Дарамын Батсүрэн

Дарамын Батсүрэн (1938-2004) Монголын хөгжимчин, яруу найрагч, хөгжим судлаач. 1938 оны 5-р сарын 9-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1948 онд 10 настай цэргийн үлээвэр найралд хөгжимчнөөр орж, хөгжмийн урлагтай амьдралаа холбожээ. 1959-1963 онд Улсын симфони оркестрт хөгжимчин, 1963-1966 онд Монголын Радиод найруулагч-редактор, 1970-1985 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд редактор, хэвлэл сурталчилгааны зөвлөлийн эрхлэгч, 1985-1986 онд Соёл Гэгээрлийн дунд сургуульд багш, 1987 оноос Монгол Телевизийн хөгжмийн редактор зэрэг ажлыг хийж байв.

1956-1959 онд ХБДуС-д суралцаж аргил хуурч (контробасс)-ийн ангийг төгссөн.

1966-1969 онд ЗХУ-ын Москва хотын Кино Урлагийн Дээд Сургуульд мөрдвөр-найруулагчийн ангид гурван жил суралцсан.

1979 онд Марксизм-ленинизмийн оройн дээд сургуулийн урлаг судлалын ангийг төгсөж урлаг судлаач мэргэжил эзэмшсэн.

1964 онд МХөЗХ-ны гишүүнээр элссэн.

Түүний шүлгээр бүтсэн Ж.Шараагийн хөгжим "Гэгээн өглөө сайн байна уу" дуу нь МҮОНР-ийн эфирт өглөө бүр эгшиглэдэг бол дуучин Т.Рэнцэнхандын дуулсан Т.Чимэддоржийн хөгжим "Энэрэлт сайхан харц дуу" нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх "Монгол тулгатны 100 дуу"-нд орсон. Монголын цахилгаан хөгжмийн улсын анхны хамт олон болох Монгол Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгын 50 жилийн ойгоор тус чуулгын Монголын хөгжмийн урлаг, эстрад урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Төрийн шагнал хүртээхэд МУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд Д.Батсүрэнгийн шүлгээр бүтсэн, дуучин Л.Оюунчимэг, Х.Галхүү нарын хамтран дуулсан С.Баатарсүхийн хөгжим "Дөрвөн улирал хоёр амраг" дуу нь дурдагдсан билээ.

Монголчуудын дунд зуун дамжин дуулагдаж ирсэн олон сайхан дууны шүлгийг бичсэн авьяаслаг яруу найрагч, Монголын хөгжим судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач юм.

Уран бүтээл

засварлах
  • "Дуунаас дуурь хүрсэн зам" УБ, 1971 он (Л.Энэбишийн хамт)
  • "Хөгжмийн суутан" 1-р боть (40 найруулал), УБ 1974 он
  • "Хөгжмийн суутан" 2-р боть (16 найруулал), УБ 1979 он
  • ЕБС-ийн 5-р ангийн "Дуу, хөгжим" сурах бичиг, УБ 1986 он (Х.Бүдхүүгийн хамт)
  • "Справочник" (Союз композиторов Монгольской Народной Республики), Москва 1989
  • "Мичид шүргэх Алтай" шүлгийн түүвэр, УБ 1981 он

Шүүмж, найруулал, өгүүлэл

засварлах
  • "Хөгжмийн уран бүтээлийн зарим асуудалд" 1977 он
  • "Ровесник революции" 1978 он
  • "Хөгжим - амьдралын дуулал" 1979 он
  • "Цэнхэр дурдан алчуур" балетын тухай 1979 он
  • "Хөгжимт драмын тухай бодол" 1981 он
  • "Концертын тухай бодол" 1982 он
  • "Хөгжмийн уламжлал, шинэчлэлийн асуудал" 1983 он
  • "Монголын хөгжмийн соёл" ("БНМАУ-ын Соёлын түүх" 2-р боть), 1986 он
  • "Монголын хөгжмийн соёл" ("Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь" 2-р боть), 1986 он
  • "Монголын хөгжмийн соёл" ("Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь" 3-р боть), 1988 он

Редакторлож, өмнөх үг бичсэн түүвэр

засварлах
  • "Гэгээн өглөө сайн байна уу" 1971 он
  • "Мөнгөн хонхны дуу" 1-р дэвтэр (эмхэтгэсэн Б.Цогоо) 1975 он
  • "Эрхмийн дээд" Лха.Дорж, 1971 он
  • "Мөнгөн долгио" Ц.Дашзэвгэ, 1975 он
  • "Хүүхэн хүний хүслэн" С.Мааяа, 1975 он
  • "Түвшин сайхан" С.Бүтэд, 1976 он
  • "Зандан шоо" Г.Бирваа, 1976 он
  • "Туулын урсгал шөнөдөө сайхан" Д.Баттөмөр, 1986 он
  • "Шаргын сайхан тал" Л.Даваахүү, 1986 он
  • "Хар ус нуур" Лха.Дорж, 1987 он

Орчуулга

засварлах
  • "Кармен" дуурь, Ж.Бизе, 1977 он
  • "Сарьсан багваахай" хошин дуурийн цомнол, И.Штраус, 1988 он

Түүвэрлэж хэвлүүлсэн

засварлах
  • Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын дууны шүлгийн түүвэр / Орос дууны түүвэр, УБ 1981 он
  • Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын дууны шүлгийн түүвэр / Орос дууны түүвэр, УБ 1985 он