Шанду (Хятад: 上都; пиньинь: Shàngdū) нь Хубилай хааны Юань гүрний зуны нийслэл байсан бөгөөд хожим Хубилай нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинд шилжүүлжээ. Одоогийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс баруун хойш 28 км-т, Бээжин хотоос хойш 275 км зайд оршино. Нэг тал нь 2,200 м орчим урттай тэг дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн "Гадаад хот", түүний зүүн өмнөд хэсэгт 1,400 м урттай тал бүхий тэг дөрвөлжин хэлбэртэй "Дотоод хот", мөн хааш хаашаа 550 м урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв.

Xanadu (Шанду)

Ид цэцэглэлтийн үедээ 100,000 орчим хүн хотын хэрмийн дотор амьдарч байсан гэдэг. 1369 онд Минь улсын арми хотыг эзэлж, Юан гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр дутаасны дараа галдан шатааснаар хот сөнөжээ.

2002 оноос дахин сэргээх ажил эхэлсэн бөгөөд 2008 оны 3 сард Хятадын засгийн газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад "Юан гүрний дээд нийслэл (Занаду) ба Дунд нийслэл" гэсэн нэрээр бүртгүүлэх хүсэлт гаргаад байгаа[1].

Венецийн аялагч Марко Поло 1275 онд Шандуд ирсэн бөгөөд өөрийн аяллын тэмдэглэлдээ гайхамшигтай хот хэмээн дурьдсан байдаг нь барууны ертөнцөд "Мөрөөдлийн хот Занаду" хэмээх ойлголтыг бий болгожээ.

Гадаад хот

засварлах

Шандугийн гадаад хотын эргэн тойронд шороон хэрмээр хүрээлэгдэж, түүний гадуур усан суваг бүхий далантай. Тус хэрэм нь 3 хаалгатай.

  • Өмнөд хаалгыг Мэндийн хаалга гэнэ. Хятадаар Миндө мэн гэж авиалан нэрлэжээ.[2]
  • Зүүн хаалгыг Наран хаалга гэнэ. Хятадаар Дүнхуа мэн гэнэ.[3]
  • Баруун хаалгыг Саран хаалга гэнэ. Хятадаар Сихуа мэн гэнэ.

Гадаад хотын баруун өмнө, зүүн хойно хоёр нууртай. Тэр нууранд загас жараахай элбэгтэй, урин дулаанд усны шувууд ирдэг ажээ. Нуурын хөвөөгөөр ихэс ноёдын зуслангийн орд өргөө байна. Хүмүүс гадаад хотыг цэцэрлэгийн хот гэдэг билээ.[4] Гадаад хотын зүүн хаалганы орчимд зах зээлтэй. Энд багаж зэмсэг, сав суулга хийх газар, арьс шир хийх, торго даавуу нэхэх газар, төмрийн дарханы газартай, ахуйн бусад бараа таваарыг худалдаж борлуулж байсан. Баруун хаалганы орчимд малын зах төвлөрч байсан. Дан ганц малаас гадна малын гаралтай бүрэн боловсруулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг зарж арилжиж байв. Хотын өмнө хэсгээр байх Шандын голоор зуслангийн өргөө гэрүүд ихтэй байж, айраг ханхалж, дуу хуур эгшиглэж байв. Гадна хотын хойд талд амуу будаа, зэр зэвсэг, алт эрдэнэс хадгалах сан хөмрөгтэй байсан.

Дотоод хот

засварлах

Дотоод хот нь тэгш дөрвөлжин талбайтай, эргэн тойрон 5600 метр. Хэрэм нь шар шороо чулуугаар барьж, хөх тоосгоор гадуур нь өрж барьжээ. Зүүн баруун талдаа тус бүр хоёр хаалгатай, өмнө хойно талдаа тус бүр нэг хаалгатай. Өмнөд хаалганы нэрийг Юй Тянь Мэн гэнэ. Үүгээр зөвхөн эзэн хаан орж, гардаг. Их гудамж нь 25 метр өргөнтэй, бага шиг гудамж нь 15 метр өргөнтэй. Баруун хойно, өмнө талдаа бага тушаалын ноёдын орон сууц бөөгнөрч байв. Дотоод хот дотор дараах хэдэн гол барилга байгууламж байсан.

  1. Их Амгалан харш
  2. Болор ордон (Болор шилэн монгол гэр)
  3. Баясгалан харш
  4. Бугат харш, Буянт хааны байгуулсан харш.
  5. Хулсан ордон
  6. Бор ордон (Эсгий гэр)
  7. Шар ордон (Эсгий гэр)

Холбоотой хуудас

засварлах
  1. http://whc.unesco.org/en/tentativelists/5326/
  2. Ш.Түнсиг. Юань улсын дээд нийслэл Шанду. Хөх хот., 2011 он.т.16, ISBN 978-7-204-05254-7
  3. Ш.Түнсиг. Юань улсын дээд нийслэл Шанду. Хөх хот., 2011 он.т.16, ISBN 978-7-204-05254-7
  4. Ш.Түнсиг. Юань улсын дээд нийслэл Шанду. Хөх хот., 2011 он. т.17, ISBN 978-7-204-05254-7

Цахим холбоос

засварлах