Монгол дахь Их Хэлмэгдүүлэлт

(Их Хэлмэгдүүлэлт-с чиглүүлэгдэв)

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.

Их Хэлмэгдүүлэлт
Нэг хэсэг: Монголын түүх
Толгойдоо буудуулсан иргэдийн гавлын ясны үзүүлэн
БайршилБүгд Найрамдах Монгол Ард Улс
Огноо1937–1939
ЗорилтотБуддын шашны лам нар, язгууртнууд, сэхээтэнүүд, улс төрийн эсэргүүцэгчид, Буриад болон Казахууд
Халдлагын төрөл
Нас баралт20,000–35,000
Гэмт этгээдүүдХорлоогийн Чойбалсан, НКВД Михаил Фриновский, Онц Бүрэн Эрхт Тусгай Комиссын гишүүд Доржжавын Лувсаншарав болон Хууль зүйн сайд Цэрэндорж, Дотоод хэргийн хорооны дарга Д. Намсрай, дотоод хэргийн дэд сайд Насантогтох, Баясгалан, Дашцэвэг болон бусад
ШалтагУлс төрийн өрсөлдөгчөө устгах, эрх мэдлээ нэгтгэх
Хэлмэгдүүлэлтийн үеэр 800 орчим хүрээ, хийдийг устгажээ.

Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.

Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ руу ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн.

1937 онд Хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хар байсан бөгөөд мөн адил төстэй шинж чанар нь Төгсөө гэдэг нэртэй тайган залуус байв

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг.

I үе шат, 1922-1939

засварлах
Үндсэн өгүүлэл: Бодоогийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Данзангийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Лхүмбийн хэрэг

Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерны заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг болох мал 6 саяаар хорогдов. 1932 оны зэвсэгт бослогын[1] дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Доржжавын Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9-р сарын 10-нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10-аас доош жилээр хорих ял оногдуулжээ. Зөвхөн 1937 оны 8-р сараас 1938 оны 1-р сарын хооронд 10728 хүнийг баривчилсан ба үүний 7814 нь лам, 322 нь хуучин феодал, 300 нь албан хаагч, 180 нь ардын цэргийн дарга, 1555 нь буриад, 408 нь хятадууд байжээ. Үүнээс 7171 хүний хэргийг мөрдөн байцаасан байх бөгөөд 6311 хүнийг цаазалсан байна.

II үе шат, 1940-1955

засварлах
Үндсэн өгүүлэл: Порт-Артурын хэрэг

Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяаг ЗХУ-д шийдэгджээ.

III үе шат, 1956-1990

засварлах
Үндсэн өгүүлэл: Сэхээтний төөрөгдөл
Үндсэн өгүүлэл: Д. Төмөр-Очирын хэрэг
Үндсэн өгүүлэл: Б.Ширэндэвийн хэрэг

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Дарам-Очирын Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

Өрнөсөн шалтгаан

засварлах
Үндсэн өгүүлэл: Лхүмбийн эсэргүү хэрэг

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 1933 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан юм. Энэ хэрэгт, улс төр, нам, цэргийн албан хаагчид болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг нь огт ор үндэсгүй зохиомол зүйл байсан нь тогтоогдсон.

Жамбын Лхүмбэ нь Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан юм. Ж.Лхүмбэ болон тэр хэрэгт холбогдсон бусад хүмүүсээс гаргуулж авсан мэдүүлгээс үзвэл тэд нар Японы тагнуулын даалгавараар ажилладаг байгууллагыг үүсгэн байгуулсан, хувьсгалын эсрэг зэвсэгт бослого зохион байгуулахаар бэлтгэж байсан гэсэн байдаг. Гэхдээ тэдгээр бүх мэдүүлэг нь нотлогдоогүй, анх тэр хэргийг үүсгэх гол нотлох баримт гэгдэж байсан захиаг бичсэн хүн нь шууд гүтгэлэг байсныг хүлээсэн бөгөөд тэр нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог байна.

Энэхүү хэргийг тулган хүлээлгэхэд тэднийг нойр хоолгүй байлган жижүүрлэн байцаах, зодох, айлган сүрдүүлэх, аргадах зэрэг хууль бус аргуудыг өргөнөөр ашиглаж байсан байдаг.

Мөн хэргийг таслан шийтгэх ажлыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх боломж олголгүй гүйцэтгэжээ. Тус хэрэгт гэм зэмгүй 1500 орчим хүн нэр холбогдсон байдаг бөгөөд тэдэнд буудан алах болон 10-20 жил хорих зэрэг ял оноосон байдаг.

1937 оны есдүгээр сард нам, улс төр, цэргийн голлосон 69 хүнийг прокурорын зөвшөөрөлгүй баривчилж хэлмэгдүүлсэн байдаг.

Мөн цэмбэний фабрик шатсан хэрэг, Гэндэн-Дэмидийн хэрэг, Германы тагнуулын хэрэг, Японы тагнуулын хэрэг, Порт-Артурын хэрэг гэх зэрэг олон хэргүүд байсан байх ба тэдгээр нь цөм зохиомол хэрэг байсан нь сүүлд шалгалтын явцад тодорсон байдаг. Тэдгээр хэрэгт холбогдуулж хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлжээ.

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дийлэнх нь лам нар байсан юм. Лам нар нь тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ.

Мөн лам нарын ихэнх нь Монгол бичиг мэддэггүй байсан бөгөөд түүнийг нь далимдуулан мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгон бичиж хууран хурууных нь хээг даруулдаг байсан байдаг. Түүнээс гадна байцаагч нар лам нараас цөөхөн асуулт асуудаг байжээ. Тэр нь та хэн хэнийг таних вэ гэж асуудаг байсан байна. Байцаагдаж байгаа лам өөрийн танидаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд ахмад зэрэг цолтойг нь толгойлогч болгон бичээд гарынх нь хээг даруулдаг байсан байна.

Гэхдээ тухайн үед баривчлагдан шийтгэгдэж байсан бүх хүн гэм зэмгүй хэлмэгдэгсэд байсан гэж үзэж болохгүй юм. Тухайн үед үнэхээр японы тагнуул, зэвсэгт бослогод бэлтгэж байсан хэргүүдийн талаар баримт байдаг.

Тухайн үед нэрсийн жагсаалтын дагуу болон баривчлах хүний тоо гаргаж өгдөг байсан байна. Төлөөлөгч нар өөрсдийн нормоо биелүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд ороогүй, тааралдсан нэг айлаасаа л хүн баривчлаад аваад явж байсан тохиолдол олон байдаг талаар дурьдсан байдаг.

Дорноговь аймгийн дотоод яамны төлөөлөгчийн газрын шоронд хүн орох зайгүй болсон байсанд 30 хүнийг буудан алж зай гаргаж байсан тухай баримт хадгалагдан үлдсэн байдаг.

Мөн сэжигтнүүдийг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон зуугаар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овоосон газар нь бороохойдож, буудаж байсан баримт жишээ бий. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа 2-3 хүн нас бардаг байжээ.

Гадаад хүчин зүйл

засварлах
Үндсэн өгүүлэл: НКВД

Манай оронд улс төрийн хэлмэгдүүлэлт болсон нь гадаад дотоодын тодорхой хүчин зүйлтэй холбоотой байна.

1930-аад оны эхнээс Зөвлөлт Холбоот Улсын коммунист намын зүгээс Монголын талаар явуулах бодлого илэрхий идэвхжижээ. Энэ үед Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны дэргэд Монголын комисс байгуулагдаж Монголын тухай асуудлыг байн байн хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаж байжээ. Жишээ нь бүрэн бус тооцоогоор ЗХУКН-ын Төв Хорооны улс төрийн товчоогоор 1930-1939 онд Монголын асуудлыг 168 удаа хэлэлцсэн байдаг. ЗХУКН-ын 1933 оны 11 сарын 1-ний тогтоолоор Элиава гэгч хүнийг Монголд томилон явуулахдаа түүнд дараах үүргийг өгчээ. Үүнд:

"Японы цэргийн эрхтнүүд БНМАУ-ын нутгийг булаан эзлэнэ хэмээн Японы түрэмгий аюул хүчтэй болж байгааг Монголын удирдлагад тайлбарлах; Япончууд бүр одоо БНМАУ-ыг түрэмгийлэн эзлэх бүх талын бэлтгэл хийж байгааг Монгол нөхдүүдэд мэдэгдэх хэрэгтэй" гэжээ.

Зөвлөлтийн удирдлагаас манай төр засгийн удирдагч нарт Японы тагнуул танай Монгол улсад нэвтэрч ялангуяа сүм хийдтэй холбоо тогтоож байна хэмээн тэдэнд шургуу ухуулж байсан байдаг. Монголын лам нарыг үй олноор нь хэлмэгдүүлж, сүм хийдийг устгах санааг Сталинаас Монголын удирдагч нарт тулган хэлж байжээ.

1934 оны 11 сард Иосиф Сталин Монголын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг хүлээн авч уулзахдаа:

"Танайд улсын дотор улс байгаа байдалтай болжээ. Нэг засгийн газар нь Гэндэнгийн засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна" хэмээгээд лам нартай
"аажмаар тойруу замаар тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн засгийн газар лам нарынхаас хүчтэй байх хэрэгтэй. Лам нарыг өөрийн гарт хатуу авах хэрэгтэй" гэх зэргээр Монголын Ерөнхий сайдад ухуулан тулгаж байсан байна.

ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1935 оны арваннэгдүгээр сарын 26-ны 34-р тогтоолд:

"Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монгол удирдлагад зөвлөх хэрэгтэй" гэж заагаад Сталин гарын үсэг зурсан байна.

Түүхийн ухааны доктор Оохнойн Батсайханы дүгнэж хэлснээр "энэхүү шийдвэр болон бусад олон дагалдах заавруудын хамтаар Монголд олон тооны "хувьсгалын эсэргүү" "Японы тагнуул" буй болж тэднийг хоморголон баривчлах аянд гарах нэг сэжим болжээ".

Ингээд 1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Михаил Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх хэсэг хүмүүсийн нэрсийн жагсаалт авч ирсний дагуу мөн оны есдүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхлэж түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртсөнийг өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Эл баривчлагын үед манай дотоод явдлын яаманд зөвлөлтийн олон арван зөвлөх сургагч нар ажиллаж хэрэг дээрээ тэд баривчлагдагсдын мөрдөн байцаах үйл ажиллагааг зохион байгуулж байсан байна.

Дотоод хүчин зүйл

засварлах

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд нөлөөлсөн дотоод хүчин зүйл цөөнгүй байв.

Тухайн үеийн Дотоод явдлын яаманд хэт их эрх мэдлийг төвлөрүүлснээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтандаа эрүү шүүлтийг дураар хэрэглэх болсон. Үүнийгээ ч хууль ёсны болгох зорилгоор тусгай комиссоос: сэжигтний амь насанд ноцтой хохирол учруулалгүйгээр эрүүдэн байцаахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсан байна. Ингэснээр дотоод яамны гүйцэтгэх ажилтнууд өөрийн дураар харгис хэрцгий эрүү шүүлтээ хуулийн дагуу хэрэглэх эрхтэй болсон байдаг.

Мөн дотоод яамны хэрэг бүртгэл, мөрдөн байцаах үйл ажиллагаа нь прокурорын байгууллагын хяналтаас бүрэн гарсан. Үүний тулд Х.Чойбалсан:

"Прокурорын байгууллага нь Дотоод яамны нэр хүндийг унагаж, хувьсгалын эсэргүүнүүдтэй тэмцэх ажилд саад учруулж байна" хэмээн АИХ-д гомдол мэдүүлсэнд АИХ-аас прокурорын газрыг дахин тийм явдал гаргахгүй байхыг үүрэг болгон шийдвэрлэсэн нь дотоод яамыг хэмжээгүй эрхт болгон хувиргасан юм.

Тухайн үеийн дотоодын тагнуулын мэдээлэгч нар нийт 50,000-д хүрч байжээ.

Бас нэг хүчин зүйл нь хэргийг шүүх байгууллага тасладаггүй харин Онц Бүрэн Эрхт Тусгай Комисс гэх комисс шийдэж байсан бөгөөд энэ нь Дээд шүүхээс гадна дахин нэг шүүх үүссэн байсан хэрэг юм. Мөн тухайн үеийн улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан бүх хүмүүс тус комиссоор хэрэг нь шийдэгдэж байсан нь Шүүх байгууллагын үүрэг ролийг үгүйсгэсэн явдал байсан юм. Бүрэн эрхт тусгай комисс нь хэрэгтнүүдийн хэрэгтэй танилцдаггүй, нэрсийн жагсаалтаар ял оноодог байжээ.

Түүнээс гадна Бүрэн Эрхт Тусгай Комиссын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид байдаггүй байсан.

Эл үе нь улс орны гадаад байдал эрс хурцдан, хүндэрч дотоодод дайсны явууллага идэвхижиж байсан үе юм. 1935 оны 2 сараас эхлэн Японы зүгээс хилийн өдөөн хатгалга хийх, тус улсад халдан довтлох илэрхий болсон. Энэ үед Японы тагнуул Монголд байгаа гэж үзэх үндэслэл бүрэн байсан.

Цагаатгах ажил

засварлах

1990 ээд оны эхээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаж, 1998 оны 1 сарын 2-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ батласан юм.

2005 оны 11 сарын байдлаар Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 36 мянган хүний 29 мянгыг нь цагаатгаад байна. Эдгээр хүмүүсийн 26 мянга нь улсын комисс байгуулагдсан цагаас хойших 15 жилийн хугацаанд цагааджээ.

Хор уршиг

засварлах
 
Шийтгэгдсэн хүмүүсийн яс үндэс
 
Бүрэн эрхт тусгай комиссоор 1937-1939 оныг хүртэлх нийт шийдвэрлэсэн 25,824 хүмүүсийн ял. (20,474 хүнийг буудан алах, 5,103 хүнийг 10 жил хорих, 240 хүнийг 10-аас доош жил хорих, 7 хүнийг сулласан байна)

19321940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн буюу 73% нь буудуулжээ.

1932-1937 оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9% нь буудагдсан бол 1937-1940 он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийг эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 100-110 хүн шийтгэгдэж, 80-90 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлын гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 1933, 1937, 1938, 1939, 1940 он байв.


Балданогийн мэдүүлэг

засварлах

БНМАУ-ын төр засаг, ДЯЯ, Цэргийн яамны удирдах албан тушаалтнуудыг 1937 оны 6, 7 дугаар сард баривчилж Чита хотноо аваачиж, 1-2 сарын хугацаатай мөрдөн байцаалт явуулсны эцэст мөн 1937 оны 8,9-р сард Москва хотод хүргэж, мөрдөн байцаахад, монгол иргэдийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, монгол хэлний орчуулагчаар ажилласан буриад Базар Чимитович Балданог 1956 онд байцаан мэдүүлэг авсан байна.

1956 оны 9-р сарын 22-нд ЗХУ-ын Цэргийн ерөнхий прокурорын хэлтсийн ажилтан, шүүх зүйн дэд хурандаа Арсеньев, хошууч Лебедев нар орчуулагч Б.Ч.Балданог байцаажээ.

Тэрбээр 1956 онд өгсөн мэдүүлэгтээ, "намайг 1939 оны 6-р сард Чита мужийн НКВД-ийн газрын дарга Куприн дуудаж хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан монгол иргэдийг мөрдөн байцаах хэсэгт орж, орчуулагчаар нэн даруй ажилла гэж тушаасан" гэжж. Мөрдөн байцаалтын ажилд орон нутгийн НКВД-ийн ажилтнууд татагдаж оролцсон. Мөрдөн байцаах хэсгийн дарга нь Наседкин, Мозулевский, Арсенович нар байсан. Хэрэгтнүүд хэрэг хүлээхгүй болохоор Очиров, Шагдарон, Бадмаин нар тэднийг хашгирч сүрдүүлдэг байсан. Мозулевский Балжиннямыг резинэн бороохойгоор жанчиж, дээлийг нь навсайтал 3 удаа зодсон. Гуравдахь өдрөө Балжинням хэргээ хүлээсэн. Мал аж ахуй, газар тариалангийн яамны сайд Пүрэвдоржийг байцаахад би байсан. Балжиннямыг Лувсаншаравтай нүүрэлдүүлэхийг би харсан. Лувсаншарав Балжиннямыг илчлэх гэхэд цаадах нь огт хүлээгээгүй. Монголчуудыг харгислан зодож, жанчсаны эцэст тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээдэг юм гэж Очиров, Бадмаин нарын ярьж байхыг сонссон. Бадмаин ийм байдалд их дургүйцэж байсан. Хожим тэр Москвад хорлогдсон. Баривчлагдсан монголчуудыг 1939 оны 7-р сард 2 удаагийн цуваагаар Москвад хүргэсэн. Би Москвад бараг бүх монгол хүнийг мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцсон. Янз бүрийн цаг үед Очиров, Бадмаев, Бадмаин, Боярский зэрэг мөрдөн байцаагч голлож байцаасан. Элдэв арга хэрэглэдэг байсан. Зодох, хоолоор хясах, карцерт хийх зэргээр. Чекригын Арсенович, Седов, Хват, Наседкин нар Читад байхад монголчуудыг их зоддог байсан. Харин Полянский, Марков, Намрцев, Притоманов, Чермонебов нар зоддоггүй байсан юм. Анандын Амарыг хууль бус мөрдөн байцаалтын аргаар зовоосон. Читад Тээвэр худалдааны яамны сайд Рэнцэнмэнд “Гадаадын ажилчин” хэмээх хэвлэлийн газар ажилладаг байсан Өлзийтогтох, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Шижээ, Бага Хурлын орлогч дарга Лосол, Монголын ардын армийн орлогч жанжин Лувсандоной, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лувсаншарав, Бага хурлын дарга Догсом, Шүүх яамны Даншийцоодол, Худалдааны сайд Шагдаржав, ДЯЯ-ны ажилтан Баясгалан нарыг зодсон. Москвад Лувсаншарав, Насантогтох хоёрыг их зодсон. Мөрдөн байцаалтын протоколд сүүлд нь хэрэгтнүүдээр гарын үсэг зуруулдаг байсан юм. Айлган сүрдүүлж хэлж тулган бичүүлдэг байсан. БНМАУ-ын ДЯЯ-ны зөвлөх байсан Скоков, Мальков нар зориуд монголоос ирж, мөрдөн байцаалтын ажилд оролцдог байсан юм. Монголд буй хүмүүсийн талаар Амараас мэдүүлэг авахаар тэд ирж байсан. 1940 оны зун мөрдөн байцаах ажил дууссан боловч 1941 оны зун хүртэл үргэлжилсэн. 1941 оны 8-р сард монголчуудын хэргийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллеги шүүн тасалсан. Амар хэрэг хүлээгээгүй, эцэст нь хууль бус мөрдөн байцаалтын арга хэрэглэж хэргийг хүлээлгэсэн. Насантогтох, Өлзийбадрах хоёр шүүх хурлын ажиллагаанд биечлэн оролцсон. ЗХУ-аас тусгаар, бие даасан Монгол улс байгуулах бодолтой гэж хэлж байсан. Тэгээд буудах ял авсан. Бусад шүүн таслах хурал тэгсхийгээд хуралдсан болоод өнгөрсөн. Лефортово шоронд болсон. Шүүх хуралд Амар, Лувсаншарав нар огт оролцоогүй бодогддог. Шүүх хурлынхан хоол ундтай, архи, дарстай сүрхий хангалуун байсан. Орчуулагч Ульрих намайг орж хооллохыг урьсан боловч би дарга нарын зиндаанд оролцоогүй гэж мэдүүлжээ[2].

Москвад хүргэгдсэн монголчуудын хувь заяа

засварлах

1937 оны 9-р сарын 10-нд Монголд хүрэлцэн ирж “Заговор”, “Хуйвалдаан” хэмээх улс төрийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгт холбогдсон гэх 115 монгол иргэнийг ДЯЯ-нд гардуулан өгч, “Их баривчилгаа” гэгчийг эхлүүлж “Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан НКВД-ийн дэд дарга, Михаил Фриновский тодорхойлолтдоо: “Би ЗХУ-ын коммунист /большевикуудын / НТХ-ны даалгавараар 1937 оны 8-р сард Монголд очиж зөвлөлтийн цэргийг оруулж байрлуулах, Монголын дотоодод буй хуйвалдааныг бутцохих үүргийг Ежовоос хүлээн авч БХЯ-ны дэд сайд Смирнов, Монголд шинээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Миронов нарын хамт Монголд очсон. Уг үүргийг биелүүлэхэд юуны түрүүн монголын лам нарыг баривчлах ажлыг өрнүүлж 7-8 мянган хүнийг баривчлуулсан бөгөөд уг ажлыг цааш нь М.И.Голубчик /1936-1938 онд ДЯЯ-ны ерөнхий зөвлөх байсан / үргэлжлүүлж, 25 мянгад хүргэсэн юм” гэжээ. Түүнчлэн Фриновский хэлэхдээ, “Их баривчилгааг Хорлоогийн Чойбалсан хүлээн зөвшөөрч, түүний гарт бүх удирдлагыг төвлөрүүлсэн бөгөөд харин Ерөнхий сайд Анандын Амар эрс татгалзан, эсэргүүцэж байлаа” гэжээ. 1936-1938 онд ЗХУ-аас БНМАУ-д сууж байсан ЭСЯ-ны зөвлөх өгсөн А.С.Скрипко мэдүүлэгтээ: “Монголд гэм зэмгүй олон хүнийг хууль бус аргаар мөрдөн байцаааж, эрүүгийн гэмт хэргийг зохиомлоор бий болгох ажлыг Монголын ДЯЯ-нд ажиллаж байсан НКВД-ийн зөвлөх, сургагч-мэргэжилтнүүд удирдан, монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар гүйцэлдүүлж, төр, засгийн удирдах зүтгэлтэн Лувсаншарав, А.Амар, Х.Чойбалсан нараар зөвшөөрүүлж, хийлгэсэн юм” гэжээ.

Тэрээр цааш нь “НКВД-ийн зарим сургагчдын санаачилгаар Монголын төр, засаг, цэргийн болон энгийн байгууллагад зүсэн бүрийн “хуйвалдагчид”-ыг илрүүлэх ажлыг хувийн эрх ашгийн үүднээс ч хийж байсан юм” гэжээ. Энэчлэн 1936-1940 онд ДЯЯ-нд НКВД-ийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан М.И.Голубчик, М.П.Чопяк, Л.Б.Ничиков, Ф.С.Ситиков, А.В.Сигаев, В.А.Авилов, В.Л. Светлов болон бүрэн эрхт элчин сайд байсан Сергей Миронов нараас баривчлагдаж мөрдөгдөж байсан монгол иргэдийн талаар тэдний өгсөн мэдүүлэг авсан байна. Баривчлагдсан монгол иргэдэд “хувьсгалын эсэргүү”, “Панмонгол”-ын үндсэрхэг үзэлтэй байгууллагын идэвхитэй гишүүд, удирдагч, монгол-зөвлөлтийн нөхөрсөг харилцааг салгаж, Монголын Ардын хувьсгалыг устгахын тулд Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлаж, хамтран ажилласан гэж РСФСР-ийн эрүүгийн хуулийн 58-ын 1, 2, 7, 11 дүгээр зүйл ангиар ял оноож шийтгэжээ. Дээрх монгол иргэд Читад байх анхны үедээ хэргээ хүлээгээгүй байна. Гэвч нэн хэрцгийгээр тамлан зовоож, зодож, занчиж, нойр хоолгүй байцааж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсны эцэст арга буюу тэд улс төрийн хилс хэргийг хүлээсэн мэдүүлэг өгсөн. Монголчууд Москва хотын Лефортово шоронд хоригдож, хоол, ундны хангамж, эрүүл ахуйн нөхцөл муу байсан учраас уушиг, тэжээлийн хомсдлоор олон хүн өвчилжээ. Өвчлөгсдийг Бутырийн шоронгийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Гэвч шүүх хурлаас өмнө долоон хүн шоронгийн эмнэлэгт нас барсан. Цаазлагдсан хүмүүсийн чандар, шарилыг хэрхсэн нь эдүгээ хүртэл тогтоогдоогүй, цаашид ч найдлага муутай байна. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж мөрдөгдсөн монгол улсын иргэдээс Цэргийн яамны хэлтсийн дарга Ц.Очирбат, шийтгэгдээгүй суллагдсан Б.Эрдэнэ, С.Доржбарга, Э.Дорж, Ж.Цэвээн, М.Гомбожав, Д.Дорж, Д.Цэдэн-Иш /Гочитский/ нарын долоон хүнд 5-10 жилийн ял оноож, үлдсэн бусад хүнд буудан алах ял оноож гүйцэтгэжээ. Хорих ялаар шийтгэгдсэн дээрх долоон хүн ялаа эдэлж байхдаа янз бүрийн хорих лагерьт нас баржээ. ЗХУ-д шүүгдсэн иргэдээс ДЯЯ-ны хэлтсийн дарга агсан М.Лувсан-Ёндон, хэлтсийн орлогч дарга агсан Б.Хаймчиг, хэлтсийн дарга агсан Б.Ишдорж, Улсын прокурор агсан Н.Борхүү, цэргийн академийн сонсогч агсан Д.Гончиг, М.Төмөрдаш нарын эрүүгийн хэргийн материал олдоогүй.

НКВД-ийн ажилтан Бүх Оросын Комунист /Большевикуудын/ намын гишүүн Васильев, орлогч гишүүн Дроботин, комсомолын гишүүн Морозов нар ЗХУ-н Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж, монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, мөрдөн байцаалтын протоколыг журмын дагуу гүйцэтгэхгүй, нэгэн хэв маягаар дур мэдэн бүрдүүлж, өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж, хууль зөрчиж байгаа тухай тодорхой мөрдөн байцаагчдын нэр дурьдаад даруй шалгаж арга хэмжээ авахыг санал болгосон байх юм. Уг рапорт дээр Лаврентий Берия өөрийн гараар Дотоод хэргийн Ардын комиссариатын орлогч дарга Меркулов, Бочков нар “нарийвчлан шалгаж, үр дүнг илтгэ” гэж 1938 оны 10-р сарын 27-нд цохолт хийжээ. Үүний дагуу хирэндээ шалгалт хийж үр дүнг нь Меркулов Берияд илтгэхдээ, шалгалтаар дээрх дутагдал илэрснийг дурдаад, төв аппаратын ажилтнууд өөрсдөө мөрдөн байцаалтын ажлыг хууль бусар гуйвуулсныг тэмдэглэж, НКВД-ийн мөрдөн байцаах хэсгийн орлогч дарга Наседкин, Арсенович, Либензон, Хват, Мочалов нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг илчилснээ илтгэжээ[3].

Бериягийн захиа

засварлах

ЗСБНХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссараас ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарт Монголын Ардын Армийн удирдлага дахин хувьсгалын эсэргүү хуйвалдааны тухай захидал

1939 оны 1 - р сарын 30

Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч нөхөр Скрипкогийн 1-р сарын 26-нд өгсөн илтгэх хуудсанд : БНМАУ-ын Дотоод явдлын болон Цэргийн сайд БНМАУ-ын маршал Х.Чойбалсан Улаанбаатарт 1-р сарын 22-нд ирсэн. Чойбалсанг ирэхийн өмнө бол цэргийн сургуулийн захирал Дашдаваа түүнийг алан хядах (террорист) ажиллагаа зохион байгуулахаар зэхэж байна гэсэн тагнуулын мэдээ авсан байна. Арми дахь хувьсгалын эсэргүү нууц байгууллагыг мөрдөж эхлэхийн сацуу нэгэн зэрэг монголын армийн командлал болон удирдах бие бүрэлдэхүүний дотор сэжигтэй байдал анзаарагдах болов. Чойбалсанг 1-р сарын 18-нд Улан-Үдээс Улаанбаатар руу явах замд алахаар зэхэж буйг болзошгүй тул урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай хамгаалалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Нэгэн зэрэг Цэргийн Сургуулийн захирал Дашдаваа баривчлагдсан байна. Дашдаваагийн хүлээн зөвшөөрснөөр бол өнгөрсөн оны 7-р сард түүнийг армийн улс төрийн газрын дарга Найдан ба мөн одоо баривчлагдаад буй армийн их бууны цэргийн дарга Чойндан нар хувьсгалын эсэргүү байгууллагад элсүүлэн авсан гэжээ. Дашдаваа түүний 23 зарим нэгэн гишүүн нөхдийн үргэлжлэн буй баривчилгааг үл харгалзан, хувьсгалын эсэргүү ажиллагааг эцсийг нь хүртэл амжилтад хүргэхийн тулд хоёулантай нь тохиролцсон байжээ. 1-р сарын 21-нд дотоод хэргийн яам тагнуулын мэдээ хүлээн авсанчилан, цэргийн яамны дэд сайд Дамба 1-р сарын 20-нд өөрийн штаб дээр Улаанбаатар хотын хүрээний (гарнизоны) анги нэгтгэлүүдийн захирагч дарга нарыг цуглуулж анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал гаргасан ажээ. Энэ тушаалын талаар манай зааварлагчидад монгол дарга нараас хэн нь ч мэдээлэл өгөөгүй, түүний дотор мөн Дамба ч нэгэн адил өгөөгүй ажээ. Дотоод Явдлын Яамны онцгой тасаг Дамбын энэ тушаалын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Хувьсгалын эсэргүү байгууллагад хамаарах арваас илүү мэдүүлэг – баримт бүхүй, армийн цэргийн прокурор Лубсан Цыдып 1-р сарын 21-нд Улаанбаатарын цэргийн хүрээгээр орж, Дамбын байлдааны бэлэн байдалд оруулах тухай тушаалын гүйцэтгэлийг шалгажээ. Энэ бүхэн нь Дамба болон түүний хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүдийн удирдлага дор хүрээний (гарнизоны) бие бүрэлдэхүүн дотроос бэлтгэгдэж буй зэвсэгт өдөөн хатгалга хийж болзошгүй тухай, батлаж буй бөгөөд би үүсэж бүрэлдсэн байдлын талаар манай корпусын командлалд мэдээлсэн ба мөн дотоод явдлын яамаар дамжуулан байдлыг ширхэгчилэн тодотгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Дотоод Явдлын Яамны онцгой хэлтэсийн монгол төлөөлөгч нарын хийсэн хаалттай шалгалтаар, хуягт бригадын машинууд байлдааны бэлэн байдалд байгаа нь тогтоогдсон ажээ. Цаг үеийн байдлыг шуурхай тодруулахын тулд миний зүгээс дэд сайд Насантогтоход цэргийн прокурор Цэдэвийн Лувсан баривчлан мөрдөн байцаалт хийж нэмэлт тодотгол хийх зөвлөлгөө өгөгдсөн байжээ. 1-р сарын 22-ны шөнө Цэдэвийн Лувсан баривчлагдсан байх бөгөөд өглөө нь ухамсарласнаар хувьсгалын эсэргүү байгууллагын ахмад гишүүн байснаа болон Дамбын даалгавраар хуягт бригадын байлдааны бэлэн байдлыг шалгаснаа хүлээн зөвшөөрч, түүнийг (Дамбыг) тус байгууллагын удирдагч хэмээн нэрлэсэн бөгөөд мөн Дамбыг түүнд “эцсийн дусал цусаа хүртэл” тэмцлээ явуулах болно хэмээн илэрхийлсэн гэнэ. Дамба армийн цэргийн хүрээ гарнизоныг байлдааны бэлэн байдалд ямар зорилгоор оруулсныг Лувсан Цэдэв мэдээлэлгүй улмаас гэдэг шалтгаанаар шууд хариултаас татгалзажээ. 1-р сарын 22-нд мөрдөн байцаалтын мэдээнээс үзэх ахул Дамба өөрөө өөрийг нь алахаар зэхсэн жүжиг бэлдэж байсан. Энэ нь Дамбын амьдардаг байшингийн гаднаас цонхоор нь 7,65 мм калибрийн револьвер гар буугаар Дамбыг өөрийн тасалгааны (хонгилоор) коридороор буудсаныг хэлсэн бололтой. Дамбын зүүн гарын тохойноос дээш буудагдсан байсан ажээ. Шарх нь хөнгөн бөгөөд хожмын үр дагавар багатай байна. Дээрхи авлах гэсэн явдлыг Дамба хувьсгалын эсэрггү нарын өшөө хонзон хэмээн тайлбарласан байна. Одоо түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байх бөгөөд байнгын хяналт тавьсан юм. 1-р сарын 25-ны хувьд Улаанбаатар дахи байдал тодорхойгүй хэвээр. Чойбалсан, нөхөр Скрипкогийн зөвлөснөөр дараагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдсэн. 1.1-р сарын 26-ны өглөө Чойбалсан МАХЦ-ийн Штабт Намсрайг (армийн штабын дарга) болон Воронин (МАХЦ-ийн зөвлөхийн орлогч) нарыг дуудан авчирч, арми болон Улаанбаатар хүрээн дэхи байдлын талаар товч тодорхой илтгэхийг шаарджээ. Хэрвээ Намсарайг явуулахгүйгээр анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тухай Дамбын тушаалыг хэлэхгүй бол түүнд анги нэгтгэлүүд болон хүрээний ангиудын дарга нарыг комиссаруудын хамт, зааварлагчид, онцгой хэлтсийн төлөөлөгч нар, намын үүрийн нарийн бичгийн дарга нарыг дуудан цуглуулахыг санал болгох байв. Тэднийг цугларах хүртэл ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулах шийдвэр гаргах болсон болон энэ талаар зөвлөх, зааварлагчидад энэ талаар мэдээлээгүй байсан шалтгааныг Намсарайгаас тулган тодруулжээ. 2. Дуудагдсан дарга нарыг цугларсны дараа анги нэгтгэл болон ангийн дарга тус бүрээс анги нэгтгэлүүдийн байдлын тухай товч илтгэл мэдээ шаардан, мөн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тухай хэзээ хийгээд ямар хэлбэртэй (байдалтай) тушаал тэд хүлээн авсан ба энэ талаар ямар тодорхой зүйлүүдийг (ажлуудыг) тэд хийсэн бэ? Хуягт машинууд болон байлдагч нарын гар дээр буй бүх галт хэрэгсэлүүдийг складуудад яаралтай тушаах, анги нэгтгэлүүд дэхи онц байдлыг өөрчлөх, энэ тушаалыг биелүүлсний дараа буцаж илтгэх. Онцгой хэлтсийнхэн гүйцэтгэлийг хянах. 3. Галт хэрэгсэл бүхүй складуудын хамгаалалтыг онцгой хэлтсүүд хангана. 4. Дарга нарын хоёр дахи ирэлтийн үеэр Чойбалсан тэдний өмнө 221 өөрийгөө илчлэх тушаалын биелэлтийн талаар асуулт тавьсан бөгөөд хувьсгалын эсэргүү хэрэгт орооцолдсон дарга нарыг сайн дураараа гэмээ хүлээн ирэхийг санал болгосн юм. 5. Энэхүү арга хэмжээний үр дүнгээс шалтгаалан дараачийн баривчилгааны асуудлыг шийдвэрлэх ёстой байв. Манай корпусын командлал энэ арга хэмжээний чиг шугамыг баримталж байлаа. Хэрвээ үүнийг дотоод явдлын яамныхны хүчээр хэрэгжүүлж чадахгү бол зэвсэгт өдөөн хатгалга гаргасан тохиолдолд оролцогчидын зэвсэгийг хураан авах арга хэмжээ авах ёстой.


ЗСБНХУ-ын дотоод хэргийн ардын комиссар: Берия

Үзэсгэлэнгийн сэргээн босголт

засварлах

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого
  2. http://www.gia.gov.mn/articles/medee/1059 У.Амарсайхан - Уулын бvргэд ч уйлдаг
  3. Улсын аюудгүй байдлыг хангах ерөнхий газрын архив бүртгэлийн албаны дарга, хурандаа Я. Батсуурийн өгсөн ярилцлага. УБ. 1995 он