Халимаг (о.т. Халимагууд; халимагаар хальмг - [хальмъг], о.т. хальмгуд, хальмг улс; оросоор калмык, о.т. калмыки; англиар о.т. Kalmyk people, Kalmyks) — Монгол хэл-угсааны, Ойрадын бүлэгт багтдаг, ОХУ-ын харьяа болох монгол ард түмэн, 190 мянга орчим хүнтэй ястан.

   
Халимаг ястан / Хальмг улс



Томоохон хүн амтай улсууд
Хэлнүүд
төрөлх Монгол хэлний Ойрад аялганы халимаг салбар аялга
Шашин
дийлэнх нь Буддын шашин, тэр тусмаа Шарын шашны шүтлэгтэй
Холбоотой угсаатны бүлэг
бусад Монгол угсаатан, тэр дотроо Ойрад
1600-1730 онд Халимаг

17-р зууны эхэнд Торгуудын Хо өрлөг Эрчисийг уруудан баруунш алслаж казах, татар зэрэг олон улс түмэнтэй байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөгөөд газар орныг нь эзлэн сууснаас эхлэсэн 9 хэсэг нүүдэл, 1771 оных гэх мэт Зүүнгар руу буцсан 4 нүүдлийн дараа Ижилийн хөвөөнд хоцорсон нь Халимаг болон үлджээ.[3] Буддын шашны салбар шарын шашныг шүтдэг. Нүүдэлчин боловч одоо нилээд нь хот сууринд амьдрах болжээ. Халимаг хэлний кирилл бичгийн дүрэм ЗХУ-ын үед зохиогдож 1942 оноос кирилл үсэг хэрэглэж эхэлжээ.

1631-ээс 1771 он хүртэл «Ижилийн Ойрадын улс» (Орос: Калмыцкое ханство) тусгаар тогтнож байсан хэдий ч 1771 оноос Оросын Хаант Улсын Астрахань мужийн харьяанд 9 улс болон хуваагдаж оржээ. Хожим 1920 онд ЗХУ, түүний ЗСБНХОУ-ын доор «Халимагийн автономит муж» байгуулагдаж, 1935 онд «Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Халимаг Улс» (1944 онд татан буугдаж, 1957 онд сэргээгдсэн) болсон ба ОХУ байгуулагдахад 1992 оноос Бүгд Найрамдах Халимаг Улс (Республика Калмыкия, Хальмг Таңһч) болжээ. Өдгөө энэхүү Халимаг орны хүн амын 57.4%-ыг 162,740 (Орос дахь бүх халимагийн 88.7%) Халимаг хүн бүрдүүлж байна.

Орос хэлний "калмыки" гэдэг оноосон нэр ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Ойрадыг хэлэх ерөнхий нэр болсноор алс хол ч гэсэндээ Киргиз улсад байгаа 4,188 Сарт халимагийг мөн л калмыки гэж бүртгэдэг хэвээрээ байна. Орост 2010 онд 80,546 хүн Халимаг хэлтэй болохоо мэдүүлсэн нь бүртгэгдсэн 183,372 Халимагийн 43.9%-тай тэнцэнэ.[4]

Нэр засварлах

Халимаг (бур. хальмаг; хал. хальмг) хэмээх нэр бол калмак гэх түрэг (татар, казах г.м), калмык гэх орос үгний хожмын монгол хувилбар юм. Ижил мөрөний Ойрадууд өөрсдийгөө торгууд, дөрвөд г.м-ээр овог аймгийн нэрээр тодорхойлдог байв. Оросууд тэднийг калмык гэдэг болсон нь «үлдсэн», «гээгдсэн» гэсэн утгатай калмак гэх татар тэмдэг нэрээс уламжласныг 1761 онд Оросын түшмэл В.Бакунин бичиж үлдээсэн.[5]

Тархалт засварлах

Халимагууд одоо Астрахань мужид багтсан 10 аймаг, Ойрадын Батут, Хэрэйд, Дөрвөд, Хошууд, Харнууд, Тэлэнгэд овог, ястнууд багтсан ОХУ-ын харъяа 178000 орчим хүн амтай, өөртөө засах эрх бүхий Бүгд Найрамдах Халимаг Улсад амьдарч байна.

Түүх засварлах

Үндсэн өгүүлэл: Халимагийн хант улс

Хо өрлөгөөр ахлуулсан Торгууд, Дөрвөд аймгийнханаас ихэвчлэн бүрдсэн Ойрад нь 1607 онд баруун зүг нүүдэллэн одсон бөгөөд цааш нүүсээр Ижил мөрөнд суурьшиж Халимагийн хант улсыг байгуулжээ. Тэд 1655 онд Оросын хаанд элч илгээн холбоотон нь болжээ. Халимагийн Аюук (1670-1724) I Пётр хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болжээ. Халимагууд Оросын харъяанд байсан жирийн нэгэн жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркийн эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын ханлигийг бут цохиход, 1810-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Наполеон I Бонапарт "хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчидаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ" гэж Оросын хаан I Александрт захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав, баруун Монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австри хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ "Тал нутгийн нөхөр Халимаг" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон язгууртан, ноёд Франц, Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Октябрийн хувьсгалын дараа халимагчууд бие даах зорилгын үүднээс 1917 онд ван Тундутовын удирдлагаар Халимагийн зэвсэгт бослого гаргасан ба зөвлөлтжүүлэх үйл явцын эсрэг 1930-д онд мөн зэвсэгт бослого гарган эсэргүүцэж байсныг Зөвлөлт Холбоот Улс өөрийн Улаан Армийн хүчээр цус урсган хүчээр дарж байжээ.

Л.Гумилевээс ямар ард түмнийг хамгийн их хүндэлдэг гэж асуухад халимаг болон Умард Америкийн индианчууд, учир нь тэд боол болсноос үхсэн нь дээр гэж үздэг гэж хариулжээ. Америкийн сэтгүүлч Анна-Луиза Стронг 1945 онд "Зөвлөлтийн ард түмнүүд" номондоо Берлиний сонингууд халимагуудын хэтэрхий гэмээр эрэлхэг зоригийг онцгойлон бичиж байсан гэжээ.[6]

1943 оны арванхоёрдугаар сард И.Сталины тушаалаар халимагудыг хэлмэгдүүлж үйл олноор нь Сибирь рүү цөлж байжээ. Үүнийг Зөвлөлт засгийг олноороо эсэргүүцсэн, Улаан армийн эсрэг тэмцсэний төлөөх шийтгэлийн арга хэмжээ гэж үздэг байв. Энэхүү албадан цөлөх нь үндэсний хэмжээний сүйрэл болжээ. Цөллөгөөс эхлээд 1946 оны 4-р сар хүртэл 14343 халимагууд суурин амьдарч байжээ. Үүний зэрэгцээ халимагуудын төрөлт туйлын бага байв. 1943-1950 онд цөллөгт байсан 97-98 мянган халимагуудаас 40 мянга гаруй нь нас баржээ. Халимагуудын нийт хохирол нь түүний нийт тооны талаас илүү хувийг эзэлжээ. Халимагийн ард түмнийг цөлж авснаар үндэсний автономийг устгахад хүргэв. 1944 онд Халимагийн Автономит БНУ оршин тогтнохоо больсон. Түүний нутгийг хөрш зэргэлдээх бүс нутгуудын засаг захиргааны харьяанд хэсэгчлэн оруулсан байв. Зөвхөн 1956 онд И.Сталиныг нас барсаны дараа Халимагуудыг цагаатгагдсан байна.

Халимаг овгууд засварлах

 
Халимаг хуримын цуваа. 1880 он

Халимагийн үндсэн угсаатны дэд бүлгүүд байдаг: Баатууд, Дөрвөд, Хойт, Хошууд, Өөлд, Торгууд, Бузаав. Торгууд, Дөрвөдүүд тоон үзүүлэлтээрээ давамгайлж байна. Бузаавчууд бол цөөнх бөгөөд хамгийн оросжсон Халимагт тооцогддог.

Мөн үзэх засварлах

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах

  1. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  2. Хауг В. Демографические тенденции, формирование наций и межэтнические отношения в Киргизии.
  3. На. Сүхбаатар:Дарагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй Халимагууд минь
  4. Перепись-2010
  5. Цит. по: Исторические предпосылки сложения калмыцкой народности // Очерки истории Калмыцкой АССР. Дооктябрьский период. — М.: Наука, 1967.
  6. [1] Лев Гумилев на вопрос: "Какой из народов мира вы уважаете больше всех?" ответил: "Калмыков и Северо-американских индейцев,они предпочитают погибнуть,чем стать рабами..." ... мнение независимой американской журналистки Анны-Луизы Стронг, которая в своей книге «Народы Советского Союза», изданной в 1945 году, писала: «…по странной иронии судьбы первые красноармейцы, упомянутые в берлинской прессе за „сумасшедший героизм“, были калмыки…».