Сургууль минь баяртай (С.Баатарсүх)
"Сургууль минь баяртай" дуугаа Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1969 онд зохиожээ. 1966 онд 5-р сургуулийн аравдугаар анги төгссөн түүний сургуульдаа зориулсан энэхүү дууны шүлгийг ангийнх нь охин Ө.Тогоо бичжээ.
Энэ дуу тухайн үеийн Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу-хөгжмийн багшийн ангийн оюутан, манай эстрадын нэрт дуучин Хоовойн Галхүүгийн дуулснаар нийтэд түгжээ.
Дууны түүхээс
засварлахЗохиогч С.Баатарсүх "Энэ бол анх 5-р сургуульд зориулж зохиосон дуу байгаа юм" хэмээжээ.
С.Баатарсүх 1966 онд 5-р дунд сургуулийн аравдугаар анги төгссөн. Дууны шүлгийг түүний ангийн охин Ө.Тогоо бичжээ.
С.Баатарсүх 1956 онд 18-р сургуульд анх орж 7-р ангиа төгсөөд 1963 оны намраас нийслэлийн 10 жилийн 5-р дунд сургуулийн 8-р ангид орж суралцан 1966 онд аравдугаар ангиа төгсчээ.
Тэрээр наймдугаар ангид байхдаа гитар сайн тоглодог, хоолой салгаж сайхан дуулдаг ангийн авъяаслаг гурван охины хамт "Сурагчдын банзан гитарын чуулга" байгуулж урлагийн үзлэг, урлаг соёлын арга хэмжээнд оролцож эхэлжээ.
Хамтлагийн ахлагч С.Баатарсүх өөрөө бол дуулдаггүй, хамтлагийн охидын дуулах дууны дундуур чимэг (импровизаци) хийж соло тоглодог байсан гэдэг.
Хамтлагийн гоцлол дуучин Ц.Сарантуяа нь өдгөө "Алдрын од"-ын эзэн, Төрийн шагнал хүртсэн 5 бүтээл бүхий "Харанга" хамтлагийн аргил гитарчин МУУГЗ Ц.Чулуунбатын төрсөн эгч юм.
Жич: Сараагийнд (Ц.Сарантуяа) анх очиход Чука (Ц.Чулуунбат) нэг жаахан шар хүү (зургаан настай) гүйж явсан хэмээн С.Баатарсүх дурсчээ.
Тус хамтлаг нь урлагийн үзлэг, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, пионер сурагчдын "Харшийн ёлка"-д ая дуугаа өргөж, Монголын Радиод дуугаа бичүүлж байжээ.
Нийслэлийн 10 жилийн 5-р дунд сургуулийн 30 жилийн ойн жил 1969 оны хавар С.Баатарсүхийн удирдаж байсан МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга" тус сургууль дээр очиж урлагийн тоглолтоо толилуулсан байдаг юм.
Тэрээр сургуулийнхаа 30 жилийн ойн жил ангийн анд Ө.Тогоогийн хамт "Сургууль минь баяртай" дуугаа анх зохиожээ.
Дууг тухайн үеийн БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга хөгжимдөж (зохиогч гитар тоглож), дуучин Х.Галхүү дуулж Монголын Радиод анх бичүүлжээ.
Сонсох
засварлах1.МҮОНР, С.Баатарсүхийн хөгжим, Ө.Тогоогийн шүлэг "Сургууль минь баяртай" дуу, дуучин Х.Галхүү (2'37")
2.Эстрадын дуучдын тоглолт (1:15:06-1:17:18), (1993 оны тоглолтын бичлэг)