Номын сан
Номын сан гэж ном хэвлэл, гар бичмэл зэрэг мэдээлэл агуулсан зүйлсийг цуглуулж, хадгалан олон нийтэд уншуулж, үзүүлж, сонсгох үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг хэлнэ.
Орчин үед номын сангууд инэнх номыг цахимжуулаад олон нийтэд үйлчилдэг хандлагатай болж байна. Номыг цахимжуулсанаар цуглуулах, хадаглах, орон зай хамаарахгүйгээр түгээх зэрэгт олон давуу талууд үүсч номын сангийн шинэ эрин эхлэж байна гэж үзэж болно.
Түүх
засварлахДэлхийн хамгийн эртний номын сан МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан юм. Тухайн үеийн Ассирийн эзэнт гүрэн одоогийн Ирак улсын нутаг дэвсгэр Нинев хотод байрлаж байв. Ассирийн мөхлийн дараа тэр чигээрээ газар дор хадгалагдаж байсан тус номын сангийн папирусан бичээсүүд эртний Месопотамийн соёлыг судлахад томоохон түлхэц үзүүлсэн билээ. Мөн МЭӨ 3-р зууны үеийн Александриа хотын номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй, орчин үеийнхээр бол ботаникийн цэцэрлэгтэй номын сан байв.
Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл мэдээллүүдийг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд, язгууртнууд л ашиглах боломжтой, эсвэл энгийн иргэд ашиглах боломжтой ч өндөр төлбөртэй байжээ. Дундад зууны үед ном нь байшинтай тэнцүү үнэтэй байсан тул тавиураасаа уяатай байдаг байв. Европод цаас үйлдвэрлэж 1440-өөд онд Йохан Гутенберг ном хэвлэлтийн технологийг нэвтрүүлсэнээр номыг олноор нь хэвлэх боломжтой болж, үнэ өртөг нь ч буурснаар энгийн иргэдэд хүртээлтэй зүйл болж эхэлжээ.
Хувийн номын сан
засварлахХувийн номын сан нь нэг хүний үүсгэн байгуулсан номын сан байдаг. Эдгээр номын сан нь ерөнхийдөө олон нийтэд нээлттэй биш боловч хувийн номын сан бусад хүмүүст төлбөртэй үлйчилгээ үзүүлж болдог. Хувийн номын сангууд төлбөртэй ч гэсэн хэзээ ч нийтийн болж хувирдаггүй. Хувийн номын сан нь байгууллагын өмчлөлд шилжсэн тохиолдолдлууд байдаг. Хувийн болон хувийн номын сан гэсэн ижил нэртэй боловч өөр өөр ойлголтууд хэвээр байна. Ийм номын сангууд нь бусад төрлийн номын сангаас жижиг бөгөөд тэдгээрт байгаа номын хүрээ нь хувийн сонирхлоор хязгаарлагддаг байна.
Зарим хүмүүс хувийн номын санг янз бүрийн байгууллагуудад (бүр нийтийн номын санд хүртэл) зардаг. Ийм тохиолдолын жишээ бол Жон Адамсын эзэмшдэг байсан номын сан сүүлдээ Конгрессын номын сан болсон явдал юм. Ихэнхдээ хувийн болон хувийн номын санг хүмүүс гэрээслэлээр өвлөн авсан байдаг.
Хувийн номын сан гэдэг үг нь хувийн байшин, гэрт ном хадгалдаг өрөөг ч хэлж болно. Ерөнхийдөө энэ нь гэр бүлийн бүх гишүүд, зочдод нээлттэй харьцангуй том өрөө байдаг юм. Ийм өрөөнүүд нь ихэвчлэн номын цуглуулгатай байдаг ч ихэвчлэн нэг хүний ашиглах зориулалттай хувийн орон зай байдаг байна.
Алдартай хувийн номын сангууд:
- Хатан хаан II Елизабетын Виндзорын шилтгээн дэх номын сан
- Тяньи танхим нь Азийн хамгийн эртний хувийн номын сан юм; БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо хотод байрладаг
- Сэр Томас Брауны номын сан (англи. Thomas Browne)
- Линдесиана номын сан
- Энэтхэгийн Алигарх хотод байрладаг Хайм Сайед Зиллер Рахман номын сан
- Хүний төсөөллийн түүхийн номын сан
- Рудольф Штайнер (герман. Rudolf Joseph Lonz Steiner) номын сан
- Балтимор орчим дахь Жорж Вашингтон Вандербилтийн номын сан
- Кембрижийн их сургуулийн Магдален коллежийн Самуэль Пепийн номын сан (англи. Pepys Library)
Монголын номын сан
засварлахМонгол Улсад орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиож байна[1]. 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулж өдгөөгийн номын сангийн үүсэл болсон юм[2]. Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгож байжээ.
Гэвч өмнө нь сүм хийдүүдэд шашны холбогдолтой ном судрууд хадаглагдаж байсан бөгөөд хувь хүмүүс, томоохон лам хуваргууд номы олноор цуглуулж гэртээ болон сүмдээ хадаглаж байсаар иржээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, нийтийн номын сан 362, их, дээд сургуулийн номын сан 101, Ерөнхий боловсролын сургуулийн номын сан 817, МСҮТ-ийн номын сан 54, албан байгууллагын дэргэдэх номын сан 120, эрдэм шинжилгээний номын сан 44 болон бусад номын сангууд багтдаг аж.
Монголын үндэсний номын сан
засварлахМонголын үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар Төв номын сан нь 1921 онд байгуулагдсан монголын ууган номын сан юм. Сан хөмрөгтөө 9 фондод гурван сая гаруй номтой. Үүний нэг сая 500 орчим нь үнэт ховор номд багтдаг. Монголын хамгийн том, баялаг номын сан. Сонирхуулахад, зөвхөн Монгол номын фонд одоогоор кирилл бичгийн 150 мянга орчим ном, монгол бичгийн 8000 орчим, Өвөр монгол 4000 орчим ном хадгалагдаж байна. Цахим хаяг: https://nationallibrary.mn/
МУИС-ийн номын сан
засварлахМонгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баяраар буюу 2017 онд МУИС нь шинэ номын санг нээсэн. Номын сан 360 гаруй мянган хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд номын сангаар үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
засварлахХотын төв номын сан саяхан олон улсад ашигладаг “Коха” программыг үйлчилгээндээ нэвтрүүлж, үйлчлүүлэгч нэг картаараа төв болон салбар номын сангуудаар давхар үйлчлүүлэх боломжтой болсон. 500 мянга гаруй номтой бөгөөд жилд давхардсан тоогоор 60 мянга гаруй уншигчид үйлчилдэг. Төв салбар нэг дор 310-350, бусад дүүргийн салбаруудад 150 хүртэлх хүнд зэрэг үйлчилнэ.
Хүүхдийн төв номын сан
засварлахХүүхдийн төв номын сан нь Сүхбаатарын талбай, Амарын гудамж, Соёлын төв өргөөний “Б” корпуст байрладаг. Хүүхдийн номын ордон нь орчин үеийн техник хэрэгсэл бүхий төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг загвар номын сан. Олон улсын хамтын ажиллагааны тусламж дэмжлэгтэйгээр дэлхийн номын сангуудын түвшинд ойртохуйц, хүүхэд залуусын хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан төрөлжсөн соёл мэдээллийн төвүүдтэй. Түүнчлэн ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах төвтэй. Хүүхдийн төв номын сан нь хүүхэд, залуучуудад уншлагын 6 танхимаар Монгол, Орос, Англи, Герман, Хятад, Япон болон бусад хэлний 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй. Үүнд, 10 хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 10-16 насны дунд ангийнханд зориулсан “Мөрөөдөл”, 16 ба түүнээс дээш насны оюутан, залууст зориулсан “Боловсрол хөгжил” уншлагын танхим, Герман, Өрнө,дахины, Дорно дахины гэсэн уншлагын танхим нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулсан Зөөврийн номын сантай. 250 уншигчид зэрэг үйлчлэх боломжтой.
Хүүхдийн номын өргөө
засварлахХүүхдийн номын өргөө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд буюу Улсын их дэлгүүрийн баруун талд байрладаг. Тус номын сан нь 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бага ангийн (1-5 анги) хүүхдүүдэд зориулсан танхим, дунд ангийн (6-9 анги) сурагчдад зориулсан танхим, ахлах ангийн (10-12 анги) сурагчдад зориулсан танхимтай.
Номын сангийн үүрэг
засварлахНомын сангийн үүргийг ерөнхийд нь 6 ангилж болно. Үүнд:
- Цуглуулга
- Төрөлжүүлэлт
- Хадгалалт
- Үйлчилгээ
- Соёл ба Танин мэдэхүй
- Сургалт
Цуглуулах үүрэг
засварлахНом, сонин, сэтгүүлээс эхлээд CD зэрэг мультимедиануудыг цуглуулна. Ингэхдээ хэрэглэгчдийн үүднээс хандаж, тодорхой төлөвлөгөөний дагуу цуглуулж, мөн хэрэглэгдэхгүй болсон мэдээллүүд дундаас хадгалах шаардлагагүй гэж үзсэн зүйлсийг хаяж болдог.
Төрөлжүүлэх үүрэг
засварлахНом хэвлэл нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ цэнгүй болох билээ. Иймд номын сангууд цуглуулсан мэдээллээ тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилна. Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог.
Хадгалах үүрэг
засварлахНом хэвлэл, мэдээллүүд хийгдсэн материалаасаа хамаарч зохистойгоор хадгалахыг шаарддаг. Мөн элэгдлийг засварлах, олшруулах зэргээр устаж үгүй болохоос сэргийлнэ. Цаг ирэх тусам нэмэгдэх мэдээллүүдийг зөв зохистой хадгалахын тулд хэрэггүй болсон мэдээллийг хаяж устгах ч тохиолдол бий.
Үйлчилгээний үүрэг
засварлахНомын сангийн хамгийн гол зорилго юм. Өөрийн фондод буй мэдээллүүдээс үйлчлүүлэгчдэд зээлүүлэх, түр хэрэглүүлэх, хувилж олшруулан хэрэглүүлэх, уншуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Номын сангийн үйлчилгээ нь үндсэн ба нэмэлт үйлчилгээнээс бүрдэнэ. Монгол Улсын номын сангийн тухай хуульд зааснаар номын сан нь уншигчид дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ:
- уншлагын танхимын үйлчилгээ;
- гэрээр ном олгох үйлчилгээ;
- зөөврийн номын сангийн үйлчилгээ;
- цахим уншлагын үйлчилгээ;
- ном зүйн үйлчилгээ;
- тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ;
- бусад[3].
Соёл танин мэдэхүйн ажил
засварлахСоёл танин мэдэхүйн ажил (СТМА) нь нийтийн номын сангуудын оршин тогтнох гол арга хэрэгсэл нь болж байна.[4] Номын сангаас зохион байгуулж буй СТМА нь номын сангийн үйлчилгээний томоохон хэсэг юм. СТМА нь номын сангаас сан хөмрөгөө нийт хэрэглэгчдэд сурталчлах арга хэмжээний цогц нэгдлийг хэлдэг.
Ном, номын санг сурталчлах олон нийтийн ажил зохиосноор номын сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, уншигчдын хүрээг өргөжүүлэх, татан оролцуулах ач холбогдолтой.
Ангилал
засварлах- Номыг үзүүлэн таниулах аргаар сурталчлах
- Номыг амаар сурталчлах
- Номыг хэвлэлээр сурталчлах
Зорилго
засварлахНомын сангийн соёл танин мэдэхүйн ажлын гол зорилго нь хэрэглэгчдийн унших болон танин мэдэхүйн үйл ажиллагааг өдөөж, түүнд түлхэц өгөхөд оршдог.
Энэ нь 2 байдлаар илэрхийлэгдэнэ. Үүнд:
- Тодорхой нэг мэдээлэл дамжуулагддаг
- Уншигчдын идэвхийг өрнүүлдэг
Зорилт
засварлах- Мэдээлэл өгөх (Нийгэм, улс төр, соёлын амьдрал, бүх сонирхсон сэдвийн дагуу)
- Боловсролын (Хүний тасралтгүй боловсрох үйл явцад нь-сургуулийн өмнөх, сургуулийн, мэргэжил дээшлүүлэх, бие дааж суралцахад)
- Соёлын (Дэлхийн болон үндэсний соёлтой танилцуулах)
Ном сурталчлах хамгийн өргөн хэрэглэгддэг тохиромжтой арга нь үзүүлэн таниулах арга юм. Номыг үзүүлж сурталчилснаар уншигч, хэрэглэгчдийн сонирхлыг татаж, номыг унших хүсэл эрмэлзлийг төрүүлдэг. Номыг үзүүлэн таниулах аргаар сурталчилах ажлын хэлбэрүүд:
- Номын үзэсгэлэн (Шинэ номын мэдээ, Сэдэвчилсэн ном)
Номын үзэсгэлэн нь ном сурталчлах шууд сурталчилгааны арга юм. Номын үзэсгэлэнг тавиур, шүүгээнд мөн ил байрлуулдаг. Номын үзэсгэлэнд тавигдсан номуудад товч танилцуулга бичих ба зураг, эш татлал, тоо баримтаар чимэглэл хийвэл илүү сонирхолтой болно. Мөн тогтмол хэвлэлийн мэдээлэл нийтлэл, өгүүлэлээс ч дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ уншигч хэрэглэгчдэд үзэсгэлэнд тавигдсан номуудаар тойм яриа хийвэл илүү үр дүнтэй.
- Зурагт хуудас
Номын зурагт хуудас нь ном сурталчлах зорилготой бөгөөд номыг байгаа чигээр нь зурж, товч тодорхойлолтын хамт бичиж тавьдаг онцлогтой. Зурагт хуудсаар шилдэг нэг ном, нэг зохиолчийн бүтээл, шинэ ном, нэг сэдвийн номуудыг сурталчилж болно. Номын сангийн зурагт хуудас нь утга зохиолын томоохон төлөөлөгчдийн бүтээлийг дэлгэн үзүүлэх, онцлог сэдвүүдээс сонгох, фондын идэвхгүй боловч зарим нэгэн уншигчийн сонирхолыг татахуйц номуудыг илрүүлэн уншигчдад мэдээлж сурталчилахад зориулагдана.
- Ханын сонин
- Санамж өгөх ном зүйн жагсаалт
Аман ярианы аргууд нь номын болон зохиолч, хэвлэн нийтчлэгчдийн мэдээг дамжуулах, уншигч хэрэглэгчдийн уншлагыг удирдан бие дааж боловсроход нь ихээхэн үүрэгтэй бөгөөд амьд үг ашиглан явуулдаг сурталчилгаа юм. Номын аман сурталчилгааг хийхдээ тухайн ном сэдвийн талаар судалж мэдсэн байхын зэрэгцээ хэлж буй яриа нь эмх цэгцтэй, товч ойлгомжтой хэрэглэгчийн ерөнхий сонирхолд нийцсэн байх ёстой.
Номыг амаар сурталчлах аргад:
засварлах- Чанга уншлага
- Тойм яриа
- Уншигчдын бага хурал
- Аман сэтгүүл
- Номын маргаан таавар
- Асуулт хариултын тэмцээн зэрэг орно.
Чанга уншлага
Энэ аргыг сургуулийн өмнөх насны хүүхдүүд, нэгдүгээр ангид элсэн суралцагчдад хийх нь зүйтэй. Чанга уншлага хийж тэдний эрэлт хэрэгцээг ханган, ном унших сонирхол төрүүлж уншигч болгоход уриалж байна. Уншсаны дараа уншигч сонсогчидтойгоо харилцан ярилцвал илүү үр дүнтэй. Чанга уншлага явуулах сэдэвт зориулан үзүүлж таниулах, сонсгох мэдээлэлыг бэлтгэх шаардлагатай. Жишээ нь: Сэдэвт тохирсон зураг, зохиолчдын зураг, дүрс бичлэг гэх мэт.
Номын тойм яриа
Номын тойм яриа гэдэг нь сурталчлах гэж буй шинэ номнууд болон нэг сэдэв, нэг зохиолчын зохиол бүтээлүүд, үзүүлж сонсгох мэдээллүүдийн тухай тоймлон ярихыг хэлнэ.
Тойм яриа явуулахдаа урьдчилан бэлтгэж, цаг үеийн болон чухал үйл явдал, болох гэж буй тэмдэглэлт ой, уншигчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцүүлэн 3-7 номыг сонгон өөрөө номын оршил, өмнөх үг, дүгнэлт зохиолчийн тухай дэлгэрүүлэн уншиж мэдсэн байх хэрэгтэй.
Тойм яриа нь сэдэвчилсэн, сэдэвчилсэн бус гэсэн хэлбэртэй байна. Тойм яриаг бусад соёл танин мэдэхүйн том том арга хэмжээний дундуур хийвэл илүү ач холбогдолтой.
Номын сэдэвчилсэн тойм яриа
Энэ нь нэг сэдвийн номуудыг тоймлон ярьж сурталчлахыг хэлнэ. Тухайн сонгосон сэдвийн хамгийн эрэлт хэрэгцээ бүхий уншигч хэрэглэгчийн сонирхож буй мэдээллийг хангаж чадахуйц номууд байх хэрэгтэй.
Сэдэвчилсэн бус номын тойм яриа
Сэдэвчилсэн бус тойм ярианд агуулгаараа ямар ч холбогдолгүй буюу шинэ номууд орно. Мөн тогтмол хэвлэлүүдэд нийтлэгдсэн цаг үеийн мэдээллийн өгүүлэл байж болно.
Уншигчдын бага хурал
Уншигчид нэг буюу хэд хэдэн номын тухай ярилцаж, өөрсдийн сэтгэгдэлийг харилцан ярилцахыг уншигчдын бага хурал гэнэ. Уншигчдын бага хурлын онцлог нь уншигчид уншсан номын тухай сэтгэгдэлээ ярихад оршино. Уншигчдын бага хурал нь дараах ач холбогдолтой.
-Уншигчдыг хүмүүжүүлэхэд их нөлөө өгөх
-Номыг анхааралтай уншиж сургах
-Уншсан зүйлдээ дүгнэлт хийж эргэцүүлэн бодож сургах
-Уншигчдын сонирхолыг судлах бага хурлыг шинжлэх ухааны мэдлэгийн ямар ч салбарын номуудаар явуулж болно.
Уншигчдын бага хурлын бэлтгэл ажил
-Сэдэв зохиолоо сонгох
-Сонгосон номуудаар зурагт хуудас, үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлах
-Уншигч хэрэглэгчдэд сонгосон ном зохиолоо тодорхой хугацаа өгч уншуулах
-Тухайн зохиолч, уран бүтээлчийн зохиол бүтээлийг сурталчлах /хэвлэл мэдээлэл, цахим орчинд сурталчлах/
-Зохиолч, бүтээлчдийн зохиол бүтээлийн талаарх ярилцлага /TV ашиглах нь илүү үр дүнтэй/
-Уншигчдын бага хурал удирдах хүнийг сонгох
-Уншигчдын бага хурал явуулах байрыг бэлтгэх
Номын сангийн үдэшлэг
Үдэшлэгийн агуулга нь сонгосон сэдвээс хамаарч өөр өөр байна.
Үдэшлэгийн төлөвлөгөө хөтөлбөрт
Уншигч идэвхтнүүдийн сэтгэгдэл, уран сайхны тоглолт, дуу бичлэг, номын тойм, асуулт хариултуудыг тусгаж өгнө.
Уран зохиолын үдэшлэг
Үдэшлэгийг нэг зохиолчийн уран бүтээл, нэг ном, нэг сэдвийн номууд, уран зохиолын төрлөөр явуулдаг. Үдэшлэг явуулах сэдвийн дагуу номын үзэсгэлэн, санамж өгөх ном зүй гаргах зэрэг сурталчилгааг бэлтгэл ажлын хүрээнд хийх хэрэгтэй.
-Илтгэл
-Уран сайхны тоглолт
-Ном зүйн тойм
-Уншигчдын оролцсон хөгжөөнт тоглоом
-Асуулт хариултаас бүрддэг.
Асуулт хариултын үдэшлэг
Номын сангийн уншигчдыг ямар нэгэн салбарын юм уу уран зохиолын ном унших идэвхийг өрнүүлэх, танин мэдэхүйн үйл ажиллагаанд татан оролцуулах арга юм.
-Үдэшлэгийн сэдвийн тухай эртнээс зарлан мэдэгдэнэ.
Уг арга хэмжээ эхлэхээс өмнө тухайн сэдвээр уншигчдын асуултуудыг авч төрөлжүүлнэ.
-Хөтлөгч богино хугацаанд нээж үг хэлсний дараа оролцогчдод эхний асуултыг тавьж, оролцогчдоос асуултын хариултыг сонсоно.
-Хөтлөгч хүлээн авсан хариулт бүрийн дараа зөв хариултыг өгнө.
Асуулт хариултын үдэшлэгийг ямар ч асуудал сэдвээр явуулж болно.
Аман сэтгүүлийн арга
Аман сэтгүүлийн аргын зорилго нь салбар шинжлэх ухааны болон уран зохиолын шинэ гарсан номын тухай, хэвлэлд бэлтгэгдэж байгаа ном зохиолуудын тухай, түүнчлэн шинээр хэвлэгдэн гарах ба гарсан тогтмол хэвлэлүүдийн тухай шуурхай мэдээллэхэд оршино. Шинэ тогтмол хэвлэлүүдийн тухайд аман сэтгүүлийн аргаар мэдээллийг өгөхдөө тус хэвлэлийн байнгын нэр, гаралт, үнэ, сэтгүүлд нийтлэгдэх мэдээллүүдийн тухай, хамгийн гол нь шинэлэг зүйл юу байгааг мэдээлнэ. Аман сэтгүүл нь 6-8 хуудастай байна.
Номын хэвлэлээр сурталчлахдаа
Зохион явуулж буй арга хэмжээ, үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээллийн хэрэгсэл, телевиз, сонин хэвлэлүүд, мэдээ мэдээлэл, реклам зар сурталчилгаагаар өргөн сурталчилна.
Сургалтын үүрэг
засварлахНомын сангаар үйлчлүүлэх талаар сургалт, танилцуулга хийх.
Номын сангийн үзүүлдэг үйлчилгээнүүд
засварлах- Номын сангийн үүргийн дагуух үйл ажиллагаа
- Номын нээлт
- Зохиолчийн танилцуулга, өдөрлөг
- Номын ой гэх мэт.
Номын сангийн ангилал (төрөл)
засварлах- Байгуулсан этгээдээр нь:
- Улсын номын сан - national library
- Нийтийн номын сан (Олон нийтийн байгууллагын) - public library
- Хувийн номын сан - private library
- Үйлчилгээний хамрах хүрээгээр нь:
- Үндэсний номын сан (Улс орон даяар үйлчилгээ явуулдаг) - national library
- Орон нутгийн номын сан - public library
- Их сургуулийн номын сан - university library, college library
- Сургуулийн номын сан (бага, дунд, ахлах, тусгай сургууль) - school library
- Мэргэжлийн номын сан (Тодорхой сэдвийн дагуух мэдээллүүдийг л агуулдаг) - special library
- Бусад (Хүйн номын сан, хамтын номын сан, гудамжны номын сан, зөөврийн номын сан, хандивын номын сан, цэцэрлэгийн номын сан)
Номын сангийн сан хөмрөг
засварлахХүн төрөлхтөн үүсэн бий болсон үеэсээ мэдээ мэдээллийг төрөл бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар бие биедээ дамжуулан хойч үедээ өвлүүлэн дамжуулж ирсэн түүхтэй. Тэрхүү мэдээ мэдээлэл нь олшрохын хэрээр түүнийг хадгалдаг газар шаардлагатай болсон нь номын сан болон номын сан хөмрөг (фонд) үүсэн хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн юм. Номын сан нь эхэн үедээ тэдгээрийг хадгалдаг байснаа орчин үед хүмүүст мэдээллийг хүргэх түүнийг хамгаалах байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн оршин тогтнох гол үндэс нь сан хөмрөг буюу фонд юм.
Фонд гэдэг үг нь германы "Derfond” гэдэг үгнээс гаралтай – ямарваа нэг юмны үндэс суурь гэсэн утгатай үг юм. Энэ үг нь герман хэлэнд франц хэлнээс, франц хэлэнд латин хэлнээс уламжилжээ. Латинаар "fundus” буюу суурь газар гэсэн утга илэрхийлдэг. Энэхүү фонд гэдэг үг нь бусад шинжлэх ухаанд эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн бол, харин номын сангийн салбарт 1920-иод оноос эхэлж хэрэглэгдэж иржээ.
Монголын номын сангууд
засварлах- Монголын Үндэсний номын сан : http://www.nationallibrary.mn
- Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан : https://web.archive.org/web/20110902030402/http://pl.ub.gov.mn/
- Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
- Анагаахын Шинжлэх Ухааны төв номын сан
- Монгол Улсын Их Сургуулийн номын сан
- Монгол Францын төвийн номын сан
- Хүүхдийн номын ордон
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан
- Удирдлагын академийн номын сан http://catalog.naog.gov.mn/
- Хэвлэлийн хүрээлэнгийн номын сан
- Аймгийн нийтийн номын сангууд
- Сумын нийтийн номын сангууд
- ЕБС-иудын номын сангууд
Цахим номын сан
засварлахМөн үзэх
засварлах- Номын санч
- Номын сан судлал
- Цахим номын сан
- Номын тавиур
- Ном - Сэтгүүл - Сонин
- Медиа мэдээлэл - CD - DVD
- Номын сангийн фондын гарал үүсэл
- Номын сангийн стандарт
Цахим холбоос
засварлах- ↑ Монгол Улсын Үндэсний номын сан http://nationallibrary.mn/
- ↑ Цагаач Н. Эрдмийн сувд.- УБ., 2008
- ↑ Номын сангийн тухай хууль, 11 дүгээр зүйл.https://www.legalinfo.mn/law/details/10844
- ↑ Энхтунгалаг Д. Номын санч-мэдээллийн ажилтны ширээнд УБ.,2018