Лев Гумилёв
Лев Николаевич Гумилёв (1912 оны 9-р сарын 18-ны өдөр Оросын Санкт-Петербург хотод төрж-1992 оны 6-р сарын 15-ны өдөр Санкт-Петербургт нас барсан)-Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн, зохиолч ба орчуулагч, дорно-дахины судлаач эрдэмтэн ба газар зүйн ухаантан, түүхч, этногинезийн пассионар онолыг үндэслэгч эрдэмтэн, гүн ухаантан. Тэр Оросын алдарт яруу найрагч Анна Ахматова ба Николай Гумилёв нарын цорын ганц хүү юм.
Лев Николаевич Гумилёв Лев Гумилёв | |
---|---|
Төрсөн | Лев Николаевич Гумилев 1912 оны 10 сарын 1 Оросын Хаант Улс, Хааны суурин |
Нас барсан | 1992 оны 6 сарын 12 ОХУ, Санкт-Петербург |
Яс үндэс | Орос |
Үндэстэн | Орос |
Юугаараа алдаршсан | Түүхч-Угсаатны зүй судлаач |
Лев Гумилёв нь Оросын түүхийг үнэн бодитойгоор харуулах, түүний бүрэлдэхэд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэн зөвөөр үнэлэх, Азийн буюу оросуудын хувьд дорнын түүхийг үнэн зөвөөр ойлгуулахын төлөө өөрийн судалгааны ажлыг чиглүүлсэн Оросын түүхч-угсаатны зүй судлаач юм.
Тэрбээр түүхийн бодит үнэнийг хэлж, судалж байсан болон түүний дэвшүүлж ирсэн онолыг ойлгохгүй байсан учир ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины болон түүний дараагийн ЗХУ-ын удирдлагын зүгээс байнгын дарамт шахалтан дор байж, хэлмэгдүүлэлтэд өртөж байсан байна.
Намтар
засварлахЛев Гумилёвын эцэг нь 1921 онд буудуулсан бөгөөд эх яруу найрагч Анна Ахматова нь байнгын цагдалт хяналт, дарамтад байж байгаад мөн хэлмэгдсэн байна. Л.Гумилев ч өөрөө 4 удаа баривчлагдан Зөвлөлтийн ГУЛАГ-т хоригдож байсан байна.
Хүүхэд ахуй насаа эмээгийнхээ Тверь муж дахь Бежецкий суурины Слепнево гацаанд өнгөрүүлсэн байна. Зөвлөлт засгийн он жилүүдэд ивээлээ алдсан хоёр яруу найрагчийн дундаас төрсөн нь Гумилёвын хувьд амаргүй хувь заяаг туулахад хүргэсэн. Амьдралынхаа туршид дөрвөн ч удаа хоригдож байсан нь үүнийг гэрчилнэ. 1933, 1935, 1938, 1949 онд Зөвлөлтийн ГУЛАГ хэмээх улс төрийн хэлмэгдүүлэлтийн газруудад хоригдож байсан юм.
1930 онд дунд сургуулиа төгсөөд их сургуульд суралцах өргөдлөө гаргасан ч түүнийг үзэл суртлын хувьд тэнцэхгүй хэмээн сургахаас татгалзаж байжээ. Ийнхүү Их сургуульд орж сурах хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ тээсээр тэр жилдээ хотын трамвайны удирдах газарт ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Мөн ажлынхаа хажуугаар хөдөлмөрийн биржид бүртгүүлснээр дараа жил нь геологи-хайгуулын хүрээлэнд коллектороор ажиллах болов. Харин 1932 онд Л.Гумилёв Памирыг судлах шинжлэх ухаан-техникийн ажилтнаар томилогджээ. Удалгүй Догарт хайгуулчаар ажиллах болов. Энэ үеэс перс, араб хэлийг шамдангуй сурч, перс хэлний дүрэм зүйг бие даан судалжээ. 1933 онд Крымд-Г.А.Бон-Осмоловскийн экспедицийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллав. Аджи-Кабын палеолитын бууц дээр судалгаа хийхэд гар бие оролцжээ. Лев Гумилёвыг 1933 оны 12 дугаар сарын 10-нд анх удаа баривчлагдаж ямар нэг тайлбаргүй, байцаалт ч авалгүй 9 хоног хориод суллагдсан байна.
Намар нь Ленинградад буцаж ирээд геологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болов. Гэвч Бонч-Осмоловский баривчлагдаж, Гумилёв хүрээлэнгээс хөөгдсөн байна.
Лев Николаевич 1934 оны 6 дугаар сард Ленинградын Их Сургуульд элсэлтийн шалгалт өгч түүхийн факультетын оюутан болж чаджээ, В.В.Струве, Е.В.Тарле, С.И.Ковалев болон түүхийн бусад суутнуудын хичээл лекцийг сонсох завшаан түүнд тохиожээ. Энэ үед түүнийг “Зөвлөлтийн эсрэг үзэлтэй” хэмээн хамт сурч байсан оюутнуудын нууц мэдүүлгээр хоёр дахь удаа баривчилжээ. Харин 1935 онд түүний ээж яруу найрагч Анна Ахматова удирдагч Сталинд шууд хандаж өргөдөл бичсэн нь Л.Н.Гумилёвыг аварсан байна. Энэ үед түүнийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн сулласан ч их сургуулиас нь хөөжээ. Гэлээ гээд тэрээр эрдмийн ажлаа орхисонгүй, Ленинградын Дорно дахины хүрээлэнд байнга очиж, эртний түрэгүүдийн түүхэн сурвалжуудыг бие даан судлах болсон байна. Энэ хугацаанд Л.Гумилёв ядуу, өлсгөлөн амьдарч байжээ. Э.Герштейны 1934 онд бичсэ дурсамжаар "Гумилёв 1931 онд экспедицид солих хувцасгүй шууд байсан хувцастайгаа явсан" гэжээ.
Тэрээр 1935 оны 10 дугаар сарын 23-нд Ленинградад Зөвлөлт засгийн эсрэг яриа гаргасан гэж эхтэй нь суусан П.Пуниний хамт хоёр дахь удаагаа баривчлагдахад эх Анна Ахматова дахин хөөцөлдөж байж 11 дүгээр сарын 4-нд суллалсан гэдэг. Энэ удаа Ленинградын дарга С.Кировын аллагатай холбогдуулан хотын сэхээтнүүдийг олон мянгаар хомроглон баривчлах ажиллагаанд тэд санаандгүй өртсөн гэж найз нөхөд нь үзэж байсан.
1937 онд Ленинградын Их сургуулийн оюутны эрхээ сэргээлгэж Ленинградын ШУА-ийн салбарын хуралдаанд “ҮI-ҮIII зууны үеийн түрэгийн засаг захиргааны тогтолцоо” сэдвээр илтгэл тавьжээ. Харамсалтай нь 1938 оны гуравдугаар сарын 10-ны шөнө “оюутны террорист байгууллагын удирдагч” хэмээн түүнийг “цоллож”, дахин баривчилжээ. Ийнхүү тэрбээр оюутан байх үедээ гурван удаа хэлмэгдэж, хоригдсон байна.
Ленинград Цэргийн тойргийн коллегийн шүүхээс Гумилёвт арван жил хорих ял оноосон аж. Ежовын үед прокурор ялыг өөрчлөхдөө улам бүр хүндрүүлсэн байна. Бараг л цаазаар авахуулахаар болсон Гумилёвт аз дайрч Цагаан тэнгис-Балтын сувгаас /Беломор канал/ Ленинградад шилжүүлж, Ежов халагджээ. Шинэ прокурор хэргийг дахин хянаж ялыг хөнгөвчлөн умард зүг Норильскт шилжүүлсэн байна. Норильск, Норильлагерьт никелийн уурхайд хоригдлоор ажиллах болов. 1943 онд ялын хугацаа дуусч тэр эрх чөлөөтэй болсон байна.
Норильлагерь болон Норильскийн дараа ялаа дууссан тэрээр геологичоор ажиллахаар үлдэв. Бараканд амьдарч асан эрдэмтэн казах болон татаруудтай хөрш болсноор тэдний хэлийг ч хурдан сурав. Өөрөөр хэлбэл түрэг хэлний мэдлэгээ тэнд эзэмшижээ. Ялын хугацаа дуусангуут фронтод явах өргөдлөө өгсөн бөгөөд яг жилийн дараа л түүнд зөвшөөрсөн хариу иржээ.
1944 оны 10 дугаар сарын 13-нд Туруханскийн районы цэргийн хороо Л.Гумилёвыг Улаан армийн эгнээнд татсан байна. Белоруссын нэгдүгээр фронт дээр жагсаалын цэргээс Брест-Литовскаас эхлэн Берлин хүртэл зенит их бууны ангид орж тулалдсан байна. 1945 онд бүх нийтийн цэргийн чөлөөлөлтөөр Ленинградын их сургуульд буцан ирж оюутны ширээнд үргэлжлүүлэн суужээ. 1946 онд шалгалтаа түргэвчилсэн хэлбэрээр өгөөд сургуулиа дүүргээд үүний сацуу аспирантурын шалгалтад мөн тэнцсэн байна.
Намын удирдагч Ждановын “Звезда”, “Ленинград” сэтгүүлүүдийн талаар тавьсан илтгэлийн үеэр Анна Ахматовагийн нэр төрд халдаж харлуулсан явдал хүү Л.Гумилёвыг ч тойрон өнгөрсөнгүй. Хэл амны бай болж, Гумилёвыг аспирантураас нь хөөх шалтгаан болжээ. 1947 онд Ленинградын Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт номын санчаар ажиллаж эхэлсэн байна. Удалгүй хамт олны халуун дотно тодорхойлолт тусламж, дэмжлэгийн ачаар Ленинградын Их сургуульд түүхийн ухааны дэд (Ph.D) докторын зэрэг амжилттай хамгаалжээ.
1948 оны хавар С.И.Руденко багшаар удирдуулсан Алтай дахь “Пазырык” булш дээр хийсэн малтлагын ажлын экспедицид эрдэм шинжилгээний ажилтнаар оржээ. 1949 оны арван нэгдүгээр сарын 7-нд ямар ч шалтгаангүйгээр дахин баривчлагджээ. Удалгүй онц шалтгаангүйгээр 10 жилийн хоригдох ял авч Чурбай-Нуур хэмээх Карагандагийн “Онцгой дэглэмтэй” хорих анги явж, мөн тэндээсээ Междуреченскийн Омск хотын ойролцоох хорих Саяаны анги руу цөлөгджээ.
1956 онд ЗХУКН-ын ХХ дугаар Их хурлын дараа "Хрущёвын дулаарлаар- онц шалтгаангүйгээр хоригдсон” хэмээн цагаатгагдаад Ленинградад буцаж иржээ.
Эрмитажийн захирал М.И.Артомонов түүнийг ажилд авсан байна. Тэрбээр энэ номын санд ажиллах хугацаандаа “Эртний түрэгүүд” (Sh.D) докторын бүтээлээ дуусгасан байна. Докторын зэрэг горилсны дараа Ленинградын Их Сургуулийн ректор, ШУА-ийн сурвалжлагч гишүүн А.Д.Александров түүнийг их сургуулийнхаа дэргэдэх газар зүй судлалын Эрдэм шинжилгээний төвд авч ажиллуулжээ. Тэндээ Гумилёв 1986 онд тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Yүний хамт Гумилёв нь Ленинградын их сургуулийн Түүхийн факультетад олон жил лекц уншиж, оюутнуудад хичээл заажээ. 1974 онд хоёр дахь докторын зэргээ хамгаалсан бөгөөд энэ удаа ВАК энэ бүтээл бол “докторынхоос хол давсан бөгөөд докторын бус ажил байна” хэмээн үзсэнээс батлагдаагүй гэнэ.
Л.Н.Гумилёвын гавьяа зүтгэл нь эрдэм шинжилгээний салбарт ч, сурган хүмүүжүүлэх салбарт ч эрс үгүйгэсэн үйлдлүүдтэй тулгарч байсан. Тэр хэзээ ч төр болон Засгийн газрын шагнал, эрхэм алдар цолыг хүртээгүй ажээ. 1959 онд түүний бүтээлүүд цөөн тоогоор Бүх холбоотын газар зүйн нийгэмлэгийн Ленинградын салбарын сэтгүүлд хэвлэгдэн гарах болжээ. Докторын диссертациа хамгаалсны дараа “Ландшафт ба этнос” өгүүлэл нь “Ленинградын их сургуулийн мэдээ” сэтгүүлд нийтлэгдсэн хойно шинжлэх ухааны удирдах байгууллагууд Л.Н.Гумилёвын нийтлэх эрхийг хориглон хязгаарласан ажээ.
1989 онд Ленинградын Улсын Их Сургуулийн хэвлэлийн газар "Угсаатны нийлэгжилт ба дэлхийн биосфер" (Гумилёвын гол бүтээлүүдийн нэг болсон) номыг хэвлүүлэв. Тэр жилийн намар Гумилёв тархины цус харвалт болжээ.
1990 онд "Дэлхийн угсаатны зүй ба биосфер", "Эртний Орос ба Их Тал" монографиуд (дараа нь А.В. : "Төгсөөд дахин эхлээрэй").
1990 оны 12-р сарын 29-нд тэрээр Оросын Байгалийн Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдов.
1991 онд түүний ном, нийтлэлийн хэвлэгдэх ажил үргэлжилж, радио, телевизээр цуврал лекц зохион байгуулав.
1992 оны 6-р сарын 15-нд хүнд, удаан үргэлжилсэн өвчний дараа Лев Гумилёв нас барж, Санкт-Петербург хотын Александр Невский Лаврагийн Никольское оршуулгын газарт оршуулав.
Монголтой холбоотой баримтууд
засварлахЛ.Н.Гумилёв манай Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Д.Майдар зэрэг эрдэмтэн зохиолч сэтгүүлч, оюутнуудтай байнга холбоотой байж, тэдний зохиол бүтээлийг анхааралтай үзэж, захидлаар санал бодлоо солилцож, ярилцлага өгч байсан юм. Түүний эхнэрийн дурдатгалд “Бид урьдынхаа туйлын муу оромжид суусаар л байлаа. Нэг удаа 1973 оны сүүлээр Монголын томоохон эрдэмтэн академич Бямбын Ренчин Унгараас буцах замдаа Ленинградаар дайрахдаа манайд ирсэн юм. Цэх шулуун нуруутай, урт буурал сахалтай, үндэсний чамин хувцастай энэ ганган өвгөн эрдэмтний гадаад төрх нь гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж байв. Тэгээд ч Ленинградад түүнийг анзаарахгүй байхын аргагүй байсан юм. Түүнийг манайд зочилсоны дараахан манай өрөөг томсгож, тэгэхдээ бүр үнийн зөрүүг төлөхгүйгээр солихыг бидэнд гэнэт санал болгосон юм” гэж талархан дурджээ.
Л.Н.Гумилёв Манай эриний өмнөх III зуунаас манай эриний XҮ зууны үеийг хүртэлх Дундад хийгээд Төв Азийн нүүдэлчдийн түүхийг судлах талаар шинэлэг ажлууд хийжээ. Мөн тухайн бүс нутгийн тухайн цаг үе дэх түүхэн газар зүй-ландшафтын өөрчлөлт хувьсал, Дундад Ази дахь палеэтнографийн хийгээд Төвөд болон Памирын мянган жилийн түүхийн тулгамдсан асуудлуудын талаар шинэ онолуудыг дэвшүүлжээ. Лев Гумилёвын философид Г.В.Вернадскийн түүхэн судалгаа, онолын бүтээлүүд зохих нөлөөг үзүүлснийг Оросын философчид зүй ёсоор үнэлсэн байдаг. Вернадскийн түүхэн судалгааны бүтээлүүд дэх гол концепци нь “Дэлхийн түүхийн үйл явцын гол агуулга нь байгаль нийгмийн харилцан үйл ажиллагаа мөн” гэсэн үзэл санаа мөн юм. Л.Гумилёв пассионарностийн тухай онол хийгээд мөн комплитарностийн феномены талаар шинэ онолуудыг боловсруулж түүний үндсэн дээр Этногезийн Пассионар Онолыг үндэслэсэн, мөн байгалийн шинжлэх ухаанд этнологийн тухай ойлголтыг буй болгосон билээ. Этнолог нь этник системийн үндсэн хүчин зүйл нь болж байлаа. Этнолог нь мөн биосферын амьд бодисын энерги (эрчим хүч)-ийн талаархи Вернадскийн онолын үргэлжлэл болсон.
Лев Гумилёв нь түүх, угсаатны зүйн талаар олон сайхан бүтээл туурвисан. Энэ бүтээлүүдэд түүхэн үнэнийг бодиттойгоор тусгасан байдгаараа тухайн үеийн ЗХУ, одоогийн Оросын монголч болон түүхч эрдэмтдийн үзэл баримтлал, бүтээлээс эрс ялгаатай байдаг онцлогтой.
Бүтээлүүд
засварлахМонгол хэлээр
засварлах- Эртний Орос ба Агуу уудам тал нутаг
- Хар домог
- Биосфер ба этногенез
Орос хэлээр
засварлах- Волшебные папиросы: (Зимняя сказка): Пьеса в стихах // Сов. литература.— 1990.— N 1.— С. 61-72. Написал в Норильском лагере в 1942 году.
- Осенняя сказка. «Посещение Асмодея». Написал в Норильском лагере в 1942 году.
- Хунну.— М.: Изд. восточной литературы, 1960.
- Древние тюрки.— М.: Наука, 1967.— 560с.— М.: Айрис-пресс, 2008.— 560 с.— (Библиотека истории и культуры).— ISBN 978-5-8112-3199-7
- В поисках вымышленного царства.— М.: Товарищество «Клышников — Комаров и К», 1992.— ISBN 5-87495-006-0
- Древняя Русь и Великая Степь.— М.: Мысль, 1992.— М.: Астрель, АСТ, 2004.— ISBN 5-17-026279-5, ISBN 5-271-09769-2
- Древний Тибет.— М.: Ди-дик, 1996.— ISBN 5-87583-022-0
- Открытие Хазарии.— М.: Ди-дик, 1996.— ISBN 5-87583-023-9
- История народа хунну.— М.: Институт Ди-дик, 1997.— М.: АСТ, Люкс, 2004.— ISBN 5-17-026629-4, ISBN 5-9660-0501-X
- Этногенез и биосфера Земли.— АСТ, Астрель, 2005. ISBN 5-17-031811-1, ISBN 5-271-12025-2
- Конец и вновь начало.— М.: АСТ, АСТ Москва, Хранитель, 2007.— ISBN 978-5-17-044877-7, ISBN 978-5-9713-5990-6, ISBN 978-5-9762-3829-9
- Тысячелетие вокруг Каспия.— М.: АСТ, АСТ Москва, Харвест, 2008.— ISBN 978-5-17-051463-2, ISBN 978-5-9713-9145-6, ISBN 978-985-16-6196-7
- Чёрная легенда.— М.: Айрис-пресс, 2008.— (Библиотека истории и культуры).— ISBN 978-5-8112-3377-9
- Хунну. Троецарствие в Китае. Хунны в Китае.— М.: Айрис-пресс, 2008. — 624 с. — (Библиотека истории и культуры). ISBN 978-5-8112-3115-7
- От Руси до России.— М.: Айрис-пресс, 2008.— 320 c.: ил. — (Библиотека истории и культуры).
Дурсгал
засварлах1995 онд Лев Гумилёвын "Оросоос Орос руу" ном нь Вехигийн шагнал хүртсэн бөгөөд 1996 онд ерөнхий боловсролын сургуулийн 8-11 ангийн түүхийн нэмэлт сурах бичиг болгон ашиглахыг зөвлөв. Тэр жилдээ "Эртний Орос ба Их тал" номыг номын танхимаас оны шилдэг номоор шалгаруулав.
2003 онд Бежецк хотын төвд Лев Гумилев, Николай Гумилев, Анна Ахматовова нарын хөшөөг уран барималч Андрей Ковальчук нээжээ.
2005 оны 8-р сард Лев Гумилёвын хөшөөг Казань хотод нээсэн. 1996 онд Астана хотод (Казахстан) улсын тэргүүлэх их сургуулийн нэг болох Евразийн Үндэсний их сургуулийг Гумилёвын нэрэмжит болгосон байна.