Золжаргал (гитарын гоцлол)

“Золжаргал” гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх зохиожээ. Сагсан бөмбөг тоглох аз жаргалаас нь үүдэж төрсөн, спортод зориулсан, гитар хөгжмөөр туурвисан түүний энэхүү бүтээл нь Монголын цахилгаан хөгжмийн дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг юм. Тэрээр энэ гоцлолоо 1970 онд 22 настай байхдаа зохиож тогложээ.

Гоцлолын нэрний тухай:

Зохиогч гоцлолдоо анх “Энэ юү вэ” гэж нэр өгсөн.

Зохиогчийн найз нөхөд, хамт ажиллагсад харин “Сагсан бөмбөг” гэдэг байжээ.

Гоцлол Монголын Радиод анх “Золжаргал” нэрээр (2'10") бичигдсэн. Жич: "Золжаргал" гитарын гоцлолын Радиогийн эх бичлэгт хэрэглэсэн МРТУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулгын хөгжим хэрэгслийг тус чуулгын 1969 оны 7-р сарын 10-ны өдрийн эфирийн шууд бичлэгээс харах боломжтой. [1] Зохиогч гоцлолоо Герман улсад үйлдвэрлэсэн энэхүү Musima фирмийн De Luxe гитараар гоцолж тоглосон гэдэг.

Зохиогч гоцлолоо "Биг-бит-1", "Биг А", "А dur", "А-dur-квадрат", "Цог золбоо" гэх зэргээр бичиж тэмдэглэж иржээ.

2016 онд “Цэнхэр залаа” цомогт гоцлол “Ми мажор” нэрээр орсон.

2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт “Золжаргал” нэрээр орсон.  

Гоцлолын тухай зохиогчийн дурсамжаас:

Энэ бол миний биг–бит чиглэлийн гоцлолуудын нэг. Би гоцлолоо “Энэ юү вэ” гэдэг, манайхан харин “Сагсан бөмбөг” гэдэг байлаа. Тэдний ингэж хэлсэн нь ч бас учиртай.

Би 1963 оноос эхлэн сургууль, хот дүүрэг, улс бүсийн чанартай сагсан бөмбөгийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцдог байлаа. 1969 оны хавар МУИС-ийн 3-р курсээс Радиод гитарчнаар дуудагдаад очтол эцэг эх, сургууль, ялангуяа МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн зүгээс хүчтэй эсэргүүцсэн. МУИС 1968 онд Сагсан бөмбөгөөр Улсад үзүүрлээд байсан. Радиод очсон ч сагсны тэмцээн болохоор би МУИС-ийн багтаа орж тоглодог байв. 1970 онд МУИС Сагсан бөмбөгөөр Улсын аварга болж, миний "Сагсан бөмбөгийн спортын мастер"-ын болзол хангагдсныг тэр тэмцээний үеэр цагаан хоолойгоор зарласан. Тэгтэл манай багт хожигдож Улсад үзүүрлэсэн баг маань “Радиогийн хүн тэмцээнд орсон байна” гэсэн гомдол гаргаж, МУИС “Энэ бол манай сургуулиас хасалт хийгдээгүй хүн” гэснээр маргаан үүссэн.

Сагсан бөмбөг, гитар хөгжим бол миний хоёр жигүүр байлаа. Заримдаа сагсны тэмцээнээс гараад тоглолтонд шууд орно, тэмцээний үеэр гар хөөснөөс болоод хөгжмөө алдаж тоглож чуулгын уран сайхны удирдагч, удирдаач Төмөрийн Чимэддорж багшдаа зэмлүүлнэ, багш “Нөхөр минь чи нэг бол бөмбөгөө хөө, нэг бол хөгжмөө хөө, аль нэгий нь сонго, бүхэл бүтэн улсын чуулгын гоцлол хөгжимчин хүн ийм байж болохгүй” гэнэ. Ингээд би сагсаа орхиж, гитараа, хөгжмөө сонгосон.

Энэ гоцлол бол сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн спортоос надад үлдсэн мэдрэмж. Сагсны багтаа би холбогч, баруун жигүүрийн довтлогчоор тоглодог байсан. Спортын мастер цол халаасанд минь бий. Сагс тоглох аз жаргал минь энэ гитарын гоцлол гэж хэлж болно.

Жич: 2018 онд NTV телевизийн "Болзоо" нэвтрүүлэгт тэрээр энэ тухай дурссан байдаг. [2] [4:03-4:23]

Мөн түүнийг 2018 онд, Монгол улсын биеийн тамирын ууган тэнхим - МУИС-ийн "Биеийн тамирын тэнхим"-ийн 70 жилийн хүндэтгэлийн арга хэмжээний ойн медаль гардуулах ёслолын ажиллагаан дээр "1970 оны Сагсан бөмбөгийн Улсын аварга, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Самбуугийн Баатарсүх ойн медалиа авна уу" хэмээн дуудсан гэдэг.

Гоцлолыг тоглосон хамтлаг чуулга, гоцлол гитарчид:

1.  Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга, 1970 оноос зохиогч С.Баатарсүх, 1974 оноос Бадамдоржийн Ганбат болон тус чуулгын үе үеийн гоцлол ба хэмнэлт гитарчид

2.  Соёлын Яамны харъяа Улсын ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх цахилгаан хөгжмийн "Соёл-Эрдэнэ" чуулга, гоцлол гитарчин Дэмчигдоржийн Галсанбат (1971-1992)

3.  Монгол улсын цахилгаан хөгжмийн бусад хамтлаг, гоцлол гитарчид

Сонсох:

Зохиогчийн тоглосон гоцлолыг сонсох:

SoundCloud, Dundgol Records, Золжаргал - С.Баатарсүх, 2020-11-26 [3]

Cover гоцлол сонсох:

YouTube, Төрийн Соёрхолт HARANGA, тус хамтлагийнхан гоцлолын хэсгээс тоглосныг сонсох, 2019-12-30 [4] [3:41-3:54]