Сөнөд

(Сөнид-с чиглүүлэгдэв)

Сөнөд (заримдаа Сөнид, Сүнид) (монгол:ᠰᠥᠨᠢᠳ, Sönid; хятадаар: 苏尼特, пиньинь: Sū ní tè) нь эртний Хамаг Монголын нирун монгол угсааны овог бөгөөд Сөнөд монголчууд одоогоор БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны дотор зүүн, баруун хошуунд хуваагдан аж төрж байна.

Түүхийн тойм

засварлах

Энэ овгийн үүсэл нь 10-11-р зуунд Онон, Хэрлэн, Туул голын ай саваар нутаглаж байсан Хайду ханы отгон хүү Чаужин ортогайн долоон хүүгийн дундах Сөнид гэх хүний нэрээс үүсэлтэй овог. Энэхүү овог нь Хабул ханы үед дарлигин, нирун аймгууд нэгдэж Хамаг Монголын ханлигийг байгуулах үед нэгдэж, Чингис хааны цагт Их Монгол Улсыг байгуулахад аль нэг мянгатын дотор багтаж явсан. 1227 оны намар Тангуд улсыг байлдан дагуулаад буцах замд их хааны шарил ачсан тэрэгний дугуй шаварт шигдэхэд Сөнөдийн Гилигүдэй баатар Чингис хааны онгонд мөргөн уран яруугаар өчил өчиж, тэргийг нь шавраас гаргасан талаар Монголын нууц товчоонд бичигдэж үлдсэнээр Сөнөд овгийн нэр түүхэнд тодорхой тэмдэглэгдсэн. Монголын эзэнт гүрэн даяар Сөнөд овгоос гаралтай ноёд улс бүрд тархсанаас уугуул монгол нутагт үлдсэн нь Юань улсын дараа Цахар түмнийг бүрдүүлдэг найман отгийн нэг болсон. Бодь Алаг хаан өөрийн хоёрдугаар хөвгүүн Хөхчүдэй мэргэн тайжид өмч хуваарилахдаа Цахарын Сөнөд отгийг таслан өгч захируулсан. 1627 онд Шилийн голоор нутаглаж байсан Авга, Үзэмчин, Сөнөд, Хуучид зэрэг аймгийн ноёд, Цахарын Лигдэн хаанаас зугтан Халхын зүүн гарын Далай сэцэн жонон Шолойн нутагт дүрвэн ирж, Шолой жононд "Махасамади Сэцэн хаан" цол өргөмжлөн дагаар орсон.

Өвөр Монголын 16 аймгийн ноёд 1636 онд манжид дагаар орсны дараа 1641 онд Сөнөдийн Тэнгис мэргэн тайж харьяат ардаа дагуулан Чин улсад дагаар орсонд, засаг ноён, үе улиран залгамжлах төрийн мэргэн жүн ван цолоор шагнуулж, нутаг заагдан суусан нь Шилийн голын чуулганы Сөнөд зүүн хошуу болсон. 1642 онд Халхын нутгаас Тэнгисийн холын садан Буйла зоригт ноёны хөвгүүн Шүүсай тайж Чин улсад дагаар орсонд засаг ноён, төрийн дүүрэн жүн ван цол соёрхож, Тэнгис вангийн нутгаас газар таслан Сөнөд баруун хошууг байгуулан суулгасан. 1646 онд Сөнөд зүүн хошууны засаг ноён Тэнгис мэргэн ван харьяат ардаа дагуулан Халхын Түшээт ханы нутаг руу оргон зугтсаны дараа манж нар эрх чин ван Додо тэргүүтэй манж, монголын үлэмж тооны цэргийг түүний араас нэхүүлсэн нь одоогийн Төв аймгийн нутагт гүйцэн ирж, Тэнгисийн гэр бүлийг олзлон авч, Зажибулаг гэх газарт Халхын Түшээт хан, Сэцэн хан нарын 5 түмэн цэрэгтэй байлдан бут цохиод Халхын нутгаас гарч явсан. 1648 онд Сөнөдийн Тэнгис ван Чин улсад буцан ирсэнд цол хэргэмийг нь хурааж, дүү Тэнгидэйд нь шилжүүлээд, хошууны засаг ноён болгосон.

Чин улсын үеийн Сөнөдийн хоёр хошууны нутаг нь зүүнээс баруунш 460 ли (1 ли нь 500 метртэй тэнцүү), хойноос урагш 580 ли зайтай байсан.[1] Зүүн талдаа Авга хошуу, баруун талаараа Дөрвөн хүүхэд хошуу, хойд талдаа Халхын Түшээт хан аймаг, Дарьганга хошуу, өмнө талаараа Цахарын Шулуун хөх хошуутай тус тус хил залгаж байсан.

1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдсаны дараа Сөнөдийн хоёр хошуу дагаар орохоо илэрхийлсэн ч, Дундад Иргэн Улс эсэргүүцэн, өвөр монголд цэргээ оруулсан.

1913-1914 оны Таван замын байлдааны нэгэн замын цэргийг удирдаж явсан бэйс Насан-Аривжихын удирдсан монгол цэргүүд Сөнөдийн хоёр хошууны чиглэлээр давшин байлдсан ч, бэйс Насан-Аривжих хятадын талд урвасан. Монголын цэргүүд өвөр монголоос ухран гарсны хойно хятадын арми Сөнөдийн хоёр хошууг эзлэн, Сөнөдийн хоёр хошууны засаг ноёнд хошой чин вангийн хэргэм олгожээ. 1930-1945 онд Сөнөдийн баруун хошууны засаг, чин ван Дэмчигдонровын нэр сүр бадарч, Мэнжааны засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 1945 онд Япон улс Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдсаны дараа Мэнжааны засгийн газрыг татан буулгаж, 1949 он хүртэл Сөнөдийг Дэмчигдонров ван захирч байсан. 1949 онд БНХАУ байгуулагдсаны хойно Өвөр Монголын автономит мужийн Шилийн гол аймгийн Сөнөд баруун, зүүн хошуу гэх засаг захиргааны хуваарьт шилжсэн нь Монгол Улсын Сүхбаатар, Дорноговь аймгийн урд талын сумдтай хиллэж байна.

Алдартай хүмүүс

засварлах
  1. "清史稿/卷519 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-06-12.