Үртэй хүн жаргалтай (Л.Батаа)

Шүлэг: Ш.Цогт

Хөгжим: Л.Батаа

ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах

Тохойн чинээхэн алагхан үр минь

Тоонот гэрийнхээ хойморьт залрах

Туяa татсан наран юм аа хө.

Дт: Элгэн хайраар бүүвэйлэн суудаг

Эх хүний жаргал байна аа хө.

Эрх дураараа торнин бойжих

Эрхийн чинээхэн эрэвгэр үр минь

Эрдмийн гэгээн оргилд зорих

Эрдэнийн гэрэлт од юм аа хө.

Дт: Эрхэм сургаалиаа хайрлаан суудаг

Эх хүний жаргал байна аа хө.

Торомгор харцаараа тольдон байгаа

Төгрөг нүдэн хөөрхөн үр минь

Түвшин жаргалаа угтан золгох

Тодоос тодхон цолмон юм аа хө.

Элбэг баян амьдралд умбасан

Эх хүний жаргал байна аа хө.

Дуу, дууны уран бүтээлчдийн тухай

засварлах

1972 онд бүтсэн энэ дуу Монголын Радиод бичигдэж, ЗХУ-ын “Мелодия” фирмийн 1974 онд гарсан пянзанд хэвлэгдэж улмаар 1978 онд “Учралын уянга” телекино концертод дууг анх дуулж Монголын Радиод бичүүлсэн дуучин Л.Оюунчимэг дууг (радиогийн эх бичлэгийг) өөрөө дүрсжүүлсэн байна.

Энэ дууны хөгжмийг бичсэн Л.Батаа: ... аятай шүлэг байдаг ... Цогт надад “Батаа нэг ийм үг байна аа, чи энэ дээр ая хийгээч” гэсэн хэмээжээ. Түүний энэ сайхан дууг гоцлол гитарчин нь гитар дээр өвөрмөц тоглож өгснийг тэрээр хүүхдийн уянга хэмээсэн байдаг байна. Энэ тухай Монголын радиогийн уран бүтээлчид бэлтгэж 2020 оны 12-р сарын 17-нд сонсогчдод хүргэсэн Мартагдашгүй дуу: “Алтай хангайн уулс”, “Мөнгөн шөнө”, “Үртэй хүн жаргалтай” нэвтрүүлгээс дэлгэрэнгүй сонсох боломжтой.

Жич: Монголын анхны поп-рок гитарчин С.Баатарсүх "Баянмонгол" чуулгад 1969-1974 онд гоцлол гитар тоглож байсан бол түүний урилгаар тус чуулгад ирсэн, түүний анхны шавь нарын нь нэг Б.Ганбат 1974 оны 9-р сарын 20-ноос эхэлж ажиллажээ.

Дууг анх дуулж амьдруулсан дуучин Л.Оюунчимэг 1993 онд СТӨ-нд болсон тоглолт дээр “Одоогоос 21 жилийн өмнө намайг анхныхаа хүүхдийг төрүүлэхэд “Баянмонгол” чуулгын хамт олон нэгэн дууг зориулан бичиж, бэлэг болгон өгч байсан юм. Энэ дууг хөгжмийн зохиолч Батаа бичсэн юм” хэмээгээд Ш.Цогтын шүлэг, Л.Батаагийн хөгжим “Үртэй хүн жаргалтай” дуугаа дуулсан байдаг байна.

Дуучны бага хүү Э.Учрал ээжийнхээ хуурцгаа гаргах гэж хүсэж байсан хүслийг биелүүлэхээр 2010 онд цомгийн ажлыг эхлүүлж удалгүй ээжийнхээ хамгийн хайртай дуугаар нэрлэсэн 23 дуу бүхий "Цэцэгт нугын эрвээхэй" цомгийг хэвлүүлэн гаргаж сонсогчдын хүртээл болгожээ.

Жич: Э.Учрал ээжийнхээ хайртай "Цэцэгт нугын эрвээхэй" дууны нэгэн шинэ хувилбарыг SoundCloud Л.Оюунчимэг - Цэцэгт нугын эрвээхэй (demo version) гаргаж ирсэн байдаг байна.

2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Үртэй хүн жаргалтай” бүх оддын нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд болж улмаар жил бүр тоглогдсоор уламжлалт тоглолтуудын нэг болжээ.

2014 онд, "Баянмонгол" чуулгын 45 жилийн ойн жил, Монголын эстрадын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, "Баянмонгол" чуулгын анхны эмэгтэй дуучин Л.Оюунчимэгийн нэрэмжит олон улсын рок поп дуучдын “Үртэй хүн жаргалтай” уралдаан зохион байгуулагджээ.

2019 онд “Баянмонгол-50” хүндэтгэлийн тоглолт дээр хөтлөгчийн хүсэлтээр Л.Оюунчимэгийн хүү үзэгчдийн дундхи суудлаас босч танхимд хүрэлцэн ирсэн үзэгч сонсогчдод хүндэтгэл үзүүлэн мэндчилсэн билээ.

1.МҮОНР, "Үртэй хүн жаргалтай" дуу, хөгжмийг зохиосон Л.Батаа, үгийг зохиосон Ш.Цогт, Л.Оюунчимэг дуулж "Баянмонгол" чуулга хөгжимдөнө. (хугацаа 3’12”)

2.МҮОНР, Мартагдашгүй дуу: “Алтай, хангайн уулс”, "Мөнгөн шөнө", “Үртэй хүн жаргалтай”

2.SoundCloud, 2020-12-15, Мартагдашгүй дуу: “Алтай, хангайн уулс”, "Мөнгөн шөнө", “Үртэй хүн жаргалтай”

3.“Учралын уянга” телекино концерт, 1978 он, [2:20-5:22; (3’03”)]