Лувсандашийн Амгалан

Лувсандашийн Амгалан (1958 оны 4 сарын 6-нд төрсөн) нь Монгол улсын улс төрч. 2004-2008 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн орлогч дарга, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, тус дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч [1]. МАН-ын Бага хурлын гишүүн[2].

Лувсандашийн Амгалан
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн засаг даргын орлогч
2004-2008 он
ӨмнөхП.Цогтбаатар
ДараахД.Оросоо
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч
2008-2012 он
Баянгол дүүргийн засаг дарга
2008-2012 он
ӨмнөхП.Төвсанаа
ДараахД.Очирсүм
Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч
2012 оноос
Овог нэрЛувсандашийн Амгалан
Төрсөн1958 оны 4 сарын 6
Өвөрхангай аймаг, Хужирт сум
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Нам
СургуульДундговь аймаг, Мандалговь хотын II арван жилийн сургууль
БНМАУ-ын Хөдөө аж ахуйн дээд сургууль
Төрийн захиргаа, удирдлагын институт

Эцэг эх засварлах

Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1958 онд төрсөн. Түүний аав Адъяадоржийн Лувсандаш нь хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу, тухайн үеийн Богд хан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд (одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сум) 1932 онд төржээ. А.Лувсандашийн ээж Адъяадорж нь Монголын шинэ үеийн утга зохиолын тулгын чулууг тавигчдын нэг, төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн төрсөн дүү юм. А.Лувсандаш нь бага наснаасаа эрдэм номын мөр хөөж, хөдөө бага сургууль, улмаар Улаанбаатар хотод долоон жилийн дунд сургууль дүүргээд тухайн үеийн Багшийн сургууль төгсгөж түүх-газарзүйн багшийн мэргэжил эзэмшжээ. А.Лувсандашийн аав Цэдэв нь хувьсгалын эсэргүү С.Буяннэмэхийн хүргэн гэгдэн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн ял шийтгэгдэж байв. Тэрбээр ЗХУ-ын Москва хот дахь Монголын Элчин сайдын яам, Шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Л.Амгалангийн ээж С.Цэрэнпагма нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Тэд Багшийн сургуульд сурч байхдаа танилцаж 1952 онд гэрлээд арван хүүхэд төрүүлж өсгөсний дээрээсээ хоёр дахь нь Л.Амгалан юм.

Бага нас засварлах

А.Лувсандаш, С.Цэрэнпагма нар Багшийн сургуулиа төгсөөд удаагүй байхад гэрийн эзэн Өвөрхангай аймгийн Хужирт суманд 10 жилийн сургуулийн захирлаар томилогдон гэр бүлээрээ тус суманд очсоноос нэг жилийн дараа хоёр дахь охин Амгалан мэндэлжээ. Улмаар тэднийх Дундговь аймагт шилжсэнээр, Л.Амгалан Мандалговь хотын 10 жилийн сургуульд (одоогийн II арван жилийн сургууль) элсэн оров. Л.Амгалангийн аав спортын олон төрлөөр тогтмол хичээллэдэг байсан бөгөөд түүх-газарзүйн багшийн ажлаа эрхлэхээс гадна сургуульдаа сагсан бөмбөгийн секц хичээллүүлдэг байсан тул охин нь дөрөвдүгээр ангид байхдаа энэ спортоор, улмаар удаах жилээс нь гар бөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна. Л.Амгалан Дундговь аймгийн охидын шигшээ багт таван жил тоглох (холбон тоглогч) хугацаанд тэдний баг дасгалжуулагч багш Анжийн Доржсүрэнгийн (1998 онд Монгол улсын гавъяат дасгалжуулагч болсон) удирдлага дор волейболын УАШТ-д хэд хэдэн удаа түрүүлж, тогтмол дээгүүр амжилт үзүүлж байв. Отгон дүү нь хоёр ойтой байхад ээж нь өвчнөөр өөд болсноор Л.Амгалан олон өнчин дүүгээ өсгөж бойжуулах үүргийг багаасаа хүлээжээ.

Оюутан үе засварлах

Л.Амгалан 1975 онд дунд сургуулиа дүүргээд, тухайн үеийн Багшийн дээд сургуульд хуваарь авч Улаанбаатарт иржээ. Тухайн үеийн волейболын улсын шигшээ багийн дасгалжуулагч, алдарт тамирчин Цээ-Оригийн Шоовдор Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшилж байсан тул Л.Амгалан уг спортод үнэнхүү дуртайдаа хөтлөгдөж, эцэг эхтэйгээ зөвлөлдөөд хуваариа солин Хөдөө аж ахуйн дээд сургуульд (одоогийн Хөдөө аж ахуйн их сургууль) элсэв[3]. Тус сургуулийн шигшээ багт байхдаа ч тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ, идэрчүүдийн УАШТ, Монголын бүх ард түмний спартакиад, МХЗЭ-ийн цомын төлөө тэмцээний алт, мөнгөн медалиудыг олон удаа авч, улсын шилдэг холбон тоглогчоор шалгарч байсан бөгөөд 1981 онд волейболын спортын мастер цол хүртжээ.

1990-ээд он хүртэл засварлах

ХААДС-д таван жил суралцаад (дундуур нь гэр бүл зохиож, хүүхэд төрүүлсэн тул нэг жил сунасан) 1981 онд сургуулиа дүүргэж, нөхрийнхөө нутаг Хэнтий аймагт шилжин суув. Энд тэрбээр аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн станцад мэргэжилтнээр ажиллах болж улмаар, 1983 оноос Аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын мэргэжилтэн [4], 1985 оноос ХААУГазрын Боловсон хүчний тасгийн дарга, 1986 оноос Хэнтий аймгийн намын хорооны эмэгтэйчүүдийн тасгийн зааварлагч, 1988 оноос 1990 он хүртэл аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллажээ.

1990 оны нийгмийн шилжилтийн үеэр тэрбээр төрийн хэвшлээс гарсан олон мянган хүний нэгэн адилаар ажлаа өгөөд Улаанбаатарт ирэв[5]. Улмаар 1991 онд дүү нар, хамаатан садангуудын хамтаар ганзагын наймаа эрхлэх болжээ. Эрээн, Улаан-Үд цаашлаад Москва, Бээжин хүртэл наймаанд явах болж, орлого ашиг нь нэмэгдэн 1995 онд “Ололт трейд” хэмээх компани байгуулав. Харин энэ салбараас тэрбээр 1996 онд гарсан. Тухайн үед ганзагын наймаагаар олсон мөнгөөрөө худалдаж авсан байрандаа одоо ч суудаг.

Төрийн албанд засварлах

1996 онд ардчилсан хүчин төрийн эрхэнд гарснаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Жанлавын Наранцацралт томилогдов. Тэрбээр Мандалговь хотын 10 жилийн сургуульд нэг ангид суралцаж байсан Л.Амгаланг шинэ тутам байгуулагдсан “Улаанбаатар” санд ажиллана уу хэмээн урьсанаар Л.Амгалан тус сангийн зааварлагчаар ажиллах болжээ.

Улаанбаатар сан засварлах

Гадаад дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж, бусад орлогоос бүрдсэн санг байгуулж нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулж болох талаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-д [6] заасныг үндэслэн “Улаанбаатар” санг 1997 оны хоёрдугаар сарын зургааны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 02 тоот тогтоолоор байгуулжээ [7]. 1997 оноос хойш 2006 он хүртэл тус санд 53 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрсөн бөгөөд үүнээс 1998-2005 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын ажилд 4643,6 сая төгрөг зарцуулсан байна. Л.Амгалан 1998 онд тус сангийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш энэ албан тушаалд 2002 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд Улаанбаатар хотын тохижилт, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан хэдэн арван төсөл энэ сангийн санхүүжилтээр амжилттай хэрэгжсэн байна. Тухайлбал:

  • Байгалийн түүхийн музейн өмнөх талбайн тохижилт. 10 сая төгрөг. 1998 он [8].
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө. 10 сая төгрөг. 1999 он[9].
  • Энх тайвны өргөн чөлөөний гэрэлтүүлэг. 49 сая төгрөг. 1998-1999 он[10].
  • Баянзүрх, Нисэх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоог шинээр байгуулав. 117 сая төгрөг. 1998-2000 он.
  • Сүхбаатарын талбай, зургаан дүүрэгт өвлийн улиралд мөсөн хотхон байгуулж, уралдаан тэмцээн зохиодог болов. 67 сая төгрөг. 1998-2003 он.
  • Улсын драмын эрдмийн театрын гадна тохижилт. 5 сая төгрөг. 1999 он[11].
  • Сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор “Улаанбаатар” сугалааг зохион байгуулж, хонжворт нь дөрөв хүртэлх өрөө байр, машин, электрон бараа олноор олгосон нь иргэдийн талархлыг хүлээв. Сугалаанаас нийт 704 сая төгрөгийн орлого олж санд төвлөрүүлсэн. 1998-2001 он.
  • Хотын зам дахь эвдрэлийг засах зориулалт бүхий асфальтын жижиг үйлдвэрийг импортоор оруулж ирэв. 65 сая төгрөг. 1999 он[12].
  • Нийслэлийн гудамжны рекламны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хулдаасан хэвлэлийн анхны жижиг үйлдвэрийг БНХАУ-аас худалдан авч суурилуулсан. 1999 он.
  • Нийслэлийн цагдаагийн газарт “Hyundai Accent” маркийн 12 ширхэг суудлын тэрэг хандивлав. 84 сая төгрөг. 2000 он[13].
  • Германы мэргэжилтнүүдийг урьж ажиллуулснаар нийслэл анх удаа дэлхийн жишигт нийцсэн хотын цагтай болсон. 70 сая төгрөг. 2000 он[14].

Л.Амгалан 2002 онд “Улаанбаатар” сангийн даамлын ажлыг хүлээлгэн өгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газарт ахлах мэргэжилтнээр ажиллав. 2004 онд Баянгол дүүргийн орлогч даргаар томилогдож 2008 он хүртэл ажиллаад мөн онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин өрсөлдөж сонгогчдын 50.98 хувийн саналаар ялалт байгуулжээ. Улмаар НИТХ-аас санал болгосны дагуу Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр түүнийг Баянгол дүүргийн засаг даргаар томилсон байна.

Баянгол дүүрэг засварлах

Түүнийг Баянгол дүүргийн засаг даргаар ажиллах дөрвөн жилийн хугацаанд тус дүүрэг ажлын үзүүлэлтээр хоёр жил дараалан (2009-2010 он) Нийслэлийн шилдэг дүүргээр шалгарч, үлдсэн хоёр жилд нь энэ шалгаруулалтад дэд байр эзэлжээ.

Эдийн засаг засварлах

Дүүргийн аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, дүүргийн татварын нийт орлого 2009 оноос тууштай өссөөр 2012 онд 6,5 тэрбум төгрөг болж, 2008 оныхоос 4,6 тэрбум төгрөгөөр буюу 3,4 дахин нэмэгдсэн нь дүүргүүд дундаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж 2008 онд 6292 байсан бол 2011 он гэхэд 10710 болж нэмэгдсэн байна. Дүүргийн төсвийн орлого 2012 онд 70 тэрбум болж, 2008 оныхоос 2,7 дахин нэмэгдэв. Хөрөнгө оруулалт 2008 онд 5.3 тэрбум байсан бол 2011 онд 39 тэрбум төгрөг болж өсчээ.

Эрүүл мэнд засварлах

Хүүхдийн төрөлжсөн эмнэлэггүй байсан тус дүүрэгт 40 ортой хүүхдийн эмнэлэг байгуулагдав. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн шинэ барилга барих газрыг олгох (хувийн эзэмшилд эмх замбараагүй ашиглан машины 47 гарааш байрлуулж байсан газрыг чөлөөлсөн), хөрөнгийг төсөвт суулгах, зураг төсөл гаргах ажлыг зохион байгуулж, барилгын шав тавьсан. 21 өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 612 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дүүргийн хүн амын эрүүл мэндийн индексийн үзүүлэлт 2008 онд 47,4%, 2009 онд 45,1%, 2010 онд 45,9% болж өсөв.

Экологи, байгаль орчин засварлах

Туул голын урсацыг нэмэгдүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор Дулааны IV цахилгаан станцын урд талд “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулж 18 нэр төрлийн 117 мянган мод, бут тарьж, усалгаа арчилгаанд нь зориулан гүний худаг гаргав. Энэ ажилд нийслэл, дүүргийн төсвөөс нийтдээ 135 сая төгрөг зарцуулжээ. Дүүргийн хэмжээнд 58 газарт ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав. Төмөр замын соёлын ордны баруун талын талбайд усан оргилууртай томоохон цэцэрлэгт хүрээлэн бий болжээ.

Боловсрол засварлах

Түүний үед Баянгол дүүрэг анх удаа Боловсролын жишиг дүүрэг болжээ (2011 он). Сургууль, цэцэрлэгүүдийн гадна талбай болон биеийн тамирын талбайн тохижилтонд 679.2 сая төгрөгийг зарцуулснаар нийт сургууль, цэцэрлэгийн 90 хувийн гадна тохижилтийг шинэчлэв. Дүүргийн бүх сургууль цэцэрлэг интернэтэд холбогдож, иж бүрэн компьютер, техник хэрэгслээр хангагдсан.

Аюулгүй байдал засварлах

2009-2012 онд дүүргийн цагдаагийн газарт автомашин, суурин гар станц, хяналтын камер, LCD телевизор худалдан авах, цагдаагийн кобаныг засахад 207 сая төгрөгийн туслалцаа үзүүлэв. Гэмт хэрэг гарч болзошгүй 80 эмзэг цэгт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 телехяналтын камер суурилуулжээ.

Нийгмийн халамж засварлах

Давхардсан тоогоор 101 мянган иргэнд нийгмийн халамжийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж, нийт 16.6 тэрбум төгрөг олгосон байна. Амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 1073 оюутныг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамруулсан байна. Дүүргийн 15 хороог шинэ цогцолбор байртай болгож, төр захиргааны ажилчдад зориулан 96 айлын орон сууц барьж ашиглалтад оруулав.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засварлах

Л.Амгалан 2008 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллажээ. Энэ хугацаанд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг гаргахад оройлон оролцсон. Байгаль экологийн чиглэлээрх төслүүдийн ажлын хэсэгт ажиллаж, тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлын бүхий л шатанд идэвхтэй оролцсон юм. Мөн Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Өргөө, Саппорогийн уулзварт давхар гүүрэн зам тавих, зам өргөтгөх ажлыг анхлан санаачилж, зураг төслийг эхлүүлжээ. Тухайн үеийн нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг “Нарны гүүр”-ийг Япон улсын Засгийн газрын тусламжаар барьж байгуулах төслийг батлуулах, хэрэгжүүлэхэд тэрбээр идэвхтэй оролцсон бөгөөд уг гүүрийг барих газрыг чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулсан байна.

2012 оноос засварлах

Л.Амгалан 2012 онд болсон УИХ-ын сонгуулиар, сонгуулийн 25 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн боловч ялагдав. Улмаар нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын чиглэлээр дагнан ажилласан бөгөөд 2015 оны 2-11 сард Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн тэргүүн дэд даргын алба хашив. Одоо Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч.

Сонгуульт ажил засварлах

  • МАН-ын Бага хурлын гишүүн (2006 оноос хойш гурван удаа сонгодсон)
  • Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн 2012 оноос
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • «Нийгмийн Ардчилал» Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • «Нийслэл Ротари» клубын гишүүн
  • Баянгол дүүргийн «Хангарьд» клубын тэргүүн
  • Гар бөмбөгийн «Эрчимт бөмбөг» клубын тэргүүн

Гавьяа шагнал засварлах

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2015 он)
  • “Алтан гадас” одон (2006 он)
  • Хөдөлмөрийн хүндэт медаль (2002 он)
  • Засгийн газрын хүндэт өргөмжлөл (2004 он)
  • "Монгол улсын шилдэг менежер", Монголын менежментийн холбоо (2010 он)
  • "Lady Entrepreneur" шалгаруулалтаас "Төрийн байгууллагын шилдэг удирдагч". Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим (2011 он)
  • “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдэг.
  • Нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, байгаль орчин, биеийн тамир, спортын салбаруудын тэргүүний ажилтан цол тэмдгүүд.
  • ХБНГУ-ын Берлин хотын Шөнэфэльд дүүргийн хүндэт иргэн.
  • БНСУ-ын Сөүл хотын Чунгу дүүргийн хүндэт иргэн.

Шашин шүтлэг, буяны үйлс засварлах

Буддын шашинтай. 2011 онд АНУ-ын иргэн, монгол үндэстэн Ажаа ринбүүчий Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн харъяанд, цусны эмгэгтэй хүүхдэд зориулсан эмнэлэг барьж өгөх санаачлага гаргахад, Л.Амгалан дүүргийн засаг даргын хувиар талархан дэмжиж, эмнэлгийн газрын зөвшөөрлийг, гаргасан хүсэлтийнх нь дагуу шуурхай шийдвэрлэж өгчээ. Мөн дүүргийн аж ахуйн нэгжүүдийг уг ажилд хөрөнгө хандив өргөхийг уриалсан нь ихээхэн үр дүнд хүрсэн юм.

2011 онд Өмнөд Энэтхэгийн Гоман, Сэра дацанд суралцаж буй монгол хүүхдүүдэд дотуур байр барьж өгөхөд хандив өргөж, энэ ажилд бусдыг уриалан оролцуулж байв.

Хообий засварлах

Монгол улсын үе үеийн хууль тогтоох байгууллагуудын депутатын энгэрийн тэмдгийг цуглуулдаг. Харьцангуй хожуу цуглуулж эхэлсэн боловч одоогоор түүнд БНМАУ-ын Ардын Их хурал, Бага хурал болон хот, районы Ардын депутатуудын хурлын депутат, Монгол улсын Их хурал, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тэмдэг нийт 60 гаруй бий. Тэдгээрээс хамгийн хуучных нь 1940 оны БНМАУ-ын Бага хурлын гишүүний тэмдэг ажээ. Мөн МАХН-ын (одоогийн МАН) их хурлуудын депутатын тэмдгүүдийн цуглуулга түүнд бий. Сэтгүүлч Ш.Гүрбазар 2016 оны нэгдүгээр сард эхлүүлсэн “Бодлын цуглуулга” нэвтрүүлгийнхээ анхны дугаарт Л.Амгаланг урьж, уг цуглуулгын талаар болон төрт ёсны тогтолцооны сэдвээр дэлгэрэнгүй ярилцжээ. [15]

Сонирхолтой баримтууд засварлах

  • Л.Амгалангийн эмээ Адъяадорж 30-аад онд Улаанбаатарт амьдарч байв. 1937 онд түүний төрсөн ах С.Буяннэмэхийг хилс хэргээр хэлмэгдүүлэн хороосон тул бага нялх хүүхдээ (Л.Амгалангийн аав А.Лувсандаш) авч өөрийн нутаг Дундговь аймаг руу явсан байна. Ингэхдээ С.Буяннэмэхийн хувийн ном зохиол нэлээдийг авч явсан бөгөөд нутагтаа очсон хойно ах дүү нар нь Дэлгэрхангай уулын энд тэнд хувааж булсан, тэдгээрийг одоо мэдэх хүнгүй болсон гэнэ.
  • А.Лувсандаш нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд ажиллаж байхдаа Холбооны яамны сайд С.Төмөр, Гадаад харилцааны сайд, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нарын хожмын олон алдартнуудад хичээл зааж байв.
  • Л.Амгалангийн ээж С.Цэрэнпагма 60-80-аад оны Монголын шилдэг эмэгтэй шатарчдын нэг байв. Ээж охин хоёр, нэг нь гар бөмбөгийн, нөгөө нь шатрын тэмцээнд улсад өрсөлдөхөөр нийслэл рүү олон удаа хамт явжээ. А.Лувсандашийн 10 хүүхэд бүгд шатар сайн тоглож сурчээ.
  • Л.Амгалан нь төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын ерөнхий сайд агсан Ж.Наранцацралттай Дундговийн төвийн 10 жилийн сургуульд нэг ангид сурч байжээ[16].
  • Дүүргийн засаг дарга нь тухайн дүүргийн Батлан хамгаалах товчооны дарга байдаг. Ажил үүргийн энэ хуваарийн дагуу тэрбээр дүүргийн батлан хамгаалах команд-штабын сургуулилт, цэрэг-тактикийн үзүүлэх сургуулийг удирдан зохион байгуулахын зэрэгцээ, буудлага тэргүүтэй цэргийн бэлтгэлийн зохих шалгалтыг өгч тэнцсэн тул 2009 онд Зэвсэгт хүчний ахмад цол хүртэж байв.
  • Л.Амгалан Дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд хоёр удаа (Бразил, Франц улсад болсон) оролцсон.
  • Түүний аав хүүхдүүдээ айл орон болж тусдаа гарсан хойно “Гэртээ номын сангүй бол та нарынхаар орохгүй шүү” гэж хэлдэг байжээ. [17]
  • Л.Амгалан аавынхаа нагац ах С.Буяннэмэхийн дурсгалд зориулж 3000 гаруй номтой, 25 хүүхдийн суудалтай номын санг байгуулсан нь [18] Төмөр замын соёлын ордны баруун талд ажиллаж байна. Мөн эрдэмтэн судлаачидтай хамтран С.Буяннэмэхийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ зохиолчийн намтар, бүрэн зохиолын дөрвөн боть номыг хэвлүүлжээ.
  • Тэрбээр 1998-2012 онд Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд есөн хүнтэй уг зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн үед түүнээс өөр эмэгтэй хүн байгаагүй, одоо ч байхгүй юм.
  • Баянгол дүүргийн засаг дарга байхдаа АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хот дахь “Leadership Institute”-тэй холбоо тогтоож, Монголоос нийт 150 гаруй хүнийг манлайлал, удирдлага, өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамруулжээ.
  • 2016 оны гуравдугаар сарын нэгний Эх орончдын баяраар тэрбээр Улсын баатар Түвдэнгийн Борын дүр төрхийг нэхэн сануулж, эх оронч үзэлд уриалан дуудсан агуулга бүхий видео мэндчилгээ бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь цахим ертөнцөд шуугиан тарив. Уг мэндчилгээнд түүний өмсөж зураг авахуулсан малгайг олон нийтийн сүлжээнд "Хятадын армийн хувцас", "Мао Зэдуны малгай" гэхчлэн цолложээ. Дараахан нь болсон Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан судлаач Г.Занданшатар "Өдрийн сонин"-д "Малгай толгой яахав ээ, Мартын наймны мэнд хүргэе" гэсэн гарчигтай ярилцлага[19] өгсөн бол нийтлэлч Б.Цэнддоо "Хакердуулсан малгай" гэсэн нэртэй фельетон бичив[20].

Эх сурвалж засварлах

  1. "Archive copy". Archived from the original on 2016-03-25. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. "Archive copy". Archived from the original on 2013-11-10. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Archive copy". Archived from the original on 2016-03-24. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2016-03-24. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Archive copy". Archived from the original on 2016-03-24. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. "Archive copy". Archived from the original on 2016-04-18. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. https://tusuv.wordpress.com/category/21-%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%85%D0%BE%D1%82/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD/
  8. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  9. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  10. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  11. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  12. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  13. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  14. https://tusuv.wordpress.com/2010/08/31/%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#more-648
  15. http://chingis.mn/chingis/index.php?view=video&type=item&val=189[permanent dead link]
  16. "Archive copy". Archived from the original on 2016-03-24. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  17. http://zms.mn/ingezh-zutgeh-n-huvd-halgaatai-ch-turd-heregtei-yum-da/[permanent dead link]
  18. "Archive copy". Archived from the original on 2020-08-09. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  19. http://tsag.mn/6433-bnb.html
  20. "Archive copy". Archived from the original on 2016-03-13. Retrieved 2016-03-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)