Сарьсан багваахай
Бүрэнхийн идэвхтэй амьтан тул сарьсан багваахайн нүд тун сайн байх гэж олон хүн боддог. Гэтэл энэ амьтан нүднээсээ илүү чихэндээ итгэдэг байна. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг нь шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ төвөггүй олдог ажээ. Тэрээр өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг байна. Хэт нам дуу авиа гэдэг нь нэг үгээр хэлбэл цуурай гэсэн үг. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Тэгэхээр “царай муут”-ын хоёр чих түүний найдвартай зэвсэг болдог гэсэн үг. Үүнийхээ ачаар тэд эсрэг хүйстнээ ч төвөггүй олж авна.
Сарьсан багваахай нь сүргээр амьдардаг амьтан. Үржил нь тун өвөрмөц. Намар орой ороо нийллэгт орно. Энэ үед эр сарьсан багваахайн өндгөн эс эмийнхээ бэлгийн эстэй нийлж үр тогтдог ч тэр нь эмэгчнийхээ биед өвөл, хаврын турш хадгалагддаг байна. Ингээд хойтон жилийнх нь зун зургаа, долдугаар сарын үед эмэгчин сарьсан багваахай төллөж, нэгээс хоёр амьд зулзага гаргадаг. Зулзага нь үс хөрсгүй улаан нялзрай амьтан гардаг ч тун хурдан буюу ердөө л гурван долоо хоногийн дотор бүрэн бойжиж нисэх чадвартай болдог байна. Ийм хурдан торнидгийн нууц нь эхийнхээ сүүг хөхдөгт байж ч мэднэ.
Гар далавчитны багт ганцаараа багтдаг энэ амьтан хуурай газрын хамгийн өвөрмөц хөхтөнд зүй ёсоор тооцогддог. Үржлийн бүдүүлэг гэмээр хэлбэр, бусдаас ялгарах онцлог сэлт нь энэхүү амьтныг нэлээд эрт цагт үүссэний илрэл гэж эрдэмтэд үздэг. Сарьсан багваахай гарал үүслээрээ бол хүнээс даруй 60 гаруй сая жилээр ах гээд бод доо. Судлаачид энэ амьтныг кайнозойн эриний палеоцений галавт, өөрөөр хэлбэл 70 сая жилийн өмнө үүссэн гэж тогтоосон юм билээ. Харин хүн 70 мянган жилийн өмнө үүссэн гэдэг шүү дээ.
Насны хувьд хоёр хөлт, хохимой толгойттой харьцуулах аргагүй хөгшин амьтан гэсэн үг. Харин тухайн бодгалийн хувьд сарьсан багваахайн нас дунджаар 15-20 орчим жил. Манай зарим эрдэмтэн Хар ус нуурын орчимд сарьсан багваахайд бөгж зүүн судалгаа хийхэд хамгийн удаан амьдарсан нь 20 насалсан байжээ. Харин Сибирээс 49 насалсан сарьсан багваахай олдож байсан гэдэг. Сарьсан багваахай тогтсон үүр сууц бариад байдаггүй.
[[Ангилал:Хөхтөн амьтан]]