Чехословак
Чехословак Улс (Чех: Československo; Словак: Česko-Slovensko; албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Чехословак Улс) нь 1918 оноос 1992 оныг хүртэл Төв Европын[2] нутагт, өнөөгийн Чех, Словак болон Украин Улсын газар нутгийн зарим хэсгийг хамран оршиж байсан далайд гарцгүй улс байв. Чехословак нь Австри-Унгарын Эзэнт Улсын дараах улс байсан ба Бохеми, Морави, Силези, Словак ба Карпатын Орос (өнөөдөр: Карпатын Украин) зэргийн улсуудаас бүрдэж байжээ.
Чехословак Československo[a]
| |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1918–1992 1939–1945: Цөлөгдсөн засгийн газар | |||||||||||
Уриа: 'Pravda vítězí / Pravda víťazí' (Чех / Словак, 1918–1990) 'Veritas vincit' (Латин, 1990–1992) 'Үнэн ялдаг' | |||||||||||
Төрийн дууллууд: 'Kde domov můj' (Чех) 'Миний гэр хаана байна' 'Nad Tatrou sa blýska' (Словак) 'Татрагийн дээгүүр аянга цахилж байна' | |||||||||||
Нийслэл ба томоохон хот | Праг 50°05′N 14°25′E / 50.083°N 14.417°EСолбицол: 50°05′N 14°25′E / 50.083°N 14.417°E | ||||||||||
Албан ёсны хэл | Чехословак хэл, 1948 оны дараа Чех · Словак хэл | ||||||||||
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | |||||||||||
Ард түмний нэршил | Чехословакчууд | ||||||||||
Төр засаг | Анхны БНУ (1918–38) Хоёрдугаар БНУ (1938–39) Гуравдугаар БНУ (1945–48) Социалист БНУ (1948–89) Холбооны БНУ (1990–92) Дэлгэрэнгүй
| ||||||||||
Ерөнхийлөгч | |||||||||||
• 1918–1935 | Томаш Г. Масарик | ||||||||||
• 1935–1938 · 1945–1948 | Эдвард Бенеш | ||||||||||
• 1938–1939 | Эмил Гаха | ||||||||||
• 1948–1953 | Клемент Готтвалд | ||||||||||
• 1953–1957 | Антонин Запотоцки | ||||||||||
• 1957–1968 | Антонин Новотни | ||||||||||
• 1968–1975 | Людвик Свобода | ||||||||||
• 1976–1989 | Густав Хусак | ||||||||||
• 1989–1992 | Вацлав Хавел | ||||||||||
ЧКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга / 1-р нарийн бичиг | |||||||||||
• 1948–1953 | Клемент Готтвалд | ||||||||||
• 1953–1968 | Антонин Новотни | ||||||||||
• 1968–1969 | Александр Дубчек | ||||||||||
• 1969–1987 | Густав Хусак | ||||||||||
• 1987–1989 | Милош Якеш | ||||||||||
Ерөнхий Сайд | |||||||||||
• 1918–1919 (анхны) | Карел Крамарж | ||||||||||
• 1992 (сүүлчийн) | Ян Страски | ||||||||||
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал (1948–1969) Холбооны Хурал (1969–1992) | ||||||||||
Түүх | |||||||||||
10 сарын 28, 1918 | |||||||||||
9 сарын 30, 1938 | |||||||||||
3 сарын 14, 1939 | |||||||||||
5 сарын 10, 1945 | |||||||||||
2 сарын 25, 1948 | |||||||||||
8 сарын 21, 1968 | |||||||||||
11 сарын 17 – 28, 1989 | |||||||||||
• Задрал | 1 сарын 1, 1993 | ||||||||||
ХХИ (1990 томьёо) | 0.897[1] маш өндөр | ||||||||||
Мөнгөний нэгж | Чехословак крон | ||||||||||
Жолооны тал | баруун | ||||||||||
Утасны томьёо | +42 | ||||||||||
Домэйн нэр | .cs | ||||||||||
| |||||||||||
Өнөөдөр | |||||||||||
1997 оны өвөл утасны +42 кодыг хэрэглээнээс гаргасан. Тооны мужийг Чех (+420) болон Словак (+421) хооронд нь хуваасан. Одоогийн ISO 3166-3 код нь "CSHH". |
Чехословак Улс нь 1918 оны аравдугаар сарын 28-нд барууны улсуудын жишгээр шинэ нийслэл Прагт эрх чөлөөт-ардчилсан ба нийгмийн эрх зүйт улс болон тусгаар тогтнов. Мюнхений хэлэлцээрийн дараа болон Венийн Анхдугаар Шүүхийн Шийдвэрийн дагуу 1938 онд тус улс Судетенландыг Германы Эзэнт Гүрэнд, Словакийн өмнөд хэсгээс заримыг нь Унгарт өгөх ёстой болов. 1939 оны гуравдугаар сард Словакийн Бүгд Найрамдах Улс нь Чехо-Словакийн Бүгд Найрамдах Улсаас салан гарсан ба үлдсэн «Үлдэгдэл Чех» хэмээн нэрлэгдэх улсыг нь тун удалгүй вермахт эзлэн, Бохеми ба Моравийн ивээлт улсыг байгуулав. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дахин байгуулагдсан бүгд найрамдах улс нь 1946 онд Карпатын Украины газар нутийг Зөвлөлт Холбоот Улсад өгөв. 1948 оны 2-р сарын сүүлчээр Чехословакийн Коммунист нам ЗХУ-ын бүрэн дэмжлэгээр тус улсын Засгийн эрхэнд төрийн эргэлт хийж гарсан байна. Үүний дараа Чехословакийн Коммунист нам засгийн эрхийг гартаа аваад удалгүй ЗХУ тэргүүлсэн Зүүн блокт нэгдсэн байна. Коммунист намын ноёрхол 1989 оны тайван хувьсгал хүртэл үргэлжилсэн. 1992 оны 12-р дугаар сарын 31-нд энэ улс задран тайван замаар хоёр хуваагдаж Бүгд Найрамдах Чех Улс ба Бүгд Найрамдах Словак Улсууд байгуулагджээ.
Чехословак нь 1920 онд байгуулагдсан Үндэстнүүдийн Лиг, 1945 онд байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, 1949 онд байгуулагдсан Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл, 1955 онд байгуулагдсан Варшавын Гэрээний Байгууллага зэрэгт гишүүн улс байсан ба 1991 онд Европын Холбоонд гишүүнээр элсэж байв. Мөн түүнчлэн 1924 оноос 1938 оныг хүртэл Франц ба Их Британийн, 1945 оноос эхлэн Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байв. Тус улсын эдийн засаг нь дэлхийн хоёрдугаар дайны дараа харьцангуй хурдан сэргэсэн боловч коммунистуудын эрх мэдэлд очсоноор барууны улсуудтай харьцуулахад 1948 оноос эхлэн ихээхэн ухралтад орж байжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Чехословак нь зарим үед Зүүн блокийн улсуудаас хамгийн том эдийн засагтай улсад тооцогдож байсан байдаг.
Нэр
засварлахЧехословак Улс нь хэд хэдэн албан ёсны нэртэй байв. Эдгээрийг үзэл суртлын шалтгаанаар хэд хэдэн удаа өөрчилсөн.[3] 1918 оны түр зуурын үндсэн хуулинд «Бүгд Найрамдах Чехо-Словак Улс» эсвэл «Чехо-Словак Улс» нэрийг ашиглаж байсан бол 1920 оны үндсэн хуулиар «Бүгд Найрамдах Чехословак Улс» (Československá republika) хэмээн хоёр нэрийн дундах зураасгүй хэрэглэхээр тогтжээ. 1938 оны аравдугаар сард буюу Мюнхений хэлэлцээрийн дараа нэрээ «Бүгд Найрамдах Чехо-Словак Улс» болгон өөрчлөв.[4]
1945 онд буюу дайны дараа «Бүгд Найрамдах Чехословак Улс» гэсэн хуучин нэрээ хэрэглэхээр тогтсон ба 1948 оны хоёрдугаар сарын төрийн эргэлтийн дараа ч энэ нэрээ авч үлдсэн байна.1960 онд «Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс» (Československá socialistická republika) гэж нэрээ өөрчлөв. 1989 онд социалист дэглэм нуран унаснаар богино хугацаанд «Холбооны Бүгд Найрамдах Чехословак Улс» болгосон ч 1990 онд «Холбооны Бүгд Найрамдах Чех ба Словак Улс» гэсэн нэрээр солив. 1990-ээд оны эхээр Чехийн болон Словакийн улс төрчдийн дунд нэрийн дундах холбох зураас байна байхгүй гэсэн маргаан өрнөсөн бөгөөд энэ нь «Сэтгэлгээний зураасны дайн» нэрээр алдаршсан юм.
Түүх
засварлахЧехословак 1918-1939 он
засварлахЧехословак нь дэлхийн нэгдүгээр дайны дараа 1918 онд Австри-Унгар Улс задарснаар байгуулагдав. Үүний тулд 1918 оны аравдугаар сарын 28-нд батлагдсан бие даасан Чехословак Улсыг байгуулах тухай хуулийг эрх зүйн үндэс болгов. Цөллөгт байсан Чехийн улс төрчид дайны дараа үндэстэн өөрийгөө тодорхойлох эрх зүй бүхий тусгаар улс байгуулах дэмжлэгийг 1916 оноос эхлэн Гурвалсан Антантагаас авсан байдаг. Энэхүү дэмжлэгийг ашиглан анхны ерөнхийлөгч[5] нь 1918 оны аравдугаар сарын 28-нд Прагт тусгаар тогтносоноо зарлав. Сен-Жермений гэрээ ба Трианоны гэрээнд дайнд ялсан улсууд Австри-Унгар Улсыг задлах явцыг гүйцэлдүүлэх, Чехословакийн тусгаар тогтнолыг баталгаажуулах талаар тусгасан байна. Чехословакийн анхны ерөнхийлөгч нь Томаш Гариг Масарик[6] байв.
Тус улс тусгаар тогтнохдоо парламентын ардчилсан засаглалтай улс хэмээн тунхагласан ба 1920 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлсэн[7][8] бөгөөд 1933 оноос хойш Төв Европ дахь ардчилсан засаглалтай улсаар Швейцарын хамт үлдсэн юм. 1919 оны эхээр хаант засаглалын үеэс үлдсэн крон дэвсгэртээ гүйлгээнээс хасан, дэлхийн хоёрдугаар дайн хүртэл харьцангуй тогтвортой чехословакийн кроныг гүйлгээнд оруулжээ.[9]
Герман ба Австрид үнийн хөөрөгдөл тэнгэрт хадаж байсан бол шинэ байгуулагдсан бүгд найрамдах улсад эсрэгээрээ эдийн засгийн өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Үүн дээр нь Австри-Унгарын нутагт байсан хамаг л нүүрсний нөөц бүхий орд газар болон газар тариалангийн үржил шимт хөрс бүхий газрууд нь чехословакийн нутаг дэвсгэрт байсан нь ч бас нөлөөлөв.[10]
Шинэ улс байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй байсан Бохемийн Германчуудын дургүйцлийг хэтэрхий дутуу үнэлжээ. Бохемийн Германчуудад Германы Үндэсний Социалист Ажилчны Нам Адольф Хитлерийн удирдлага дор дэмжлэг үзүүлж байсан ба ялангуяа 1933 онд засгийн эрхийг гартаа оруулсны дараа Германы Эзэнт Гүрэн нь Конрад Хэнлайны удирдсан Судетен Германы Намыг хөөрөгдөн, Чехословак дахь үндэстнүүдийн мөргөлдөөнийг улам хурцатгав. Хитлер Бохемийн Германчуудыг улсдаа нэгтгэхийн тулд италийн дарангуйлагч Бенито Муссолинигээр зуучлуулан барууны их гүрнүүд болох Франц, Их Британитай Мюнхений хэлэлцээрийг хүчингүй болгуулах талаар зөвшилцөв. Энэ асуудлыг хэлэлцэхэд чехословак оролцоогүй боловч Эдвард Бенешийн удирдлаган дор дээрх шаардлагыг зөвшөөрсөн аж.
1938 оны аравдугаар сарын 1-нд энэ бүс нутгийг вермахт эзэлсэн ба Германы Эзэнт Гүрний нутагт Судетенланд райхсгау нэртэйгээр гишүүнчлэгдэв. Их Британи ба Францын засгийн газрууд Хитлерийн шаардсан нутаг дэвсгэрийг түүнд өгснөөр дайнаас зайлан тайвширна хэмээн найдаж байв. Венийн Анхдугаар Шүүхийн Шийдвэрээр герман ба италийн засгийн газрын төлөөлөгчид Словакийн газар нутгийн өмнөд хэсгийг, Карпатын Украины хамтаар Унгарт шилжүүлэв. Тешиний бүс нутгийг Польш мэдэлдээ авав.
Эдгээр газар нутгийг шилжүүлэн өгснөөс хойш үлдсэн Хоёрдугаар Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэгдэх Чехословак улс тусгаар газар нутагтаа богинохон хугацаанд л (Мюнхений хэлэлцээрийн дараа буюу 1938 оны аравдугаар сараас Германд эзлэгдэх хүртэл[11]) оршин тогтнов. 1939 оны гуравдугаар сарын 15-нд Германы цэрэг «Үлдэгдэл Чехийг» эзэлсэн бөгөөд Бохеми ба Моравийн ивээлт улсыг байгуулан Германд нэгтгэв. Үүнээс нэг хоногийн өмнө Словакийн Бүгд Найрамдах Улс нь Хитлерийн шахалтаар «Германы Хамгаалалтад» багтсан байв. Чехословакийн засгийн газрын гишүүдийн тал нь гадагшаа оргон зайлсан ба Эдвард Бенешийн удирдлага дор 1940 оноос эхлэн Лондонд цөлөгдөгчдийн засгийн газрыг байгуулав. Чехүүд болон Словакчууд нь барууны холбоотнууд ба Улаан Армийн дэмжлэгтэйгээр гадаадаас эх орноо харийн дайснаас чөлөөлөхөөр тэмцсээр л байлаа. 1944 оны наймдугаар сард Словакийн үндэсний бослого гарч, словакийн зэвсэгт хүчний цэргийн тал нь партизануудтай нийлж, Вермахт ба Словакийн хамтарсан засгийн газрын эсрэг тэмцэв. Гэвч энэ бослогыг хоёр сарын дотор дарсан байна.
Бохеми ба Моравийн ивээлт улс ба Словак Улс (1939-1945 он)
засварлахСловакийн Бүгд Найрамдах Улс нь Чехословакаас салан тусгаарласны дараа чехословакийн ерөнхийлөгч Эмил Гаха болон гадаад хэргийн сайд Франтишек Хвалковски нар германчуудын хүчтэй шахалтанд орж 1939 оны гуравдугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө германы ивээлд багтах гэрээнд гарын үсэг зуржээ. Вермахт гуравдугаар сарын 15-ны үүрээр үлдсэн чех рүү довтлон эзэлсэн байна. Шинэ байгуулагдсан Бохеми ба Моравийн ивээлт улсын хүн амын дийлэнх нь чехүүдийн амьдардаг Бохеми ба Моравийн хэсэг байв. Засгийн газрыг германы эзэнт гүрнээс томилогдсон харгалзагчийн хяналтан дор Эмил Гаха удирдаж байжээ.
БН Чехословак Улсын дахин байгуулал (1945-1948 он)
засварлахДайны дараа 1945 онд Чехословак Мюнхений хэлэлцээрийн өмнөх үед байсан нутгаараа дахин байгуулагдсан ба үүнд нь зөвхөн Карпатын Украин багтаагүй бөгөөд учир нь тус нутгийг Зөвлөлтөд өгөхөөс өөр аргагүй байсантай холбоотой юм. Герман үндэстнийг ялангуяа Чехээс дийлэнхийг нь албадан гаргасан буюу дайжин нүүцгээв.
1948 оны хоёрдугаарын сард төр унаснаар Чехословак ЗХУ-ын сталинизмын бодлогыг ямар ч өөрчлөлтгүйгээр дагав. Учир нь Эдвард Бенеш 1948 оны тавдугаар сарын шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурахаас татгалзсан тул огцрохоос өөр аргагүй болж түүний оронд II Засгийн Газрыг удирдаж байсан Клемент Готтвалд ерөнхийлөгч болов. Дараагийн жилүүдэд нь Сталины их цэвэрлэгээ маягийн ажиллагааг өрнүүлж, олон арван мянган хүнийг хэлмэгдүүлсэн байдаг. ЗХУ-ын дагуул улс тул энэ мөчөөс эхлэн Зүүн блок ба Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах болсноос гадна 1955 оноос Варшавын гэрээний гишүүн улс болжээ.
Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс (1960-1990 он)
засварлах1960 оны үндсэн хуулиараа тус улсын нэрийг Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс (БНСЧУ) болгон өөрчилсөн нь коммунист засаглалыг улам бэхжүүлсэн хэрэг байв.[12]
1960 онд Коммунист Намын дарга Александер Дубчекийн удирдлагаар эв хамтын улсыг «хүнжүүлэх» оролдлогыг хийв. Прагийн хавар нь «Социализмыг хүн царайтай» болгох ёстой байсан ч ЗХУ болон Зүүн блокийн Варшавын гэрээний холбоотнууд нь түүний эсрэг хувьсгалыг эхлүүлэн зэвсгийн хүчээр дарсан байна. Үүний ачаар дарагдсан байсан федерализмын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж амжив. Энэхүү тунхаглалаа 1968 оны аравдугаар сарын 28-нд Чехословак Улс тусгаар тогтносны 50 жилийн ойгоор хийв. Удалгүй Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс ба Бүгд Найрамдах Социалист Словак Улс гэсэн хоёр бүрэлдэхүүн улсыг БНСЧУ-д бий болгов. Гэхдээ энэхүү шинэчлэлд ЗХУ-ын зүгээс хатуу хязгаарлалтууд байсан учир словак нь дангаараа коммунист намтай байх эрхтэй байв. Харин ерөнхий намын чигийг заагч нь Прагт тамгын газартай Коммунист Намын төв хороо шийдвэрлэх эрхтэй хэвээр үлджээ.
Прагийн хавар хөдөлгөөн дарагдсанаас хойш улс орны ирээдүй хэсэгтээ л бүрхэг байлаа. Прагийн хаврын иргэний хөдөлгөөнийг зохион байгуулсан уран бүтээлчид, сэхээтнүүдийг төр удаан хугацаанд дагаж мөрдсөөр байв. Тэд 1977 онд эв хамт дэглэмийн эсрэг Харта 77 гэх шаардах бичгийг мөн ийнхүү нэрлэсэн иргэний хөдөлгөөнийг байгуулан тэмцсэн ч 1988 оныг хүртэл ямар ч үр дүн гараагүй юм.
1989 оны арваннэгдүгээр сард Михаил Горбачевын Зөвлөлт Холбоот Улсад эхлүүлсэн шинэчлэлийн хөтөлбөрөөр далимдуулан ард түмэн Праг, Братислав болон бусад хотуудад олон хоногийн жагсаал цуглаан хийв. Хэд хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа коммунистууд огцров. Энэхүү зөөлөн хувьсгал нь тус улсыг тайван замаар, дангаараа ноёрхож байсан «Чехословакийн Коммунист Нам»-ын ноёрхлоос салгасан юм. 1989 оны арванхоёрдугаар сарын эхээр Мариан Чалфа дийлэнх нь коммунистууд биш засгийн газрыг байгуулав. Арванхоёрдугаар сарын сүүлээр хүний эрхийн төлөө тэмцэгч Вацлав Хавел улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. 1945 оноос хойш анх удаагаа чөлөөт парламентын сонгуулийг 1990 оны зургаадугаар сард явуулав.
Чехийн ба Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улс (1990-1992 он)
засварлахКоммунист дэглэм нуран унасны дараа Чехословакийн холбооны улс нь цаашдаа удаан оршин тогтнохгүй гэдэг нь илэрхий мэдэгдэж байлаа.[13] Энэхүү хагарлын эхлэл нь «Сэтгэлгээний зураас-Дайн» хэмээн нэрлэгдэх улсын нэрийн төлөөх маргаан байв. 1990 оны дөрөвдүгээр сараас 1992 оны сүүл хүртэл албан ёсоор «Холбооны Бүгд Найрамдах Чех ба Словак Улс» (заримдаа «Холбооны Бүгд Найрамдах Чехословак Улс» хэмээн бас нэрлэдэг) гэсэн нэртэй болсон ба үүнийг чехэд «Чехословак», харин словакт «Чехо-Словак» хэмээн товчлон хэрэглэж байв. Улс хоёр талцан, эрх мэдэл, ашиг сонирхлын маргаан дэгдээсэн нь Чехословак улсыг 1992 оны төгсгөл гэхэд задрахад хүргэв. 1992 оны 11-р сарын 25-нд Холбооны Бүгд Найрамдах Чех ба Словак Улсын Холбооны Чуулганаар бүх нийтийн санал асуулга явуулалгүйгээр мөн оны 12-р сарын 31-ний дотор багтааж, улсыг хоёр хуваах тогтоол гаргаснаар 1993 оны нэгдүгээр сарын 1-нд Чех ба Словак гэсэн хоёр шинэ улс байгуулагджээ.
Газар зүй
засварлахЧехословакийн нутаг дэвсгэр нь Чехийн, Словакийн ба 1946 оныг хүртэл Карпатын Украины нутгийн хэсгээс бүрдэж байв.
Чехословак нь Австри, Унгар, Украин (1991 оноос эхэлж, үүнээс өмнө 1945-1991 оныг хүртэл ЗХУ-тай), Румын (1946 он хүртэл), Польш, Герман (1949-1990 оныг хүртэл Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улстай болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай) улсуудтай хиллэж байв.
Тус улсын хил нь 1918 онд тусгаар тогтнолоо зарлах үед тодорхой биш байжээ. Сүүлд 1919 оны Сен-Жермений гэрээгээр л улсын хилийг анх тогтоосон байна. Австри 1920 онд нэмж Доод Австрийн хоёр багахан газар нутгийг таслан өгөв. 1920 оны Трианоны гэрээний дараа Карпатын Оросыг тус улсад шилжүүлснээр Унгартай хиллэх хилийн хэмжээ нь нэмэгдэв.[14] Версалийн гэрээ ёсоор 1920 онд Герман Хлучины хязгаараас татгалзах ёстой болов. 1919 онд Олзагийн хязгаарын маргаанаас шалтгаалан Польштой хилийн дайн хийсэн бөгөөд тус хязгаар нутгийг 1920 онд Чехословак өөрийн болгож авлаа. Энэ дайны дараа буюу 1920 онд тус улсын нутаг дэвсгэр нь 140.446 км² байв. Севрийн гэрээгээр Чехословак нь Румыны Хант Улстай Карпатын Украины (1921 онд) нутагт газар нутгийн солилцоо хийсэн ба үүнд Словакийн хил орчмын нутгийг түүнээс зүүн зүгт орших газраар сольжээ.[15] Ингээд шинэ улсын нутаг дэвсгэр хэмжээ нь 1921 оноос 1938 оныг хүртэл 140.800 км² болсон ба энэ нь Швейцараас 3,5 дахин том, хилийн урт нь 820 км байсан нь бараг Италитай тэнцэв. Улсын нутаг дэвсгэр хамгийн өргөн хэсгээрээ 250 км, харин хамгийн нарийн хэсгээрээ 80 км өргөнтэй байлаа.
1938 оны Мюнхений хэлэлцээрийн дагуу Чехословак нь нутаг дэвсгэрийнхээ 14 хувийг алдав. Унгар Улс 1938 онд Венийн Анхдугаар Шүүхийн Шийдвэрээр Словакийн өмнөд хэсгээс 11.882 км² газрыг авчээ. Польш Цешин хот ба түүний ойр орчмын нутгийг (906 км² орчим газар), мөн Словакийн умард хэсгийн хоёр жижиг бүс нутаг болох Спиш ба Ораваг (226 км²) таслан авав. Энэ алдсан газар нутгийн нийт хэмжээ нь 41.442 км² (улсын нийт газар нутгийн дөрөвний нэг орчим) байв. 1939 он гэхэд улсад ердөө л 99.348 км² газар нутаг үлдсэн байв.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улс 1937 онд байсан хилээрээ улсаа дахин байгуулсан ба үүн дээр 1946 онд Братиславын хавьцаа Прессбургерийн гүүрэн толгой гэх газрыг авснаас гадна улсын нутгийн зүүн талд 4.400 км² хилийн зурвас газар нутгийг Унгараас таслан авчээ. Энэ үеийн Чехословакийн нутаг дэвсгэр нь 144.846 км² болсон нь тус улсын түүхэн дэх хамгийн том тэлэлт байсан юм. 1946 онд Карпатын Украиныг 1945 оны хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн бүрэлдэхүүнд өглөө. Үүний дараа улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 12.777 км² талбайгаар багасч, 1992 оныг хүртэл нийт 127.876 км² нутаг дэвсгэртэй байсан юм.
Чехословакийн нутаг дэвсгэрт төрөл бүрийн ашигт малтмалын орд газрууд ихтэйн дотор европын хамгийн том ураны орд бий. Чех талдаа нүүрс, хүрэн нүүрс, каолин, бал чулуу, шохойн чулуу, өөхөн чулуу зэргийн ордууд Долни Розинкад, Пльзеньд ураны ордтой. Зэсийн ба манганы хүдрийн орд газрууд Словакийн Хүдрийн нуруунд байдаг. Кутна Хора ба Прибрам орчмоос хар тугалга, цайрын хүдрийн олдоцтой. Хүдрийн нуруунд бага зэргийн хэмжээтэй мөнгөн ус, цагаан тугалга, сурьма байдгийг илрүүлсэн. Словакт их хэмжээний давсны нөөц газартай ба өмнөд талаараа болон Карпатын Украины нутгаар газрын тосны нөөцтэй.
Чехословак нь зөөлөн дулаан уур амьсгалын бүсэд орших хэдий ч хоёр улсын хооронд цаг уурын эрс ялгаатай. Нутгийн өмнөд талаар хамгийн дулаан, хуурай уур амьсгалтай бол уулархаг хэсгээрээ сэрүүвтэр, ялангуяа Карпатын Украины нутгаар жилийн турш сэрүүн байдаг. Өнөөгийн Словакт орох Вигляш тосгонд 1929 оны хоёрдугаар сарын 11-нд −41°C хүрч байжээ.
Хот ба суурингууд
засварлах1931 онд Чехословакт 800 гаруй хотууд болон мянга гаран жижиг суурингуудтай байв. Хотын статусыг чехословакийн дотоод хэргийн яамнаас суурингуудад өгчээ.
1930 онд байсан Чехословакийн том хотуудын тоонд Праг (849.000 оршин суугчтай), Брно (265.000 оршин суугчтай), Острава (125.000 оршин суугчтай), Братислав (124.000 оршин суугчтай), Пльзень (115.000 оршин суугчтай), Оломоуц (66.000 оршин суугчтай), Кошице (58.000 оршин суугчтай), Усти над Лабем (44.000 оршин суугчтай), Ческе Будейовице (44.000 оршин суугчтай), Либерец (39.000 оршин суугчтай) орж байлаа.
Том хотуудын хажуугаар Чехословакт нэлээд хэдэн мянган тосгон болон гацаанууд байв. Эдгээрийн ихэнх нь Бохеми эсвэл Словакт байв. Карпатын Русьт хамгийн цөөхөн суурин буюу ердөө 100 гаран суурьшил, гурван том хоттой (Хуст, Мукачево, Ужгород) байжээ.
Чехословак нь Карлов Вары, Марианске Лазне, Франтишковы Лазне гэх мэт алдартай амралт-сувиллын газруудтай бөгөөд үүгээрээ европт тэргүүлдэг байлаа.
Төрийн бэлгэдэл
засварлахТөрийн сүлд ба далбаа
засварлахБүгд найрамдах улсын төрийн далбаа нь ямар байх талаар удаан хугацаанд хэлэлцжээ. 1918 оноос хойш түр хугацаанд улаан-цагаан өнгөтэй уламжлалт бохемийн далбааг ашиглав. Гэтэл дахин шинээр байгуулагдсан Польш улс бараг ижил төрийн далбаатай байв. Эдгээр далбаануудыг зөвхөн талуудын харьцаагаар нь таних боломжтой байсан юм. Хоёр жилийн дараа 1920 оны гуравдугаар сарын 30-нд далбааны зүүн буланд цэнхэр өнгийн адил талт гуралжныг Словакийг төлөөлүүлэн нэмж оруулжээ. Үүний хөх өнгө Словакийн далбааны өнгө юм. Одоо энэ далбаа нь эрх зүйн хувьд Чехословакийн дараах улс болох Чех улсын төрийн далбаа болсон.
-
1918-1920 он хүртэлх албан ёсны төрийн далбаа (Бохемийн далбаа)
-
1920 оноос хойших Чехословак Улсын төрийн далбаа
-
Чехословак Улсын төрийн сүлд (1918–1938, 1945–1960 он)
-
Чехо-Словак Улсын төрийн сүлд (1938–1939 он)
-
Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын төрийн сүлд (1960–1990 он)
-
Холбооны Бүгд Найрамдах Чех ба Словак Улсын төрийн сүлд (1990–1992 он)
Төрийн дуулал
засварлах1918 оноос 1992 он хүртэл Kde domov můj (Миний эх орон хаана байна) ба Nad Tatrou sa blýska (Татрагийн дээгүүр аянга цахилж байна) гэсэн хоёр төрийн дуулалтай байв.
Хоёр улс тайван замаар хуваагдсаны дараа «Миний эх орон хаана байна» дууллыг Бүгд Найрамдах Чех Улс, «Татрагийн дээгүүр аянга цахилж байна» дууллыг Словак Улс төрийн дууллаараа авсан байна.
Зэвсэгт хүчин
засварлах1918 онд Чехословакийн Арми нь байгуулагдсан ба 1954 онд Чехословакийн Ардын Арми гэж нэрээ өөрчилсөн. Ардын Арми нь 1955 онд Варшавын гэрээнд гишүүнээр элсэв. 1990 онд нэрээ дахин өөрчлөн «Чехословакийн Арми» болгожээ. 1993 онд Бүгд Найрамдах Чех Улсын Зэвсэгт Хүчин ба Бүгд Найрамдах Словак Улсын Зэвсэгт Хүчин гэж хоёр хуваасан байна.
Засаг захиргааны гишүүнчлэл
засварлахЗасаг захиргааны хуваарь нь Чехословакийн Бүгд Найрамдах Улсыг байгуулахдаа Австри-Унгарын засаг захиргааны гишүүнчлэлтэй төстэй байгуулжээ. Суурингууд нь улс төрийн дүүргүүдэд (politické okresy) харьяалагдах бол энэ нь цааш тойрогт (kraj) харьяалагдана. Энэхүү хуваарилалт нь 1938 оноос эхлэн германы эзэмшилд байхдаа ч бараг өөрчлөгдөөгүй байна. Германтай нэгдсэн Судетенландад харин германы засаг захиргааны бүтцийг авч хотын тойрог, орон нутгийн тойрог, захиргааны дүүрэгтэй болов. 1945 онд хуучин засаг захиргааны бүтцээ сэргээв.
Муж улс
засварлах1928 оны Чехословак нутаг дэвсгэрээ таван түүхэн муж улсад (země) хуваав. Эдгээр муж улсууд нь бүгд тойрогт хуваагдана. Энэхүү захиргааны нэгж нь 1938 оны Мюнхений хэлэлцээр хүртэл байж байгаад дараа нь холбооны Чехо-Словак улс дотроо Словак ба Карпатын Русь гэсэн өөртөө засах бүрэлдэхүүн улсуудтай болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа муж улсуудаа дахин байгуулсан хэдий Карпатын Русийг ЗХУ-д өгчээ. Үлдсэн дөрвөн муж улсыг 1949 онд задлан жижиг мужууд болгон хуваажээ.
Муж Улс | Нийслэл | Газар нутаг, км² | Хүн ам |
---|---|---|---|
Бохеми | Праг | 52.065 | 6.668.518 |
Морави | Брно | 22.233 | 2.649.323 |
Силези | Опава | 4.459 | 602.202 |
Словак | Братислав | 49.036 | 2.989.361 |
Карпатын Русь | Ужгород | 12.777 | 592.044 |
Чехословак (бүгд) | Праг | 140.800 | 13.410.750 |
Край
засварлахГүнлиг байгуулах гэж бараг хоёр жил Чехословакийн парламентаар хэлэлцсэний эцэст бүтэлгүйтсэн бөгөөд ингээд 1920 онд хэд хэдэн крайд (тойрог) хуваав. Бохеми ес, Морави дөрөв, Силези нэг, Словак зургаа, Карпатын Русь нэг том крайтай болжээ. Энэ нэгжийг 1948 он хүртэл хэрэглэжээ. «Бүгд Найрамдах Чехословак Улсын Муж Улсын тойргийн ба Орон нутгийн товчоог байгуулах хуулийг» баталснаар край нь албан ёсоор үндсэн хуулинд хуульчлагдав. Край бүр өөрийн гэсэн парламенттай ба де-юре өөртөө засах засаглалтай байв.
Окрес
засварлахОкресийн (монголын сумтай ойролцоо) өмнө байсан захиргааны нэгж нь 1867 оноос бий болгосон Австри-Унгар Эзэнт Улсын захиргааны нэгж болох «Улс Төрийн Дүүрэг» (Politischen Bezirke) байсан бөгөөд үүнийг сүүлд чехословак улсын мужуудад өөр өөрөөр авч хэрэгжүүлсэн байдаг. 1927 онд Бохемид 103, Моравид 79, Силезид 45, Словакт 12, Карпатын Русьт нэг окрес байв.
Хүн ам
засварлахХүн амын өсөлт
засварлахЧехословак нь европ дахь хүн ам шигүү суурьшсан улсуудын нэг байсан ба 1918 оноос 1945 оныг хүртэл олон үндэстний улс гэгддэг байв. Учир нь тус улсын хүн амын 35 хувийг еврейчүүд, германчууд, мажарчууд, польшууд, рутеничууд ба румынчууд зэргийн үндэстнүүд бүрдүүлдэг байсан аж. 1921 оны хүн амын тооллогоор 8,761 сая чехүүд ба словакчууд мөн 3,1 сая германчууд тоологдсон нь тухайн үед байсан словакчуудаас 1,1 саяар илүү германчууд амьдарч байв.
1992 онд Чехословак улс 15,8 сая оршин суугчтай байлаа.
Хэл
засварлах1945 оноос тус улсын албан ёсны хэл нь чех ба словак хэл байв.
Чехословак дахь үндэстнүүд, 1921 он[16] (нийт 13,613 сая оршин суугчийг 100 % гэвэл):
- Чехүүд 6,794 сая (нийт хүн амын 49,91 %)
- Словакчууд 1,967 сая (14,45 %)
- Германчууд 3,123 сая (22,94 %)
- Унгарчууд 0,745 сая (5,47 %)
- Оросууд 0,461 сая (3,38 %)
- Еврейчүүд 0,180 сая (1,32 %)
- Польшууд ба бусад 0,102 сая (0,75 %)
- Гадаад 0,238 сая (1,74 %)
Еврей үндэстэн
засварлах1938 онд Чехословакт ойролцоогоор 400.000 еврейчүүд амдарч байсан нь тухайн үеийн нийт 15,247 сая оршин суугчдын 2,7 хувь орчим юм. Үүгээр тус улс нь европ дахь хамгийн олон еврей үндэстэн бүхий улс байсан ба Праг тэдний төвлөрлийн төв байв. 1930 оны хүн амын тооллогоор 136.737 еврей Словакт, бохемийн орнуудад 120.000 еврей, Карпатын Украинд 95.008 бүртгэгджээ.
1920 оны германчуудын эсрэг үймээний дараа нийслэл хотын Йозефов хороолол дахь Еврейн Захиргааны байр луу дайран эд хогшлыг нь ихээр сүйтгэсэн байдаг.[17]
1919 онд еврейчүүдийн хамгийн анхны сонин хэвлэгдсэн бол 1920 онд Прагт анхны еврей сургууль үүдээ нээжээ. 1922 онд түүхч Самуэл Штайнхерц (1857-1942) Праг дахь германы Карл Фердинандын Их Сургуулийн ректороор сонгогдсон бөгөөд 1928 оныг хүртэл уг албанд ажиллажээ.
1939 оны гуравдугаар сарын 15-нд Вермахт Чехословакийг эзэлсний дараах өдөр Адольф Хитлер Эзэнт Улсын ивээлт улс Бохеми ба Моравийг байгуулснаа зарлав. Ивээлт улсын бараг бүх еврейчүүдийг Терезийнштадтад хорьсон ба тэндээсээ Аушвиц руу ачигдав. 82.000 орчим хоригдсон еврейчүүдээс ердөө л 11.200 орчим л амьд гарчээ. Энгийн ард тэднийг нууж, халхлах, амьд насыг нь хамгаалахыг оролдох. 100 гаран чехүүд үүнийхээ төлөө сүүлд байгуулагдсан Яд Вашемын дурсгалт газарт Ард түмэн дундах сайн санаатан гэх цолоор шагнуулсан байна. Карпатын Украин дахь еврейчүүдийн 90 хувийг холокостоор хөнөөв.
Холокостын дараа 15.000 орчим карпато оросын еврейчүүд, 30.000 орчим словакийн еврейчүүд болон 24.395 чехийн еврей амьд гарав. Дайны дараах жилүүдэд буцаж ирсэн еврейчүүдийг зарим тохиолдолд ад үзэх болов. Учир нь тэдний эд хөрөнгийг буцаан олгохгүйн тулд албан өргөдөлд нь саад болох эсвэл гадагш дүрвэх хүсэлтийг нь санаатайгаар удаашруулах гэх мэтийн үзэл суртлын саадыг хийж байв. 1945 оноос 1950 оны хооронд нийт 24.000 еврей үндэстэн Израил руу нутаг буцсан байна.
Спорт
засварлахХөлбөмбөг бол Чехословакт маш өргөн дэлгэрсэн спорт байлаа. Чехословакийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гаргасан хамгийн том амжилт гэвэл 1976 оны хөлбөмбөгийн Европын аварга болсон болон 1934 он ба 1962 оны дэлхийн аваргын тэмцээнүүдэд аваргын төлөөх тоглосон зэрэг байв. Түүнээс гадна энэхүү шигшээ баг нь 1980 оны Москвагийн олимпоос алтан медаль хүртэж байв. Улсын хэмжээнд Спарта, Славиа, Дукла зэрэг Прагийн хөлбөмбөгийн клубууд тэргүүлэх ба энэ гурван клуб нь хамтдаа нийт 70 Чехословакийн Хөлбөмбөгийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний 45 аварга цолыг хүртжээ. Мөн Словакийн Слован Братислав ба Спартак Трнава клубууд найм ба таван удаагийн аварга болж байв. Слован Братислав клуб нь чехословакийн хөлбөмбөгийн клубуудээс цорын ганц европын томоохон тэмцээний аварга болсон буюу 1969 оны Европын Цомын Эздийн Цомын аварга болсон байдаг.
Эдийн засаг
засварлахДайн хоорондын үед Чехословак нь европын хамгийн хөгжингүй орнуудын нэг байв. Тус улс нь тивийн хамгийн хүчтэй аж үйлдвэржсэн орнуудын нэг байсан бөгөөд хүнд үйлдвэр нь улсын төв хэсэг рүү байрших бол хөнгөн үйлдвэрүүд нь германчууд голчлон суурьших хилийн бүсэд давамгайлж байв. Мөн түүнчлэн зэвсгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэр нь гарсан улс байлаа. Аль 1918 оноос өмнө бохемийн улсууд нь Дунайн Эзэнт Улсын нутаг дахь аж үйлдвэржсэн бүс нутаг байсан юм. Словак нь 1960-аад оныг хүртэл тус улсын баруун хэсгээс эдийн засгаараа илэрхий хоцрогдсон хэсэг нь байв.
Тэмдэглэл
засварлах- ↑ Бусад Чехословакийн хүлээн зөвшөөрөгдсөн хэл дээр:Загвар:Blist
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Human Development Report 1992" (PDF). hdr.undp.org. Архивласан (PDF) огноо 2022-10-09.
- ↑ "Milestones: 1961–1968 - Office of the Historian". history.state.gov. Татаж авсан: 27 January 2021.
- ↑ Gesetz 11/1918 Sb. (Rezeptionsgesetz zur Entstehung der Republik), online lexdata.cz[үхмэл линк], abgerufen am 3. Okt. 2009; Gesetz 121/1920 Sb. (Verfassung von 1920), online lexdata.cz (Memento 14. Гуравдугаар сар 2010 цахим архивт), abgerufen am 3. Okt. 2009; Gesetz 101/1990 Sb. (Änderung des Landesnamens 1990), online lexdata.cz[үхмэл линк], abgerufen am 10. Nov. 2009 (alle tschechisch)
- ↑ Votruba, Martin. "Czecho-Slovakia or Czechoslovakia". Slovak Studies Program. University of Pittsburgh. Эх хувилбараас архивласан: 15 October 2013. Татаж авсан: 29 March 2009.
- ↑ Preclík, Vratislav. Masaryk a legie (Masaryk and legions), váz. kniha, 219 str., first issue - vydalo nakladatelství Paris Karviná, Žižkova 2379 (734 01 Karvina, CZ) ve spolupráci s Masarykovým demokratickým hnutím (Masaryk Democratic Movement, Prague), 2019, ISBN 978-80-87173-47-3, pages 8 - 77, 101-102, 124–125, 128, 129, 132, 140–148, 184–199.
- ↑ "16. Czechoslovakia (1918-1992)". uca.edu. Татаж авсан: 27 January 2021.
- ↑ Jad Adams: Women and the Vote. A World History. Oxford University Press, Oxford 2014, ISBN 978-0-19-870684-7, S. 437.
- ↑ United Nations Development Programme: Human Development Report 2007/2008. New York, 2007, ISBN 978-0-230-54704-9, S. 343
- ↑ Крон нь өнөөдрийг хүртэл Чехийн үндэсний мөнгөн дэвсгэртийн нэр юм.
- ↑ Alice Teichova et al. (1996): Österreich und die Tschechoslowakei 1918-1938: die wirtschaftliche Neuordnung in Zentraleuropa in der Zwischenkriegszeit, S. 256 (online).
- ↑ Rüdiger Alte: Die Außenpolitik der Tschechoslowakei und die Entwicklung der internationalen Beziehungen 1946–1947. Oldenbourg, München 2003, S. 35 Чехословак, Гүүгл дэх ном .
- ↑ "A Brief History of the Czech Republic - Live & Study - Czech Universities". www.czechuniversities.com. Татаж авсан: 27 January 2021.
- ↑ http://www.bpb.de/apuz/29477/die-aufarbeitung-der-diktaturen-in-tschechien-und-der-slowakei?p=all
- ↑ Milan Majtán: Názvy obcí Slovenskej Republiky, Bratislava 1998.
- ↑ users.prf.cuni.cz (Memento 5. Арванхоёрдугаар сар 2007 цахим архивт)
- ↑ Škorpila F. B.; Zeměpisný atlas pro měšťanské školy; Státní Nakladatelství; second edition; 1930; Czechoslovakia
- ↑ psp.cz