Самбуугийн Баатарсүх

Самбуугийн Баатарсүх (1948 оны 05-р сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын анхны поп-рок гитар хөгжимчин, хөгжмийн зохиолч. Бага наснаасаа гитар хөгжмийг бие даан тоглож сурсан. 1975-1982 онд ОХУ-ын Уралын Консерваторт (зохиомжийн багш нар Биберган, Вадим Давидович; Кобекин, Владимир Александрович) суралцан, I симфони, "Арван хоёр баярын дуу" кантат бүтээлүүдээрээ дипломоо онц дүнтэй хамгаалж, хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшсэн. Түүний I симфонийг 1982 онд Свердловск хотын Симфони оркестр, 1985 онд манай Улсын Филармонийн Симфони найрал тус тус тоглосон. 1983 онд Чехословак улсын Братислав хотноо Олон Улсын Сонгодог хөгжмийн Наадамд I симфони, "Бамбарууш" төгөлдөр хуурын цикл бүтээлүүдээрээ уригдан оролцжээ.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч
Самбуугийн БААТАРСҮХ
1948 оны 05-р сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн
ТШ (2019), МУУГЗ (2008)
Онцлох бүтээл * Цэнхэр залаа (гитарын гоцлол) * Долоон бурхан (гитарын гоцлол) *Сансрын хөлөг (гитарын гоцлол) * Цэнхэр залаа (ятгын гоцлол) * Нүдэн нуур (дуу) * Цэцгэн зүйрлэл (дуу) *Дөрвөн улирал хоёр амраг (дуу) * "Аялгуу" хийлийн гоцлол * "Алтан ураг" III симфони * "Хүннү" теледуурь * "Монголын нууц товчоо" VII симфони

Тэрээр 1966 онд Монголд анх цахилгаан хөгжмийн хамтлаг "Цахилгаан гитарын чуулга"-ыг МУИС дээр байгуулж, хамтлагийн ахлагч, гоцлол гитарчнаар ажиллан уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Түүний анхны уран бүтээл бол алдарт 'Хашийн улаан гитар' гэгддэг цахилгаан гитар дээр туурвисан, 'ХХ зууны эстрадын шилдэг дуу - 25' өргөмжлөл 2009 онд хүртсэн, бидний сайн мэдэх “Нүдэн нуур” дууны ая билээ. Баатарсүхийн удирдаж байсан МУИС-ийн энэхүү цахилгаан хөгжмийн хамтлаг "Халхын голын ялалт"-ын 30 жилийн ой тохиосон тэр жил Дэлхийн Пролетарийн Их Удирдагч В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулан ЗХУ-ын (хуучнаар) Лениний Комсомолын Төв Хороо, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо хамтран 1969 оны зун ЗХУ-ын Ташкент хотноо зохион байгуулсан "Зөвлөлт-Монгол", "Монгол-Зөвлөлт"-ийн Найрамдалт III фестивальд манай орны бүхий л их, дээд, дунд тусгай мэргэжлийн сургуулиудаас шалгаран эх орныхоо мянга мянган оюутан залуучуудын төлөөлөл болон оролцож урлагийн тоглолтоо хилийн чанадад толилуулж байсан юм. Тус хамтлаг Ташкентын фестивальд Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ", З.Хангалын ая "Өглөөний наран" зэрэг гитарын гоцлолуудаараа оролцохын зэрэгцээ уг наадамд ая дуугаа өргөсөн дуучдынхаа дууг тоглож хөгжимджээ. МУИС-ийн ХЗЭ-ийн хороон дарга Жамцын Бадраа тус хамтлагийн ахлагч Баатарсүхэд "Танай хамтлаг эх орноо төлөөлж гадаад оронд тоглох тул монгол гэх үндэстний нүүр царай болох ёстой" хэмээн Н.Наваан-Юндэнгийн шүлэг Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" дууг гитараар тогло гэсэн тул тэрээр "Соёл-Эрдэнэ" дууны аянд чимэг хийж, анх цахилгаан хөгжимд зориулан найруулж гитарын гоцлол болгож тоглосон байна. "Өглөөний наран" гитарын гоцлолын хувьд бол тус хамтлагийн урын санд хэдийнээ байраа эзэлсэн, тоглогдож ирсэн бүтээл байв. Хангалын энэ ая анх дан аяараа Радиогоор явдаг байгаад "Өвлийн үдэш" нэртэй дуу болсон гэдэг. З.Хангалын ая "Өвлийн үдэш" энэ дууны аян дундуур Баатарсүх чимэг (импровизаци) хийж найруулан гитарын гоцлол болгоод цахилгаан хөгжмийн хамтлагтайгаа тоглодог байжээ. Тэрээр энэ гоцлолыг Ташкентын Фестивальд явж ирээд "Өглөөний наран" нэрээр Радиод бичүүлсэн гэдэг. Тэрээр ноот мэдэхгүй хэдий ч төрөлхийн хөгжмийн сайн сонсголтой, хөгжмийн найруулга (оркестровка буюу аранжировка) сонсголоор сайн хийдэг, мөн гитар хөгжмөөр гоцолж сайн хөгжимддөг байсан зэрэг түүний авьяас чадварыг манай урлаг соёлын зүтгэлтнүүд олж харан 1969 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Мэдээлэл Радио, Зурагт Радиогийн Улсын Хорооны Хөгжмийн Нэвтрүүлгийн Редакцийн “Бигбэнд оркестр”-т (Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга) гоцлол гитарчнаар урьж ажиллуулсан байдаг юм. МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээний ая "Цэнхэр залаа" бол түүний анхны зохиол билээ. Тэрээр энэхүү хөгжмөө зүүдэлж бичсэн хэмээдэг. Өөдрөг хийгээд гэгээлэг "Цэнхэр залаа" хэмээх энэ сайхан аялгуу 1969 оны хавар нэг шөнө түүний зүүдэнд зураглалтайгаа ороод ирсэн гэдэг. Энэхүү аялгууг МРЗРУХ-ны Хөгжмийн Нэвтрүүлгийн Редакцийн хариуцлагатай редактор, хөгжмийн зохиолч УГЗ Төмөрийн Чимэддорж анх ноотолж, ардын урлаг судлагч, яруу найрагч СГЗ Жамцын Бадраа “Цэнхэр залаа” хэмээн нэр өгч, Баатарсүх гитараар гоцолж Монголын Радиогийн биг бэнд оркестрын цахилгаан хөгжмийн хэсэг хөгжимдөн анх гитарын гоцлол болгож тоглосноор "Цэнхэр залаа" гитарын гоцлол 1969 оноос радио, телевизийн эфирт гарчээ. Монгол Улсын Төрийн Дууллын аяыг бичилцсэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, манай 'Зууны манлай хөгжмийн зохиолч' Лувсанжамбын Мөрдорж “Цэнхэр залаа” аялгууг сонсоод “Хөгжим ингэж хүнд хүрч дуу шиг аялагдах нь тун ховор байдаг юм. Билэгийн Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”-аас өөр ингэж хүнд хүрсэн дан хөгжим одоогоор байхгүй байгаа. Чамд баяр хүргэе” гэж өөрийн биеэр хүрч ирэн урам хайрласан гэдэг билээ. АЖ, УГЗ хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэн нэгэнтээ “Цэнхэр залаа” бол Баатарсүхийг “нээсэн” уран бүтээл гэж би боддог. Би энэ аялгууг Билэгийн Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”-тай зүйрлэдэг юм. Энэ аялгуу богинохон атлаа зохиомж, аялгуу, тоглолт хамсраа зэрэг нь зохирсон сайхан бүтээл хэмээжээ. "Цэнхэр залаа"-г анх гарахад олон зохиолч яруу найрагч шүлэг бичиж ирүүлсэн гэдэг. МУСГЗ Загдын Түмэнжаргал ч мөн "Цэцгэн зүйрлэл" дууны шүлгээ анх "Цэнхэр залаа"-д зориулж авчирч байжээ. "Цэнхэр залаа"-г залгуулан Баатарсүхийн "Оддын дуулал" (Долоон бурхан), "Сансрын хөлөг" (Сансрын хүлэг), "Хөгжилтэй залуус" (Торгон утас) зэрэг гитарын гоцлолууд, "Нүдэн нуур", “Сургууль минь баяртай”, “Цэцгэн зүйрлэл” зэрэг дуунууд нь төржээ. Монгол оронд Радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхлүүлсний 35 жилийн ойн баярын өдөр 1969 оны 09-р сарын 01-нд Драмын театрт болсон МРЗРУХ-ны "Цахилгаан хөгжмийн чуулга"-ын нээлтийн тоглолт дээр түүний “Цэнхэр залаа” гитарын гоцлол, "Нүдэн нуур" дуу нь тоглогджээ. МРЗРУХ-ны цахилгаан хөгжмийн чуулга долоо хоногт гурван удаа тоглодог байх үед нэг тоглолт дээр гэхэд “Цэнхэр залаа”-г багадаа гурав дахиулдаг байсан хэмээн Баатарсүх дурссан байдаг. Баатарсүхийг МРЗРУХ-ны “Цахилгаан хөгжмийн чуулга”-д ажиллаж байх үед тус чуулгын урансайхны удирдагч Т.Чимэддорж түүнд цахилгаан хөгжмийн хамтлагийн талаарх өөрийн туршлагаа УАДБЧ дээр шинээр байгуулагдах цахилгаан хөгжмийн хамт олонтой хуваалцаж "Цэнхэр залаа", "Оддын дуулал", "Сансрын хөлөг", "Хөгжилтэй залуус" зэрэг гитарын гоцлолуудаа Радиогийн оркестрын цахилгаан хөгжмийн хэсэг тоглодог шиг тоглуулж сургахыг даалгажээ. Баатарсүх Радио дахь өөрийн үндсэн үүрэгт ажлын хажуугаар тэрхүү цахилгаан хөгжмийн шинэ хамтлагийн залуустай хамтран ажиллаж “Соёл-Эрдэнэ” хамтлагийг анх байгуулагдахад өөрийн уран бүтээл, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан билээ. Тус хамтлагийн ятгач залуусын зүгээс “Цэнхэр залаа” гитарын гоцлолыг тоглож сурахаар сургуулилж байхдаа хөгжмийн зохиолч Баатарсүхэд түүний гитараар (хоёр өөр өнгөн дээр) гоцолж тоглосон хэсгийг гитараар биш ятгаар тоглох' (жич: үүнийг 'гитарт зориулж бичсэн хөгжмийг ятганд зориулан найруулж хөгжимдөх гэдэг байна) санал тавьж, ятга хөгжим гитар шиг өнгө шууд сольж тоглож болдоггүй тул С.Баатарсүхийн 1969 онд хийсэн "Цэнхэр залаа" гитарын гоцлолын анхны эх аранжировка дээр хоёр өөр хөгтэй ятгаар хоёр ятгачин ээлжилж тогложээ. Ийнхүү 1971 онд нээлтийн тоглолтоо хийсэн, манай Зууны манлай, "Алдрын Од"-ын анхны эзэн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн урын сангийн гол бүтээлүүдийн нэг С.Баатарсүхийн ая "Цэнхэр залаа" цахилгаан хөгжимтэй ятгын гоцлол төрсөн түүхтэй. Харин олны хэлж заншсан "Цаг агаарын ая" буюу МҮОНРТ-ийн эфирт цаг агаарын мэдээ гарах бүрт эгшиглэдэг "Цэнхэр залаа" ятгын гоцлолыг МРЗРУХ-ны Хөгжмийн Нэвтрүүлгийн Редакцийн хариуцлагатай редактор, Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч УГЗ Т.Чимэддоржийн өгсөн үүргийн дагуу Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын (одоогийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга) хөгжимчид ятга хөгжимчидтэй хамтран 1972 оны 4-р сарын 23-нд Радиод бичүүлж Монголын Радиогийн Алтан Фондод үлдээжээ.

МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр эгшиглэж буй С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" цахилгаан хөгжимтэй ятгын гоцлолыг тоглосон бүрэлдэхүүн:

  • Бөмбөр - Бямбаагийн Нямбаяр (Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын анхны бөмбөрчин, Б.Нандинцэцэгийн дуулсан "Хаврын урь", М.Янжиндуламын дуулсан "Аавын хайр" дуу зохиосон),
  • Орган - Лунжгайн Батаа (Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгын альто саксафонч, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч, С.Оюуны шүлэг "Мөнгөн шөнө", Ш.Цогтын шүлэг "Үртэй хүн жаргалтай", Ш.Шажинбатын шүлэг "Алтайн хангайн уулс" дуу зохиосон),
  • Басс гитар - Лувсанчойдорын Сэргэлэн (1966-1967 онд МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-д, 1967 оноос Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгад басс гитарчин, орос нэр нь 'Сергей')
  • Ритм гитар - Самбуугийн Баатарсүх ("Цэнхэр залаа" хөгжмийн зохиолч, 1966 оноос МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-д гоцлол гитарчин, 1969 оноос Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгад гоцлол ба хэмнэлт гитарчин),
  • Соло ятга:
    • 'до' мажорын дэвсгэр өнгөн дээр "Цэнхэр залаа"-г ятга хөгжмөөр гоцолж тоглосон - Б.Наранбаатар ("Соёл-Эрдэнэ" чуулга)
    • 'ре' мажорын дэвсгэр өнгөн дээр "Цэнхэр залаа"-г ятга хөгжмөөр гоцолж тоглосон - Б.Эрдэнэхуяг ("Соёл-Эрдэнэ" чуулга)

Түүний удирдсан болон хөгжим тоглож байсан хамтлаг, чуулга, ажилласан газар

засварлах
  • 1963-1966 он Нийслэлийн 5-р дунд сургууль, "Сурагчдын банзан гитарын чуулга", хамтлагийн ахлагч
    • 1964 онд Барилгачдын Соёлын Ордон дээр, 1965 онд Монголын Хүүхдийн Пионерын Ордон (хуучин) дээр байгуулагдсан З.Хангалын удирдаж байсан гитарын дугуйланд хамтлагаараа явж гитарын шинэ барилт (септ аккорд) сурч, шинэ дуу заалгаж байв.
    • 1964-1965 он Барилгачдын Соёлын Ордны дагшаа найрлын албан ёсны тоглолт эхлэх хүртэл тус дагшаа найрлын хөгжимчин, найз З.Хангалын хамт бүжгийн ая тоглож, бүжиг явуулдаг байв. С.Баатарсүх З.Хангал найзаараа бөмбөр тоглохыг заалгаж, З.Хангалыг төгөлдөр хуураа тоглох үед нь бөмбөр дээр сууж, З.Хангалыг бөмбөр дээр суух үед гитар тоглож байв.
  • 1966-1969 он МУИС, "Оюутны цахилгаан гитарын чуулга", хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин
    • 1966-1967 оны хичээлийн жилд 1-р курсийн оюутан байхдаа найз З.Хангалынхаа байгуулсан ХБДуС-ийн багш нараас бүрдсэн дагшаа хөгжимд цахилгаан гитар тоглож байв.
    • 1967-1968 он 013 дугаар ангийн "Байлдагчдын цахилгаан гитарын чуулга", хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин
  • 1969-1972 он Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хорооны Цахилгаан Хөгжмийн Чуулга, гоцлол ба хэмнэлт гитарчин
  • 1972-1974 он Улсын Филармонийн эстрадын “Баянмонгол” чуулга, гоцлол ба хэмнэлт гитарчин
  • 1974-1975 он Эрхүү хот, Их сургуулийн хэлний бэлтгэл, Оюутны “Найрамдал” хамтлаг, хамтлагийн ахлагч, гитарчин
  • 1975-1982 он Свердловск хот, Уралын Консерватор, Оюутны "Найрамдал" хамтлаг, хамтлагийн ахлагч гитарчин
  • 1982-1984 он Говь-Алтай аймгийн Ардын Дуу Бүжгийн "Алтай" Чуулга, урансайхны удирдагч
  • 1985-1986 он Улсын Филармонийн "Баянмонгол" чуулга, хөгжимчин, хөгжмийн зохиолч
  • 1986-1987 он Хүүхэд Залуучуудын "Найрамдал" Парк, хөгжмийн багш, хөгжмийн хамтлагийн удирдагч, найруулагч
  • 1987-1989 он Залуучуудын Соёлын Төв, Залуу Хөгжмийн Зохиолчдын Нэгдлийн эрхлэгч-аргазүйч
  • 1989-1990 он Хүүхэд Залуучуудын Театр, хамтлагийн удирдагч
  • 1990 он - Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, хөгжмийн зохиолч
  • 1991-1992 он Монгол Кино Үйлдвэр, Киноны хөгжмийн редактор

Уран бүтээлийн тухай

засварлах

Тэрээр туурвигч мөн гүйцэтгэгч уран бүтээлч юм. Дуунаас дуурь, дан хөгжмөөс симфони хүртэл бичсэн мэргэжлийн хөгжмийн зохиолч. Өөрийгөө хөгжүүлж хөгжимчин болсон хүн. Хөгжмийн бүхий л төрөл жанраар жигд аялгуу сайтай бичдэг гэж түүнийг үнэлсэн байдаг. Урын сандаа найман зуу гаруй бүтээлтэй. Монголын Радиогийн сан хөмрөгт хоёр зуугаад уран бүтээл нь авагдсан байдаг байна. Радио, телевизийн нэвтрүүлгийн чимэг хөгжим олныг бичиж, гитар хөгжмөөр гоцлон тоглож Радиогийн алтан сан хөмрөгт үлдээжээ.

Түүний тухай МУ-ын Хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав 2012 онд телевизийн нэгэн нэвтрүүлэгт "Ялангуяа энэ ... гитар гэж ... гаднаас орж ирсэн энэ хөгжмийг монголчууд нутагшуулж хэрэглэхэд ... манай Баатарсүхийн бүтээл, зүтгэл ... маш их өндөр байгаа гэж бодно доо. Хөгжмийн их хүнд төрлийн томоохон хэлбэрүүдэд бас амжилт олсон. Манайд ... хөгжмийн томоохон хэлбэрүүдээр хөгжмийн зохиол бичсэн хүмүүс бас тийм ч олон биш байдаг. ... хөгжмийн томоохон хэлбэрүүдийн зовлон жаргалыг мэдэх ... хөгжмийн зохиолчийн нэг. ... Далан таван онд бид хоёр оюутан болж нэг поездонд нэг купенд явж очсон. ... Би болбол бас ч үгүй хөгжмийн сургууль төгсөөд явсан хүн. Баатарсүх бол яг ажиллаж байгаад л Улсын филармонид ажиллаж байсан байх тэр үед, ... практикаар гэх юм уу ... хөгжимд орсон хүн. ... практикийн хүн ... хөгжмийн дээд сургууль тэр өндөр мэргэжил олгодог газар яваад очихоороо ... бас нэлээн хүндрэлтэй байсан байх. ... Төгсөхдөө ... нэгдүгээр симфони бичиж төгссөн. Нэгдүгээр симфонио тоглуулж дипломоо онц хамгаалж байсныг би ... санадаг юм." хэмээсэн байдаг. Мөн "Цэнхэр залаа” гэдэг хөгжмийн хувьд ярихад болбол үнэхээр энэ хөгжмийн онцлог нь тэр монгол аялгуундаа, монгол сэтгэхүйдээ байгаа л гэж боддог гэжээ.

Гитарын гоцлол

засварлах

Зохиож тоглосон

"Цэнхэр залаа" (гитарын гоцлол) 1969 он

"Долоон бурхан" (гитарын гоцлол) 1969 он

"Сансрын хөлөг" (гитарын гоцлол) 1969 он

"Хөгжилтэй залуус" (гитарын гоцлол) 1970 он

"Золжаргал" (гитарын гоцлол) 1970 он

"Залуусын дуу" (гитарын гоцлол) 1971 он

"Цэнхэр залаа" (ятгын гоцлол) 1971/1972 он

"Бахдал баясал" (гитарын гоцлол) 1995 он

"Мөнгөн зүү" (гитарын гоцлол) 1995 он

"Цагаан шөнө" (гитарын гоцлол) 1984/1995 он

"Есөн тахил" (гитарын гоцлол) 1995 он

Хөгжмийн найруулга хийж тоглосон:

З. Хангалын "Өглөөний наран" (гитарын гоцлол)

Ж.Дорждагвын "Соёл-Эрдэнэ" (гитарын гоцлол)

Cover тоглосон:

"Apache" ("The Shadows")

"The God Riders in the Sky" ("The Ventures")

"Уянгалан дуулагч гитар" ("The Shadows"; "Karel Duba"; "Поющие гитары" ВИА)

Жич: С.Баатарсүх гитараар cover гоцолж, Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн УФ-ийн "Баянмонгол" чуулга хөгжимдснөөр Монголын Радиод анх бичигдсэн эдгээр гитарын гоцлолууд нь Англиийн "The Shadows", АНУ-ын "The Ventures", Чехословакийн "Karel Duba", ЗХУ-ын "Поющие гитары" ВИА зэрэг хамтлаг, чуулгын урын санд орж тоглогдож ирсэн бүтээлүүд юм.

Монголын Радиод анх бичигдсэн 1960-аад оны сүүлээр, тухайн цаг үед барууны дуу хөгжим хориотой байсантай холбоотой эдгээр бүтээл монгол нэрээр сонсогчдод хүрсэн байдаг. 1990 оноос цаг үе өөрчлөгдсөн тул эдгээр бүтээл нэрээрээ сонсогчдын хүртээл болдог болсон.

С.Баатарсүх эдгээр хамтлаг чуулга болон Hank Marvin, Karel Duba зэрэг гоцлол гитарчдыг өөрийн орон зайн багш нар хэмээн үздэг хэмээсэн байдаг.

Дээр дурдагсан гоцлолуудын нэг "Уянгалан дуулагч гитар"-ыг С.Баатарсүх 1994 оны 11-р сарын 2-4-нд СТӨ-нд "Цэнхэр залаа-25" бие даасан уран бүтээлийн анхны тоглолт дээрээ cover тоглож үзэгч сонсогчдод толилуулсан. 1996 онд тэрбээр энэхүү гоцлолыг дуу бичлэгийн студид мөн гитараар гоцолж хөгжимдөн бичүүлсэн нь 1997 онд Монголын Радиод авагдаж радиогийн эфирт эгшиглэж (МҮОНР-ийн хөтөлбөр /1-р суваг/ 2015.03.02-2015.03.08, Ням гариг, 08.30 Шедоусын “Уянгалан дуулагч” гитарын гоцлол) иржээ.

Дууны уран бүтээлээс

засварлах

Нүдэн нуур (шүлэг: Ш.Шажинбат)

Сургууль минь баяртай (шүлэг: Ө.Тогоо)

Цэцгэн зүйрлэл (шүлэг: З.Түмэнжаргал)

Дөрвөн улирал хоёр амраг (шүлэг: Д.Батсүрэн)

Учрахын ерөөл (шүлэг: Б.Лхагвасүрэн)

Хувиршгүй гэлээ (шүлэг: С.Оюун)

Өлгийн дуу (шүлэг: Б.Явуухулан)

Халтар манан хөөрөг (шүлэг: З.Түмэнжаргал)

Охин үр (шүлэг: Бя.Энхтуяа)

00 цаг (шүлэг: З.Түмэнжаргал)

Каспер (шүлэг: Б.Нацагдорж)

Цас цагаан охин (шүлэг: Бя.Энхтуяа)

Хүрээ байшин (шүлэг: Л.Дашням)

Бурхан ээж минь дээ (шүлэг: С.Чулуунбаатар)

Зүрхнээ сүмбэрлэх нутаг (шүлэг: Ж.Жаргалсайхан)

Асгарсан хормойтой дээл (шүлэг: Д.Норов)

Хатан хөөрөг (өөрийн шүлэг)

Бусад бүтээлээс

засварлах

Хөгжмийн:

Симфони I, 1980/1982 он

Симфони II, 1988 он

Симфони III ("Алтан ураг", цомнолыг Ц.Чимэддорж), 1990 он

Симфони IV, 1996 он

Симфони V, 1997 он

Симфони VI, 2000 он

Симфони VII ("Монголын нууц товчоо"), 2007 он

"Залуу нас" симфони удиртгал, 1987 он

"Сэрүүн сайхан хангай" симфони найраглал, 1987 он

Симфони бүжиг 1, 2, 1988 он

"Хөгжилтэй зугаалга" симфони удиртгал, 1989 он

Соната - ятга, 1990-1993 он

Соната - шанз, 1990-1993 он

Соната - лимбэ, 1992 он

"Хөх судар", 2001 он

"Субашид" морин хуурын чуулгад 2003 он

"Бамбарууш" ("Медвежонок"), 1979-1980 он

"Аялгуу" (хийлийн гоцлол) 1983/1989 он

"Унага" - төгөлдөр хуур, 1983 он

"Ботго" - төгөлдөр хуур, 1983 он

"Тугал" - төгөлдөр хуур, 1983 он

"Хурга" - төгөлдөр хуур, 1983 он

"Ишиг" - төгөлдөр хуур, 1983 он

Тайз дэлгэцийн:

"Говь-Алтай магтаал" дуу бүжгийн цоморлог (З.Гүнсэн), 1983 он

"Наадам" дуу бүжгийн цоморлог (З.Гүнсэн), 1984 он

"Их найрагчийн нутаг" дуу бүжгийн цоморлог (П.Бадарч), 1990 он

"Хайрын дууль" дуу бүжгийн цомог (С.Батмөнх), 1992 он

"Гүнжийн домог" уран сайхны кино (Ж.Төвсанаа), 1994 он

"Хүннү" теледуурь (Д.Банзрагч), 1997 он

"Хатан бүүвэй" теле хөгжимт кино (Б.Нацагдорж), 1999 он

"Хандармаа" хүрээ дуурь (Б.Дариймаа), 2013 он

"Зөрлөг дээр ургасан сарнай" поп-джаз мюзикл, 2014 он

Дуулаачийн:

"Миний Монгол" кантат (Түүвэр шүлэг), 1978 он

"Арван хоёр баярын дуу" кантат (Д.Батсүрэн), 1982 он

"Алтан соёмбо" магтуу (Д.Содномдорж), 1983 он

"Бид залуучуудын эвлэл" магтуу (Ш.Сүрэнжав), 1988 он

"Найрамдлын зам" магтуу (Ш.Сүрэнжав), 1989 он

"Гийнгоо" найрал дуу - 1, 2, 3 (Д.Пүрэвсүрэн), 1979-1980 он

"Мөнгөн зул" найрал дуу (Ш.Цогт), 1979-1980 он

"Дөрвөн уул" найрал дуу (Ш.Цогт), 1979-1980 он

"Алтан намар" найрал дуу (В.Алзахгүй), 1983 он

"Хос цагаан хун" романс (Д.Батсүрэн), 1979-1980 он

"Цагаан хус" романс (С.Есенин), 1979-1980 он

"Миний ээж" романс (өөрийн шүлэг), 1979-1980 он

Монгол ардын дуу хөгжмийн найруулга (1982-1985 он, Говь-алтай аймаг, АДБ-ийн "Алтай" чуулга): "Булгиар хүрэн цүнх", "Ламба гуай", "Эхийн ерөөл", "Тоохуу нэг гос", "Дөвчин унзад", "Жаахан шарга", "Гандий мод", "Тонжоо", "Хүүш Дамдин", "Найгал гол", "Сэндэр охин", "Могой хээр", "Улаан бууртай тэмээ", "Судгийн ногоо", "Гавалмаа", "Сэрэвгэр хадны зэрэглээ", "Улаан байгаад бор боллоо", "Зүүд", "Цууриа", "Гүүшээн", "Жинстийн гурван салаа", "Улаан буурал морь", "Бяцхан хээр", "Нууцаа хүндэтвэ", "Бөхөөжээ гэлгүй яахав" зэрэг дуу, "Биелгээ", "Елхэндэг", "Хотон", "Баяд", "Торгууд", "Дархад", "Урианхай", "Жороо морь", "Агсал" зэрэг бүжгийн хөгжим

Төрийн дээд шагнал

  • 2000 он, Алтан гадас
  • 2008 он, МУУГЗ
  • 2019 он, Төрийн шагнал (УФ-ийн "Баянмонгол" чуулгын гитар хөгжимчин, хөгжмийн зохиолч)

Салбарын шагнал

  • 1991 он, МХөЗЭХ-ны шагнал (III симфони зэрэг)
  • 1998 он, МҮОНРТ-ийн тэргүүний ажилтан
  • 1998 он, СТА

Бусад

  • 1968 он, БНМАУ-ын Зэвсэгт Хүчний Залуучуудын 3-р их наадмын 1-р зэргийн диплом (Армийн тусгай анги салбаруудын бүсээс байлдагч Баатарсүх нь БНМАУ-ын зэвсэгт хүчний залуучуудын 3-р их наадмын Гоцлол хөгжимд “гитар” хөгжмөөр гоцлон 1-р байр эзэлсэн тул)
  • 1968-1969 оны хичээлийн жил
    • Нийслэлийн дээд тусгай мэргэжлийн сургуулиудын урлагийн уламжлалт үзлэгийн 1-р зэргийн диплом (МУИС-ийн гитарын “хоршил” цөөхүүл нь хөгжмийн төрлийн уралдаанд 1-р байр эзэлсэн тул)
    • Монголын Залуучууд Оюутны 3-р их наадмын мөнгөн медаль, 2-р зэргийн диплом (н.Самбуу овогтой Баатарсүх нь МЗО-ны 3-р их наадамд шалгаран оролцож Мөнгөн медальт байр эзэлсэн тул МЗО-ны 3-р их наадмын 2-р зэргийн дипломоор шагнав.)
    • Нийслэлийн 10 жилийн 5-р дунд сургуулийн МХЗЭ-ийн хорооны баярын бичиг (МУИС-ын оюутны хөнгөн хөгжмийн хамт олонд, Манай үдэшлэгт идэвхтэй оролцож сайхан ая эгшгээрээ хөгжөөн баясгасан явдалд тань талархаж оюутан та нараасаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж дурсгав. 1969-03-15)
  • 1969 оны 6-р сарын 1-9, ЗХУ-ын Ташкент хотноо зохиогдсон Монгол-Зөвлөлтийн залуучууд оюутны найрамдалт III фестиваль (Улсын их сургуулийн, одоогийн МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга", хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Ж.Дорждагвын "Соёл-Эрдэнэ" гитарын гоцлол, З.Хангалын "Өглөөний наран" гитарын гоцлол)
  • 1971 он, МРТУХ-ны Баярын бичиг (Мэдээлэл Радио, Телевизийн ажилд идэвхтэй оролцон, үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж Самбуу овогтой Баатарсүхийг Ардын Хувьсгалын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл Радио, Телевизийн Улсын Хорооны баярын бичгээр шагнав. 1971 оны 7-р сарын 04-ны өдөр, МРТУХ-ны дарга С.Жалан-Аажав); (Жич: "Цэнхэр залаа" Жалан-Аажав даргын үед гитарын гоцлолоороо Радиогийн цаг агаарын мэдээний ая болсон гэж зохиогч С.Баатарсүх хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагууддаа олонтоо дурссан байдаг.)
  • 1973 он, Герман улс, Берлин хот, ДЗО-ны Х их наадамд "Цэнхэр залаа" ятгын гоцлол (Улсын Филармонийн эстрадын "Соёл-Эрдэнэ" чуулга)
  • 1974-1975 оны хичээлийн жил, ЗХУ, Эрхүү хот, талархлын бичиг, (Почетной грамотой награждается студент подготовительного факультета Иркутского государственного университета имени А.А.Жданова Самбуугийн Баторсух за активное участие в общественной жизни. Ректор университета профессор Н.Ф.Лосев)
  • 1980 он, ЗХУ, Бүх Холбоотын хэмжээнд хөгжмийн залуу зохиолчдын дунд зарласан уралдаан, тэргүүн байр, "Миний Монгол" кантат (Уралын консерватор, үндсэн анги, 3-р курс)
  • 1980 он, ЗХУ, Бүх Холбоотын хэмжээнд Москвагийн зуны олимпыг угтаж зарласан хөгжмийн төрлийн уралдаан, тэргүүн шагнал, "Медвежонок" төгөлдөр хуурын бүтээл (С.Баатарсүх Уралын консерваторын үндсэн ангийн 3-р курст суралцаж байв.)
  • 1981 он, Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан Бүх Ард Түмний Урлагийн Их Наадам (манай таван хүн тутмын нэг оролцсон), гадаад дотоодын их дээд тусгай мэргэжлийн сургуульд суралцдаг монгол оюутан залуучуудын урлагийн үзлэг, мөнгөн медаль (Уралын консерватор, оюутан)
  • 1982 он, ЗХУ, Свердловск хот, Уралын Консерватор, талархлын бичиг (Почетная грамота, Награждается тов. Батарсух С., выпускник композиторского факультета УГК за активную работу по руководству ансамбля “Найрамдал” (Дружба). Сердечный привет и наилучшие пожелания в Вашей творческой и общественной деятельности! Комитет ВЛКСМ, ПрофКом, 31 мая 1982 года г.Свердловск)
  • 1983 он, Чехословак улсын Братислав хот, Сонгодог хөгжмийн наадам, 1-р симфони, "Бамбарууш" ("Унага", "Ботго", "Тугал", "Хурга", "Ишиг") төгөлдөр хуурын цикл бүтээл
  • 1984 он, АДБ-ын "Алтай" чуулга улсад түрүүлсэн (уран сайхны удирдагч)
  • 1989 он, Радиогийн урын санг баяжуулах хөгжмийн төрлийн уралдаан, "Аялгуу" хийлийн гоцлол
  • 1993 он, Герман, Бонн хот, Олон улсын сонгодог хөгжмийн симпозиум, "Алтан ураг" III симфони, "Аялгуу" хийлийн гоцлол
  • 1997 он, Пентатоник-97 цом (гоцлол гитарын концерт)
  • 1998 он, "Цэнхэр залаа" тоглолт, Радиогийн бичлэг (С.Баатарсүх, 50 нас)
  • 1999 он, МҮОНТ, С.Баатарсүх оролцсон "Шүтээн" нэвтрүүлэг, (МҮОНР - 65 жил, "Цэнхэр залаа" - 30 жил)
  • 1999 он, "Ирээдүйн одод" тэмцээн, "00" цаг дуу (дуучин: Т.Амина)
  • 2018 он, МУИС-ийн Биеийн Тамирын Тэнхим, Монголын ууган БТТ, 70 жилийн ойн тэмдэг (С.Баатарсүх - 1968 онд улсад үзүүрлэсэн, 1970 онд улсын аварга болсон МУИС-ийн сагсны багийн гишүүн, холбон тоглогч, баруун жигүүрийн довтлогч)
  • 2020 он, МҮОНР, С.Баатарсүхийн тухай "Гитар минь уянгалан дуул" хөрөг нэвтрүүлэг
  • 2021 он, МҮОНР, Дуун увидас, С.Баатарсүхийн хөгжим, Ш.Шажинбатын шүлэг "Нүдэн нуур" дууны тухай
  • 2022 он, МҮОНРТ-ийн 88, 55 жилийн ойд концерт [1:31:55-1:32:35] (Цэнхэр дэлгэцээр дамжуулан С.Баатарсүхэд ойн баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.)
  • 2022 он, МҮОНР, "Охин үр минь" дуун өгүүлэмж (С.Баатарсүхийн хөгжим, Бя.Энхтуяагийн шүлэг "Охин үр" дуу нэвтрүүлгийн фоонно болон эгшиглэв.)