Чормаган (Чормаган, Чормуган) хорчийн хувьд төрсөн он сар нь түүхийн сурвалж бичгүүдэд байдаггүй. Түүхэнд бичсэнээр Сөнөд аймгийн хүн гэж тэмдэглэгджээ.

Урьд Чингис хаантай Инд мөрний дэргэд болсон тулалдаанд бут ниргүүлсэн Желлал Аддин хэсэг хугацаа өнгөрүүлсний эцэст тарсан хорезмчуудаа цуглуулж Арменийг эзлээд Газни хотын дэргэд Гүрж, Армений хамтарсан цэргийг бут ниргэж, Гүржтэй найрамдах бодлого явуулж байсан. Дараа нь монголчуудтай байлдах хэрэгтэй учраас бэлтгэлтэй цэргээ тараахыг хүссэнгүй. Энэ мэдээг Өгэдэй хаан дуулж 4 түм цэргийг Чормаган хорчид өгч, Желлал Аддиныг нуга дарах зарлиг өгсөн. Харин яг энэ үед их хуралдай болж, Цагадай хааны саналаар Чингисийн угсааны 13 хөвгүүн оролцсон, Орос болон Европыг эзлэх их цэрэг мордоход зүүн талаас нь хамгаалж, Кавказыг дайлах 3 түм цэргийн ерөнхий жанжнаар Чормаган хорчи томилогдов. Тэрээр цэргээ 7 ангид хувааж, Желлал Аддины довтолгоонд сүйрсэн Гүрж, Армен дорвитой эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж үзэж байсан нь оновчтой болж, бараг эсэрүүцэлгүй шахуу монголчуудын гарт оржээ. Кавказыг дайлахад Азербайжан идэвхтэй эсэргүүцэл үзүүлж байсан тул ихэнх хотыг нь галдан шатаасан байна. Кавказын улсуудын найдаж байсан гүржүүд эсэргүүцэж гавиагүй учир Кавказ нь 2 жилийн дотор монголчуудад эзлэгджээ.

Чормаган 1241 оны орчимд нас нөгчсөн бөгөөд орыг нь түүний туслах Байжу залгажээ. Чормаганы хүү Ширамун хожим Ил Хаадын Улсын Хүлэгү, Абаха нарт хүчин зүтгэж байв[1]. Мөн охин Есүхэн нь Гүржийн VII Давид хаантай гэрлэжээ[2].

  1. Jackson, Peter (December 15, 1993). Čormāgūn. Encyclopædia Iranica.
  2. Howorth, Henry H. (1888). History of the Mongols from the 9th to the 19th century. Part III. London: Longmans, Green, And Co. p. 198.