Монгол хэлний язгуур

(Монгол хэлний бүлэг-с чиглүүлэгдэв)

Монгол хэлний язгуур[1] гэдэг нь зүүн болон Төв Азид, тодруулбал Монгол улс, залган орших ОХУ, БНХАУ дахь өөртөө засах орнуудад суух язгуур гарвал нэгтэй ард түмнүүдийн харилцах хэлнүүдийн бүлэг юм. Эдгээр хэлнүүд дүрэм, үг, авиа зэрэг талаар нягт холбоотой бөгөөд эдгээр хэлээр ярилцагчдыг монгол хэлтнүүд гэж нэрлэх нь ч бий.

Монгол хэлний язгуурын тархалт

Ангилал

засварлах

Монгол хэлний язгуур хэлээр дэлхийн бусад хэлнүүдтэй харьцуулахад ярилцагчдын тоо цөөн учир хэл зүйн үүднээс бага судлагдсан хэл олон байх бөгөөд тогтсон ангилал байхгүй. Нилээд үнэмшилтэй ангилалыг доор заав.

Төв буюу Монгол хэл гэх ангилалд Буриад аялга, Монгол улсын аялгад, Өвөр Монголын аялгад, Халимагийг багтаагаагүй Ойрад аялгаг багтаан ойлгох нь түгээмэл.

Монголчуудын баруун анги болох Ойрад ардууд (Монгол улсын баруун аймгууд, БНХАУ-ын Цинхай, Шинжиан, ОХУ-ын Халимагт байх) нь түүхэн үйл явдлуудаар бусад Монголчуудаас алслан холдсоноос хэлний зарим ялгаануудтай учир Ойрад хэл хэмээн үзэх судлаачид бас бий. Ойрд нь Монгол бичгийг дэлгэрүүлсэн Тод бичиг хэрэглэсэн уламжлалтай. Гэхдээ тэднийг Монгол үндэстэн гэж авч үзэн, Ойрад хэлийг Монгол хэлний нэгэн аялга хэмээн ойлгох нь түгээмэл.

Үсэг бичиг

засварлах

Нирун улс дахь монгол хэлний язгуурын хамгийн эртний бичгийн хэл, Брахми үсгээр бичсэн Нирун чулуун хавтанг 2019 онд тайлсан байдаг.

Монгол үндэстэн бичиг үсэгтэй болсон тухай Нууц товчоонд дурьдсанаар 1204 онд Чингис хаан Найман аймгийг бут цохиход Тататунга хэмээх Уйгур хэлтэй бичгийн хүн олзлогдож, Монголчуудад бичиг үсгийн чухлыг ойлгуулснаар үр ач нартаа тэрхүү Уйгур бичгийг сургаснаас эхлэлтэй гэж байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч бичиг үсэгтэй болсон байх магадлал бий. Ямартай ч одоогоор олдсон Монгол хэл дээрх хамгийн эртний бичгийн дурсгал бол 1224 онд босгосон Чингисийн чулуун бичиг юм.

Гэвч Хятадын эд өлгийн зүйл дунд Кидан бичгийн дурсгал байх бөгөөд Кидан хэлийг өвөг Монгол хэлний нэг хэмээн хамааруулдаг тул Киданы чулуун бичээсүүд одоогоор олдсон Монгол хэлтний хамгийн эртний бичиг үсгийн дурсгал болох юм.

13-р зууны сүүлийн хагаст Чингис хааны ач Хубилайн зарлигаар улааны шашны мяндагтан Пагва лам Төвөд үсэгт үндэслэн Дөрвөлжин бичиг зохион Юань гүрэн даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг монгол бичиг нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн Уйгуржин бичиг болно.

17-р зуунд Ойрадын Зая Бандида Ойрад аялгад тохируулан Монгол бичгийг өөрчлөн, Тод үсгийг бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч Орос хэлэнд хэрэглэгдэх Кирилл бичиг дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон зөв бичгийн дүрэм ЗХУ-ын үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ.

Буриад хэл болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.

Гадаад холбоос

засварлах