Василий Бакунин
Василий Михайлович Бакунин (1700 онд Оросын Царицын буюу өнөөгийн Волгоград хотод төрж, 1766 онд Москвад нас барсан) – Оросын угсаатан зүйч, дипломат, орчуулагч, халимаг судлалыг үндэслэгч, “Халимаг, тэр дундаа Торгууд үндэстний тухай, тэдний хан, эздийн үйл ажиллагааны тухай” түүхэн өгүүлэл бичсэн хүн.
Намтар
засварлахТэрээр Красный Яр, Царицын дахь хүнсний хангамж хариуцсан ажилтан, комендант Михаил Иванович Бакунины хүү болж 1700 онд төрсөн.
1720 онд Астраханийн амбан захирагч А.П.Волынский түүнийг халимаг хэлний орчуулагчаар томилон ажиллуулжээ. 1722 онд түүнийг Дербентийн аян дайнд халимаг цэргүүдийг ажиглах багийн бүрэлдэхүүнд оруулан илгээжээ. Улмаар 1726 оны 2-р сарын 26-нд Василий Бакунин Оросын засгийн газар Халимагийн хэрэг хариуцсан нарийн бичгийн даргаар томилж өгхийг хүссэн өргөдлөө өгсөн байна. Бакунин халимаг хэл сурсан тул Оросын эзэнт гүрний халимагуудтай харьцах албан ёсны харилцаанд орчуулга хийж чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тэрээр Халимаг улс руу удаа дараа элч төлөөлөгчийн газарт илгээгдэж, Халимагийн ёс заншил, нийгмийн бүтцийг судлах боломжтой байсан юм. Энэхүү ажиглалт, хуримтлуулсан туршлага дээр үндэслэн сүүлд “Халимаг, тэр дундаа Торгууд үндэстний тухай, тэдний хан, эздийн үйл ажиллагааны тухай” номыг 1761 онд бичсэн байна.
Василий Бакунин 1820-иод онд Халимагийн дотоод зөрчил мөргөлдөөнд шууд оролцсон бөгөөд 1725 оны 1-р сарын 28-нд Цэрэндондог ханы сууринд илгээгдэж байжээ. Халимагийн язгууртны дунд В.М.Бакунин өөрийн мэдээлэгчийн сүлжээг бий болгож, тэдний үзэл бодлын талаарх мэдээллийг авдаг байжээ.
1726 онд Бакунин Оросын Гадаад хэргийн коллегийн дэргэд Халимагийн хэрэг эрхлэх нарийн бичгийн даргаар томилогдож Санкт-Петербург руу нүүжээ.
1731 онд тэрээр Чин гүрний элч нарыг Халимагт очиход дагалдаж байсан гэдэг.
1761 оны 6-р сарын 11-нд Дондогдаш хан нас барсны дараа Василий Бакунин Халимагийн ард түмний цаашдын удирдлагын талаар Оросын Гадаад харилцааны коллегид илтгэл тавьсан байна.
1762 онд Халимагийн ард түмнийг хэрхэн засаглах тухай шинэ илтгэл бэлтгэж, түүнийг үндэслэн II Екатерина 1762 оны 8-р сарын 12-ны өдөр захидал бичиж, хааны захирагчид илгээжээ.
Василий Михайлович Бакунин 1766 онд Оросын улсын жинхэнэ зөвлөх цолтой нас баржээ.