Халимагийн хант улс
Халимагийн хант улс (халимаг. Хальмг хана улс) нь 1630 онд Ижил мөрөнд байгуулагдсан халимагийн улс юм. Халимаг XVII—XVIII зуунд Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд байсан.
Халимагийн хаант улс Хальмг хана улс
| |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нийслэл | Аюук ханы ордон (1697–1724) | ||||||||||
Нийтлэг хэл | Ойрад, Орос | ||||||||||
Шашин | Төвөдийн Буддын шашин (Гэлүг, Карма кагью) | ||||||||||
• 1644 онд нас барсан | Хо өрлөг | ||||||||||
• 1669–1724 | Аюук хан | ||||||||||
Түүх | |||||||||||
• Байгуулагдсан | 1630 | ||||||||||
• Оросод эзлэгдсэн | 1771 | ||||||||||
|
Түүх
засварлахОйрад хэт томорсноос болоод бэлчээрийн хүрэлцээ дутагдан Торгуудууд XVII зууны эхээр л шинэ соргог бэлчээрийн эрэлд гарсан нь түүхэн бичиглэлд үлджээ. Тэд Сибирийн нутаг бэлчээрийг хараандаа авч, 1613 онд дөрвөн мянган хүнээс бүрдсэн хайгуулын ангийг Урал гол тийш илгээжээ. Тэд цаашилсаар Алтан Ордын үед хэсэг хугацаанд төр барьж байсан Нохойн удмынхан болох ногайчуудын нутагладаг Ижил мөрөн хүрчээ. Торгуудууд ногайчуудыг нутгаас нь хүчээр шахсан тул цаадуул нь Азовын тэнгис хүрч хорогдоод, хожим нь бас л Алтан Ордын нэг тасархай Крымын хаанаас хамгаалал хүсчээ.
1630 оноос торгуудын толгойлогч Хо өрлөг нутгийн олноо дагуулан Ижил мөрөн тийш нүүв. Ямар шалтгаантай байсан талаар хэд хэдэн янз тайлбар байдаг. Халимагийн хураангуй түүх-д бичсэнээр Дөрвөн Ойрадын самуурал болсонд Торгуудын тайш болсон Хо өрлөг:
Ингэж бие биесээ хядаж албатаа алдаж байхаар алс холын газар одож, харийн улсын хажууд ойрхон хүрч суугаад, тэдэнтэй дайтаж, дайны олз омгоор амь зуусан нь дээр.
Хо өрлөг 1618 онд Каспийн тэнгис тийш тэргүүн ангийн явуулж тэндхийн газар эзэнгүйг мэдсэнээр 1628 онд өөрийн таван түмэн харьяат иргэдээ зургаан хүүгийн хамт дагуулаад тийш нүүдэллэжээ. Тэд эрт урьдын Алтан Ордын задралаас үүссэн Урал голын чанад дахь татааруудыг дайлж дийлээд цаашлан ногай, кипчак нарыг дайлан дагуулсаар 1630 онд Ижил мөрөнд хүрчээ.[1]
Ийнхүү торгуудууд нэгэн үндэстэнтэйгээ шөргөөцөлдөхөөс зайлсхийн нүүснээр Каспийн тэнгис орчмын өргөн уудам нутагт шинэ ноёрхогч болон суурьших нь тэр. Гэхдээ тэд өөрсдийгөө Дөрвөн Ойрадын холбооноос гарсан гэж үзсэнгүй, үргэлж тэдэнтэй холбоотой төдийгүй дотоод үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, заримдаа тодорхойлогч хүчин зүйл нь болсоор ирсэн юм. Ойрадын олон аймгийн хурал чуулганд байнга оролцоно, хүргэн бэр солилцож ураг төрлийн холбоогоо улам бэхжүүлэхэд ихэд анхаарна. Тэд 1640 оны Халх-Ойрадын хэлэлцээнд ч оролцож байсан юм.
Удаа дараа болсон Орос-Түрэгийн, Орос-Крымын аян дайнд газрын дунд нь оршдогийн хувьд ямар нэг хэмжээгээр оролцож байсан ч голдуу төвийг сахиж аль аль талаас нь бэлэг сэлт, амлалт авч байлаа. Хо өрлөгийн гуч Аюук буюу Аюуш 1669 онд Халимагийн тэргүүн хан болсноос хойш тэдний бүс нутагт гүйцэтгэх үүрэг эрс нэмэгджээ. Оросын Эзэн хаан I Пётр шведүүдтэй хорь гаруй жил тэмцэлдэхдээ Аюукаас тусламж гуйжээ. Хоёр хаан уулзахад I Пётр түүнийг 10 мянган цэрэг гаргахыг хүссэн байна. Харин Аюук таван мянган цэрэг бүрэн хангалттай гэжээ.[2] Кавказыг дагуулах оросуудын олон жил үргэлжилсэн дайн байлдаан мөргөлдөөнд халимагуудын гүйцэтгэсэн үүрэг нэн их.[3]
Аюук хан бол Зүүнгарын Хаант Улсын Сэнгэ болон Галдангийн зээнцэр, Цэвээнравдангийн үеэл ах юм. Төвдүүд Гүшээс гадна Сэнгэ, Галдан байтугай Аюукт хүртэл “хаан” цол олгож, зөвхөн Чингис хааны удамд олгодог баримтлалыг хэрэгсэхгүй болгосон нь Аюук ихэд баяжин өглөгийн эзэн болсонтой холбоотой бололтой. Төвдөөс хаан цол хүртсэн Аюуш цаанаа бүх Дөрвөн Ойрадыг өөрийн дор нэгтгэх санаа өвөрлөж байв. Тухайн үед Аюушийн эзэмшилд өмнө этгээдэд Каспийн тэнгис, зүүн талаараа Урал мөрөн, баруун болоод хойд талдаа Ижил мөрөн гэсэн өргөн уудам нутаг хамаарч байв.
Аюуш ханыг үхсэний дараа түүний орыг залгах өрсөлдөөн өрнөв. Хэрүүл үргэлжиллээ. Халимаг нь Оростой вассал харилцаатай болсон тул хааныг нь Санкт-Петербург батламжлах болжээ. Аюушийн хүү Цэрэндондог Халимагийн хаан болохыг оросууд зөвшөөрөв. Гэтэл Аюукийн ач хүү Дондог-Омбо үүнийг яагаад ч зөвшөөрсөнгүй. Тэрээр оросуудтай муудалцахаас болгоомжлон Осман Түрэг рүү явж тэдний хүн болжээ. Удалгүй Орос, Түрэгийн хооронд зөрчил хурцдан дайны байдалд шилжихэд бэлэн боллоо. Халимагт Дондог-Омбын нэр нөлөө их байсан тул Кавказыг түрэгүүдэд алдахаас эмээсэн Оросын эрх баригчид түүнийг хаан болохыг зөвшөөрөв. Дондог-Омбо 1735 онд нутагтаа эргэж ирээд Оросын Эзэн хаанд үнэнч зүтгэнэ гэж тангараг өргөн хаан ширээнд суув. Оросууд зэрэгцээд Цэрэндондог хааныг баривчлан Москвад хүргэлээ.
Дондог-Омбыг үхсний дараа Астраханы амбан захирагч түүний хүүг биш, харин Аюукийн өөр нэг ач хүү Дондогдашийг Халимагийн ханаар заралсан байна. Тэрээр хорин жил хан ширээнд суусан. Харин Дондог-Омбын хүү уур шарандаа ч юмуу, эхийн хамтаар Халимагийг үүрд орхин Санкт Петербург явж үнэн алдартний шашинд оржээ.
Дондогдаш 1761 онд үхэхэд хаан ширээний төлөөх дараагийн том зодоон эхэллээ. Дондогдашийн хүү 17 настай Убашиг Астраханы губернатор шинэ хаанаар зарлангуут Дондог-Омбын өөр нэг ач Цэвэгдорж хүлээн зөвшөөрөхгүйгээ зэрэгцэн зарлав. Ингээд халимагууд хоёр тал болон хэдэн жил үзэлцжээ. Халимагуудын ихэнх нь Убашигийн талд байсан боловч мятрашгүй Цэвэгдорж зарга хийхээр Санкт Петербург оржээ. Гэвч хатан хаан II Екатерина татгалзсан төдийгүй ерөөс Халимагийн ханы эрх мэдлийг багасгаж “Зарга” хэмээх зөвлөл байгуулах, тэнд нь халимагийн бүх овог отгийн төлөөлөгчдийг оролцуулах шийдвэр гаргав. Энэ нь хааны эрх мэдлийг хязгаарласан шийдвэр учир Убашид ч таалагдсанүй.
Энэ үетэй давхцан Манж Чингийн Тэнгэрийн Тэтгэсэн хаан Зүүнгарын хаант улсыг бут ниргэж байлаа. Хядлага явагдаж байсан. Тэндээс Цэрэн тайж өөрийн 10 мянга орчим цэрэг болон барьцааны олзлогсодтой Орос руу зугтан гарчээ. Тэрээр манжийн цэргийн томоохон удирдагчдыг алсан хэрэгтэй тул араас нь Тэнгэрийн Тэтгэсэн хааны цэргүүд нэхэн, Буурын гэрээгээр Орос, Чин улс хоёр оргодол хэрэгтэнг солилцон буцааж өгөх ёстойг сануулсан боловч Цэрэн зүүнгарын харъяат байсан учир энд оростой хийсэн Буурын гэрээнд хамаарахгүй гэж татгалзжээ. Харин торгуудуудын олзолсон цэргүүдийг Чин улсад хүлээлгэж өгсөн байна. Оросын түүх бичлэгт Цэрэнг “Шеаренг” гэж бичсэн байх ба Буурын харуулыг захирсан туслах Ваанжилжав гэгчийн бичигт “Шэрэн тайж” гэсэн байна.[4]
Зүүнгарын хаант улс мөхсөн тухай мэдээ бүхий Цэрэн Халимагт VII Далай лам Галсанжамцын захидалтай ирсэн бололтой. Далай лам халимагуудыг уугуул нутагтаа эргэж ирэхийг уриалжээ. Харин Цэрэн болохоор халимагууд нутагтаа очиж Зүүнгарын хаант улсыг эргэж сэргээх санал тавих боллоо. Цэвэгдорж “Зарга” зөвлөлд сонгогдон Убаши хааны хамгийн дотно зөвлөх болов. Тэрээр “Орос түшмэд та нарыг доромжлон гутааж байна. Оросын төр та нарыг шашиндаа оруулж, тариачин болгох гэж шахаж байна. Ижил, Яик мөрний ай сав козакуудаар дүүрлээ. Хойд нутгаар германчууд битүү суурьшлаа. Удахгүй энд амьдрах аргагүй болно… Цаашдаа боол болох уу, Оросоос явж энэ зовлонгоос ангижрах уу? Далай лам биднийг хоёр жилийн дотор Зүүнгартаа нүүж очоорой гэж айлдсан, энэ хугацаа одоо өндөрлөж байна”.[5]
Хэдэн талаасаа шахуулсан Убаши харьяатаа дагуулан долоон сар нүүхдээ Оросын харьяат казах, хиргис, башкир нартай замдаа тулалдан хэдэн түмэн хүнээ алдсаар долоон сарын дараа далан мянгуулаа Илийн газар хүрэлцэн ирсэн ажгуу. Убаши хааныг дагаж 33 мянган өрх Зүүнгар руу нүүсэн бол, Ижил мөрний нутагт 12 мянган өрх үлджээ. Зүүнгар нүүх их аян тун эрсдэлтэй, бүр гамшигтай өндөрлөсөн. Нийт 170 орчим мянган хүн нүүсэн ч замын бэрхшээл, нутгаараа өнгөрүүлэхгүй гэсэн казахуудын довтолгоон, өлсгөлөн зэргээс болж 85-100 мянган хүн үрэгдсэн гэж ярьдаг.[6] Халимагууд уугуул нутагтаа ирээд шууд Манж Чин улсыг дагасан. Убашигийн хаан цолыг Чин улс хүлээн зөвшөөрөв. Цэвэгдорж чин ван, Цэрэн тайж жүн ван гэх мэтээр нүүдлийг ахалсан ноёдууд цол хэргэмээр шагнуулсан. Торгуудууд өнөөгийн Монгол, Казахстан, Хятадын хил орчмоор нутаг заалган суурьшив.
Хант улс нь ноёноор удирдуулсан улс, улс нь зайсангаа удирдуулсан аймаг, хотонд хуваагддаг байсан. Шүүх тогтолцоо хөгжсөн байсан бөгөөд Шүүх- "зарга" болон шүүгч нарыг "заргачи" гэдэг байжээ. Үндсэн хэл нь монгол хэлний аялгуу болох халимаг хэл байсан, харин оросуудтай хэлмэрчээр дамжуулан харьцдаг байжээ.
Нийгэм
засварлахМосквитийн Орос загалмайн бус шашинтнуудыг хүндэтгэдэггүй юм гэхэд зохицоод амьдардаг байлаа. Дотоод хэрэгт нь ордоггүй. Угсаа гарвалын хувьд ч тэдэнтэйгээ их холилдсон байсан юм. Гэтэл I Пётр хаан Оросын Эзэнт гүрэн байгуулж өөрийгөө царь биш Эзэн хаан гэж зарлав. Европыг шүтэж, Европоос суралцаж, Оросыг Европын нэг хэсэг болгох гэж оролдов. Ийнхүү ази хүмүүс, буддын болон лал шашинтныг зэрлэгүүд, бүдүүлгүүд, хоцрогдсон дагавар ард түмэн гэх үзлийг нийгэмд халдааж эхлэв. Москвитийн үед жирийн байсан зүйлсийг Оросын Эзэнт гүрэн зөвшөөрөхгүй болов. Халимагуудын амьдрал энэ үеэс хүндэрч эхэлсэн юм.[7] Тэднийг шахаж, гадуурхаж, газар нутгийг нь булааж, үнэн алдартны шашинд орохыг уриалан шахаж, нүүдлийн амьдралаасаа татгалзан газар тариалан эрхлэхийг албадах болов. 1761 онд Аюукийн ач Убаши төр барих үед Ижил мөрний сав газар украин, орос, герман хүмүүс үй олноор ирж суурьшиж байв. II Екатерина хатан хааны 1771 оны зарлигаар халимагуудын эзэмшиж буй газар нутаг хэтэрхий том байна хэмээн газрын зураг харж байгаад тэднийг ус бэлчээр хомс элсэрхэг газар руу шахаж Халимагийн хант улсыг буулгах шийдвэр гаргав. Сүүлд 1800 онд оросын I Павел хаан Халимагийн хант улсыг сэргээсэн боловч удалгүй 1803 онд I Александр хаан дахин татан буулгасан байна.
Зургийн цомог
засварлахМөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ “Вестнике № 12” Калмыцкого НИИ языка, литературы и истории. 1975
- ↑ Очиров, А. В. Участие калмыков в войнах (первая треть XVIII - начало XIX в.)
- ↑ Потто, В. А.Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях: в 5 томах. (2-е изд.) (СПб., 1887-1889)
- ↑ Буурын зэргийн харуулыг захирсан туслагч / Ванжилжав, залан Ринчин нарын бичиг (Үндэсний төв архив, М-10, Д-2, хн-379, н.7)
- ↑ Пальмов, Н. Н. Очерк истории калмыцкого народа за время его пребывания в пределах России (Элиста, Калмыцкое книжное издательство, 1992)
- ↑ Очиров, У. Пеньковые недоуздки, на железные ошейники
- ↑ Трифонов, Евгений Халимагууд Орост.Зөвлөлт и Монгол далд түүх (НЭПКО паблишинг 2020) х-420 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-420]