Содномзундуйн Эрдэнэ
Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, Улс төрч, Хуульч, Удирдахуйн ухааны доктор.
Содномзундуйн Эрдэнэ | |
---|---|
Монгол Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд | |
Албан тушаал хашсан 2012 оны 8 сарын 18 – 2016 оны 7 сарын 23 | |
Ерөнхийлөгч | Цахиагийн Элбэгдорж |
Ерөнхий Сайд | Норовын Алтанхуяг Чимэдийн Сайханбилэг |
Өмнөх | Төгсжаргалын Ганди (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд) |
Дараах | Нямтайширын Номтойбаяр (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд) |
Монгол | |
Албан тушаал хашсан 2008 оноос – одоог хүртэл | |
Ардчилсан Намын дарга | |
Албан тушаал хашсан 2017 оны 2 сарын 12 – одоог хүртэл | |
Өмнөх | Зандаахүүгийн Энхболд |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1963 он Монгол, Улаанбаатар |
Улс төрийн нам | Ардчилсан Нам |
Хүүхэд | 6 |
Алма матер | Отгонтэнгэр Их Сургууль Цэргийн Нэгдсэн Сургууль Удирдлагын Академи |
Мэргэжил | улс төрч, эрх зүйч, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) |
Вэб сайт | erdenesodnomzundui.mn |
Цэргийн алба | |
Цол | Хурандаа |
Намтар
1990 оны Цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Багануур дүүргийн МоАХ-г үүсгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар нэг удаа, Засгийн газрын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар нэг удаа тус тус сонгогдон ажилласан. С.Эрдэнэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн Ардчилсан Намын дарга юм. 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 5.99% -ийн санал авсан.
Ажилласан байдал
- 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан Намын хорооны дарга
- 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий зөвлөлийн гишүүн
- 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал
- 1995-2000 онд Нийслэлийн МYАН-ын хорооны дарга, МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн
- 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч
- 2000-2017 Баянгол дүүргийн Ардчилсан Намд дарга
- 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2003-2007 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
- 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
- 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
- 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан Намын дарга
- 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр
- 2012 оноос өнөөг хүртэл "Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо"-ны Ерөнхийлөгч
- 2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд
- 2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
- 2017 оноос Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж байна.
Бага нас, боловсрол
Содномзундуйн Эрдэнэ нь Улаанбаатар хотод Содномзундуй, Цэнд-Аюуш нарын гэрт 1963 оны 7 дугаар сарын 28-нд том хүү нь болон мэндэлжээ.
- 1981 онд Нийслэлийн 75 дугаар сургуулийг дүүргэжээ.
- 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан.
- 1995-1998 онд Отгонтэнгэр Их Сургууль, Хууль, эрх зүйн бакалавр зэрэгтэй болов.
- 1998-2000 онд Отгонтэнгэр Их Сургууль, Хууль зүйн ухааны магистр зэрэг хамгаалсан.
- 1998-2000 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр болсон.
- 2004 онд Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант болжээ.
- 2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс дүүргэв.
- 2006 онд АНУ-д Нийгмийн хамгааллын дээд курс дүүргэсэн.
- 2013 онд Удирдлагын Академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч болсон нь
Түүний аав Дашнямын Содномзундуй нь Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн юм. Д.Содномзундуй нь Улсын Багшийн Дээд Сургуульд Биеийн тамирын анги анх нээгдэхэд элсч, дөрвөн жил суралцаад, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоогоор Нийслэлийн Биеийн тамир, спортын хороонд зааварлагч, Анагаах Ухааны Дээд Сургуульд (АШУИС) биеийн тамирын багш, биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр ажиллав. 1980 оноос 2003 он хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын хороонд даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Мөн дотоодын тэмцээн уралдаан, Монголын сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээн уралдаанд оруулах зэрэг ажлыг зохион байгуулдаг байжээ. Өөрийн ухамсарт амьдралаа спортын төлөө, тэр тусмаа сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зориулсан хүн байлаа. Тиймээс аавынхаа амьдралаа зориулсан спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоог үүсгэн байгуулж Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна.
Гавьяа Шагнал
- Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль
- 2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хүндэт жуух, тусгай шагналууд
- 2001 онд Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг
- 2006 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон
- Ардчилсан Намын дээд шагнал “Чингисийн одон”
- МоАХ-ны дээд шагнал “Эрх чөлөөний одон”
- Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- Нийгмийн даатгалын хүндэт ажилтан цол тэмдэг
- 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл[1]
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нь 3 удаа (2009 он, 2012он, 2016 он) сонгогдохдоо Иргэдийнхээ хуулиар хамгаалагдаж чадаагүй олон эрхийг баталгаажуулах, Монгол хүний хөгжлийг хангаж амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн ам, нийгмийн хамгааллын салбарт шаардлагатай бодлого, стратегийг батлуулж, хэрэгжүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг юм.
Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран 160 гаруй тогтоол шийдвэрийн төслийг боловсрууллаа. Мөн 56 хуулийг санаачлан боловсруулсны 31-ийг буюу 60 хувийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 2 хуулийн төслийг санаачлагчийн хүсэлтээр буцан татаж, ахин 2 төслийг санаачлан боловсруулсан байна.
2012-2016 онд
2012-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахдаа бодлогын үр шимийг хүртэх иргэд, олон нийтийн санаа бодлыг сонсох явдал нь бодлого боловсруулах суурь зарчим учраас хүн ам, зорилтод бүлгүүдийн санал бодлыг сонсох ажлыг 2012-2013 онд хэрэгжүүлж, хүүхэд өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүд, гэр бүлийн асуудлаар "Үндэсний хэмжээний чуулган зөвлөгөө"-үүдийг хийсэн.
Зөвлөгөөний үеэр иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсож, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, боловсруулсан баримт бичгийн төслийг хэлэлцүүлж байсан нь цаашдын бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх ажлын эхлэл болж байлаа.
Хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудал, салбар дундын бодлогын уялдаа холбоог бий болгож, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиг удирдлагаар хангах үүрэг бүхий бүтцийг бий болгон Хүн амын бүлгүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг хангах эрх зүйн орчинг сайжрууллаа.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлаас 2012 онд батлуулж хэрэгжүүлснээр Улсын хэмжээнд нийт 646 мянган иргэлийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нь нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ боллоо.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа Эрүүл мэндийн даатгалын цахим картаар шууд төлөх, төлбөрт хяналт тавих зэрэг эрхийг хуулиар тогтоолоо.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хууль болсон.
2016-2020 он хүртэл
Улсын Их Хурлын гишүүнээр ажиллахдаа (2016-2020 он хүртэл) :
- Нийгмийн бодлого, Соёл, Шинжлэх ухааны байнгын хороо,
- Хууль зүйн байнгын хороо
- Төсвийн байнгын хороонд харьяалагдан ажиллаж, ажлын хэсэгт, ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллаж байна.
Олон улсын Парламентын бүлэг
Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллах зорилго бүхий Монгол Улсын Их Хуралд байгуулагдсан үндэсний бүлгэм бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сайн дурын олон нийтийн байгууллага болох Монголын Парламентын Бүлгэм юм. Монгол Улсын Их Хурал болон гадаад орны хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хуралд хоёр талын парламентын бүлгүүд байгуулагдан ажилладаг. Тус бүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нь Монголын Парламентын хорооны гүйцэтгэх хорооны дэд дарга бөгөөд дараах парламентын бүлгүүдэд гишүүнээр ажилладаг.
Ардчилсан Намын дарга
Ардчилсан Нам VI Их хурлаараа нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийнхээ эхлэл түүхэн шийдвэрийг гаргаж, намын даргаа бүх гишүүдийн саналаар сунгаагаар тодруулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн Намын даргын сонгуулийн сурталчилгаа 40 хоног үргэлжлэн, санал хураалтыг 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан.
Санал хураалтыг Монгол орон даяар явуулж, Намын даргын сонгуулийн хороо ирцийн мэдээллийг 2 цаг тутам хүлээн авч, сонгуулийн нэгдсэн дүнг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд нээлттэй ил тод байдлаар зохион байгуулав.
Энэхүү сонгуульд Ардчилсан Намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан саналын эрхтэй 120,703 гишүүдийн 85,939 нь санал өгч ирц 71,2 хувьтайгаар дүнг гаргалаа.
Монгол Улсын төрийн түүхэнд намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулж, сонгуулийн нэгдсэн дүнг онооны системээр тооцсон нь Монголын улс төрд шинэ жишиг тогтоосон, шинэлэг зүйл боллоо.
Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулахын төлөө өрсөлдөж нийлбэр дүнгээр
- С. Эрдэнэ - 2928,92
- Н. Алтанхуяг - 2033,08
- Ж. Батзандан - 1110,77
- Л. Гантөмөр - 1417,83
- Д. Эрдэнэбат - 857,22 оноог тус тус авсан байна.
Ингэснээр нэр дэвшигч С. Эрдэнэ намын гишүүдийн итгэлийг хүлээж намын дарга болох болзлыг хангаж Ардчилсан Намын дарга болов.
Эшлэл
- ↑ Санаачлан боловсруулж батлуулсан хууль тогтоомж, батлуулахаар өргөн барисан төсөл