Төрийн эргэлт (англи. Coup d'etat орч. Төрийн цохилт, орос. Государственный переворот, герман. Staatsstreich)- төрийн эрх мэдэлд байгаа хүн болон хэсэг бүлэг хүмүүсийг хүч хэрэглэн зайлуулж эрх мэдлийг гартаа авахыг хэлдэг. Үүний тулд тухайн үед төрийн эрх мэдэлтнүүдийг хүчээр устгах буюу тусгаарладаг байна.

Цэрэг, армийн оролцоотой төрийн эргэлт хийвэл түүнийг цэргийн эргэлт гэж нэрэлдэг.

Төрийн эргэлт, хувьсгал хоёрын ялгаа нь хувьсгал нь хүн амын дийлэнх олонхын эрх ашгийн төлөөх эсэргүүцлийн үйл ажиллагааны үр дүнд хийгдэж, эрс өөрчлөлтөд хүргэдэг улс төрийн өөрчлөлт юм. Төрийн эргэлт гэж тодорхой хүн буюу хэсэг бүлэг хүмүүсийн удирдлага дор хүчээр хийсэн төрийн эрх мэдлийг гартаа авах үйлдлийг хэлнэ.

"Төрийн эргэлт" гэсэн нэр томьёог анх Габриэль Науде (Кардинал Ришельегийн номын санч) "Төрийн эргэлтийн талаарх улс төрийн бодол санаа" (1639) бүтээлдээ бичиж гаргажээ.

Америкийн улс төр судлаач, түүхч Эдвард Люттвак "Төрийн эргэлт" хэмээх сонгодог номдоо төрийн эргэлт амжилттай болох гурван үндсэн нөхцөлийг тодорхойлсон байдаг.

  • Улс орны эдийн засгийн дорой байдал. Төрийн эргэлтүүд баян орнуудаас илүү ядуу оронд олон тохиолддог.
  • Улс төрийн тусгаар тогтнол - төрийн эрх мэдэл нь дотооддоо биш хилийн чанадад байгаа улсад төрийн эргэлт хийх боломжгүй.
  • Төвлөрсөн хяналт - эрх мэдлийг нэгдсэн нэг төвөөс удирддаг байх ёстой. Жишээлбэл, бүс нутгуудын тусгаар тогтносон удирдлагатай бол төрийн эргэлт хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учирдаг байна.

Жишээ:

  • 1825 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Боливи улсад 200 орчим төрийн эргэлт гарч байсан нь жилд нэгээс илүү удаа төрийн эргэлт гарч байсан гэсэн үг юм.
  • Африкийн 33 улсад 1952-2000 оны хооронд 85 удаа төрийн болон цэргийн эргэлт гарч байжээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Төрийн эргэлт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан