Сономбалжирын Буяннэмэх
Сономбалжирын Буяннэмэх (1902 оны 9-р сарын 15-нд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Бор хурууны бууц гэдэг газар төрсөн-1937 оны 9-р сарын 25-нд нас барсан) - Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг юм. Алдарт Гавъяат Уран зохиолч, Хувьсгалт хэвлэл, утга зохиол, судлал шүүмжлэл, урлагийн нэрт зүтгэлтэн.
Сономбалжирын Буяннэмэх ᠰᠣᠨᠣᠮᠪᠠᠯᠵᠢᠷ ᠤᠨ ᠪᠤᠶᠠᠨᠨᠡᠮᠡᠬᠦ | |
---|---|
1934 он | |
Төрсөн: | 1902 он Дундговь аймаг, Дэлгэрхангай сум |
Өнгөрсөн: | 1937 Улаанбаатар |
Нууц нэр | |
Ажил үйл | Зохиолч, яруу найрагч,сэтгүүлч, хувьсгалын нэрт зүтгэлтэн |
Гарал үүсэл | Монгол |
Яс үндэс | Халх |
Улс орон | Монгол улс |
Төрөл | Хувьсгалт зохиол, Уран зохиол, Сэтгүүл зүй, жүжгийн зохиол, хүүхдийн зохиол, шүлэг, тууж, нийтлэл, өгүүллэг |
Шагнал | Монгол Улсын Алдарт Гавьяат Уран Зохиолч |
Намтар
засварлахБага нас
засварлахС.Буяннэмэх нь 1902 онд эцэг Сономбалжир, эх Думаагийн ууган хүү болон мэндэлсэн байна. Эцэг Сономбалжир нь амьдрал тусгай байсан учир эх, өвөг эцэгтэйгээ амьдардаг байжээ. Гэтэл 5 настай байхад нь эх нь насан эцэслэв. Өнчирч хоцорсон С.Буяннэмэхийг нагац эгч Чимид нь өөрийн гар дээрээ авсан боловч амьдрал ядуу учраас өөрийн нөхөр Лувсангийн танил болох Өвөрмонголын эрх чөлөөний гарамгай тэнцэгч Жирмийн чуулганы Тогтох тайжид үрчлүүлжээ. Тогтох тайжийнх тухайн үедээ соёлтой, баян чинээлэг айл байсан учраас багш нарыг урин авчирч хүүхдүүддээ гэрээр ном заалгадаг байв. Буяннэмэх гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болсны дараа бага сургуульд орж үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг үзэж, манж, хятад хэлээр Дорно дахины сонгодог уран зохиол уншдаг болжээ. Тогтох тайжийнх үдэш болгон үлгэр туульч нарыг цуглуулж, явган үлгэр яриулан хуучир хөгжмийн эгшгэнд тууль хайлдаг байсныг залуу хүү С.Буяннэмэх сурсан нь хожим өөрийнхөө бичсэн шүлгүүдийг хуучир хөгжимд аялгуулан хэлж сурахад суурь болжээ.
Идэр нас
засварлах1920 онд 18 настайдаа Хиагтад очиж хувьсгалчидтай уулзан, тэдний идэвхтэй гишүүн болох Дамбадоржтой танилцаж, түүгээр дамжуулан Х.Чойбалсан, Д.Бодоо, С.Данзан нартай уулзжээ. Тийнхүү 1921 оны хоёрдугаар сарын 27-нд Монгол Ардын намд батлан даагчгүй жинхэнэ гишүүнээр элсэв.
Түүний шүлгүүд нь намын суртал ухуулгын чухал зэвсэг болж байлаа. “Таван мөнгө хүрэхгүйгээр түмэн ардыг худалдсан халхын ноёд”, “Ардын намын тухай анхны шүлэглэл”, “Түмэнд тунхаглан зарлах бичиг”, “Чигч шударгыг шүүмжилсэн шүлэглэлийн оршил”, “Өчүүхэн дурсамж” зэрэг шүлэг, зохиолуудыг 20 хүрээгүй байхдаа бичжээ.
1921 онд Эрхүү хот дахь коминтерний Дорнод хэлтсийн нарийн бичгийн дарга нарын газарт Монголын төлөөлөгчөөр 8 сар ажиллахдаа Монголын анхны хувьсгалт хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чанадад гаргахад идэвхтэй оролцож, Эрхүү хотноо Б.Шумяцкийн хамт тус сонины эхний 6 дугаарыг гаргаж, Хувьсгалчдын ухуулах хуудас хэвлэх, “Монголын ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” зэрэг намын анхны баримт бичгийг боловсруулалцаж байв. 1922 онд хуралдсан анхдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Зөвлөлтийн Москва хотод болсон "Дорно дахины орнуудын хөдөлмөрчдийн анхдугаар их хурал"-д оролцож, В.Ленинтэй уулзсан байна.
Их зохиолч С.Буяннэмэх ард түмний санаа бодлыг татах, хувьсгалт ажлын эгнээг өргөтгөх зорилгоор Монгол хэл дээрх анхны ший жүжиг “Сандо амбан буюу Ойрхи цагийн товч түүх”-ийг бичин толилуулсан юм. Энэ нь Монгол түмний идэвхийг сэргээн, талархлыг хүлээж, залуучуудаас эвлэлд элсэх хүсэл эрмэлзлийг өрнүүлсэн чухал үйл явдал болсон юм.
1922 онд С.Буяннэмэхийн үг, аяыг зохиосон “Монгол интернационал” дуу 1950 он хүртэл Монгол улсын төрийн дуулал болон эгшиглэсээр ирсэн билээ.
1923 онд болсон Монгол Ардын Намын II их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Намын Төв Хорооны улс төрийн илтгэлийг тавьсан байна. Мөн их хуралд Монголын зохиолчдыг төлөөлөн баяр хүргэн үг хэлжээ.
1924 оны 8-р сард Монгол Ардын Намын III их хуралд МАН-ын Төв хорооны гишүүн, МЗЭ-ийн Төв Хорооны даргын хувьд оролцсон байна.
1924 онд Өвөр Монголд очиж, Өвөр Монголын намын анхдугаар хурлыг бэлтгэлцэн, уг хурлаас намын Төв Хорооны тэргүүлэгчээр сонгогджээ. Мөн “Дотоод Монголын ардын сэтгүүл”-ийг эрхлэн гаргаж байжээ. 1924-1926 онд Өвөрмонголд, 1926-1927 онд Буриад Монголд уригдан Багшийн сургуулийн Монгол хэл бичгийн багшаар ажиллаж, Эрдмийн хүрээлэнгийн гишүн болж, хэл утга зохиолыг хөгжүүлэхэд тусалж байв.
Тэрээр уран зохиол бичих ажлаа үргэлжлүүлэн “Алсыг зорьсон алтан загас”, “Аюулт байлдааны чимээ”, хүүхдийн арав гаруй өгүүллэг бичиж, Буриад Монголын “Уран үгсийн чимэг” эмхтгэлд хэвлүүлсэн байна.
С.Буяннэмэх 1927 оны 10-р сарын 11-ний МАХН-ын Төв Хорооны 34-р тогтоолоор Улаанбаатар хотын намын хороон даргаар батлагдав.
1928 онд байгуулагдсан зохиолчдын дугуйланд идэвхтэй оролцож, “Уран үгсийн чуулган” хэмээх анхны эмхтгэл гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь Монголын зохиолчдын байгууллагын үндэс суурийг тавьсан гэж үздэг. 1922 онд Д.Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд “Ойрх цагийн товч түүх буюу Сандо амбан” хэмээх өөрийн жүжгийг анх тоглуулж байжээ. Тэрбээр 1928 оноос эхлэн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолчдын товчооны дарга болон “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монгол ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь”, “Улаан туяа” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргалцаж байжээ.
1930 оны намын VII бүгд хурлаас түүнийг Данзангийн хэрэгт оролцож явсан хэмээн Хотын намын хороон даргаас өөрчилж, намын гишүүнээс хассан байна. Зүүнтний ноёрхолын жилүүдэд янз бүрийн ажил хийж байв. Тэрээр хотын захиргаанд газар хэмжигч, намын түүх зохиох газар, музейн дарга зэрэг ажил хийхийн зэрэгцээ ший буюу урлагийн сургуульд хичээл заадаг байжээ.
1932 онд Дотоодыг хамгаалах газар баригдан, шоронд 6 сар сууж байгаад суллагдан, “Үндэсний эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, уран сайхны зөвлөлийн даргаар дэвшин ажиллажээ. Буяннэмэх нь тухайн үед нам төрөөс даалгасан ажлыг биелүүлэхийн тулд авъяас билэг хүч чадлаа дайчлан ажилладаг хүн байжээ.
1933 онд Москва хотод болсон 22 орны 26 театрынхан оролцож, дэлхийн хувьсгалт театрын анхдугаар их наадам зохион явуулахад С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийг Монголын театрынхан тоглож, тэргүүн байр эзэлж, өндөр үнэлэлт авчээ.
1934 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдын 87-р тушаалаар уран сайхны зөвлөлийн дарга С.Буяннэмэхийг “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн эрхлэгчээр, мөн багш нарын клуб ба соёлын ордныг шинээр нээж, жинхэнэ даргад чадах тэнцэхийг харгалзан тус тус хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 1935 оны 9-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр Монгол улсын үндэсний уран сайхныг анх үүсгэн буй болгох явдалдьоройлон оролцож явсан төдийгүй одоо хүртэл үндэсний уран зохиол, найруулга ший жүжгийн ажилд онцоор идэвхийлэн оролцож, өдий төдий уран сайхны бүтээлүүдийг үйлдэн гүйцэтгэж буй тул “Улсын Алдартай Гавъяат уран зохиолч” хэмээх цол олгож, “Уран сайхны ажлын онц гавъяаны үнэмлэх олгосугай” гэж тэмдэглэсэн байна.
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн үндэслэгч болох нь
засварлахС.Буяннэмэх Оросын хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй биеэр уулзсан зохиолч, сэтгүүлчийн хувьд манай тогтмол хэвлэлд хамгийн түрүүнд В.И.Лениний дүрийг бүтээж, “Ленин” (1927), “Биеэр Ленин багш лүгээ учирсан байдлаас” (1930), “Гайхамшигт учрал” (1935) зэрэг нийтлэл, тэмдэглэл, найрууллыг бичжээ.
С.Буяннэмэх нь гучаад оны үед Монголын тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн төрөл, зүйл үүсэж төлөвшихөд томоохон хувь нэмэр оруулж, найруулал (“Гайхамшигт учрал”), сурвалжилсан тэмдэглэл (“Шив шинэхэн цуурай”) зэрэг зүйлийг анхлан бичиж байжээ. Тэрбээр сонин хэвлэлд өөрөө үлгэрлэн бичихийн зэрэгцээ идэвхтэн бичигчдэд захиалга, зөвлөгөө өгч, материал бичүүлэн, тэдэнд гарын авлага болох зөвлөмж бичиж нийтлүүлдэг байв. Мөн Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлд утга зохиол, урлагийн шүүмж судлалын өгүүллийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Түүний уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон теарын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байв. Түүний бүтээлүүд “Монголын шинэ уран зохиол, хувьсгалт хэвлэлийн үүсэл хөгжилд чухал хувь нэмэр оруулж, ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар ухуулан сэнхрүүлэхэд ихээхэн ач тусаа үзүүлсэн” (62.355) байна.
С.Буяннэмэх арваад дуу, 100-гаад шүлэг, олон арван өгүүллэг, найруулал тэмдэглэл, нийтлэл,хүүхдийн зохиол, 20 гаруй жүжгийн зохиол, утга зохиолын онол, шүүмж судлалын олон нийтлэл бичиж, ирээдүй хойч бидэнд үлдээжээ.
С.Буяннэмэх яруу найрагч, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч төдийгүй утга зохиолын онолч, шүүмжлэгч юм.
Залуу авъяастан нарт утга зохиол бичих арга зүйн талаар хичээл зааж, сонин хэвлэлд утга зохиолын судалгаа, шинжилгээний олон өгүүлэл нийтлүүлжээ. 1935 онд “Утга зохиолын үүд” хэмээх онолын 2 дэвтэр ном бичсэн нь Монголын утга зохиолын онолын сэтгэлгээнд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Гэндэнд элсэгдсэн эсэргүү бүлгэмийн идэвхтэй гишүүн гэдгээр Дотоод Явдлын Яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 10-р сарын 25-ны өдрийн I тогтоолоор цаазлах ял оногдуулжээ. Үүнээс 25 жилийн дараа буюу 1962 оны 11 дүгээр сарын 26-ны БНМАУ-ын Дээд Шүүхийн 017 дугаар тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгож цагаатгасан байна.
Уран бүтээл
засварлахС.Буяннэмэх нь Цэцэнбилэгт, Хадын хүү гэх нууц нэрээр бичиж байсан.
Үлгэр, тууж
засварлах- Алсыг зорьсон алтан загас
- Малчин Товуудай
Өгүүллэг, нийтлэл
засварлах- Гайхамшигт байдал
- Бор бор болжмор
- Багачуудын баясгалант бичиг
- Цэцэн эгч Цэцэг дүү үлгэр
- Чухам юуны төлөө буй
- Дайснаа дарсан Сүхбаатар
- Моторын тэрэгний хэрүүл
- Шив шинэхэн цуурай
- Гайхамшигт учрал
- Гурван дугуйтын зовлон
- Аюулт байлдаан
- Бүтэлгүй Гомбын маргааш
- Жинчин Пүрэвийн жигтэй явдал
- Их тэнгэрийн дүлий
- Ээ, утасны хүүхэн үү
- Том жижиг тугалган үсгийн уран хошин яриа
- Аргат уран бялзуухай
Жүжиг
засварлах- Сандо амбан
- Ойрхи цагийн товч түүх
- Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчлон үзүүлсэн түүх
- Баатар хөвүүн Тэмүүжин
- Марал шарын жүжиг
- Ардыг мэхлэгч шар хуялч хэмээх жүжиг
- Шөнийн буг
- Харанхуй засаг
- Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар
- Үнэн