Шидишири баатар хунтайж бол Халхын Очирбат Түшээт хаан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн. 1688 онд Оросын эсрэг дайнд цэрэг удирдаж явсан цэргийн зүтгэлтэн.

Шидишири
Баатар хунтайж, Төрийн бэйл
Бүтэн нэрБоржигин Гомбодоржийн Шидишири
Өнгөрсөн огноо1706 он
УдаахДанзандорж
ЭцэгГомбодорж Түшээт хан
ХүүхэдЦэмбэлдорж, Данзандорж, Сандагдорж
Ургийн овогБоржигин

1688 оны Сэлэнгийн шивээг довтолсон нь

засварлах

Оросын хаант улсын 1628 онд Петр Бекетовагийн козак цэргийн отряд Ангар мөрний орчмын буриадуудтай таарчээ. Ингэж Байгал нуур хавийн нутагт үзэгдэх болж, уугуул иргэдийг Орос улсад дагаар оруулахыг тулган шаардаж, эзлэн түрэмгийлж эхэлсэн. Тухайн үед Байгал нуурын баруун талаар Булгад, Эхирэд, Агийн буриад, зүүн эргээр Хори буриад, Табунгууд зэрэг монгол овог аймгууд нутаглаж байсан.

Оросууд 1648 онд Баргужингийн шивээ, 1652 онд Баунтовскийн шивээ, 1653 онд Иргенскийн шивээ, 1658 онд Нерчинскийн шивээ, 1662 онд Кучидский шивээ, 1665 онд Сэлэнгийн шивээ, 1666 онд Үдийн шивээ, 1674 онд Түнхийн шивээ, 1679 онд Сэлэнгэ мөрний баруун цутгал Итанцы голыг түшиглэж Итанцын шивээг тус тус байгуулж, орос иргэдийг олноор нүүлгэн, Халхын Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгуудын хаад ноёдод захирагдаж байсан буриад, хариад, булгад, эхирэд, хамниган нарыг хүчээр эзлэн авч улмаар Халхын хаад ноёдыг Оросын эзэн хаанд дагаар оруулах олон удаагийн элч илгээж байсан нь Халхын хаад ноёдын эсэргүүцэлтэй олон удаа тулгарч байв. Халхын ноёдоос Оросуудын түрэмгий бодлогоо зогсоож, харьяат овог аймгуудийг нь буцааж өгөх, шивээ тосгодоо гаргахыг олон удаа шаардаж, орос руу оргон гарсан зарим ноёд өрхүүдийг нэхэмжлэн буцааж өгөхийг шаардсан захидал илгээж байсан ч, тусыг олоогүй. 1648-1681 он хүртлэх олон удаагийн элч солилцсон харилцаа нь бүтэлгүйтснээр Халхын хаад ноёд цэргийн хүчээр оросуудыг хөөн зайлуулах бодлогодоо шилжсэн.

Шидишири баатар хунтайж ах Чахундоржийн хамтаар Орос улстай олон удаагийн элчин харилцаатай байж, Орост автсан албат харьяатын асуудлыг шийдвэрлэхээр хичээсэн ч, амжилтгүй болсон тул Халхын гурван хаад нийлж, 1687-1688 онд гурван чиглэлээр Оросыг довтлохоор болжээ. Баруун чиглэл нь "...1687 оны эцсээр Хотогойдын Гэндэн дайчингийн хүү Гэлэг ноён хутагтын удирдсан цэргүүд Таван Мундаргын уулсыг даван, Түнхэний шивээг довтолсон боловч цас их унасны улмаас давж чадалгүй буцжээ..."[1] Харин төв хэсгээр 1688 оны эхээр Шидишир баатар хунтайж нь Түшээт хан аймгийн Даш хунтайж, Сэцэн хан аймгийн Цэвдэн эрх тайжийн харьяат тавнангууд отгийн нийлсэн 5000 цэргүүдийг удирдан Сэлэнгийн шивээг бүслэн Хар мөрөн рүү явж байсан Оросын элч Ф.А.Головин, хамгаалж явсан цэргийн замыг таслав. 1688 оны 1 сарын 26 нд Федор Скрипицыний удирдсан бууч цэргийн 300 хүнтэй хороо Сэлэнгийн шивээг довтлоход Шидишир баатарын удирдсан монгол цэрэгтэй тулалдаж, "241 хүнээ шархдуулж, 17 хүнээ алуулж",[2] Үдийн шивээ рүү зугтан оржээ. Монголын талаас 300 гаруй хүний хохиролтойгоор ялсан. Ингээд 2 сарын 29 нд цөөн тооны үхэр буу, галт зэвсэг, галт сумаар Сэлэнгийн шивээг довтолсон ч, бүтэлгүйтэв. Олон удаагийн дайралт нь амжилттай болоогүй тул өлсгөлөнгөөр эзлэн авахаар бүслэн суужээ. Гэтэл Зүүнгарын хаан Галдан бошигт 2 түмэн цэргээр Халхын нутагт цөмрөн довтолсон нь Шидишир баатар хунтайжийг цэргээ авч Олгой нуур луу ухрахад нөлөөлсөн. Оросын эх сурвалжаас үзвэл 1688 оны энэ дайнд Монголын талаас Шидишир баатар хунтайж, Цэвдэн эрх тайж[3], Баран тайж[4], Шибтуй хатанбаатар[5], Мэргэн дайчин тайш, Очир эрх хунтайж[6], Дэбсэрэл чин хунтайж[7], Цэрэнбал тайж[8], Сэцэн ханы Далай хунтайжийн Дайн зайсан нар оролцжээ.[2]

Манж Дай Чин гүрэнд дагаар орсон нь

засварлах
Үндсэн өгүүлэл: Долоннуурын чуулган

Олгой нуурын тулалдаанд Галдан бошогт хаанд ялагдсны дараагаар Халхын ноёд Чин улсад нутагт орж сууж байгаад, дагаар орж 1691 оны Долоннуурын чуулганаар засаг, төрийн бэйл өргөмжлөгдөв. Галдан бошогтийг дарах дайнд оролцсны дараа 1706 онд нас барав.

Үр хүүхэд

засварлах

Шидишири баатар хунтайж нь Цэмбэлдорж, Данзандорж, Сандагдорж гурван хүүтэй. Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, Сүжигт гүнгийн хошуу, (Одоогийн Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн сумд, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумдын нутгууд) засаг ноёдын өвөг дээдэс юм. Ууган хүү Цэмбэлдорж нь Сүжигт гүнгийн хошууны, дунд хүү Данзандорж нь Зоригт вангийн хошууны засаг ноёдын өвөг дээдэс болсон юм.

Данзандоржийн хүү Доржсэвдэн нь Энх Амгалан хааны хүү И чин ван Иньсяний охин Хэхуй хошой гүнж (1714-1731)-тэй гэрлэж, хошой эфү болов. Доржсэвдэнгийн манж гэгээс төрсөн Санжайдорж, түүний хүү Юндэндорж нар нь Хүрээний амбангийн тушаалыг үе улиран хашиж байв.

Холбоотой хуудас

засварлах
  1. Угсаатан судлал. УБ., 2011. Tomus XX. Fasciculus 1-23. Тавнангуудын тухай өгүүлэх нь. т.101
  2. 2.0 2.1 Угсаатан судлал. УБ., 2011. Tomus XX. Fasciculus 1-23. Тавнангуудын тухай өгүүлэх нь.т.102
  3. Шолой сэцэн ханы 8-р хүү Бадмадаш далай хунтайжийн ууган хүү Дамбын хүү
  4. Эрэхий мэргэн ханы хүү Лабдар дархан ноёны хүү
  5. Абтай сайн ханы хүү Шибагудай өлзийт хунтайжийн ач хүү
  6. Абтай сайн ханы хүү Шибагудай өлзийт хунтайжийн ач хүү Даш хунтайжийн хүү
  7. Гомбодорж түшээт ханы хүү Дорж дүүргэгч ноёны хүү
  8. Чахундорж ханы хүү