Монголын нууц товчоо (симфони)

"Монголын нууц товчоо" VII симфонио Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 2007 онд бичжээ. Тэрээр энэхүү бүтээлээ "Энэ бол яг л миний "Цэнхэр залаа" шиг зураглалтайгаа ороод ирсэн хөгжим байгаа юм" гэдэг. Зохиогч "Их хааны болоод монгол эр хүний эрч хүчний тухай ийм хөгжим байгаагүй", "Залуу үе маань "Монголын нууц товчоо"-гоо энэ хөгжмөөс сонсог гэж бодсон" хэмээжээ.

Симфонийн тухай зохиогчийн дурсамжаас

засварлах

Улсаас 1989 онд надад анх 13-р хороололд 2 өрөө байр өгсөн юм. Тэр байранд л юм даг. Би дөнгөж сэрэх л гэж байсан. Унтаа сэрүүний зааг дээр энэ хөгжим зураглалтайгаа ороод ирсэн. Хөгжим дуусмагц босч мотивоо татсан, хар зураг л даа. Мотив татахад 30 орчим минут болсон. Симфони бичих техник ажиллагаа нь харин 14 хоног болсон шиг санаж байна. Тэгж их хурдан бүтсэн симфони байгаа юм, 9-10 минут л дуугардаг.

Энэ симфони маань бүтэх хөрс суурь их олон жилийн явцад бүрэлдсэн юм байна гэж би боддог.

Хорь хүрээгүй байхдаа нэг шөнө анхны аяа (“Нүдэн нуур” дууны аяыг) сонссон. Хорьтойдоо гурван ангит анхны хөгжмөө (“Цэнхэр залаа” гитарын гоцлолоо) зүүдэндээ сонссон. Алтан үеийн багш нар маань намайг хөгжмийн сургуульд заавал сургах гэж их мэрийсэн. Хангал найз маань ухааруулж, ойлгуулж, ятгаснаар хөгжмийн сургуульд явсан хүн шүү дээ, би чинь.

Монголын түүхийн сэдэв надад их ойр сэдэв. Би арван жилийн сургуульд байхдаа Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”-г арван хэд уншсан, миний ширээний ном байсан гэж хэлж болно.

1969 онд Алтан ургийн сүүлчийн хошуу ноён Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" дууг Ж.Бадраа багшийнхаа даалгавраар найруулж гитарын гоцлол болгож тоглосны дараахан л “Цэнхэр залаа” зураглалтайгаа зүүдэнд орж ирсэн.

1974 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд суух гэж хилийн дээс алхаад л нутгаа, эх орноо санах гэдгийг мэдэрч, ойлгож эхэлсэн дээ. 1975 оноос хөгжмийн боловсрол эзэмшихээр Свердловскийн консерваторт сурч эхэлсэн. Миний анхны магтуу “Миний Монгол” кантат. Энэ хөгжим маань В.И.Лениний мэндэлсний 110 жилийн ойд зориулж Бүх Холбоотын хэмжээнд хөгжмийн сургуулийн оюутан залуучуудын дунд зарласан уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Жич: "Миний Монгол" кантатыг бичихэд миний мэргэжлийн багш, зохиомжийн багш маань В.Д.Биберган багш байсан. Биберган багш Ленинград руу шилжсний дараа тэмцээн болсон. Миний мэргэжлийн багш В.А.Кобекин багш болсон байсан. Кобекин багш "Миний Монгол" кантатын маань партитурыг тэр тэмцээнд явуулсан нь тэгж амжилт үзүүлсэн байсан.

1979 оны сүүлээр байхаа, Москвагийн зуны ХХII олимпод зориулж Бүх Холбоотын хэмжээнд хөгжмийн залуу зохиолчдын дунд уралдаан зарласан. Манай сургуулийн багш нар нэрт хөгжмийн зохиолч А.Н.Пахмутоваг урьж сургуулийнхаа оюутнуудад зөвөлгөө өгүүлсэн. Москвагийн олимпод зориулж би "Медвежонок" нэртэй төгөлдөр хуурын бүтээл хийсэн. Тэр олимпын бэлгэ тэмдэг нь "Миша" нэртэй бамбарууш байлаа. Энэ хөгжим маань тэр уралдаанд бас тэргүүн шагнал хүртсэн. Спортын олон төрлөөр хичээллэж үзсэн болохоор спортод би өөрөө их элэгтэй л дээ. Жич: Би багаас хөл бөмбөг, хоккей, бокс, тэшүүр, сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр хичээллэж уралдаан тэмцээнд орж байсан. Тэр үед цаг үе нь тийм байсан. Мэргэжлийнхэн арван жилийн сургуулиудаар явж хүүхдүүдийг биеийн тамирын секц дугуйланд сонгож аваад тэмцээн уралдаанд бэлдэж оруулдаг байсан юм. 1970 онд МУИС-ийн манай баг Сагсан бөмбөгийн улсын аварга болж, миний хувьд сагсан бөмбөгийн спортын мастерын болзол хангагдсан. 1970 онд бичсэн "Золжаргал" гитарын гоцлол маань спортод зориулсан миний анхны бүтээл, сагс тоглоход надад төрдөг байсан мэдрэмж.

1982 онд би хөгжмийн сургууль төгсөөд 1985 он хүртэл Говь-Алтай аймагт, АДБ-ийн “Алтай” чуулгад уран сайхны удирдагчаар ажилласан маань над шиг хот суурин газар өссөн хүнд бас их том туршлага болсон, хоёр дахь их сургууль болсон гэж боддог.

1987-1989 онд Залуучуудын Соёлын Төвд намайг Залуу Хөгжмийн Зохиолчдын Нэгдлийн эрхлэгч-аргазүйчээр ажиллаж байхад Монгол Кино Үйлдвэрийн киноны хөгжмийн ерөнхий редактор Б.Дамдинсүрэн багш намайг дуудаж “Мандухай цэцэн хатан” түүхэн киноны туслах редактороор ажиллуулсан нь манай алтан үеийн тэр агуу хүнээс суралцах боломж надад олдсон, их юм сурч авсан.

1990 онд Ц.Чимэддоржийн цомнолоор “Алтан ураг” III симфонио ЗХУ-ын Ивановод “Олон улсын Хөгжмийн зохиолчдын урлан”-д С.С.Беринскийн удирдлагад бичсэн, бас нэг том сургууль болсон.

1991 он гаргаад Б.Дамдинсүрэн багшийн, Монгол Кино Үйлдвэрийн (Монгол кино нэгдэл) киноны хөгжмийн ерөнхий редакторын үүрэгт ажлыг тодорхой шалгуурыг үндэслэн, Соёлын Яам, МХөЗЭХ-ны шийдвэрээр надад хүлээлгэж өгсөн. Кино үйлдвэрт би 1992 он гартал ажилласан, намайг тэнд байхад “Мөнх тэнгэрийн хүчин дор” гурван ангит түүхэн кино бүтэж, хөгжим нь редакторлогдсон. Энэ бас маш том туршлага болсон.

1993 оны хавар, зун МУ-ын шинэ төрийн дуулал зохиох асуудал яригдаж, хөгжмийн уралдаан зарласан, заавал бич гэсэн үүрэг өгөгдсөн гэж ойлгож болно. Тэр уралдаан Дуурийн театр дээр болж, уралдаанд миний бичсэн хөгжим түрүүлж, мөнгөн шагнал олгогдсон. Шалгаруулалтыг нууц нэрэн дор явуулсан. Миний нууц нэр “Болжмор” байсан. Энд нэг юмыг тодруулахад, болжмор их гоё дуутай амьтан, олуулаа жиргэхийг нь сонсохоор хөгжим шиг сонсогддог, оркестр шиг сонсогддог, надад л лав тэгж санагддаг юм.

1997 онд Д.Банзрагчийн цомнол, Б.Баатарын найруулсан “Хүннү” теледуурийн хөгжмийн зохиолчоор ажилласан. Найруулагч Б.Баатар маань энэ бүтээлээрээ “Гоо марал” хүртсэн.

2004 онд АНУ-ын эрдэмтэн, судлаач Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном гарч, 2005 онд НҮБ-ээс "2006 оныг Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх" талаар тусгай тогтоол гаргаж, 2006 онд манайхан бүгд л энэ түүхэн сэдвээр амьсгалж байлаа. 2006 оны энэ түүхэн үйл явдал надад их нөлөөлсөн байх.

2007 он бол миний хувьд, ерөөсөө хөгжмийн зохиолчдын хувьд онцлог жил байсан, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо үүсгэн байгуулагдсны 50 жилийн ойн жил байлаа. Намайг мэргэжлийн хөгжмийн зохиолч болгох гэж, надад энэ нарийн мэргэжлийг эзэмшүүлэх гэж мэрийсэн алтан үеийн багш нарыгаа амьд сэрүүн байхад нь амжиж хөдөлмөрөө үнэлүүлж, тэднийгээ баярлуулж чадаагүйдээ харамсаж явдаг байлаа. Тэднийхээ үүсгэн байгуулсан энэ байгууллагын тэгш ойн жил нь ямар нэг юм хийе гэж бодож байсан. Тэгтэл тэр жил нь энэ симфони маань бүтсэнд баярлаж явдаг.

Хорь хүрээгүй байхдаа анхны ая, аялгуугаа сонсож, хорин насандаа “Цэнхэр залаа”-г зүүдэндээ үзэж сонссоноос хойш “Монголын нууц товчоо” VII симфонио бичих хүртэл туулсан бүх туршлага он цагийн явцад улам бүр батжиж, надад гүн сууж өгсөн байх.

Тэр хөрсөн дээр боловсорсон энэ долдугаар симфони маань 2007 оны тэр нэгэн өглөө надад зураглалтайгаа орж ирж тэгж сонсогдсон байх гэж бодогддог.

Симфони тоглогдсон тухай

засварлах
  1. Симфони 2007 оны "Алтан намар" сонгодог хөгжмийн наадмаар шалгарч "ОНЫ ШИЛДЭГ" шагнал хүртсэн.
  2. 2008 онд өмнөх оны шилдэг бүтээлийн тоглолтод тоглогдсон.
  3. Монгол туургатан хөгжмийн зохиолчдын "Тэнгэрийн дуудлага" сонгодог хөгжмийн наадам анх 2009 онд Халимаг улсын ерөнхийлөгчийн санаачлага, ивээл дор зохион байгуулагдаж, 2010 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор манай оронд зохиогдоход уг наадмын нээлтэд С.Баатарсүхийн энэхүү симфони эгшиглэжээ. МУ-ын ерөнхийлөгчийг төлөөлж, наадмыг нээж үг хэлсэн ЕТГ-ын дарга Д.Баттулгад С.Баатарсүхийн VII симфонийн эх бичлэгийг МХөЗХ-ны дарга Б.Бямбабаяр тайзнаа гардуулж өгчээ.
  4. 2011 онд Д.Болор захиралтай Мобикомын хамт олон Мобиком Корпорацийнхаа 15 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд С.Эрдэнэболдын санаачилсан эрдэмтэн, зохиолч Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” /Gengis Khan and the Making of the Modern World/ номыг орчуулж цаасан болон аудио ном болгон хэвлүүлэх, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн “Монголын Нууц Товчоо” VII, “Алтан ураг” III симфониудыг тоглуулж бичлэг хийлгэн Алтан фондод үлдээн Монголынхоо түүх, соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах төслүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлсэн байна. Жич: 2011 он бол Монгол улсын түүхэн 5 их ойн жил - Монголын Тулгар Төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Гүрэн байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн жил байв. Мөн АНУ-ын эрдэмтэн, зохиолч Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World) бүтээл, сонсдог ном Аmazon.com-ын Аудибелын ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМ-оор шалгарсан жил юм.
  5. 2016 онд МУ-ын Филармони тоглосон Mонголын хөгжмийн зохиолчдын "Монгол уран бүтээл"-д орж тоглогдсон.
  6. 2019 онд МХөЗХ-ноос монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээр гурван цуврал цомог гаргасны 2-р цомогт түүний энэхүү VII симфони "Нууц товчоо" нэртэйгээр оржээ.

Сонсох, унших

засварлах

2011 он, Ж.Уэтерфорд, "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" сонсдог ном , “SPECIAL DISC”, С.Баатарсүх, "Монголын нууц товчоо" симфони, "Алтан ураг" бэсрэг симфони дуурь

2011 он, WorldCat, Самбуугийн Баатарсүх "Монголын нууц товчоо" симфони

2019-09-02, "Хай-Фай Рекордс", МХөЗХ, Монголын хөгжмйин зохиолчдын бүтээлүүд (Цуврал 2), #6 С.Баатарсүх - "Нууц товчоо" симфони, Mongolian composers musician works (Album 2),

2021-02-25, BUSINESS.mn, Д.Болор: Бид Хүн төрөлхтний МАРС гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байна, [1]

2022-06-22, YouTube, МУ-ын Филармони, Монгол уран бүтээл [1:07:00-1:14:00]