Үзэмчин
Үзэмчин бол дундад зууны үеийн Монголын нэгэн отог аймаг юм. Үзэмчний гарал үүсэлийг XIII зууны үед Их Монгол Улсын захиргаанд орсон үзэмтэй уулнаас нүүж ирсэн ардын нэгдэл хэмээн түүхчид үздэг. XIV-XV зууны үед Цахар түмний найман отгийн нэг нь болж, хааны төрийн гол цөмийн нэг байв. Нэрний тухайд монгол гадаадын түүхчид Үзэмчин гэдэг үгийг “үзэм” гэдэг язгуур дээр “чин” дагавар залгаж бүтсэн үг хэмээн үздэг. Үзэмчин нар дээр үед Алтай, Хангайн Үзмийн цагаан ууланд нутаглаж зэрлэг үзэм түүж боловсруулж байсан тул өөрийн нутаг ус эрхэлж байсан аж ахуйгаа санагалзан өөрсдийгөө Үзэмчин хэмээн нэрлэсэн бололтой.Тухайлбал: Батмөнх Даян хаан (1460-1544) баруун гурван түмний бослогыг дарах үед Алагчуудын Цагаан зайран, Үзэмчиний Илдэнгээ багш хоёр ёр бэлгэ үзэж хааны зөвлөгчөөр ажиллаж байжээ. Энэ үйл хэрэг бол 1512 оны үед Далан нөмрөгийн тулалдаанд холбогдох юм. Энэ үед нэгэнт Үзэмчин нэр бий болсноос үзвэл нилээд эртдээ байсныг харуулж байдаг. Даян хаан өөрийн хөвгүүдэд улсаа хувааж өгөхдөө ууган хөвгүүн Төрболд тайж эрт нас барсан тул түүний хөвгүүн Боди Алагт цахар түмнийг өмчлүүлэв. Боди Алаг бээр хаан суусны дараа гутгаар хөвгүүн Онгон дуралд Үзэмчин аймгийг өмч болгожээ. Энэ үед Үзэмчин аймаг нь Боржигид, Тайчууд, Хэрэйд, Сартуул, Борос, Тэлэнгэс, Шувуучин, Луусчин зэрэг найман отгоос бүрэлдэж бие даасан томоохон аймаг болжээ.
Лигдэн хааны үед Үзэмчин аймгийг Онгон дурал ноёны зургаан хөвгүүний отгон нь Дорж Сэцэн жонон толгойлж, Лигдэн хааны төрд зүтгэж байжээ. Сүүлдээ Манж хүчирхэгжиж Өмнөд Монголын дотоодод ч хагарал зөрчил гарч Хорчин тэргүүтэй талын аймгууд Манжийг дагах үед Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга зэрэг аймаг нь Халхын Сэцэн хан Шолойг түшихээр 1620-оод оны үеэр Ар Монголд нүүдэллэн ирж Хэрлэн голын сав газар, Гүн Галуут зэрэг газраар нутаглан суужээ. 1634 онд Лигдэн хаан нас нөгчиж түүний хөвгүүн Эжэй Хонгор Манжид олзлогдон Өвөр Монгол бүхэлдээ Манжийн эрхшээлд орж Ар Монголыг ч сүрдүүлэн дарамт шахалт үзүүлэх болсонд Сэцэн хан Шолой Манжид буулт хийж, Чин гүрэнд есөн цагааны алба өргөж эхэлснээр Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга зэрэг аймаг ч түүний харьяанд багтаж чадахгүй болж дахин говийн өмнөх хуучин нутагтаа нүүж Манжийн эрхшээлд оржээ. Ингээд 1641 онд Доржийг засаг, төрийн чин ван өргөмжилж баруун Үзэмчин хошууг захируулав. Эеэр засагчийн 3 дугаар онд (1646) түүний ач хөвгүүн Сэрэнг засаг төрийн бэйл өргөмжилж зүүн Үзэмчин хошууг захируулжээ.
Үзэмчин нэрийн гарал үүсэл
засварлахАрдын домог ярианд зэрлэг үзэм ихтэй Үзмийн цагаан ууланд аж төрж байсан тул үзэмчин гэх болсон гэдэг. Харин Хаант Оросын нэрт шинжээч Е.Тимоковский "Путешествие в Китай через Монголию 1820-1821" (1820-1821 онд Монголыг дайрч хятадад аялсан нь) гэдэг зохиолдоо тэр үеийн үзэмчний тухай товч өгүүлж, үзэмчийн гэдэг нэрийн тухай тайлбар хийхдээ "Үземерчи" или "Үцзумурчин" гэж тэмдэглэсэн байна. Б.Ринчин энэхүү үгийн язгуур гарлын тухай үзэмчин гэдэг нь харахын "Үзмэрч" гэдэг үгээс үүсэлтэй гэж өгүүлснийг хайхрахгүй байж үл болно. Мөн Амтлаг сайхан жимс ургадаг "Үзэм хайрхан" уул Даянпангийн даваанаас урагш Төөтгөн хэмээх алтны уурхайтай газар бий гээд түүний баруун урд орших ганц шовх уулыг "үзэм уул" гэж нэрлэгдэг. Дээрх нутгаар амьдарч байсан хэсэг монголчууд тэр ууланд ургасан зэрлэг үзмийг түүж хэргэлдэг байсан учир үзэмчин нэртэй болжээ гэсэн тайлбар бий. Зарим үзэмчин хүмүүсийн ярьж буйгаар тэд Хөвсгөл аймагт байсан жимс ихтэй нэгэн уулнаас дундад зууны үед Өвөр Монголд нүүн очжээ.[1]
Түүхэн тойм
засварлахҮзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяанд баруун, зүүн хошуу хэмээх хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг хэсэг нь БНМАУ-д нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ. Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харьяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох баруун үзэмчин хошуунаас ирэгсэд нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. 2000 оны хүн амын тооллогоор нийт 2386 үзэмчин нар бүртгэгдсэн байна.
Соёл, шашин шүтлэг
засварлахҮзэмчин нар нь цагаан идээний хувьд тараг бүрдэггүй байсан. Шашин шүтлэгийн хувьд сүлд шүтдэг байснаараа онцлогтой ба дээлийн нударгыг “туухай” эсвэл “туруу” гэнэ. Жанжаар гэдэг нь халхын хантааз адил дээлэн дээр давхарлан өмсдөг өмсгөл. Цувыг “хэвнэг” гэнэ. Бусад ястнаас онцгой өөр зүйл нь хөлийн өвдөг хамгаалсан гутлын түрүү ороосон “туушуу” хэмээх халхавч хэрглэдэг. Өвлийн малгайн орой нь 6 хошуу хөл угалз бүхий чимэгтэй, зангидсан товчтой, улаан цацагтай байв. Үзэмчин нарыг үүсэл гарлын хувьд газар ус, мод ургамал, байгалийн зан үйл, төсөөлөл багагүй уламжлагдаж иржээ. Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны “Хөдөө сүлд” байгаад, 1945 онд ноён Дорж тэргүүтэй хэсэг бүлэг айл Монголд дагаар нүүн ирэхдээ авчирсан юм. Энэ сүлдийг “Чингисийн Алтан Дөрөө” гэх ба задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэсэн яриа нийтэд түгсэн учир гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ. Аман ярианд Галдан Бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Соёлзын голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлөглөсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул үзэмчин хошууныхан сүлдлэн авч тахисан гэдэг. Сүлдийг будаж гоёсон тэргэн дээр орой дээрээ алтан шармал ганжиртай, дээсээр зээглэж 4-н өнцөгт нь халз тавин гоёсон цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залдаг байв. Үзэж болохгүй тул наагуур нь хөшиг татсан байдаг.
Түүний хэлснийг уул хэвээр энд сийрүүлэв. Дамдин гуай хэлсэн нь “ 1950 оны аргын улиралын 9,10 –н сарын үед байж билээ.... би тэр үед монгол улсын дотоод явдлын яамны бага машин тэргийг жолоодож байв, дотоод явдлын яамны дэд дарга Бүрнээ гэдэг сайд тэргүүтэй 10-аад машин тэрэгтэй хүмүүс “ Жанжны шалгалт” гэдэг туршин тагнах байгууллагын ажлаар Чойбалсан аймагт хүрээд 3 хонов. Би ч бас тэдний машин тэргийг жолоодож хүрсэн тул тэдэнтэй хамт байлцав. Дээрээс гэнэт бага машин тэрэгтэй хүмүүс ирж “ шашин хурх суман” / Хөлөнбуйр сум/ -ны сумын дарга хийгээд “ Хэрлэн баян сум” –ын сумын дарга Дорж нарыг даруйд нь баривчлах зарлиг хүлээсэн улс байжээ. Энэ Дорж гэдэг бол уул Зүүн үзэмчин хошууны ван ноён болно. Монгол улсад хүрээд суман дарга тушаалтай байсан юм байжээ. Ингээд дээрээс ирсэн 2 бага машины хамт шалгалтын 7,8 машин цөм хөдлөв. Хэрлэн баян хайрханы баруун суга дахь их ой шугуйтай газар Дорж вангийн ордон байв. Орой дээрээ ганжууртай шүтээний монгол ордон хийгээд зангийн ордон, бор гэр , сангийн гэр, зарц нарын гэр гэх мэтийн 10-аад монгол гэрийг нэг дор жигдрүүлэн барьсан байв. Дорж ван Бүрнээ сайдыг угтан гарч ирхэд нь би тодорхой үзэв. Тэр дөч шахам настай хялар шиг нүдтэй, мяраалаг шиг дундын биетэй, шар зүстэй хүн байв. Түүнийг баривчлахаар очсон хүмүүс гэр ордыг цөм байцаасан боловч хурааж авсан юм дэмий байхгүйээ. Гэтэл аль нэгэн хүн хэлснийг бүү мэд “ хөдөө сүлд ард байна” гэж хэлэлцэв. Түүний гэрийн ар дахь товцог толгойн цаана хөх бүрээстэй бяцхан хам тэрэг байжээ. Би юм үзэхийг дурлаж тэднийг дагаж очив. Тэр хам тэрэгнээс олон лаврай чимгийн зүйл гарсан ба таван өнгийн хадгаар ороосон тохой шахам урт хуучирсан бор шартай бяцхан хайрцагыг нээж торгон хадгаар багласан нэг юм авч сугавчилан бусдыг нь тэр хэвээр орхиж буцан ирэв. Би дотоод яамны энгийн ажилтан хүнээс тэр хөдөө сүлд гэдэг нь юу байна гэж асуухад тэр чинь гууль юмуу бүү мэд 2 хөл орчихмоор том дөрөө юм гэж хэлэв. Энэ үед Бүрнээ сайд тэр дөрөөг авч үзсэн бололтой. Тэр эмээлийн дөрөөг улсад ховор нандин эд шүү хэмээн хэлэх нь сонсогдов. Дараа нь би Улаанбаатар хотод хүрээд түүхийн музейг тойрон үзсэнд музейн зүүн хойд буланд ногоон бүрхүүлтэй ширээн дээр хөх торгоор бүрсэн хавирган хэлбэртэй эмээлийн том дөрөө байв. Бараг хүрэл дөрөө юмуу гэмээр харагдана. Музейг хамаарагч 70 орчим настай галхиа Намжил гэдэг өвгөнөөс би асуухад тэр надад “ Энэ чинь зүүн үзэмчин хошууны Дорж вангийн хөдөө сүлд гэдэг чинь энэ шүү дээ гэж хэлж өгөв. Дорж ван бол феодал язгууртан гэж баригдсан биш, харин малд зохиомол хээлтүүлэг хийхийг эсэргүүцээд 5-н жил хорих ялаар шийтгэгдсэн гэнэ билээ. Би замд таараад ийм юм үзсэн гэж Дамдины ярисныг үзэх мэргэдэд хяналт болохын төлөө энд тэмдэглэв.
Монгол Улсад ирж суурьшсан нь
засварлахӨвөр Монголын Баруун Үзэмчин хошуунаас ирсэн үзэмчин нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Зүүн Үзэмчин хошуунаас ирэгсэд нь Дорнод аймгийн Сэргэлэн, Баянтүмэн, Булган сумдад голчлон суудаг. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түмэнцогт, Дорнод аймгийн Чойбалсан (Хэрлэн сум), Улаанбаатар хот болон бусад нутагт шилжин суусан үзэмчингүүд цөөн тоогоор байна.
Судалгаагаар үзэмчиний 50 гаруй овог бүртгэгдсэн байна. Үүнд: “боржигон, шарнууд, түмчүүд, хавхчин, баргачууд, цагаан аймаг, чилингэр, урианхан, хэс, бярган, бухайн аймаг, халхчууд, огтор халх, үнэг шонхор, жороо, тэйх, жомнор, өргөдөг, унагачин, янгаад, буриад, дөрвөд, урианхай, хэрээд, бодонгууд, хэвтүүл, бурас, сартуул, бэлнүүд, гочид, баяд, бүрээчин, аохан, луусчин, ордчин, гонигууд, тэмээчин, тангууд, эшин, гурван хятад, бөх нар, горидууд, шарга морьтон, хайс, цохиочин, баарин, авгачууд, буурал, бураг, хар төвд, галзуу, зурхай, бухсалчи, улаан дээл”[2] зэрэг болно.
Одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд 200-300 үзэмчин, 1-р багт 100 гаруй өрх 350 гаруй хүн (210 өрх, 700 гаруй хүнээс) нь үзэмчин байна. Үзэмчин Судлалыг дэмжих нийгэмлэгийн тооцоогоор “үзэмчингийн 700-гаад өрх айл, 4000 гаруй хүн ам”буйгаас “Дорнодын Сэргэлэнд 300 гаруй өрх, Баянтүмэнд 100 гаруй өрх, Булганд 40-өөд өрх, аймгийн төвд 100 гаруй, Улаанбаатар хотод 100 гаруй өрх байна. Бусад нь бусад газраар байна”. Энэхүү 700 орчим өрх, 4000 гаруй хүн нь Дорнодын нутагт Зүүн Үзэмчин хошуунаас ирсэн Хэрлэнбаянгийн үзэмчингүүд, тэдний үр хойчсын тоо бололтой. Дорнодын Сэргэлэн сумын нийт 550 гаруй өрхөөс 300 орчим нь үзэмчин өрх, 2000 хүнээс 1200 орчим нь үзэмчингүүд ажээ.
Дээрх тоо баримт тойм хэдий ч бодит байдлаас төдийлөн зөрөхгүй болов уу. Статистикийн тооцоогоор үзэмчин ястны тоог дээр дурдсанаас хавьгүй цөөн гэж үздэг ч энэ нь нилээд учир дутагдалтай. Учир нь социалист тогтолцооны үеийн үзэл суртлын улмаас гарал угсаагаа нууцлах, албан ёсны баримт бичигт “халх” ястан хэмээн бүртгүүлэх явдал үзэмчингүүдийн дунд түгээмэл байсан нь тэдний халхжих үйл явцад ихээр нөлөөлсөн болно. Тухайн үед үзэл суртлын дарамт ил ба далд, шууд ба шууд бус янз бүрийн хэлбэрээр илэрч байсны зарим жишээг дурдвал, хүмүүс “үзэмчин бол урдаас орж ирсэн хужаа”, “хар дотортой өвөрлөгчид”, “Хятадын тагнуул туршуул” гэх мэтээр нэр хоч өгөхөөс гадна “халх бол үндэстэн, бусад нь бага ястан” гэж үзэж байв. Түүнчлэн үзэмчиний хэл аялгуу (өвөрлөгч хэл аялгуу гэгддэг)-ны халх аялгуунаас ялгаатай учраас үзэмчингүүдийг элэглэх шоолох явдал багагүй байсан гэж ахмадууд хуучилдаг. Дээрх шалтгаанууд болон амьдарч буй орчин нөхцөлдөө дасан зохицох бодит шаардлагаар тэдний хэл аялгуу аажмаар халхжиж, үзэмчин ясны хүмүүс ч халх гэсэн данстай болжээ. Гэвч 1990-ээд оноос үзэмчиний угсаатны (бүлгийн) ухамсар сэргэж байна.
Өвөр Монголын эрдэмтэд үзэмчиний талаар багагүй судалж зохиол бүтээл, сурвалж баримтын эмхтгэлүүд гаргаад буй ч манай улсад судалгааны бүтээл цөөн байна. Нилээд дорвитой нь эрдэмтэн Т.Дисаны “Монгол улсын угсаатны зүй–III” хамтын бүтээлд бичсэн “Үзэмчин” бүлэг юм. Тиймээс цаашид үзэмчин ястны талаар судлах нь зүйтэй гэж үзэж байна. Үзэмчингүүд түүхэн хугацаанд хаагуур нутаглаж байсан, хэрхэн нүүдэллэж, хэдийнээс Өвөр Монголын Зүүн, Баруун Үзэмчин хошуунд суух болсон талаар судлаачид нилээд зүйлийг бичсэн билээ. Тиймээс энэх талаар нурших нь илүүц биз ээ.
Өвөр Монголын эрдэмтэн Н.Түвдэн, В.Намжилсүрэн, З.Цэрэндонров, З.Дэмбэрэл нар: “Үзэмчин Зүүн гарын хошууны 14-р үеийн засаг төрийн эрдэнэ бэйл дархан ван Минжүүрдорж 1945 оны хуучин улирлын 11 сарын эхээр нэг бүлэг айл өрхийг албадлагаар БНМАУ-д нүүлгэн аваачсан ба түүний албадлага шахамдлагыг хайхралгүй … эх нутагтаа үлдсэн айл өрх, хүн амын үнэн бодат тоог тэмдэглэн үлдээж түүхийн гэрч баримт болгоё. Тухайн үед Үзэмчин Зүүн гарын хошууны есөн сум, зургаан хийдээс долоон сум, таван хийдийг Халхад нүүлгэжээ… Бүх нүүлгэсэн айл өрх 437, 1751 хүн, үүнд, эрэгтэй 807 хүн, эмэгтэй 944 хүн буй. Нутагтаа үлдсэн айл өрх 316, 1308 хүн байв” хэмээн тэмдэглэжээ.
Дээрх ишлэлээс үзэмчингүүд Монгол улсын нутагт албадлагаар орж ирсэн гэсэн санааг олж харж болохоор байгаа ч Сүхбаатар, Дорнод аймгийн үзэмчингүүдийн ярьж буйгаас үзвэл албадлага шахалт төдий л байгаагүй мэт. Мөн Дэлхийн II дайны үед өвөр монголчууд Хятад, Японы давхар дарамт дор зовж зүдэрч байсан учраас дүрвэж, Ар Монголын нутаг руу нүүж ирсэн гэх үзэл түгээмэл байдаг. Бид үзэмчингүүд Ар Монголд нүүж ирэх тухайн үед Өвөр Монголд нөхцөл байдал ямар байсан, яагаад нүүж ирэх болсон, хэрхэн нүүдэллэж ирж, суурьшсан зэргийг үзэмчиний ахмад настнууд, тэдний үр хүүхдээс багахан хэмжээгээр тодруулснаа сийрүүлэн бичье.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын үзэмчингүүд (Баруун үзэмчин хошууны үзэмчингүүд) анх тус нутагт ирж суух болсон тухай нутгийнхны ярьж буйгаар, “1945 оны чөлөөлөх дайны үед зарим япончуудыг баривчлаад Ар Монгол руу хүргэж ирэхэд дандаа ид 18-19 насны залуус явсан бөгөөд япончуудыг хүргэж ирчхээд буцаж очоод хүмүүсээ нүүлгэж ирсэн байна. Мөн учир мэдэх хүмүүс гөрөө хийх нэрийдлээр явахдаа Ар Монгол руу ирж нөхцөл байдлыг судлаад буцдаг байсан ба дээр үед эхлээд арван хэд хориод айл ирсэн, сүүлдээ 1945 оноос 1949 оны хооронд 40-өөд өрх орж ирсэн бололтой юм” [12]. Гэхдээ 1945 онд 2 бригад хүмүүс тус суманд орж ирсний нэг баг нь хуучид нөгөө баг нь үзэмчингүүд байсан байна.
Ардын авъяастан, ахмад настан С.Хишгээ (73 нас, эм, 2006) гуай: “Урд Өвөр Монголд сургуулийн сурагч байхад хоёр япон, нэг монгол багш байсан. Нэг өдөр сургууль дээр ирсэн чинь нөгөө япон багш нар байсангүй, харин нэг монгол багш л байсан… Бид сургуулиас гараад ирэхэд сургуулийг явган цэрэг бүсэлчихсэн байсан. Би ч нэгдүгээр ангийн жаахан хүүхэд болохоор юугаа ч мэдэх вэ, цэргүүдийн хоорондуур гарах гэж зүтгэхэд толгойг маань илээд гаргасан, би ч гараад явчихсан. Хөдөө модон дотор 2 хоног нуугдаж хэвтэж байгаад (манай аав хүрээд очсон байсан юм) дараа нь тэнд нэг айлд байж байгаад нааш нүүж ирсэн. Удалгүй 2 хоноод урд хил дээр ирсэн. Монгол цэргүүд биднийг хамгаалж явсан, тэгэхгүй бол Орос цэргүүд хүн амьтныг нь айлгаад, мал, ачаа барааг нь булааж авдаг байсан. Нэг мэдэхэд Өгөөмөрийн тэнд бугын хашаанд тулаад ирсэн байсан. Ирсэн хүмүүс Урт, Зотол суманд харъяалагддаг. Хамгийн түрүүнд ирсэн нь 48 өрх ирж байсан. Хамгийн сүүлд 1948 онд 11 өрх нэг орж ирж байсан. Их сайхан эхнэр хувцастай хүмүүс ирж байсан. Манайх хамгийн эхний 1945 оныход ирсэн. Биднийг дүрвэж ирэхэд хүмүүс замд тосч угтаж авч байгаагүй, бид дүрвэж ирж байгаа болохоороо нохойныхоо амыг хүртэл чимээгүй байлгахын тулд зууртал нь боочихсон ирж байсан. Олон малтай баячууд орж ирж байсан” хэмээн хуучилсан юм.
Харин тус сумын мянгат малчин Н.Мөнхөө гуай (75 нас, эр, 2006): “1945 оны байлдааны үе 6 сарын 6-7-ны үед байх. Манайх бүр хол Хөххотын урдаас үхэр тэргээр яг 30 хоног нүүгээд Бичигтийн энд Лхачинвандад уулын тэнд хүрч ирсэн. Өвөр Монголын 49 хошуутай байсан, тэр олон хошуунаас хүмүүс нүүж ирнэ гэдэг бол нүсэр юм болно доо. Гэтэл Хятад залийн улс болохоор Хятадад ардчилал тогтсон гэж хэлээд… Тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь буцаад нүүнэ шүү дээ. Буцаж нүүгээд, тэрнээс 15-хан Баруун үзэмчин айл 1945 оны зун орж ирсэн. Би 15 настай байсан. Манай эцэг баян Нямарк 7 хүүхэдтэйгээс 4 хүүхэд нь орж ирсэн, би ганцаараа эрэгтэй. Манайх 4000 хоньтой, 1000 адуутай, 300-гаад үхэртэй, тэмээ ердөө байхгүй, 7 ямаатай айл байсан. Манай малыг төр хураасан. Манай аавыг ноос дутаалаа гээд 1952 онд шоронд явсан. 1953 онд малыг нь дийлэхгүй болохоор улсад өгье гээд өгсөн” гэж өгүүлсэн юм. Ирсэн мал хөрөнгө бүхий айлуудын талаар өөр зөрүүтэй бас нэгэн мэдээ байгааг энд дурдвал, баян Нямарк (Хонин сүрэг нь 10000 гарч байсан), Төмөрцэрэн (Үхэр нь 2000 гарч байсан), Жавжаа, Хоржийлха, Батаа тайж зэрэг олон малтай хүмүүс байсан гэсэн мэдээ байна. Нүүж ирсэн үзэмчингүүдийн ихэнх нь тус сумын Хөндлөн хайлааст [13] гэдэг газар суурьшсан байна.
Үзэмчингүүд Ар Монголд нүүж ирэх хүсэл эрмэлзлэлтэй байсаар ирснийг зарим газар усны нэр, ахуйн дадал хэвшил гэрчилдэг. Тухайлбал, Х.Ганболд [14] “Үүд, Хатавч нэртэй 2 газар байдаг. Энэ Үүд нь одоогийн Бичигтийн хилийн боомт байгаа газрын орчим бий. Үзэмчингүүд манай үүд хойшоо харж байдаг гэж ярьдаг бөгөөд бид (Ар Монголд) үүдээрээ орж ирсэн улсууд гэж ярьдаг. Бас эмээлийн бүүргийг хойшоо харуулж тавьдаг. Энэ нь үзэмчингүүдийн Ар Монголд орж ирэх хүсэл бодолтой нь холбоотой. Одоо ч хүртэл бид эмээлээ хойш харуулж тавьдаг. Баруун, Зүүн хатавч гэж 2 уул хилийн цаана 6-7км-т бий. Одоо ч гэсэн Хатавчийн застав гэж байдаг” хэмээн ярьсан юм.
Харин Дорнод аймгийн үзэмчингүүдийн (Зүүн үзэмчин хошууны) Ар Монгол нутагт орж ирсэн тухайд, Зүүн үзэмчин хошуунаас 1945 онд 400 гаруй өрх орж ирж Халхгол Сүмбэрийн нутагт 1945-1947 оны хооронд суугаад улмаар одоогийн байгаа нутагтаа нүүдэллэн ирж суурьшжээ. Аймгийн архив дахь 1947 оны Хэрлэнбаян сумын улсын мал тооллогын дүнтэй холбоотой материалаас үзэхэд, тухайн онд 456 өрхийн 47130 толгой мал, тэмээ 107, адуу 5062, үхэр 7672, хонь 23553, ямаа 10736 тоологдож байсан байна. 1956 онд Хэрлэнбаян сум гэж байгуулагдаад, 1961 онд Дорнод аймгийн Хөгнө сумтай нийлсэн. Нийлээд Сэргэлэн сум байгуулагдсан (Л.Түвдэнням, 53 нас, эр, 2006). Зүүн үзэмчин хошууны үзэмчингүүд Ар Монголд ирж суух болсон нь мөн л тухайн үеийн түүхэн нөхцөл байдалтай холбоотой. Өвөр Монгол чөлөөлөх дайны өмнө феодалын засаг төртэй хэвээр байсаар 1944 онд феодалын дарлалаас салсан байна. Мөн чөлөөлөх дайнаар Японы дарлалаас салсан ажээ. Алба татвар ихтэй, цэргийн албанд насаараа явдаг, хүнд эрүү шүүлт тулгадаг байсан болохоор тэр үеийн БНМАУ гэдэг бол ардын хувьсгал ялсан, эрх чөлөөтэй сайхан орон гэдгийг тэд анхнаасаа мэдэж байсан ч улс төрийн хэргээр баригдахгүйн тул далдуур ярьж байжээ.