Нүдэн нуур (дуу)
"Нүдэн нуур" дуу 1969 онд зохиогдсон. Энэхүү дууны аяыг Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх зохиож шүлгийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, зохиолч яруу найрагч Шоовойн Шажинбат бичжээ. Дууг Магваны Бямбадорж анх дуулжээ.
Энэ дуу, ая нь түрүүлж гарсан, аяа сонсож яруу найрагч нь шүлгээ бичсэн, төрөлхийн өвөрмөц өтгөн хоолойтой уран сайханчийн дуулснаар сонсогчдод хүрсэн зэрэг онцлогтой.
Наймны зургаа хэмжээтэй эгшиглэж дуулагддаг энэ дуу манай хөгжмийн урлаг, тэр дундаа эстрад урлагтаа мэргэжлийн, сонгодог дуунуудын анхдагчдын нэг болсон байдаг байна.
С.Баатарсүхийн хөгжим, Ш.Шажинбатын шүлэг “Нүдэн нуур” дуу анх зохиогдож дуулагдснаасаа хойш дөчин жилийн дараа 2009 онд “25 дугаар суваг телевиз”, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран үзэгч сонсогчдын дунд зохион байгуулсан санал асуулгаар “ХХ зууны эстрадын шилдэг дуу – 25” өргөмжлөл хүртжээ.
Ая төрсөн тухай зохиогчийн дурсамж
засварлахЭнэ бол миний анхны ая. МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-д (1966-1969) тоглож байхдаа би энэ аяа дан аяар нь гитараар гоцолж тоглодог байсан. Үдэшлэг дээр энэ аянд оюутнууд ихэвчлэн хосын бүжиг бүжиглэдэг, "хосын бүжгийн ая" гэдэг байсан.
Энэ ая Хашийн улаан гитар дээр зохиогдсон юм. Хаш тэр гитарыг Герман явахдаа авчирсан, брэндийн ориг цахилгаан гитар байсан. Тэр үед бид банзан гитарт звукосниматель суулгаж гар хийцийн цахилгаан гитар босгож, тэрийгээ киноны өсгөгчид залгаж тоглодог байсан үе. Хаш тэр гитараа намайг тогло гээд өгөхөд нь би өөрийнхөө тоглодог бүх аяа нөгөө гайхамшигтай гоё гитараар ханатлаа тоглох гээд сургууль дээрээ ганцаараа үлдсэн тэр шөнө энэ ая надад анх сонсогдсон. Тэгж Хашийн улаан гитар дээр анх эгшиглэсэн ая байгаа юм.
Энэ аялгуу цаанаасаа л наймны зургаа хэмжээтэй надад анх сонсогдсон юм билээ. Тэр үед би ноот уншиж, бичиж мэддэггүй, хөгжмийн талын нарийн ойлголтгүй байсан. Харин өөрт таалагдсан ая, аялгууг ганц сонсоод тогтоох, тогтоосон аяа аманхуур, гитараар (соло) тоглох, дууны аянд чимэг (импровизаци) хийж найруулж тоглох зэрэг дадал бол надад эрт суусан байсан.
Тийм болоод өөр дотор, чихэн дотор сонсогдсон аяа гитар дээр тэгж оруулсан байх гэж бодогддог.
Дуу төрсөн тухай хөгжмийн зохиолчийн дурсамж
засварлах1969 оны хавар би Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны цахилгаан хөгжмийн чуулгад гоцлол гитарчнаар дуудагдаж очоод удаагүй байсан үе, энэ аяа тоглохоор нэг ах орж ирж сууж сонсчихоод гараад явчихдаг байсан. Тэгтэл тэр хүн "Элс цас" романы зохиогч, шүлгийн их мастеруудын нэг, аялгуунд маш сайн бичдэг Ш.Шажинбат гуай байсан юм билээ. Шажинбат гуай нэг өдөр надад “Нүдэн нуур” гэсэн нэртэй шүлэг үзүүлж "Энийг нэг хардаа" гэхэд нь хартал дээр нь миний нэрийг тавьчихсан байлаа. Тэр шүлэг нь Ш.Шажинбат гуайн сонсоод байдаг байсан нөгөө аянд яг таарсан. Тэгж оюутан цагийн "хосын бүжгийн ая" маань миний анхны дуу болсон түүхтэй.
Нүдэн нуурын тухай
засварлахГовь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт Алтайн нурууны алдарт даваануудын нэг Тамчийн давааны ард, далайн төвшнөөс дээш 3000 гаруй метрийн өндөрт өргөгдсөн Бүс хайрхан хэмээх сүрлэг сайхан уул байдаг. Тэрхүү Бүс хайрхан уулын зүүн хойд суганд далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт Нүдэнгийн даваан дээр байдаг холбоо хоёр нуурыг нутгийнхан “Нүдэн нуур” гэж нэрлэдэг. "Аварга могойн нүднээс нэгэн уулын орой дээр дуссан хоёр дусал нулимс нуур болон тогтсон" гэсэн домогтой.
Дуу сонсох
засварлахДуучин М.Бямбадорж:
- МҮОНР, С.Баатарсүхийн хөгжим, Ш.Шажинбатын шүлэг "Нүдэн нуур" дуу, дуучин М.Бямбадорж (3'55")
- МҮОНР, 2020-10-17, Монголын радиогийн “Хүн гараг” нэвтрүүлэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн тухай “Гитар минь уянгалан дуул хөрөг [2:19-4:14, 7:02-10:08]
- SOUNDCLOUD, MNB, Mongolian National Radio, 2020-10-16, Гитар минь уянгалан дуул [2:19-4:14, 7:02-10:08]
- YouTube, Нүдэн нуур~М.Бямбадорж (жич: вступлениегүй бичлэг)
Бусад:
Ая сонсох
засварлах2020-03-25, Панфлейта - Б.Пүрэвээ
2022-03-25, Төгөлдөр хуур - Piano&Memories