Бүгд Найрамдах Парагвай Улс хэмээх Парагва́й (Испани: Paraguay, гуа. Paraguái) нь Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм.

Бүгд Найрамдах Парагвай Улс
Уриа: Paz y justicia (Испани)
"Энх тайван ба шударга ёс"
Төрийн дуулал: 
Himno Nacional Paraguayo (Испани)
"Парагвайн төрийн дуулал"
 Парагвай улсын байршил (хар ногоон) Өмнөд Америк (саарал)
 Парагвай улсын байршил (хар ногоон)

Өмнөд Америк (саарал)

Location of Парагвай
Нийслэл
ба томоохон хот
Асунсьон
25°16′S 57°40′W / 25.267°S 57.667°W / -25.267; -57.667
Албан ёсны хэл[1][2]
Шашин
(2018)[3]
  • 2.6% Шашингүй
  • 0.4% бусад
  • 0.8% мэдэгдээгүй
Ард түмний нэршилПарагвайчууд‎
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Сантьяго Пенья
Педро Аллиана
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол (Испаниас)
• Тунхагласан
5 сарын 14, 1811
• Хүлээн зөвшөөрөгдсөн
11 сарын 25, 1842
6 сарын 20, 1992
Газар нутаг
• Нийт
406796 км2 (59)
• Усны эзлэх талбай (%)
2.6
Хүн ам
• 2023 тооцоо
7,439,863[4] (104)
• Нягтаршил
18/км2 (210)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$108.4 тэрбум[5] (94)
• Нэг хүнд ноогдох
$14,528[5] (98)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$41.88 тэрбум[5] (98)
• Нэг хүнд ноогдох
$5,615[5] (104)
ОТББИ (2020)43.5[6]
дундаж
ХХИ (2021) 0.717[7]
өндөр · 105
Мөнгөний нэгжГуарани (PYG)
Цагийн бүсUTC–4 (PYT)
• Зуны цаг (ЗЦ)
UTC–3 (PYST)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+595
Домэйн нэр.py

Дорнод талаараа Бразил, өрнөд талаараа Боливи, өмнөд талаараа Аргентинтай хиллэдэг далайд гарцгүй орон бөгөөд Атлантын далай руу нутгийн төвийн Парагвай мөрөн болон дорнод хэсгээр урсах Парана мөрний усаар аялан очих боломжтой. 406,796 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 2002 оны байдлаар 7.6 сая хүн амтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь 530 мянган хүнтэй Асунсьон хот юм. Албан ёсны хэл нь испани болон гуарани хоёр хэл юм.

Испанийн колоничлогчид 1524, 1537 онд ирэн Асунсьоныг үүсгэн байгуулжээ. 17-р зуунд Парагвайд еврей номлогчид ирж христийн шашин, Европ соёлыг нутгийн гуарани хүмүүст таниулжээ. 1767 онд еврейчүүд Испаниас хөөгдсөний дараа Парагвай цөөн хот сууринтай зах хязгаарын колони болжээ. 19-р зууны эхэнд Парагвай тусгаар тогтносны дараа үндсэрхэг, ертөнцөөс тусгаарлах, гадаадын худалдааг хаагч зэрэг бодлого бүхий авторитар хэд хэдэн дэглэмийг сольжээ. 1864-1870 онд болсон Парагвайн дайны дүнд Аргентин, Бразил, Уругвайн гурвалсан эвсэлд дийлдсэнээр дайны өмнөх нутгийнхаа 25-33%, хүн амын талыг тус тус алджээ. 20-р зуунд Боливитой Чакогийн дайн (1932-1935)-д байлдан дийлж нутгаа өргөтгөсөн ба дөчин жил Альфредо Стресснер гэх диктатортой байснаа 1989 онд түүнийг буулгажээ.

Парагвай одоо ардчилсан дэглэмтэй, хөгжиж буй орон юм. НҮБ, Меркосур, АТОБ зэрэг олон улсын байгууллагыг анх байгуулагдахад элсчээ. Асунсьоны дэргэдэх Луке хотод Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны төв байр байрладаг.

Парагвайн 7 сая гаран хүн амын олонх нь местисо (цагаан арьстан, индианы холимог) байх ба гуарани хэл соёл үлэмж нөлөөтэй. Хүн амын 90% нь испани хэлний хамтаар гуарани хэлний ямар нэг аялгуугаар ярьдаг.

Индиан ба колони

засварлах

Испаничуудыг ирэхээс өмнө Парагвайн дорно хагаст гуарани, өрнөд хагаст гуайкуру хүмүүс оршин байв. Нутгийн дундуур урсах Парагвай мөрөн дорнод хагасын тариачин гуарани, өрнөд хагасын нүүдэлчин аймгуудыг заагладаг байжээ. Нутгийн уугуул эдгээр хүмүүсийн хэл яриа нь таван өөр бүлэг байх ба мөн дотроо олон овог аймаг болно. Өдгөө эдгээр хүмүүс 17 янз яс үндэс болон тэмдэглэгддэг.

Европоос анх испаничууд 1516 онд энд ирсэн ба 1537 онд Асунсьоныг үүсгэн байгуулж эндэх колонийн төв болов. 18-р зуунд еврей номлогч нар ирж нутгийн индианчуудыг христийн шашинд оруулж байсан ба 150 жилийн турш дэлгэрээд 1767 онд Испанийн хаан еврейчүүдийг хөөснөөр төгсчээ. Эдгээр еврейн балгас нь өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Нутгийн баруун хэсгийн нүүдэлчид христийн шашнаас удаан татгалзаж, нэлээн хожуу буюу 18-19-р зуунд местисод уусчээ.

Тусгаар тогтнол

засварлах
 
Анхны диктатор Хосе де Франсия

1811 оны 5-р сарын 14-нд Парагвайд Испанийн даргачийг буулгаж тусгаар тогтножээ. 1814-1840 он хүртэл Парагвайг Хосе де Франсия дарангуйлан удирдаж гадаад ертөнцөөс Парагвайг тусгаарласан ба тэрээр Францын Жан Жак Руссогийн Нийгмийн гэрээнд суурилсан утопи нийгмийг байгуулахыг оролджээ. Тэрээр католик сүмийн хүчийг ихээр бууруулж, цагаан арьстан нь зөвхөн хар арьстан, мулатто эсвэл нутгийн индиан гэрлэхийг зөвшөөрсөнөөр холимог арьстан буюу местисо нийгмийг бий болгов.

1840 онд цэргийн дэглэм тогтосны дараа 1841 онд Франсиягийн хамаатан Карлос Лопес төрийн эрхэнд гарч Парагвайг орчин үед дэвшүүлж, гадаад худалдааг нээжээ. Аргентинтай үл довтлох гэрээ байгуулж 1842 онд Парагвайн тусгаар тогтнолыг албан ёсоор зарлан тунхаглав. 1862 онд түүний ахмад хүү Франциско Лопес угсаа залгажээ. Лопесын удмынхан Парагвайг нэгэн том хувийн эзэмшил шиг л бүх бараа таваар, бүх салбарыг хянаж, төвлөн захирч байв. Бүх экспортод төр оролцож байв. Мод, ургамлын худалдааг Парагвай хийж байсан. Парагвайн удирдагчид дотооддоо өөрсдийгөө хангахыг зорьж, гадны зээлээс татгалзаж, гадаадын импортын бараанд өндөр татвар тавьж байв. Энэхүү протекцонист арга нь нийгмийг өөрсдийгөө хангуулж Аргентин, Бразилын өрөнд орохоос хамгаалжээ. Парагвайд боол байсан боловч их биш байсан ба 1844 онд хуулиар боолын ёсыг хуулиар хоригложээ. Эцэг Карлос Лопесын үед Парагвайн зэвсэгт хүчнийг орчин үеийн болгож, Хумайта цайзыг бэхлэн сайжруулжээ. Гадаадын 200 техникчийг хөлслөн суурин утасны шугам суурилуулсан бол төмөр зам, оёмол эдлэл, цаас боовсруулах, усан онгоц, зэвсэг, дарь үйлдвэрлэлд гаднаас тусламж авчээ. 1850 онд Ибикуй гэх их буу үйлдвэрлэжээ. Мөрний усан дээр цэргийн зориулалттай бооомт Гран Чако дахь Апа голд бэхлэлт хийжээ. Хүү Франциско Лопесийн үед нийгэм-эдийн засгийн хөгжлийг үргэлжүүлжээ.

Парагвайн дайн

засварлах
 
Дайнаас өмнөх газрын зураг. 1864 он

1864 оны 10 сарын 12-нд Бразил нь Аргентин болон Уругвайн улаантантай холбоолон Уругвайн цагаантан төрийг унагахаар довтлов. Франциско Лопес үүний дараа 1864 оны Бразилын Мато Гроссо руу довтолж, 1865 оны 3-р сарын 23-нд Аргентинд дайн зарлав. Уругвайд төр эргэж улаантан Венансио Флорес 1865 оны 2 сарын 22-нд төрийн эрхэнд гарав. 1865 оны 5 сарын 1-нд дээрх гурван хөрш орон Гурвын эвсэл үүсгэжээ.

1870 онд Серро Корагийн тулалдаанд Парагвай ялагдаж маршал Франциско Лопес алагдав. Парагвай нутаг дэвсгэрийнхээ 25-33%-ийг Аргентин, Бразилд алдсаны дээр их хэмжээний дайны өрөнд орж хамгийн гол нь хүн амын тал хувь үрэгджээ. Дайны хохирлын талаар Уильям Рубинштейн бичихдээ "Парагвай 450-900 мянга гаруй хүнтэй байснаас 200 мянган хүн л үлдсэн. Үүнээс 28 мянган насанд хүрсэн эрэгтэй байв" гэжээ. 1869 онд Бразилын цэрэг Асунсьоныг эзлэн дээрэмдэж Парагвайн үндэсний архивын материалыг Рио-де-Жанейро руу зөөж аваачсан нь Парагвайн колонийн өмнөх үе болон тусгаар тогтнолын үеийн түүхийн бичиг сэлтийг бууруулжээ.

20-р зуун

засварлах

1904 онд Парагвайн засгийн эрхэнд Либерал нам гарсан ба 1904-1954 оны хооронд удирдсан тус нам 33 удаа засгийн газраа сольжээ. 1922 онд намын доторх фракцийн зөрчлөөс иргэний дайн гарав. 1932-1935 онд Чакогийн дайнаар Парагвай ялалт Чако нутагт газар нутгаа тэлж авчээ. 1936 онд хувьсгалаар Рафаэль Франко хурандаа төрийн эрх авч байсан бол 1940-1948 онд Ихинио Мориниго генерал улсыг удирджээ. 1947 онд иргэний дайн дэгдэсний нэг талд Зөвлөлтийн талын Рафаэль Франко, нөгөө талд Америкийн талын Ихинио Мориниго байв. 1954 онд төрийн эргэлт хийн гарч ирсэн Колорадо намын Альфредо Стресснер 1989 оныг хүртэл улсыг удирдан чиглүүлжээ. Түүний үед зарим талаар орчин үеийн дэвшилт, зарим талаар хүний эрхийг дарангуйлсан гэж тэмдэглэгдсэн. Түүнийг буусны дараа ч түүний Колорадо нам 2008 оныг хүртэл улс төрд давамгайлсан.

 
2013 онд ерөнхийлөгч Хорацио Картесын тангараг өргөх ёслол

Орчин үе

засварлах

Стресснерийг генерал Андрес Родригес цэргийн эргэлтээр түлхэн унагаж улс төр, хууль, эдийн засгийн шинэтгэлийг эхлүүлж Стресснерийн гэр бүлд олгогдсон байсан газрыг хураан авч ядуу 19 мянган өрхөд тараан олгожээ. 1990-ээд он улс төрийн хувьд тогтворгүй, төрийн эргэлтийн оролдлого, тэмцэл хөдөлгөөн их, засгийн газрын солигдол их байв. 2008 оны сонгуулийн дүнд Колорадо нам 60 жил төр барьсаны дараа Фернандо Луго сонгогджээ. Түүний засгийн газар авлигыг бууруулах, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах хоёр гол зорилго тавьсан. 2012 онд хугацаанаасаа өмнө Луго огцров. 2013-2018 онд Хорацио Картес, 2018 оноос хойш Марио Бенитес нар ерөнхийлөгчөөр ажилласан нь хоёул консерватив Колорадо намын төлөөлөл байна.

Төр засаг

засварлах

Парагвай нь төлөөллийн ардчилсан дэглэмтэй бүгд найрамдах улс. Эрх мэдлийн гурван салаа мөчиртэй, олон намын тогтолцоотой. Эрх мэдлийн гурван салбар:

  • Хэрэгжүүлэх эрх мэдэл нь улсын тэргүүн буюу Ерөнхийлөгчийн гарт байна. Ерөнхийлөгч нь Сайд нарын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлдэг. Ерөнхийлөгч Асунсьон дахь Лопесын ордонд байрлан ажилладаг. Ерөнхийлөгч нэг шаттайгаар дийлэнх олонхын саналаар сонгодог.
  • Хууль тогтоох эрх мэдэл нь хоёр танхимт Улсын их хурал (Конгресс) байна. Доод танхим буюу 80 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхим нь пропорциональ төлөөллийн тогтолцоогоор 5 жил тутамд сонгогддог. 45 гишүүнтэй Сенатын танхим нь мөн 5 жилд пропорциональ төлөөллийн тогтолцоогоор сонгогддог.
  • Шүүх эрх мэдэл нь гурван шаттай байх ба Дээд шүүх 9 гишүүнтэй байна. Шүүх нь хэрэгжүүлэх болон хууль тогтоох эрх мэдлээс хараат бус байна.

2018 оны ерөнхий сонгуульд Колорадо намаас нэр дэвшсэн Марио Бенитес 48.96% санал авч сонгогдсон ба удаах өрсөлдөгч нь 45.08% санал авсан гол өрсөлдөгч нь Их шинэчлэлийн үндэсний эвсэлээс нэр дэвшсэн Эфрайн Альери байжээ. Сенатын танхимд 45 суудалтайгаас Колорадо нам 32% санал авч 17 суудал, 24% санал авч Үнэн радикал либерал нам 13 суудал бол бусад 15 суудлыг зургаан нам эвсэл хуваан эзэлсэн. Төлөөлөгчдийн танхимын 80 суудлаас Колорадо нам 39% санал авч 42 суудлыг буюу дийлэнх олонхийг эзэлсэн бол Үнэн радикал либерал нам 17 суудал, Их шинэчлэлийн үндэсний эвсэл 13 суудал, бусад 4 нам эвсэл 8 суудал авчээ. Мөн сонгуулиар орон нутгийн засаг дарга нарыг сонгосон ба Колорадо намын нэр дэвшигчид дийлэнхэд нь сонгогджээ.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Парагвай улс улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд нутгаа засаг захиргааны зорилгоор 17 аймаг (Испани: departamento → департмент), 1 нийслэлийн тойрог (Испани: distrito capital) болгон 18 хуваадаг. Үүнд:

# Нутгийн нэр Засаг захир-
гааны төв
Хүн ам
(2021 оны тооцоо)
[8]
Нутаг дэвсгэр (км2) Цааш тойрогт
хуваагдах тоо
1 Нийслэлийн тойрог Асунсьон 524,559 117 1
2 Консепсьон Консепсьон 261,976 18,057 14
3 Сан Педро Сан Педро 463,126 20,007 23
4 Кордильера Каакупе 323,273 4,953 20
5 Гуайра Вильяррика 247,747 3,991 18
6 Каагуасу Коронель Овьедо 609,803 11,479 22
7 Каасапа Каасапа 205,031 9,503 11
8 Итапуа Энкарнасьон 622,565 16,536 30
9 Мисьонес Сан Хуан Баутиста 168,130 9,568 10
10 Парагуари Парагуари 278,957 8,710 18
11 Альто Парана Сьюдад дель Эсте 854,943 14,898 22
12 Сентраль Арегуа 2,210,109 2,665 19
13 Ньеэмбуку Пилар 93,287 12,155 16
14 Амамбай Педро Хуан Кабальеро 204,169 12,935 6
15 Канендию Сальто дель Гуайра 254,978 14,677 16
16 Пресиденте Аес Вийя Аес 129,951 72,917 10
17 Альто Парагвай Фуэрте Олимпо 18,330 82,394 4
18 Бокерон Филадельфия 71,836 91,676 4
Парагвай Асунсьон 7,359,000 406,796 273

Газар зүй, түүхийн нөхцлөөр нутгаа мөн Чако (Бокерон, Альто Парагвай, Пресиденте Аяс гурван аймаг багтана) болон Орьенталь («дорнод») гэж хоёр муж болгон ангилдаг.

Цэрэг зэвсэг

засварлах
 
Байлдааны хөлөг онгоц

Парагвайн зэвсэгт хүчин нь хуурай зам, усан зам, агаарын гэсэн 3 салбартай. Улсын ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

Парагвайн 18 нас хүрсэн, тухайн онд хүрэх бүх эрэгтэйчүүд нэг жилийн хугацаатай цэргийн алба хаадаг. 16-49 насны буюу цэргийн насны эрчүүдийн тоо 1.6 сая болно. Жил болгон 73 мянган хүн цэргийн алба хаах насанд хүрдэг. Үүнээс гадна үндсэн цэргийн албан хаагчийн тоо 15.6 мянга, цагдаа хууль сахиулах ажилтны тоо 14.8 мянга байгаа бол бэлтгэл хүчний тоо 168 мянган хүн байна. Улсын төсвийн 1%-ийг цэрэг зэвсэгт зарцуулдаг.

Парагвайд 2005 оноос хойш үргэлжилж байгаа бага хэмжээний бослого байгаа бөгөөд одоогоор 150 хүн, жилдээ 10 орчим хүн үүнээс болж нас бардаг.

Парагвай нь бүс нутгийн алан хядлага, хар тамхины эсрэг зэргэлдээх Аргентин, Бразил болон АНУ-тай хамтран ажиллах гэрээтэй. 2019 онд эдгээр улсын "гурван фронт" хэмээх уулзалтыг өөрийн оронд зохион байгуулсан. 2005 онд газар нутаг дээрээ АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийсэн.

Гадаад харилцаа

засварлах

Парагвайн гадаад бодлого нь хөрш орнуудтай сайн харилцааг би болгох, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоход байна. 1945 онд НҮБ байгуулагдахад гишүүнээр элссэн. Дэлхийн банк, Америк тивийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг санхүүгийн байгууллагуудын гишүүн бөгөөд Америк тивийн орнуудын байгууллага, Латин америкийн Интеграцичлалын холбоо, Рио бүлэг, Интерпол, Меркосур (Өмнөд Америкийн нэгдсэн зах зээл) зэрэг олон улсын байгууллагад элсчээ.

Улс төрийн түвшинд, дипломат харилцаа, олон улсын харилцааг Хэрэгжүүлэх засгийн салбар болох Гадаад Харилцааны яам хариуцдаг. Монгол улс болон Парагвай улсын хооронд 2003 онд дипломат харилцаа тогтсон. 2019 онд Монгол-Парагвайн хооронд харилцан 90 хоног визгүй зорчих гэрээ байгуулагдсан. Парагвай бусад хөрш улсаас ялгаатай нь 1957 онд Тайваньтай дипломат харилцаа тогтоосон ба харин Хятад (БНХАУ)-тай дипломат харилцаагүй ажээ.

Газар зүй

засварлах
 
Нутгийн дорнод хэсэг. Накундай байгалийн цогцолбор газар

Парагвай нь Өмнөд Америкийн төв хэсэгт өмнөд өргөргийн 19-28 градус, өрнөд уртрагийн 54-63 градус хооронд байрладаг. Нутгийн голоор Парагвай мөрөн урсана. Парагвай мөрөн урссаар нутгийн дорнод хилээр урсах Парана мөрөн руу цутгана. Нутгийн өмнөд хилээр Пилькомайо мөрөн урсаж Парагвайд цутгана. Парагвай мужийн өрнөд газар нь Их Чакогийн хэсэг юм. Нутгийн дорнод өмнөд хэсэг гүний ус ихтэй буюу Гуаранын гүний усанд хамаарна. Хэдий далайд гарцгүй боловч нуурын эргүүд нь алдартай.

Уур амьсгал

засварлах

Ерөнхийдөө тропикийн болон субтропикийн уур амьсгалтай. Парагвай борооны болон хуурай гэсэн хоёр улиралтай. Салхи гол үүрэгтэй. 10-р сараас 3-р сарын хоорондо умардаас Амазоны сав газрын зөөлөн салхи үлээх бол 5-р сараас 8-р сард Андын нурууны хүйтэн салхины чиглэлтэй.

Томоохон уул нуруугүй болохоор салхины хурд 161 км/цаг хүртэл хурдтай үе бий. 1-р сард хамгийн дулаан бөгөөд хоногийн дундаж температур нь цельсийн 28.9 градус байна. Хур тунадас нутгийн дорнод хагаст их байна. Дорнод үзүүрийн ойд дунджаар жилд 170 см хур тунадас ордог бол нутгийн өрнөд хэсгийн Чако нутагт жилдээ 50 см орно.

Ан амьтан

засварлах

Парагвайд буга, сармагчин, [армадилло]], антеатер, халиу, зэрлэг гахай, тапир, ягуар, оцелот, сарьсан багваахай зэрэг амьтад бий.

Тэмдэглэл

засварлах
  1. Парагвайн төрийн сүлдний ар өвөр тал
  2. Парагвайн төрийн далбааны ар өвөр тал

Лавлах холбоос

засварлах
  1. "Article 140 about Languages". Paraguay – Constitution. International Constitutional Law Project. Archived from the original on 14 August 2012. Татаж авсан: 3 December 2007. (see "translator's note". Archived from the original on 1 February 2017.)
  2. "8 LIZCANO" (PDF). Convergencia.uaemex.mx. Archived from the original (PDF) on 15 January 2013. Татаж авсан: 5 October 2012.
  3. "Religious affiliation in Paraguay as of 2018". statista.com. Archived from the original on 21 December 2019. Based on Latinobarómetro; survey period 15 June – 2 August 2018; 1,200 respondents
  4. "Paraguay". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  6. "Gini Index". World Bank. Архивласан огноо 6 July 2022. Татаж авсан: 6 July 2022.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.
  8. "Proyección de la población por sexo y edad, según departamento, 2000-2025" (PDF). DGEEC (испани хэлээр). Архивласан огноо 8 October 2018. Татаж авсан: 24 June 2017.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Парагвай – Викимедиа дуу дүрсний сан
Засаг захиргаа
Ерөнхий мэдээлэл
Мэдээ
Аялал жуулчлал