Додо (манж хэл: ᡩᠣᡩᠣ, Dodo) (1614 – 1649) нь Манж Дайчин гүрний язгууртан, цэргийн жанжин. Айсингиоро овгийн Нурхач хааны 15-р хөвгүүн. Ажигэ, Доргон нарын эх нэгтэй дүү.

Додо чин вангийн хөрөг

1620 онд 7 настайдаа хошой эзэн хэмээх цол хүртэв. 1626 онд 13 настайдаа бэйл цол хүртэж, шулуун цагаан хошууг захирах болж, Ёслолын яам, Цэргийн яаманд түшмэл болов. 1628 онд Хунтайжийг дагаж Цахарын эсрэг байлдаж ялж, Эрх цүхүр (額爾克楚虎爾, erke chuhuer) чимэг хүртэв. 1629 онд Хунтайжийг дагаж Мин улсыг дайлж, Цагаан хэрмийг даваад Бээжинд тулж очоод буцав. 1632 онд Цахарын Лигдэн хааны эсрэг дайлж, ялалт байгуулав. 1636 онд хошой юй чин ван (манжаар:ᡥᠣᡧᠣᡳ ᡝᡵᡴᡝ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
,галиг:Hošoi erke cin wang, хятадаар:和硕豫亲王) цол хүртэв.

Түүний дараа Дээд эрдэмт хааныг дагаж Чосон улс руу дайрч, Чосоний цэргийг Наньхан уулын дэргэд бут ниргэж гавъяа байгуулав. 1638 онд өөрийн харъяат цэргийн дотор янхантай завхайрсан хэргээр хоёр дэс буурч, бэйл болж хошуу захирах эрхээ алдав. 1641 онд Сунжины тулалдаанд Чин гүрний цэргийг удирдан Жиньжоуг бүслэн байлдаж, Сун уулын ойролцоо хятадын цэргийг бүслэн, Хуугэ вангийн нэмэлт хүчний тусламжтайгаар хятадын цэргийн жанжин Хун Чэнчоугийн удирдсан цэргийг устгаж, жанжныг нь олзлон гавъяа байгуулсан учраас түүний цолыг нэг дэс ахиулж, жүн ван болжээ.

1644 онд манжийн арми Мин улсад түрэмгийлэн ороход Ли Зичэны удирдсан хятад цэргийг бут цохиж, Бээжин хотыг эзлэн авсанд түүнд "улсын номхотгогч их жанжин" (定國大將軍), чин вангийн хэргэмийг тус тус соёрхов. Тэрбэээр манж, монгол, хятад нийлсэн 200,000 цэргийг ерөнхийлөн захирч Ли Зичэны армийг элдэн хөөсөөр Хэбэй, Шэньси, Шаньси, Хэнань мужуудыг эзлэн авсан.

1645 оны 1 сард Шиань хот, Тунгуан боомтыг эзлэв. 4-р сард нь Янжөү хотыг эзлээд хотын захирагч Ши Кэфа тэргүүтэй 800,000 цэрэг, ардыг хядан устгав. Энэ явдлыг түүхэнд Янжөүгийн хядлага хэмээдэг. Тус жилийн зун Додогийн удирдсан арми Хөх мөрнийг гатлаад, Өмнөд Мин улсын нийслэл Наньжин хотыг эзлэн, Хонцюань хааныг нь олзлов. Мөн Жэжян мужийг эзлээд Бээжин хот руу буцсны дараа түүнийг "хошой дэюй чин ван" (和碩德豫親王) цолоор шагнав. 1646 онд их жанжнаар өргөмжлөн Сөнидийн Тэнгис ванг нэхүүлэхээр манж, монгол цэрэг захируулан Халх Монгол руу илгээхэд Хэрлэн мөрөнд Тэнгис ванг гүйцэн нэхэн тулалдсаар, Туул голын ойролцоо бүслэн авсанд, Тэнгис ванг өмгөөлсөн халхын Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой нарын удирдсан 50,000 цэргийн хүчтэй Зажибулаг хэмээх газар тулалдаж, халх монгол цэргийн хүчийг ялав. Тэндээс Тэнгис вангийн харъяат иргэд, хатад, хөвгүүд охидыг нь олзлон Бээжин рүү буцав. Тус ялалтын учир "засагт туслагч хааны авга ах хошой дэюй чин ван" (輔政叔和碩德豫親王) цолоор шагнав. 1649 онд 36 насандаа салхин цэцэг өвчнөөр нас барав. Түүний бие муу байгааг Доргон мэдээд байлдаанаа зогсоож, Бээжин хот руу буцах замд Додо ван өөд болсныг мэдээд ихэд гашуудаж, замын туршид уйлж байсан талаар түүхэнд тэмдэглэлжээ.

1652 онд Эеэр засагч хаан түүнийг Доргонтой нийлж хаан сууриныг авахаар санаархаж байсан гэх шалтагаар Додогийн чин вангийн хэргэмийг жүн ван болгон бууруулжээ. 1671 онд Энх амгалан хааны зарлигаар Тун хэмээх өргөмж нэр хүртээж, төрийн юйтун жүн ван цол соёрхов. 1778 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Додогийн урьдын байгуулсан гавъяа шагнал, чин вангийн цолыг сэргээж, Чин гүрний хаадын дээдсийн сүмд оруулан тахих болжээ. 7 сарын дараа Додогийн бунханыг Мүгдэн хотод шилжүүлэв.

Хатад, татвар эмс

  • Их хатан: Хорчины боржигид овогтон. Мянган тайжийн охин. 1-р гэг, 3-р гэгийг төрүүлсэн.
  • Хоёрдугаар хатан: Хорчины боржигид овгийн Дажэ ахайтан. Соном жүн вангийн охин. Шяодуаньвэнь хатан, Доргоны их хатан нарын эгч эсвэл дүү. 2-р агь Дони, 5-р агь Дорбо хоёрыг төрүүлсэн.
  • Гутгаар хатан: манжийн Нара овгийн заланы занги Яндарханы охин.
  • Бага хатан: манжийн Тунгия овгийн Якэтайгийн охин. 4-р агь Цани, 7-р агь Донгэ, 8-р гэгийг төрүүлсэн.
  • Бага хатан: манжийн Иргэнгиоро овгийн цэргийн түшмэл Адахайгийн охин.
  • Татвар эм: Нара овгийн Фиянгугийн охин. 1-р агь Жуланийг төрүүлсэн.
  • Татвар эм: Гувалгия овгийн Ганьчуханы охин. 3-р агь Бакэдуг төрүүлсэн.
  • Татвар эм: Гувалгия овгийн Тагтайн охин. 6-р агь Жакэдуг төрүүлсэн.
  • Татвар эм: Тунгия овгийн заланы занги Судасайгийн охин. 8-р агь Фиянгуг төрүүлсэн.
  • Татвар эм: Нара овгийн Фахагийн охин.
  • Татвар эм: Лань овгийн Лань Гуожүйн охин.
  • Татвар эм: угсаа гарал тодорхойгүй.

Хөвгүүд

  1. Жулань (1635-1665)
  2. Хошой Юйсюаньхэ чин ван Дони (1636-1661)
  3. Бакду (1640-1668)
  4. улсад туслагч кэши гүн Цани (1641-1688)
  5. төрийн бэйл Дорбо: Доргон чин ван өргөж авсан. (1643-1673)
  6. Жакду (1644-1689)
  7. төрийн синь жүн ван Донгэ (1647-1706)
  8. улсад туслагч гүн Фиянгу (1649-1723)

Охид

  1. 1-р гэг: 1645 онд Баарины тайж Жамъянтай гэрлэсэн.
  2. 3-р гэг: Хаошаньтай гэрлэсэн.
  3. 8-р гэг: 1663 онд Хорчины тайж Очиртой гэрлэсэн.