Линь Бяо (хятад. 林彪, пиньинь Lín Biāo; 1907 оны 12 дугаар сарын 5-нд Чин улсад төрж 1971 оны 9 дүгээр сарын 13-нд БНМАУ-ын Өндөрхаан хот орчим нас барсан)- Хятадын эв хамт намыг үндэслэн байгуулахын төлөө Мао Зэдун, Жоу Эньлай, Дун Биу, Чэнь Таньцю, Хэ Шухэн, Вань Изинмэй , Дэн Энь Минь нартай мөр зэрэгцэн тэмцэж явсан Хятадын Төр нийгмийн том зүтгэлтэн түүхэн бие хүн юм. Тэрбээр туулсан амьдрал тэмцлээрээ Хятадын нэгэн үеийн түүхийг бичилцсэн байна.

Линь Бяо

Бүтэн нэр Линь Бяо
Төрсөн газар 1907 Чин улс, Хүбэй муж
Нас барсан газар 1971 БНМАУ, Хэнтий аймаг
Ажиллагаа/салбар явган цэрэг, партизан
Тулалдаанууд/дайнууд Хятадын иргэний дайн, Хятад-Японы хоёрдугаар дайн,

1971 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас Монголын агаарын хилийг зүүн өмнө хэсгээр зөрчин нэг онгоц орж ирээд Хэнтий аймгийн нутагт Hawker Siddeley Trident онгоц /256 дугаартай/ унаж сүйрсэн юм. Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан энэ онгоцоор БНХАУ-ын цэрэг, улс төрийн нэртэй зүтгэлтэн, тус улсын анхны маршалуудын нэг, Мао Зэдуны ойрын хүн Линь Бяо эхнэр, хамтрагчидтайгаа нийт 9 хүн нисэж яваад ослоор бүгд нас баржээ. Түүнийг нас барсаны дараа Хятадын Коммунист намаас хөөж, эх орноосоо уравсан гэж заралсан байна.

Линь Бяо нь 1906 онд Хятад улсын Хүбэй мужийн Хуанган хошууны Хүйлуншань тосгонд жижиг үйлдвэрийн эзний гэр бүлд төржээ. Түүнийг багад Юй Жун (хятад. 育容, пиньинь Yù Róng) гэдэг байжээ. Линь 1924 онд 17 настай Хятадын Социалист залуучуудын эвлэлд элссэн бөгөөд 1925 онд Хятадын Коммунист Намд элссэн байна. [nb 1]. Мөн тэр жилдээ Вампугийн цэргийн академид элсэн орж суралцсан нь түүний цэргийн түүхийн эхлэл болж Линь Бяо нэрийг авчээ. Гоминданы эсрэг 1927 оны 08.01-нд Хятадын Наньчанд гарсан бослогын нэгэн том отрядыг Линь Бяо удирдсан бөгөөд хожим энэ өдөр нь Ардын Чөлөөлөх Армийн төрсөн өдөр болсон байна. Энэ үеэс Линь, Мао дарга хоёрын дотно нөхөрлөл эхэлж, хожмоо “Соёлын хувьсгал”-ын үед улам зузаарчээ.

Тэрээр хятадын иргэний дайн ба Хятад-Японы хоёрдугаар дайнуудад шинэ 4-р армийн командлагч хүртэл цэргийн албан тушаалд дэвшин ажилласан ба цэргийн авъяаслаг командлагч гэж үнэлэгдэж байсан байна. Харин Солонгосын дайнд Ардын Чөлөөлөх Армийн ангиудыг оролцуулах тухай асуудлыг хэлэлцэхэд ганцаараа эсрэг санал гаргасан гэж үздэг байна.

1949 оны есдүгээр сард Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх Зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 1949 оны аравдугаар сард Төв Хятадын цэргийн дүүргийн Командлагчаар томилогдов. 1949 оны 12-р сараас 1953 оны 1-р сар хүртэл Лин Бяо Төвийн Өмнөд Цэргийн захиргааны хорооны даргаар, 1950 оны 7-р сараас ХКН-ын Төв Хорооны Өмнөд Төв Товчооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Линь Бяо нь 1954 оноос Ерөнхий сайдын орлогч даргаар, 1965 оноос Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон байна. 1955 онд БНХАУ-ын маршал цолыг Хятад ард улсын төлөө байгуулсан гавьяаг нь үнэлэн олгожээ. Маршал Пэн Дэ Хуайн дараа 1959 оны 4-р сард Хятадын Батлан хамгаалах яамны сайдаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Линь Бяог томилсон.

 
Линь Бяо удирдагч Мао Зэдуны хамт

1969 оны 4 дүгээр сарын 1-нээс 24-ний хооронд Бээжинд хуралдсан Хятадын коммунист намын IХ Их хурлаас Маршал Линь Бяог Хятадын дарга Маогийн албан ёсны залгамжлагчаар тодруулав. ХКН-ын 1Х Их хурал Маршал Линь Бяогийн уншсан “ Улс төрийн тайлан”-г сонсож, түүнийг үндсэн шийдвэр болгож, намын шинэ дүрэм баталж Төв хороог эмхлэн байгуулав. Хятадын намын дүрмэнд Линь Бяог “ Нөхөр Мао Зэдуны үзэл санааг хэрэгжүүлэгч мөн” гэсэн зээлт оруулжээ. Ийнхүү Хятадын маршал, Мао даргын албан ёсны залгамжлагч Линь Бяо Монголын талд онгоцны осолд орж, учир битүүлгээр амь эрсдэх / 1971 оны 9 дүгээр сарын 13/ хүртлээ БНХАУ-ын нам, цэрэг, төр засгийн хоёр дахь удирдагч байв. Тэр 48 наснаасаа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор, сүүлийн 12 жилийн турш Батлан хамгаалах яамны сайдаар ажилласан ба, Хятад улсын 13 маршалын нэг байжээ.Мао Зэдун “ Соёлын хувьсгал”-д армийн гүйцэтгэх үүргийг онцлон товойлгохыг эрмэлзэж, 1966 оны 5-р сарын 7-нд Маршал Линь Бяод явуулсан захидалдаа “ Хуарангийн социализмын үзэл санааны дагуу арми, ажилчин, тариачин, сэхээтэн, сурагчид, албан хаагчид хэрхэн ажиллах товч хөтөлбөр”-ийг гарган явуулжээ. Тэгэхдээ Мао Зэдун улс орны нийгэм эдийн засгийн амьдралд арми зонхилох үүрэг гүйцэтгэх ёстойг заагаад, Линь Бяогоос БНХАУ-ын улс ардын аж ахуйг өвч бүрэн цэрэгжүүлэхийг шаарджээ. 1966 оны 8-р сары 1-нд хуралдсан ХКН-ын Төв хорооны бүгд хурал Мао даргын шаардлагаар ХКН-ын дээд удирдлагуудад зохион байгуулалтын өөрчлөлт хийв. Ийнхүү Төв хорооны таван орлогч дарга / Лю Шаоци, Жоу Эньлай, Жу дэ, Чэнь Юунь, Линь Бяо нар/-ын оронд ганцхан Линь Бяог үлдээсэн байна.[nb 2]

Линь Бяогийн зугаталт

засварлах

Мао Зэдуны сургаалд олон жилийн турш тууштай үнэнч явсан маршал Линь Бяо амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Маотай үзэл бодлын хувьд эрс тэрсэлдэж байжээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм. Ноён Баабарын бичсэнээр[1]

  • 1. Лю Шаоци шоронд үхсэн учир, Хятад улсын дарга буюу Төрийн тэргүүний суудал онгойжээ. Энэ тушаалд очооч гэж Линь Мао даргыг гуйх болсон төдийгүй намын хурал дээр албан ёсоор зарлажээ.Ийнхүү Маогийн өөрийг нь зайлулах нь гэж бодсон хардалт зөрчилйиг улам хурцатгасан болов уу. Линь Бяогийн эхнэр Е Цюнь болон хүү Линь Лигоу [nb 3]
    энэхүү, Маог түлхэн унагах хуйвалдаанд идэвхийлэн орсон нь тодорхой байна.
  • 2. Мөн Линь Бяогийн удирдсан армийнхан Төв хорооны бүрлдэхүүний 75 хувийг бүрдүүлж байсан.[nb 4]
    Удирдлагын хувьд Төрийн эргэлт хийх тохироо бүрдэж байсан нь харагдаж байна.
  • 3. Ардын Чөлөөлөх Армийг империалист цэргийн эвсэлтэй эвсэлдүүлэх гэсэн цэрэг- улс төрийн шинж бүхий өөрчлөлт нь дээд дарга нарын дотор хагарал гаргахгүй байж чадсангүй.

Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон, зэвсэгт үймээн зохион байгуулсан, өөрийн Төв хороо бий болгохыг хүсч хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу нисч яваад онгоцтойгоо БНМАУ-ын Хэнтий аймгийн нутагт 1971 оны 9 дүгээр сарын 13-нд унаж сүйрсэн байна. Линь Бяог дэмжигч хүч коммунист нам, Хятадын цэргийн Төв зөвлөлд цөөн биш байсан нь ойлгомжтой. Гэхдээ Линь Бяог дэмжих арга зам нь туйлын эгзэгтэй амь насанд аюултай байсан нь тодорхой юм. Ийнхүү Линь Бяо болон улс орны цэргийн томоохон эрх баригчид 1971 оны 9-р сард Хятадын улс төрийн дэвжээнээс зайлсан билээ. Линь Бяог онгоцоор зугтах тэр мөчид Мао Бээжингээс алс хол, Ерөнхий сайд Жоу Энь лай ажлын байрандаа байжээ. Харин Линь Бяо, гэргий Е цюнь бусад ойр төрлийнхөө хүмүүсийн хамт Хубэй мужийн тэнгисийн эргийн амралтын газар байдаг өөрийн Бэйдахэ ордондоо амарч байсан бололтой. Цагийн байдал түргэн өөрчлөгдөж байгааг Линь Бяогийн гэргий, хүү Лин Ли гоу нар мэдэж байсан ба харин охин Лин Доу-Доу зугтах “операци”-ын эсрэг байсан нь оргон зайлах эхний үеийн үйл ажиллагаанаас харагдана. Тэгээд ч тэр үлдсэн байна. Линь Бяо болон тэдний ойрын хүрээнийхний суусан онгоц Шанхай тауны буудлаас хөөрч эхлээд Бээжингээс зүүн урагш чиг авснаа хориод минутын дараа эргэн ирж, буудал дээгүүр хэд тойрсноо хойд зүгрүү оджээ. Энэ үед ХКН-ын дээд удирдлагын тушаалаар онгоц буудаг замын гэрэл дохиог унтраалгасан байжээ. Тэгээд уг онгоц Өвөр Монголын нутаг дээгүүр нисэн өнгөрч Монгол Улсын хилийг Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дахь 414 дүгээр тэмдэгтээр нэвтэрч Наран сумаас зүүн тийш 2,5 км /01 цаг 57 минут/, Онгон сумаас зүүн тийш 27 /02 цаг 01 минут/, Хонгор сумаас зүүн тийн 26 км /02 цаг 06 минут/, Халзан сумаас баруун тийш 7,5 км /02 цаг 09 минут/ Мөнххаан сумаас баруун тийш 5 км /02 цаг 17 минут/, Хэнтий аймгийн Идэрмэг сумаас зүүн тийш 16 км /02 цаг 24 минут/ тус тус зайтай харалдаа өнгөрч, тэр цэгээс хойш 35 км орчим яваад баруун тийшээ эргэж өмнө зүгрүү буцаж 13 км орчим яваад Бэрхийн уурхайгаас 14 км зайтай “Суваргын хөндийд” 02 цаг 30 минутын орчимд сүйрсэн байна.

Сүрлийн тухай

засварлах

Зугтах бэлтгэлийг Линь Бяогийн гэргийн Е Цюнь эртнээс хангасан бололтой гэж үздэг. Учир нь урагшаа /Хонконг бол уу?/ ниссэн тохиолдолд хэрэг болно гэж хятад-англи, хойшоо нисвэл хятад-орос толь бичиг бэлтгэсэн баримт бий. Сүйрсэн онгоцны газраас олдсон бичиг баримт дотор Монгол-Зөвлөлтийн хил залгаа нутгийн газрын зураг, Бээжин-Улаанбаатар, Эрхүүгийн хооронд шаардлагатай үед холбоо барих дохионы аргууд бичигдсэн төрөл бүрийн заавар, Бээжин-Эрхүүгийн агаарын шугамын мэдээллийн дараалал код, байрлал, дуудлага зэргийг бичсэн. Мөн Токиогоос Эрээний хооронд Бээжингийн, Эрээнээс-Улаанбаатарын хооронд Москвагийн цагийг барина. Сайншанд-Улаанбаатарт оросоор ярина. Улсын хилийг нисэж өнгөрсөний дараа байршилаа Улаанбаатар ба Эрхүүд мэдэгдэнэ гээд холбоо барих кодыг үсгээр бичсэн байна. Эндээс харахад уг нислэг эртнээс бэлтгэлтэй байжээ гэсэн таамаглал төрнө. Нөгөө талаар уг онгоц ихэвчлэн шөнийн нислэг хийж байжээ. Тухайлбал, 9 дүгээр сарын 2, 6, 7, 8, 9, 10, 12-ны өдрүүдэд оройн 18-21 цагаас өглөөний 6-9 цаг хүртэл шөнийн нислэг хийж байсан хөдөлгөөний бүртгэл байдаг.[nb 5]
Уг онгоцонд Линь Бяо, гэргийн хамт суусныг Жоу Эн Лай мэдэж байв “Аав, ээж, ах нарыгаа хөдлөх гэж байгааг охин Лин Доу-доу мэдээд хамгаалалтын албаны хүмүүст хандаж аавыг авраач” гэж хүссэн. Гэвч тэд тайвширсан, тулгамдсаны алийг бүү мэд, ямраар ч саад хийж амжилгүй онгоцны буудал руу алджээ. Онгоцны шатыг ч тавих хугацаа олдсонгүй, тэднийг шууд “олсоор” татаж суулгаад хоромхон хугацаанд буудлаасаа хөөрчээ. Линь Бяо нарыг “Бэйдахэ” ордноосоо хөдөлсөн, Шанхайтауны нисэх буудалд очсон, улмаар онгоцонд суусаныг Ерөнхий сайд Жоу Эньлай-д шат дараалсан хүмүүс минут, секундээр нь мэдээлж байжээ. Тэр үед хятад орон даяар онгоцны нислэгийг хааж, уг онгоцыг бүрэн хяналтандаа авсан. Өвөр Монголын нутаг дээгүүр нисэж явахад нь Жоу Эньлай Мао-д илтгэж “унагаах уу?” гэхэд: Мао Зэдун: “Устгаж хэрэггүй, явах зүг рүүгээ нисэж одог. Хэрвээ сөнөөчихвөл ард түмэндээ юу гэж тайлбарлах билээ” гэх аястай хариу өгсөн гэдэг. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын суусан онгоц Монгол Улсын хилийг 01 цаг 50 минутын орчимд зөрчин орж ирсэн байна. Энэ мөчөөс эхлэн хятадын дээд удирдлагууд сэтгэл зүйн дайнд автсан нь ойлгомжтой. Амтай болгон Линь Бяогоо “хувьсгалын эсэргүү”, “улаан оросын ревизионизмын хань хамсаатан” гэж харааж зүхэж байсан бизээ. Ерөнхий сайд Жуо Эньлай гэхэд л 48 цаг нүд анилгүй өрөөндөө суужээ. Хоёр хоногийн дараа Монголд суугаа Элчин сайдаасаа авсан цахилгаанд: “Монголын нутагт онгоц унаж сүйрсэн, дотор нь явсан бүх хүн амь үрэгдсэн” гэсэн мөрүүдийг туслахаараа уншуулаад “Аа унаж үхэцгээж, унаж үхэцгээжээ” гээд дуу алдсан гэдэг. Хамгийн гол нь Линь Бяо оросын болон монголын нутагт амьд газардаагүйд шаналсан сэтгэлд нь “баяр” гийсэн байх. Энэ нь ганц Жоу Эньлай-бус Хятадын дээд удирдлагын олон хүнийг цочирдлоос гаргасан болов уу? Линь Бяогийн унаж явсан онгоц сүйрлийг буух үедээ осолд орсон гэж албан ёсоор үзсэн боловч өөр олон санал бас байдаг.

Онгоцны сүйрлийн тухай баримтууд

засварлах

Сүйрсэн онгоцны хэргийн анхны гэрчүүд

засварлах
  • БНМАУ-ын хилийн 20 дугаар отрядын 2 дугаар заставын цагийн манаач байлдагч Усенбай, холбоочин дэслэгч Мандал нар 1971 оны 9 дүгээр сарын 13-ны 01 цаг 53-55 минутын үед улсын хилийн 414 дүгээр баганын чиглэлээр БНХАУ-ын нутгийн зүгээс их дуутай, гэрэлгүй онгоц нисэж манай улсын нутгийн гүн рүү Сүхбаатар аймгийн Наран сумын чигт өнгөрснийг илрүүлэн мэдээлжээ.
  • Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Дугарын Гунгаа, Хайдавын Дамдинжав, Мөнххаан сумын Балдандагвын Пагма, Уул-баян сумын Цэрмаагийн Жамбал нар Бүрэнцогтын уурхайн зүгт 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө дундын үед асар их чимээтэй онгоц гэрэлгүйгээр өнгөрсөн гэжээ.
  • Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн манаач Дугаржавын Дулжидмаа, Наваанлувсангийн Сосор, Нацагийн Лувсанбал нар 9 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг өнгөрч байх үед зүүн хойноос баруун урагш маш хурдтай онгоц өнгөрч удалгүй хүчтэй чимээ сонсогдон гал гарсан гэжээ.

Сүйрлийн явц

засварлах

Сүйрлийн газар цагдан сэргийлэгч Т.Жүрмэд анх эхэлж очсон. Сумын намын үүрийн нарийн бичгийн дарга Дондог хүмүүс цуглуулан уг газар очиход онгоц хоёр хуваагдсан мэт харагдсан. Түүний ойролцоо түймэр гарч байсныг унтраасан, хүмүүсийн шарилыг өглөө үүр гэгээрэхэд л мэдсэн гэж ярьдаг. Бэрхийн уурхайгаас аймгийн төв рүү, аймгаас нийслэл рүү утасдаж өглөөний 9 цаг гэхэд Улаанбаатарт анхны мэдээ хүрсэн байв.

Онгоцны сүйрлийн дараа болсон үйл ажиллагаа

засварлах

Онгоцны сүйрлийн тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд танилцуулан, Гадаад Явдлын яам, Батлан хамгаалах яаманд асуудлыг нухацтай авч үзжээ. Юуны түрүүнд Монголын ардын армийн цэргийн хүчээр сүйрлийн газарт хамгаалалт гаргасан байна. Ингээд унасан онгоцны шалтгааныг тогтоох улсын комисс томилогдож, 9 дүгээр сарын 13-ны үдийн 12 цагт “ИЛ-14” онгоцоор уг газар очжээ. Байдлыг газар дээр нь судалж үзээд, сүйрлийн газраас олдсон бичиг баримт, эд зүйлүүдээс үндэслэн, уг онгоц нь хятадын агаарын цэргийн онгоц болохыг тогтоосон байдаг. Дараа өдрийн өглөө 8 цагт монголын Гадаад явдлын яамнаас Хятадын Элчин сайдын яам руу утасдаж, Элчин сайд Сюй Вэнь Иг өөрийн Гадаад явдлын яамны орлогч сайдтай 8.20 цагт ирж уулзахыг мэдэгдсэн байна. Хятадын элчин сайд Сюй Вэнь И хэлмэрч Лю Жэн Лугийн хамт 8.30 цагт Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Эрдэмбилэгийн албан өрөөнд оржээ. Орлогч сайд түүнтэй мэндлээд БНМАУ-ын Засгийн газрынхаа нэрийн өмнөөс мэдэгдэл хийв. Тэрбээр: “...БНМАУ-ын агаарын хилд хятадын цэргийн онгоц цөмрөн орсон учир эсэргүүцэл илэрхийлж байна. Нөхөрсөг харилцааны үүднээс ямар шалтгаанаар хятадын цэргийн онгоц монголын хил хязгаарт цөмрөн орсныг ойлгоход туслаач хэмээн хүсчээ. Элчин сайд: “...манай яамны төлөөлөгчдийг газар дээр нь очуулж үзүүлэх зөвшөөрөл” өгөхийг гуйсан байдаг. Хэргийн газрын анхны үзлэгт 1971 оны 9-р сарын 13-ны өдөр очсон, мөн Засгийн газрын комиссын гишүүн тухайн үеийн Гадаад харилцааны яамны орлогч сайд асан,дипломатч Ж.Ёндон дурсахдаа: “ …Элчин сайд Сюй Вэнь И, Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга , 2 орчуулагчийг дагуулан онгоц сүйрсэн газарт очиж үзэхээр манай зарим хүний хамт 9 дүгээр сарын 15-ны өглөө Хэнтий рүү нисэх гэж байв. Гэтэл Өвөр Байгалийн цэргийн тойргийн нисдэг тэрэг ЗХУ-ын Чита хотоос гэнэт нисэн ирж Хятадын онгоцны нэг моторыг салгаж авахаар орос цэргийн хүмүүс ажиллаж эхэлсэн тул төвөөс хятадын Элчин сайд бусад хүмүүсийг ирүүлэхгүй хойшлуулж байна уу ? гэж Хэнтий аймгаас холбоо барьдаг юм байна. - Нисдэг тэрэг ирүүлэхийг хэн зөвшөөрсөн юм бэ? хэмээн асуухад манай цэргүүдийг даргалж явсан генерал Б.Цог зөвшөөрсөн гэнэ. Ингээд Улаанбаатараас нисэх онгоц арга буюу хойшлуулагдахад хүрэв. Хятадын ЭСЯ-наас байн байн утасдаж, манай онгоц хэдийд нисэхийг лавлаж байсан тул Зөвлөлтийнхнийг хийх ажлаа дуустал Хэнтийд агаар муу байна гэх мэтээр арга чарга хэрэглэн саатуулж байлаа… ”[2] / 9 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод Улаанбаатараас “Ил-14” онгоц бууж, Хятадын Элчин сайд Сюй Вэнь И, 2 дугаар нарийн бичгийн дарга, мөн хоёр орчуулагчийн хамт иржээ. Тэднийг аймгийн удирдлагын зарим ажилтнууд угтаж, зочид буудалд хүлээж аваад аймгийн төвөөс “Суваргын хөндий”-рүү суудлын машин, автобусаар очицгоосон байна. Элчин сайдыг тэнд ирэх хүртэл онгоцны сүйрлийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцос, онгоцны эд анги, бусад зүйлүүдэд хамгаалалт гаргаж, байдлыг яг байгаагаар нь танилцуулжээ.

Хятадын элчинтэй газар дээр нь хийсэн ярилцлагын тэмдэглэл

засварлах
  • Хурандаа Санжаа: Онгоц сүйрсэн газар эндээс эхэлжээ. Онгоц эхлээд бие ангиараа газар цохисон байна. Бие анги нь задран улмаар тэсрэлт үүссэн бололтой юм.
  • Элчин сайд: Онгоц сүйрсэн анхны цэгээс эхлэн бие эд анги, жижиг хэсгүүдийг сонирхож яваад хүрэн өнгийн хөнжлийн эд зүйлийг гараараа барьж үзээд “Пакистан” гэж 2-3 удаа хэлжээ. Тэгээд цааш амь үрэгдсэн хүмүүсийн цогцосуудыг үзсэний дараа танай нутгийн заншлыг баримтлан энд нь оршуулья гэж хэлсэн байна.
  • Готов: За тэгвэл оршуулах ажилдаа оръё? Та нөхөд бүгдээрээ оролцоно уу?
  • Элчин сайд: Ингээд оршуулъя, нүхийг гүнзгий ухаж өгвөл сайн байна?
  • Готов: Эмч нар үзэхдээ цогцосуудыг задлан шинжилж дүгнэлт гаргах хэрэгтэй гэж байна. Ингэж бүрэн дүгнэлт гаргах шаардлага байна уу?
  • Элчин сайд: Та нөхдийн санал ямар байна?
  • Готов: Эмч нар бол цогцост задлан шинжилгээ хийх саналтай. Үүнийг та харгалзан үзэх эсэхээ хэлнэ үү?
  • Элчин сайд: Задлан хийхгүй байх саналтай байна.
  • Готов: Элчин сайдын саналыг зүтэй гэж үзэж байна.
  • Үржиндорж: Задлахгүй байхыг би ч зөвшөөрч байна.
  • Элчин сайд: Манай 2 дугаар нарийн бичгийн даргад өөр санал алга. Дахин яриа гаргахгүй гэв.
  • Готов: Хаана оршуулах талаар Элчин сайд Таны санал юу байна?
  • Элчин сайд: Таныг харахад хаана хялбар дөхөм байна?
  • Санжаа: Миний санахад тэр ногоон өвсний ойролцоо ямар вэ?
  • Элчин сайд: Замд ойрхон оршуулмааргүй байна.
  • Санжаа: Нас барагчдаа тус тусад нь хийж нэг том нүхэнд оршуулах уу?
  • Элчин сайд: Нэг урт нүх ухаж хайрцагт тус бүрд нь хийж оршуулъя.
  • Санжаа: Энд оршуулбал ямар вэ? Элчин сайд Та юу гэж үзэж байна?
  • Элчин сайд: Энд оршуулахыг зөвшөөрч байна. 2 дугаар нарийн бичгийн дарга үлдэж танай хүмүүстэй хамт оролцож ажиллана. Цогцосуудыг нэг эгнээ зэрэгцүүлэн оршуулья. Үзсэн газраасаа цааш зааж, ташуу газар оршуулъя.
  • Элчин сайд: Нэлээд цааш явж байгаад хурандаа Санжаад хандаж: Энэ онгоц яагаад осолд орсон талаар танд ярих юм байна уу? Энэ талаар Танд туршлага мэргэжил бий юу?
  • Санжаа: Одоогоор энэ талаар надад ярих юм алга. Мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байгаад болъё гэжээ.
  • Элчин сайд: Эндээс арай өөр өндөр газар оршуулъя энд болохоор өвс ургаад мэдэгдэхгүй болно гээд цааш машинаар жаахан яваад зогсов.
  • Санжаа: Хэрэв төв замд ойр гэвэл тэр баруун хажууд оршуулж болно гээд баруун талын жижиг толгодыг заав.
  • Элчин сайд: Нар хаанаас гарах вэ?
  • Санжаа: Энд газар хатуу юм.
  • Элчин сайд: Маргааш энд оршуулъя гэвэл ямар вэ?
  • Готов: Энэ газар хоёр дутагдалтай байна. Нэгд: энэ бол төв зам биш хоёр сумын жижиг зааг юм. Хоёрт: Нар тусахгүй газар байна. Манай заншил бол нар тусах газрыг боддог. Нөгөө талаар бидний ирсэн зам бол төв зам юм.
  • Элчин сайд: Яах вэ өөр газар ч болно.
  • Готов: Та өөрөө л мэдэл дээ, таныг энд болно гэвэл оршуулъя.
  • Элчин сайд: Танай заншил болон нөхдийн саналыг харгалзаж болно.
  • Готов: Өнөөдөр газраа ухахаар тогтоё. Та юу гэж бодож байна?
  • Элчин сайд: Зүйтэй. Та нарын саналаар зөвшөөрч байна.

Үүний дараа анхны газраа өөрчлөн онгоц сүйрсэн газрын баруун талын уулын хажууд очив.

  • Санжаа: Энд нар тусдаг, хазгай газар юм.
  • Элчин сайд: Энд болно, зөвшөөрч байна. Энд зураад тэмдэг тавъя.
  • Санжаа: Элчин сайд Та тэмдэглэж өгнө үү гээд, жоотуу өгөв.
  • Элчин сайд: Эндээс гэж хэлээд жоотууг авч, өөрөө газар зурж тэмдэглэж өглөө.
  • Готов: Өнөө шөнө нүхээ бэлэн болгоё. Маргааш эрт ирье. Цогцосыг хайрцагт хийж таглахгүй байлгая гэхэд:
  • Элчин сайд: Эдгээр хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Маргааш өглөө зургийг нь авна. Тэгээд авсан зургаа гэр бүлийнхэнд нь үзүүлэхэд таних болно. Маргааш зураг авсаны дараа хайрцагт хийе.
  • Готов: За тэгэхэд болно. Маргааш ажил саатаж магадгүй. Зарим цогцосыг хирургийн аргаар хайрцагт хийе. Ажил нэлээд байна гэжээ.
  • Элчин сайд: Зураг авсаны дараа хайрцагт хийе?
  • Готов: Манай хүмүүс хайрцгийг бэлтгэнэ. Хүн бүрийн толгойн тус газар хийх 9 ширхэг пайз бэлтгэх хэрэгтэй гэлээ.
  • Элчингийн 2 дугаар нарийн бичгийн дарга: Цэргүүдэд хийх ажил их тул ядрах болно. Иймд жаахан архи өгмөөр байна гэлээ.
  • Санжаа: Цэргүүдэд архи өгч болохгүй. Харин ажилд нь оруулъя.
  • 2 дугаар нарийн бичгийн даргаас цэргүүдийн өмнө очиж хэлэхдээ: Манай хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх явдалд та нөхөд тусалж байгаад бид баярлаж байна гэжээ. Үүгээр Хятадын Элчин сайдын яамны хүмүүстэй яриа өндөрлөж, тэд Өндөрхаан хот орохоор явцгаасан байна.[nb 6]

Ийнхүү хэргийн газарт анх :

   1971.09.13-ний өдөр Монголын Засгийн газрын комисс,
   1971.09.15-ний өглөө ЗХУ-ын Чита мужийн цэргийн тойргийн командлал
   1971.09.15-ны үдээс хойш 16 цагийн орчимд Хятадын элчин сайд хөл тавьсан байна.

Монголын талын нотолгоо

засварлах

БНХАУ-ын 256 номерын нисэх онгоц нь тус улсын нутаг дээр тусгай үүрэг гүйцэтгэн нисч явсныг дараах баримтууд гэрчилнэ. Дээрх онгоц нь радиолокатор, цаг агаарын радар аппарат, радио станцууд, нам өндрийн радио хэмжигч зэрэг орчин үеийн холбоо, дохио, сэргийлэн хамгаалах үүрэгтэй тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Мөн онгоцонд газар нутгийг баримжаалах газрын зургийн багаж хэрэгсэл авч явсан байна. Хэргийн болсон газраас олдсон баримт бичгүүдээс үзэхэд энэ онгоц нь сүүлийн саруудад шөнийн нислэгийг олон удаа хийсэн, хятадын өмнө, хойд, баруун зүүн нутгуудад запас олон буудлуудтай байсан, өөрсдийгөө сэргийлэн хамгаалахтай холбогдсон шифрийн төрөлд багтах таблиц, тайлбарын хамт бичигдсан баримтууд, энэ харилцааны түлхүүрийн аргыг сурахын төлөө хүн бүр сургуулилж байсан тэмдэглэлүүд, цэргийн аэродромын орших районы уртраг, өргөрөг, буух талбайн хэмжээг тэмдэглэсэн зураг, Бээжин Улаанбаатар, Эрхүүгийн хооронд шаардлагатай үед холбоо барих дохионы аргууд бичигдсэн төрөл бүрийн зааврууд, онгоц буух үед үйлчлэх техникийн бүрэлдэхүүн байхгүй аэродромуудад суулт хийж магадгүйгээс экипажийн бүрэлдэхүүнд зарим мэргэжлийн хүмүүс жолоодож явсан, онгоцонд хамгаалах, довтлох зорилгоор хийгдсэн хүйтэн зэвсэг, дуран зэрэг бас байжээ. Энэ онгоцонд 8 эрэгтэй 1 эмэгтэй хүн осолдсон байв.Сүйрсэн онгоцонд сууж яваад нас барсан хүмүүсийн цогцост гадны үзлэг хийсэн байна. Үзлэгийг Хятадын Элчин сайд Сюй Вэнь И, ажилтнуудынхаа хамт ирсний дараа, оршуулах ёслолын өмнө хийжээ. Архивын нотлох баримтанд тэмдэглэснээс буулгавал:

  • 1 дүгээр цогцос: Биеийн хэлбэр хөгжил зөв, ойролцоогоор 170 см өндөртэй, эрэгтэй хүний цогцос. Баруун гараа тохойн үеэр хагас нугалсан, сарвуугаа сарвайлгаж тэнийлгэсэн, зүүн хөлөө өвдгөөрөө ялимгүй өргөсөн байдалтай дээшээ харсан, салтаа, цавь орчимдоо шатсан хувцасны үлдэгдэлтэй, хувцасны материал нь мэдэгдэхгүйгээр шатжээ. Биед нь төмөр аралтай нарийн суран тэлээ тэлээлэгдсэн байна. Толгойн гавал, нүүрний хэсгийг хамарсан ойролцоогоор 20х20х9 см хэмжээтэй, тархины эдийг гэмтээсэн гэмтэлтэй, нүүрний дүрс байдал мэдэгдэхгүй болжээ. Зүүн гарын мөр мултарсан, зүүн гуя, нарийн шилбэ дундуураа хугарсан, хүзүү биеийн ар талд арьсны өнгөц шалбаралттай, бүх биеийн талбайн 70-80 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн байна.
  • 2 дугаар цогцос: Биеийн хэлбэр хөгжил зөв, ойролцоогоор 145 см өндөртэй эрэгтэй хүний цогцос. Зүүн гараа их бие дээрээ тавьсан, зүүн хөлөө баруун хөл дээрээ шилбэ орчмоороо тохсон, баруун гар нь тохойн үеэр дээш нугалагдсан, сарвуу нь тэнийж сарвайсан байдалтай дээш харсан байв. Хувцас нь шатсан, бэлхүүсээр нь баруун ташаандаа гар бууны гэртэй суран бүс бүслээстэй, бууны гэрэнд 2 сумтай магазин үлдсэн, буу байхгүй байлаа. Бүх биеийн талбайн 70-80 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн, толгойн дагзны хэсгээс бусад хэсгийн үс хуйхлагдсан, баруун гарын шууны яс доод хэсгээрээ ил хөндлөн хугарц зөрсөн гэмтэлтэй.
  • 3 дугаар цогцос: Биеийн хэлбэр хөгжил зөв, ойролцоогоор 150 см өндөртэй, эрэгтэй хүний цогцос. Биедээ шатсан хувцасны үлдэгдэл үнстэй, баруун тохой нугалагдаж шуу сарвуу нь дээш өргөгдсөн, зүүн гарыг мөн тохойн үеэр нугалж биеийн дагууд дээш чиглэлээр газарт тавигдсан, баруун хөл өвдгөөрөө яльгүй нугалсан, хоёр хөлөө алцайсан байдалтай дээш харсан цогцос байв. Зүүн гарын бугалга, гуя нь дундуураа хугарсан, баруун шилбэ нь ар талдаа хугарсан, ойролцоогоор бүх биеийн талбайн 90 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн байлаа.
  • 4 дүгээр цогцос: Биеийн хэлбэр хөгжил зөв, ойролцоогоор 170 см өндөртэй, эрэгтэй хүний цогцос. Тэр нь хөл гараа биеийн дагууд доош тэнийлгэж алцайсан байдалтайгаар доош харсан байв. Цогцост хүрэвтэр өнгөтэй хуучин савхин цамц өмсгөөстэй байв. Түүний дотуур хагас шатсан ногоон өнгийн цамц мөн өмсгөөтэй, савхин цамцны дотуур карманд улаан хавтастай хятад үсэгтэй жижиг ном байв. Түүний завсарт Мао Зэдуны фото зураг хийсэн. Энэ номын ар талын хуудсанд Бээжин хотын баруун дүүрэг дэх 3726 дугаар анги 411, 1969-7-12 Куан Чао-юнь гэсэн хятад үг бичээстэй байв. Бүслэхийд нь нарийвтар суран тэлээ тэлээлэгдсэн байв. Баруун гарын бугалга битүү хугарсан, баруун хөлийн шилбэ дундуураа ил хугаралттай. Нүүр цээж хэвлийн арьс язарч урагдсан, ойролцоогоор бүх биеийн талбайн 60 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн.
  • 5 дугаар цогцос: Биеийн хэлбэр хөгжил зөв, ойролцоогоор 180 см орчин өндөртэй эрэгтэй хүний цогцос. Хоёр гар нь тохойн үеэр нугалагдсан, дээш хагас өргөгдсөн, баруун хөлийн өвдөгөөр нугалж ялигүй дээш өргөгдсөн, зүүн өвдөгөөрөө нугалж газарт хүрсэн тус тус байдалтай байв. Цээжний өвч, баруун бугалганд шатсан хувцасны үнстэй, умдаг цавиндаа хагас шатсан бараан өнгийн хувцасны үлдэгдэлтэй, зүүн шилбэний яс дунд хэсгээрээ хугарч ил гарсан. Дагзны хуйх зүүн дээд хэсэгтээ 5х6 см хэмжээтэй урагдсан, ойролцоогоор бүх биеийн талбайн 70 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн байна.
  • 6 дугаар цогцос. Биеийн хэлбэр хөгжил зөв, ойролцоогоор 150 см орчим өндөртэй эрэгтэй хүний цогцос. Тэр нь тохойнхоо үеэр хоёр гараа дээш нугалж өргөсөн, хөлөө алцайж жийсэн байдалтай дээш харсан байв. Цээжин талын хувцас нь хагас шатсан, материал нь мэдэгдэхүйгээр өөрчлөгджээ. Гадна үзлэгээр ясны гэмтэл үгүй. Бүх биеийн талбайн 80 орчим хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн байна.
  • 7 дугаар цогцос: Ойролцоогоор 155 см орчим өндөртэй, биеийн хэлбэр хөгжил зөв, эрэгтэй хүний цогцос. Тэр нь зүүн гараа бие дээрээ тавьсан, баруун гар нь хажуу тийшээ тохойн үеэр хагас нугалсан байдалтай тавигдсан, зүүн хөлөө баруун хөл дээгүүрээ ачсан байдалтай дээш харсан байв. Салтаа орчимд нь шатсан хувцасны үлдэгдэлтэй. Зүүн талын дунд чөмөг дээд хэсгээрээ битүү хугаралттай, ойролцоогоор бүх биеийн талбайн 70 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн.
  • 8 дугаар цогцос: Ойролцоогоор 150 см орчим өндөртэй, биеийн хэлбэр хөгжил зөв эмэгтэй цогцос. Хоёр гарын тохойгоор ялигүй нугарч өргөгдсөн, хоёр хөлөө шулуун жийсэн байдалтай дээш харсан байв. Захаасаа шатсан цайвар өнгийн торгомсог материалаар хийсэн хөхний даруулгатай, өгзгөн дор нь хөх өмдний хэсэгтэй. Баруун зүүн бугалганы яс доод хэсгээрээ тус тус битүү хугарсан, ойролцоогоор бүх биеийн талбайн 60 хувь нь 1-2 дугаар зэргээр түлэгдсэн.
  • 9 дүгээр цогцос: Өндөр нь ойролцоогоор 170 см, биеийн хэлбэр хөгжил зөв, эрэгтэй хүний цогцос, Хоёр гар нь дээш толгой тал руугаа өргөгдсөн, хоёр хөл нь өвдөгөөрөө ялигүй нугарч алцайсан байдалтай дээш харсан байв. Төмөр аралтай нарийн суран өмдний тэлээ тэлээлэгдсэнээс өөр хувцасны зүйл үгүй. Бүх биеийн талбайн 90 хувь орчим нь 1-2-3 дугаар зэргээр түлэгдсэн, хоёр тохойн үенээс эхлэн цээжний арьс, зөөлөн эд нь язарсан, зүүн хөлийн шилбэний яс дундуураа хугарсан гэмтэлтэй.

Ийнхүү үзлэг хийж дууссаны дараа тэдний цогцсыг 1971 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагт онгоц сүйрсэн газраас баруун зүгт 1,1 км зайд нэргүй толгойн зүүн хажууд /зүүн уртрагийн 1110 17’ 40’’ хойд өргөрөгийн 470 41’ 20’’/-д оршуулсан байна. Тэдний цогцосыг нэг нэгээр нь нэг модон авсанд хийж, 1,5 м-ийн гүнтэй, нэг том нүхэнд эгнүүлэн тавьж, овог нэрийг бүгдийг мэдэх тодорхой баримт олдоогүй тул булшин дээр нь 1-9 дугаар бүхий модон пайз хатгажээ. Оршуулгын ажилд: БНМАУ-ын талаас:

бэлтгэл ажил хангасан цэрэг дарга нар байжээ. БНХАУ-ын талаас:

  • 1. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь-И
  • 2. 2 дугаар нарийн бичгийн дарга Сүнь И-Сянь
  • 3. Орчуулагч Шэнь Чин-И
  • 4. Орчуулагч Ван жун Юань нар оролцсон байна.

Ийнхүү 8 эрэгтэй, 1 эмэгтэй тэртээд амь эрсэджээ. Чухам юуны учир энэ 9 хүн эх орноосоо зугатан гарч, бодож төлөвлөснөө хэрэгжүүлж чадалгүй амиа золиослох болсон нь нэн сонин юм. Тэдний дотор нэг эмэгтэй байсан. Түүний цогцсыг нүдээр харсан хүний яриагаар: “уг эмэгтэй ямар ч гэсэн жирийн тариачин яав ч биш. Бүх шүд нь алтадсан, цэнхэр чисчүү өмдний хэсэг үлдсэн байв. 1971 оны үед хятадын дээд зэргийн чисчүүг хэн хүн хэрэглээгүй нь ойлгомжтой” гэж байв. Онгоц сүйрсэн талбайн зүүн урд талд байгаа онгоцны эвдэрсэн хэсэг төмрийн дэргэд 4841583, бууны их бие дээрх гурвалжин зураасны дотор 56, 59 1 гэсэн номертой хоолойдоо 1, магазиндаа 6 сумтай гар буу 1 байжээ. Үүнээс урагш шатсан газрын урд хэсэгт онгоцны гол хэсгийн баруун талд эвдэрсэн 2 моторын үлдэгдэл, Онгоцны шатсан төв хэсгийн хойд талд 10 метрт 02 цаг 27 минутанд зогссон эрэгтэй хүний бугуйн “Шанхай” маркийн цаг, түүнээс урд Улаанбаатарын цагтай таарч яваа 15 цаг 30 минутыг заасан “Хятадад үйлдвэрлэв” гэсэн бичигтэй, хар нүүртэй цаг байсан байна. Онгоцны шатсан төв хэсгийн хойд талд 10 метрт 200142 номертой, бууны их бие дээр байгаа гурвалжин зураас дотор 66, 1965 гэсэн тоо бичигдсэн гар буу 1, түүний дэргэд 1007559 гэсэн номертой, замгандаа гацсан нэг сумтай гар буу 1, мөн 2026383 гэсэн номертой гар буу 1 тус тус байсны дээр анх газар дээр нь очсон хүмүүсээс салхи, галнаас урьдчилан хамгаалж цуглуулж хадгалсан бичиг баримт, схем зураг, “Ардын Чөлөөлөх Армийн 3556 дугаар анги” гэсэн хятад үсэг бүхий бензиний талон, Монгол-Зөвлөлтийн хил залгасан Синьцзяны районы 7 дугаар зураг зэрэг янз бүрийн бичиг баримтууд олджээ. Мөн хятадын мөнгөний янз бүрийн дэвсгэрт 65 юань, 9 хүний хамт авахуулсан гэрэл зураг, “Японд үйлдвэрлэв” гэсэн дуу хураагчийн хальс, түүний хайрцаг дотор “Бээжингээс авч яваа” гэсэн хятад бичиг бүхий цаас, япон маркийн дуу хураагч, цэрэг формын хувцас байжээ. Ардын Чөлөөлөх Армийн 3726 дугаар ангийн албан хаагч Ли Пинь, Линь Ли-гуо нарын гэрэл зураг бүхий үнэмлэхүүд, Онгоцны зогсоолын шугамын жижүүр ба цэргийн харуул хамгаалалтын хүмүүсийн онгоц хүлээлцэж байсан дэвтэр. Энд тэмдэглэснээр онгоцыг хамгийн эцсийн удаа 1971 оны 9 дүгээр сарын 12-ны 06 цагт шугамын жижүүрт хүлээлгэж өгснөөс хойш тэмдэглэл хийгдээгүй байна. Агаарын мэдээлэх албаны зарчим, агаарт хэрэглэх товч үг, зүүн хятадын нислэгийн хэвлэмэл график, Синьцзяны районы нислэгийн газрын зураг, мэдээллийг буулгах хуудас, онгоцны нислэгийн маршрут заасан гар бичмэл, Тайшаны онгоцны буудлын схем, “262” маркийн бага өндрийг хэмжих радиоа станцын техникийн заавар зэрэг техникийн бичиг баримтууд, онгоцны шатахууныг хүлээн авах талоны хэвлэмэл дэвтэр. /Энд сүүлчийн өдөр 3200 литр шатахуун хүлээн авсныг тэмдэглэжээ/. Онгоцны экипажийнхны зарим эд хогшлын зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл /тэнд сүүлчийн удаа онгоцны шатахууныг тэмдэглэх дэвтэр, гар чийдэн, дугуйн даралтын хэмжүүр, гэрлийн ойлтын толь зэрэг 13 нэр төрлийн зүйлсийг хүлээн авсан тухай тэмдэглэсэн/ байв. Нисэгчийн өдрийн ажлын тэмдэглэл, “Онгоцны ажилтан” гэсэн хаяг бүхий тэмдэглэлийн дэвтэр, хүнс, хоол, даавуу материал авах тасалбар талон, галт тэргэнд суух билет, 3726 дугаар ангийн 3 дугаар салааны албан хаагч Тай Чи-лянгийн онгоцны мэргэжлийн хичээлийн дэвтэр болон Ардын Чөлөөлөх Армийн ангийн дугаар, цэргийн албан хаагчдын нэр хаяг, утасны дугаар бичсэн ном, дэвтэр зэрэг зарим хэсэг нь шатсан буюу галд шарлаж хөө тортог болсон баримт материалууд байжээ. Нисэгч нарт зориулсан хэвлэмэл зааварт: “Хятадын агаарын нисэх хүчний 34 дүгээр дивизийн штаб” гэж бичсэн байна. Мөн бензин авах эрхийн талоны дэвтрийн хавтсан дээр “Ардын Чөлөөлөх Армийн 3556 дугаар анги” гэсэн үгтэй, мөн дэвтрийн хуудас бүрд 3726 дугаар анги гэсэн тамга дарагджээ. Онгоцны техникийн үйлчилгээ, ашиглалт, тоног төхөөрөмжтэй холбогдсон заавар, бусад баримт бигүүд нь /Q-код, газрын зургийн тасархай г.м/ ардын чөлөөлөх армийн жанжин штаб буюу нисэх хүчний ерөнхий штабт боловсруулагдсан байсны дээр тамга тэмдэгтэй баримт бичгүүд, экипажийн гишүүдээс олдсон үнэмлэхүүд нь цөм цэргийн ангиудаас олгогдсон. Энэ онгоцноос иргэний агаарын тээврийн онгоцны холбогдолтой албан ёсны бичиг баримт, мөн иргэний байгууллага, хүмүүсийн хоорондын ажил төрлийн болон амины ямар нэг холбогдолтой бичиг баримт олдоогүй гэдэг. Энэ онгоцыг иргэний агаарын тээвэрт зориулалттай байсныг зорчигчдын суудлын ихэнхийг авч цэргийн тусгай хэрэгцээнд зориулан өөрчилж зарим хэрэгслээр нэмэн тоноглосон. Ерийн онгоцонд байдаг нэвтрүүлэгч ба хүлээн авагч янз бүрийн радио станц, бусад аппарат хэрэгслээс гадна түүнийг ЗХУ-д үйлдвэрлэсэн нам өндрийг хэмжигч радио өндөр хэмжигч “РВ-УМ” маркийн багаж болон “ЭКО” маркийн радиолокатораар нэмж тоногложээ. Ялангуяа уул онгоцонд Зөвлөлтийн хийцтэй нам өндөр хэмжигч багаж тавьсан нь түүнийг нам, хэт нам өндрийн нислэгт зориуд бэлтгэж байжээ гэж монгол, оросын шинжээчид нотолсон байдаг. 256 номерын “Трайдент 1-Е” маркийн онгоц нь нисэгчийн онгоц жолоодлогийн алдаанаас болж сүйрсэн гэж доорхи баримтуудаар нотолдог.

  • - Онгоц чиг шулуун нислэгийнхээ үед ойролцогоор цагт 550-600 км хурдтайгаар дугуй, урд хойт далавч, щитки, суултын гэрлийг буулгалгүйгээр газарт хүргэсэн байна.
  • - Онгоц сүйрэх үед түүний бие ангиас тасарч хаягдсан хэлтэрхийнүүд нь 600х100 м талбайг эзэлж байгаа нь тэр онгоц дээрх хурдтайгаар газардсан гэдгийг нотолж байна.
  • - Онгоц дэлбэрсэн, түүнээс гарсан түймэр их талбайг хамаарч удаан хугацаанд үргэлжилсэн нь онгоц сүйрэх үед шатахуун нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжтой хэмжээтэй байсныг нотолж байна.
  • - Онгоц сүйрэх үед түүний хөдөлгүүрүүд нь бүрэн ажилтай, гэмтэлгүй байсан /хөдөлгүүр шатсан буюу эвдэрсэн ул мөр үгүй/

Эдгээр нотолгоонуудаас энэ онгоц ямар нэг аргагүйдсэн шалтгаанаас газарт буусан гэж үзэх үндэсгүй, Линь Бяо буюу түүний багийнхан амиа хорлоогүй нь энэ дүгнэлтээр нотлогдоно.

Сүйрлийн тухай таамаглалууд

засварлах

Улсын аюулаас хамгаалах хорооны Мэдээлэл шинжилгээний газрын дарга асан дэслэгч генерал н.Леонов “Известия” сонинд 1995 онд өгсөн нэгэн ярилцлагдаа: “Хамгийн том оньсого бол цэргийн сайд Линь Бяогийн үхэл юм. Түүний сууж явсан онгоц Бээжингээс хөөрч Монгол улсын нутагт унаж осолдсон. ...Бас нэг таамаглал бол сайдыг ЗХУ руу нисч байхыг мэдсэн түүний бие хамгаалагч онгоцон дотор “гал нээсэн” байж болох юм. Гэвч Маогийн үе залгамжлагч байж болохуйц хүний энэ аялалын гол зорилго ийнхүү хэнд ч мэдэгдэлгүй өнгөрсөн юм” гэжээ. Гэтэл өөр нэг баримтад өгүүлэхдээ: “Хятадын коммунист намын Төв Хороны орлогч дарга, Батлан хамгаалах яамны сайд асан Линь Бяо, түүний гэргий Е Цюнь нар уг онгоцонд сууж яваад амь үрэгдсэнийг тэдний цогцост хийсэн шинжилгээгээр нотолсон байдаг. Тэр бүү хэл маршал Линь Бяогийн толгойн яс одоо ч Москвад “КГБ”-ын байранд хадгалагдаж байгаа гэдэг. Энэ тухай Улсын аюулаас хамгаалах хорооны генерал, цэргийн нэрт эмгэг судлаач В.Томилин, мөрдөн байцаагч генерал А.Загвоздин нар баталдаг байна. Тэд онгоц сүйрсэний дараа хоёр ч удаа тэр газар очсон, оршуулсаны дараа задлан шинжилгээ хийсэн биет төлөөлөгчид ажээ. Бүр Линь Бяогийн толгойг салгаж авсан хүн бол бэлтгэл генерал В.Томилон.[3] / Маршал Линь Бяо, Мао Зэдуны эсрэг хуйвалдаан зохиож тэр нь бүтэлгүй болсон учир ЗХУ-д зугатан очихоор тийнхүү нисч явсныг Зөвлөлтийнхэн хүлээж авбал Зөвлөлт Хятадын харилцаанд нэн их уршиг тарьж болох байсан учир түүний сууж явсан онгоцыг Монголын нутагт буудан унагаж, өөрсдөө нэр цэвэр гарснаар барахгүй, бас хятадын удирдагчдыг ч түвэг бэрхшээлтэй хэрэг явдал, хэл амнаас аварсан гэж өрнөдөд бичсэн гэдэг. Энэ бол Трайдент онгоцны сүйрлийг тайлбарласан нэг шалтгаан. Нөгөө талаас зөвлөлтийнхөн болон монголын талынхан сүйрлийг нотлохдоо онгоц гагцхүү нисэгчийн алдаанаас болж унасан, өөр хөндлөнгийн юу ч нөлөөлөөгүй гэдэг. Хятадлын албаны хүмүүс хожим монголчуудад болон бусад орны хүмүүст хэлэхдээ онгоцыг Монголд буудаж унагасан гэж байсан тэмдэглэл ч бий .”[4] / Трайдент I-E онгоцыг ЗХУ-ын хилийг зөрчүүлэлгүйгээр Чита мужийн Өвөр байгалийн цэргийн тойргоос онгоцыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдийг аваад буцаж эргэж Урьд зүг рүү нисч явахдаа Өндөрхааны орчим Суваргын хөндийд осолдсон тухай ЗХУ-ын Гадаад яамны орлогч сайд Михайл Капица МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамцын гэргийтэй Москвагаас хамт нисч явахдаа ярьсан байдаг. Өөр нэг таамаглал нь Маршал Линь Бяо ямар ч найдваргүй үед амиа золиослох төлөвлөгөө байсан байж болох талтай. Эх орноосоо зугатагсад нь эргэж харих нүүргүй учир нисэгчийг буудаж, онгоцыг удирдлагагүй болгон өөрсдөө унагасан байж болохыг хэргийн газраас олдсон хүйтэн зэвсэг, хоолойдоо гацсан сумтай буу зэргээс харж болно. Юутай ч ХХ зууны тайлагдашгүй оньсого мэт олон дуулиант хэргүүдийн нэг болох Трайдент I-E онгоцны сүйрэлд өртсөн Хятадын маршал Линь Бяо нь тэрбум илүү хүнтэй Их гүрний цэргийн дээд удирдлага төдийгүй, хүйтэн дайны түүхийг бичилцсэн хүн мөн бөгөөд түүний эмгэнэлт хувь заяа Трайдент I-E онгоцтой үхлийн холбоотой байсан юм. Их гүрнүүдийн харилцаан дахь хүйтрэл, Хятадын хөгжлийг 15-20 жилээр хойш татсан “ Маогийн соёлын хувьсгал” удирдагчдын хоорондол үл итгэлцэл, зөрчилдөөн зэрэг дарамт шахалт бүхий хүчин зүйлүүдийн дундаас зугатан гарсан маршал Линь Бяогийн үхэлд ЗХУ, БНХАУ хоёр хүч хавсран оролцсон нь тодорхой юм.

Сүйрлийн тухай мэдэгдэл

засварлах

“ Тухайн үед манай нутагт Хятадын нэгэн онгоц сүйрч, тэр тухай сонинд товч мэдээ нийтлэхээр элчин сайд Сюй Вэнь И-д урьдчилан мэдэгдэхэд тэрбээр талархаж, мэдээ гаргах нь Монголын Засгийн газрын хэрэг, гагцхүү мэдээний агуулга нь хоёр орны харилцааг хэвийн болгох үзэл санаанд харшлахгүй байгаасай гэж хүсч байна гэсэн нь тэр үед анхаарууштай үг байсан юм ” гэж ахмад дипломатч Ж.Ёндон дурсан ярив. Ийнхүү БНМАУ-д хятадын онгоц сүйрсэн тухай товч мэдээ сонинд 1971.09.30-нд нийтлэгдэж, Хятад ард улс байгуулагдсаны ойн өмнө цахилгаан мэдээний агентлагууд дэлхий даяар шуугиан тараасан нь олон жил яригдах дуулиант хэргийн үүсгэл болж одоо хүртэл эцэс төгсгөл нь харагдаагүй байна. 1973 оны 8 дугаар сард хуралдсан Хятадын коммунист намын Х их хурал дээр Маогийнхан “ Намын эсрэг Линь Бяогийн бүлэг”, “ Хувьсгалын эсрэг хуйвалдаан” түүнийг бут цохисон гэх албан мэдээг хэрэг явдал гараад 2 жил болсны дараа цацжээ.Энэ мэдээгээр бол 1970 оны 8 дугаар сард хуралдсан ХКН-ын Төв хорооны 9 дэх удаагийн П бүгд хурал дээр Линь Бяо Төрийн эргэлт хийхийг оролдсон.Мөн 1971 оны 9-р сарын 8-нд зэвсэгт үймэн зохион байгуулж Мао Зэдуны амь насанд халдан, өөрийн Төв хороо бий болгохыг хүсч, хуйвалдаан бүтэлгүй болсны дараа 1971.09.13-нд ЗСБНХУ руу нисч яваад, түүний сууж явсан онгоц БНМАУ-ын нутаг Өндөрхаан орчим унаж сүйрсэн гэжээ. 1974 оны 8-р сарын 24-нд ХКН-ын Х их хурал Төрийн зөвлөийн Ерөнхий сайд Жоу Энь Лай мөнхүү мэдээг илтгэлдээ тэмдэглэсэн байна.

Трайдент I-E онгоцны тухай

засварлах

Англи улсад үйлдвэрлэсэн “Трайдент IE” буюу "Hawker Siddeley Trident" 256 дугаар бүхий онгоц нь БНХАУ-ын агаарын цэргийн нисэх хүчний цэргийн тээврийн онгоц байсан юм. Онгоцны хүндийн жин 61700 кг, талдаа 24 цонхтой, 80 орчим хүний суудалтай “Роллс Ройс Спей” маркийн тийрэлтэт 3 хөдөлгүүртэй, 12000 метрийн өндөрт 45500 кг ачаа, 21780 кг шатахуун агуулан цагт 680 км-ын крейсерийн хурдтай, 4000-5000 км буулгүй нисэх чадалтай. Уг онгоцыг тээврийн аль ч зориулалтаар ашиглаж болох юм. Онгоцон дотор “Стар” маркийн хэт богино долгионы радио хүлээн авагч, “Атом” маркийн цаг уурын радиолокатор, “Марко-6407” маркийн чиглүүлэн дохиологч радио хүлээн авагч, онгоцыг автоматаар жолоодох автопилют, түлшний зарцуулалтыг автоматаар хэмжиж тооцоолон бодох электрон машин, онгоцны эвдрэлийг автоматаар дохиологч аппарат дамжуулагч станцуудтай байжээ. АнглийнХуакер Сидлей авэйшн” гэдэг онгоц үйлдвэрлэх компанид хийж Пакистанд худалдагдсан болох нь бас нотлогдожээ. “Трайдинт IE” маркийн онгоц нь 1965 оны 5 дугаар сарын 12-ноос 1969 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл Пакистаны олон улсын агаарын тээврийн “PIA” компанийн мэдэлд иргэний тээврийн зориулалттай “АР-АТL” дугаартай ашиглагдаж байсан нь атертатуудын схемийн тэмдэглэлээс илэрхий байжээ. Уг онгоцыг 1969 оны сүүлчээр Хятадад худалдагдсан байх гэсэн дүгнэлтэнд хүрсэн. БНХАУ-ын агаарын таних тэмдэг бүхий 256 дугаартай онгоцыг Ардын Чөлөөлөх Армийн цэргийн хэрэгцээнд ашиглаж байсан нь хэргийн газраас олдсон олон тооны эд мөрийн баримт, тэдгээрт хийсэн шинжилгээ судалгаагаар нотлогдсон байна. Уг онг оц сүйрэл болсон урьд өдөр буюу 9 дүгээр сарын 12-ны 06 цагт шөнийн нислэгээс буугаад 3200 литр шатахуун авсан тэмдэглэл олдсон нь хүрэлцээтэй бензинтэй байжээ гэдгийг гэрчилнэ. Тэгэхээр энэ онгоц яах аргагүй цэргийн тээврийн бас дээд дарга нарын хөлөглөдөг суудлын онгоц байсан юм. Энэ бүхнийг нотлох баримт хэргийн газар хүрэлцээтэй байжээ. Уг онгоц ихэвчлэн шөнийн нислэг хийж байжээ. Тухайлбал, 9 дүгээр сарын 2, 6, 7, 8, 9, 10, 12-ны өдрүүдэд оройн 18-21 цагаас өглөөний 6-9 цаг хүртэл шөнийн нислэг хийж байсан хөдөлгөөний бүртгэл байдаг. Трайдент гэдэг нэр нь 3 хөдөлгүүрт гэсэн утгатай бөгөөд Хятадууд түүнийг сэрээтэй, монголчууд 3 салаа шортой зүйрлэдэг. Энэхүү учир битүүлэг үхлийг тээгч Трайдент онгоцны 3 салаа хөдөлгүүрийн нэгийг Өвөр Байгалийн цэргийн тойргийн нисдэг тэрэг ЗХУ-ын Чита муж руу авч одсон нь ямар учиртай юм бол? Хятадын элчин Сюй Вэнь И-г 1971.09.15-ны өглөө товлосон цагтаа хэргийн газар ирэхийг нь саатуулан байж, Зөвлөлтийн цэргийнхэн нөгөө ЗХУ-д үйлдвэрлэсэн нам дор нислэгийн багаж бүхий моторыг салган авч ачиж явжээ. Үдээс хойш нь буюу 1971.09.13-ны 16 цагт ирсэн Хятадын элчин сайдын яамны ажилтнууд нислэг техникийн нарийн мэдлэгтэй хүмүүс биш байсан тул сүйрсэн онгоцыг очиж үзэхдээ нэг мотор нь ор тас алга болсныг анзаараагүй өнгөрсөн билээ. Тэрхүү онгоцны моторт нэмж угсарсан нам дор нислэгийн хэмжүүр багажийг ЗХУ-ын хилээс гадагш гаргадаггүй байсан учир түүнийг хятадын онгоцонд хэрхэн олж тавьсан тухай Москвад дээгүүр түвшинд авч хэлэлцсэн гэж хожим Зөвлөлтийн цэргийнхэн ярьсан байдаг юм. Юу ч гэсэн Зөвлөлтийнхэн Англид үйлдвэрлэсэн Трайдент I-E онгоцны моторыг салган авч явсан нь түүнийг техникийн үүднээс судлахад ашигтай байснаар зогсохгүй, тэрхүү моторт угсраастай байсан зөвлөлтийн хийцтэй багаж хэрэгслийг хамтад нь авч уг хэрэг дэх өөрсдийнхөө оролцооны эд мөрийн баримтыг арилгаж чадсан нь тодорхой байна.

Сонирхолтой баримтууд

засварлах
  • Линь Бяогийн сүйрлийн тухай Монголын талын нотолгоо нь архивын баримт юм.
  • Хувь хүнийхээ хувьд Линь Бяо нь маш их аймхай, гадагшаа гарах, олон хүн бүхий хурал цуглаань оролцохоос байнга зайлсхийдэг. гадагш гарах болохдоо хар тамхины төрлийн сансуурагч хэрэглэдэг байсан тухай түүний охин болон үзлэг хийж байсан Маогийн хувийн эмчийн дурсамжид дурдсан байдаг.
  • Линь бяо нь Иргэний дайн, хятад-Японы дайны жилүүдэд 4 удаа шархадсан байна.
  • Иргэний дайны үед түүнийг хээрийн 4-р армийн командлагч байхад 1948 онд Гоминдааны агент түүний штабт нэвтрэн бие хамгаалагчийг нь устгасан бөгөөд энэ үед Линь Бяо арын өрөөний хаалганы ард нуугдсаныг олж харалгүй зугатсан байна. Тухайн агент нь командлагчийг байгаа гэдгийг ерөөсөө мэдэж, таамаглаагүй болох нь сүүлд мэдэгджээ. Хэрвээ түүнийг тухай үед устгасан бол иргэний дайны явцад шууд нөлөөлөн түүхийн хүрдийг эсрэгээр эргүүлэх боломж үүсэх байсан гэж түүхчид одоо үздэг байна.

1. Алтан аргамж, Монголын элч нарын дурсамж, 1996 он, УБ, хуудас 78-82, 2. Америкийн “ Ю, Эс, Нью” сонин, 1994, 11.01, ¹ 82/228 3. Баабар, Монголын тал дахь үхэл, Шинэ эрин сэтгүүл, 2004.02 сар,хуудас 48-51, 4. Ил товчоо, 1994,¹3 орч.Г.Амар 5. Кулик.Б.Т, “ Советско-Китайский раскол , причины и последствия”, М, 2000 6. Энциклопедия нового Китая , М, 1989

  1. ХКН нь 1919 онд үүссэн бөгөөд албан ёсны үйл ажиллагаа нь 1921 оны 7-р сарын 1-нд Шанхайд болсон анхдугаар Их хурлаар идэвхжсэн. Энэ хуралд ердөө 13 хүн оролцсоны нэг нь Линь Бяо байв.
  2. Энэ нь сонгуулиар биш, удирдах дээд бүлгийнхэн шилж авах замаар удирдлагыг бүрдүүлсэн хэрэг байв.
  3. Хятадын армийн нисэх хүчний командлагч
  4. Хятадын коммунист намын төв хорооны бүрэлдхүүн
  5. Хэргийн газраас олдсон баримт / Хувийн архивын ХН-2, хуудас 2-3/
  6. Ярианы тэмдэглэл, Хувийн архивийн баримт ХН-2, хуудас 6-8,
  1. Баабар, p. 51
  2. Монгол элч нарын дурсамж,Алтан аргамж, 1996, УБ, хуудас 80
  3. орч.Г.Амар,Ил товчоо, 1994, УБ, хуудас 3
  4. Монгол элч нарын дурсамж,Алтан аргамж, 1996, УБ, хуудас 81