Бахдал баясал (гитарын гоцлол)
“Бахдал баясал” гитарын гоцлол Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүхийн гитар хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүдийн нэг. Түүний залуу насны дурсамжийг сэргээж, түүний бие даасан уран бүтээлийн анхны тоглолт, "Цэнхэр залаа-25" тоглолтыг ивээн тэтгэж хийлгэсэн нэгэн сонсогч хийгээд тэрхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн үзэгч олны түүнд өгсөн урам энэхүү гитарын гоцлол болж эгшиглэсэн гэдэг
Гоцлолын нэрний тухай:
Зохиогч гоцлолдоо анх “Таван хуруу” гэдэг нэр өгчээ.
Зохиогч гоцлолоо “Таван хуруу”, "Таван-Эрдэнэ" гэж бичиж тэмдэглэж ирсэн байдаг байна.
2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт уг гоцлол “Бахдал баясал” нэрээр орсон.
Гоцлолын тухай зохиогчийн дурсамжаас:
1994 оны 10 сард би Дархан хотод томилолтоор очиж ажиллаж байлаа. Нэг танил маань бидний буусан буудалд нэг залууг дагуулж авчирч надтай танилцуулсан. Тэр бол “Титэм” компанийн захирал Элбэг гэж залуу байлаа. Тэрээр "Радиогоор явдаг байсан таны гитарын гоцлолуудыг арван жилд байхдаа их сонсдог байсан, тоглосон хүн нь яг ямар хүн байдаг юм бол гэж их боддог байлаа. Би гитар сурах гэж оролдож байсан. Таны гоцлолуудыг тоглох гээд болоогүй. Та гитараа тоглооч, таны тоглохыг хармаар байна" гэлээ. 1994 он бол миний хувьд "Цэнхэр залаа", “Оддын дуулал” ("Долоон бурхан"), "Сансрын хөлөг" (“Сансрын хүлэг”) гитарын гоцлолууд, "Нүдэн нуур" дуу зэрэг бүтээлүүдийн маань 25 жилийн ой тохиосон жил байсан. Ер нь бол тоглолт хийх бодолтой явснаа хэлтэл тэрээр "Та тоглолтоо хий, таны тоглолтыг ивээн тэтгэе" гэлээ. Тэгээд сарын дараа 1994 оны 11-р сарын 2, 3, 4-нд Соёлын Төв Өргөөнд "Цэнхэр залаа-25" бие даасан уран бүтээлийн анхны тоглолтоо хийсэн.
Элбэгтэй анх уулзаж байхад Элбэг надад 1966-1974 оны үеийг маань тод санагдуулсан. Би яг л залуу насандаа эргээд оччих шиг болсон. 1966-1969 онд намайг МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-д тоглодог байхад оюутан найзууд “Баатар аа, чи яаж ингэж гоё тоглоод байдаг байна аа, наад хуруу гар чинь ямар хурдан хөдөлдөг юм бэ” гэдэг байсан. Бас 1969-1972 онд МРТУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулгад, 1972-1974 онд Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгад ажилладаг байхад тайзны тоглолтын үеэр гитараа тоглож байгаад нэг харахад үзэгчид босч ирээд тайзанд тулаад зогсчихсон, гарыг нь харах гэсэн юм гээд зогсож байдаг байсан, заримдаа тоглолтын дараа хүмүүс гарт чинь хүрч үзэж болох уу гэх тохиолдол гардаг байсан.
“Титэм” компанийн захирал Элбэг гэдэг, гитар хөгжим сонирхдог, жирийн нэг тэр сонсогч залуугийн надад өгсөн урам, өгөөмөр сэтгэл, түүний ивээн тэтгэж хийлгүүлсэн миний “Цэнхэр залаа-25” бие даасан уран бүтээлийн анхны тоглолтод тоглогдсон гоцлолуудыг маань дахиулах гэсэн танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт “Таван хуруу” гитарын гоцлол болон эгшиглэсэн.