цэрэгт Барон жанжин хятад хэлээр: Цэргийн харуул албан дээрээ унтаж болохгүй. Би бол Барон Унгерн байна. Би чамайг цэргийн үүргээ биелүүлээгүй болохоор чинь ташуураар ороолгож шийтгэлээ шүү” гэж хэлээд мориндоо мордон давхиж алга болов гэнэ. Энэ сонин явдал нийслэл Өргөө хот даяар шуугиан тарьж, хятад цэргийн сүлд хийморь улам доройтов гэнэ. Барон жанжин герман, орос, англи, франц хэлийг сайн эзэмшсэн, дээр нь монголаар ойлгож ярьдаг байжээ.
1921 оны 2-р сарын 22-ны өдөр Богд хааныг Монгол улсын хаан ширээнд эргүүлэн залах ёслол Өргөө хотод ёслол төгөлдөр боллоо. Энэ ёслолын үеэр Богд хаанаас Барон Унгернд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин ван цол шагнах зарлиг буулган мутрын тэмдэг дарж зарлиг гаргав.
Энэхүү зарлигт:
„Шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг. Орос жанжин генерал Барон болбоос бидний Монголын өөрөө эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн. Түүний бие анх цэрэг авч ирснээс нааш хүйтэн жихүүнд халирсхийх үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй, эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавьяаг бүтээсэн ба шан хорыг тэгшлэн цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой. Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнав. Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олгов.“
Барон жанжнаас зугтаасан гамин цэрэг Хиагт руу явж Орос улсаар дамжин нутаг буцахаар хойд зүгийг чиглэж, зарим нь өмнө зүгт Чойр орчим бүгжээ. 1921 оны 3-р сарын 11-13 ны өдрүүдэд Барон жанжин өмнө зүгт Чойрт байрласан гамин цэргийн ангийг бут цохиж , мөн Туул голын орчим байсан хэдэн мянган гамин цэргийг хиар цохив. Ийнхүү Барон жанжин Монгол улсыг 1921 оны 5-р сарын 1 гэхэд хятадын гамин цэргээс бүрэн чөлөөллөө.[5][6]
Урлагийн бүтээлүүд
засварлах- Өглөө. Уран сайхны кино
- Төгсгөл. Уран сайхны кино
- Долоон бурхан харвадаггүй. Уран сайхны кино
- Сүхбаатар. Уран сайхны кино
Эшлэл
засварлах- ↑ Буряты и Гражданская война в России
- ↑ История Монгольской Народной Республики. - Изд. 3-е, перераб. и доп. М.: Наука, 1983. 29.
- ↑ Князев Н. Н. Легендарный барон // Легендарный барон: неизвестные страницы гражданской войны. : КМК, 2004 — с. 56 — ISBN 5-87317-175-0
- ↑ УНГЕРН фон Штернберг
- ↑ Кузьмин С.Л. 2014. Нийслэл Хүрээг чөлөөллөхөд Барон Унгерний гүйцэтгэсэн үүрэг. Номонд: Монголын нийслэл нүүдлээс суурьшилд. Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл. Улаанбаатар. Х. 117-122
- ↑ Кузьмин С.Л. 2013. Барон Унгерны түүх: үнэнийг дахин сэргээсэн туршилт. Улаанбаатар