Монгол-Польшийн харилцаа
Монгол Улс-Бүгд Найрамдах Польш Улсын харилцаа.
Монгол |
Польш |
---|---|
Дипломат төлөөлөгчийн газар | |
Элчин | |
Бархасын Дорж | Кшиштоф Бойко (пол. Krzysztof Bojko) |
Харилцааны түүх
засварлах13 дугаар зууны үеэс Монгол, Польш улсууд түүхэн холбоотой болсон. 1241 оны 5-р сарын 9-нд Легницийн тал нутагт монгол, польшууд нүүр учирсан нь төв Европт болсон томоохон цэргийн урлаг шаардсан тулалдааны нэг байсан гэдэг. Үүнээс гадна Ромын Папын Монголын Эзэнт Гүрэнд илгээсэн элч Жиованни Плано Карпини их аялалдаа Францын Лион хотоос 1245 оны 16-нд гарч, замдаа Польшийн Вроцлав хотод түр саатаж, эртний орос хэл сайн мэддэг польшийн санвартан Бенедикт Полакийг орчуулагчаар сонгон авч хамт алсын замд гарсан байна. Бенедикт Полак 1247 онд Монголын Их Эзэнт гүрэнд хийсэн аяллаас эргэж ирээд аяллын талаар “Францискийн лам нар Тартарууд руу аялсан нь” (лат. De Itinere Fratrum Minorum ad Tartaros) хэмээх аяллын тэмдэглэл бичиж үлдээжээ. Уг тэмдэглэлийг 600 жилийн дараа Парист 1839 онд д’Авезак болон 1840 онд Польшид хэвлэсэн байдаг. Сүүлд 1965 онд АНУ-ын Йелийн Их сургуулийн эрдэмтэд «Тартарчуудын түүх» (лат. Historia Tartarorum) нэртэйгээр дээрх эх зохиолыг товчлон хэвэлсэн юм. Бенедикт Полакийн уг тэмдэглэл Монголын Эзэн Гүрний тухай болон Монголын хааны Ромын Пап-д илгээсэн захидлын хуулбарыг оруулснаараа түүхэн ач холбогдолтой юм.
Орчин цагийн дипломат харилцаа
засварлах1950 оны 4-р сарын 14-нд хоёр улс Варшав хотноо дипломат харилцаа тогтоосон бөгөөд БНМАУ 1959 онд Варшавт, БНПАУ 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээн ажиллуулсан түүхтэй.
1959 оны 2-р сарын 27-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 70 дугаар тогтоолоо батлаж, мөн 1959 оны 11 дүгээр сард Варшавт БНМАУ-ын ЭСЯ-ыг нээн ажиллуулж, орон тоо төсвийг нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1959 оны 4-р сарын 15-ны өдрийн 145 тоот тогтоолоороо баталжээ. 1959 оны намрын адаг сард анхны суурин Элчин сайд Ойдовын Бат-Очирыг томилж Варшав руу илгээж байжээ.
БНПУ-ын тал санхүүгийн бэрхшээлээс улбаалж 1995 онд Улаанбаатар дахь ЭСЯ-аа түр хаах шийдвэр гаргасан, дараагаар нь ЭСЯ-аа сэргээх шийдвэрийг 1999 онд гаргаж 2009 оноос эргээд хаагаад Бээжин хотоос хавсран ажиллаж байна.
БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар Кшиштоф Бойко 2019 оны 5 дугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Б.Дорж 2020 оны 9 дүгээр сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда-д Итгэмжлэх жуух бичгээ тус тус өргөн бариад ажиллаж байна.
Монгол Улсаас Польш Улсад суусан Элчин сайд нар:
засварлахОйдовын Бат-Очир /1958-1962/
Дэлэгжунайн Балжинням /1962-1966/
Жамбалын Банзар /1973-1977/
Цэндийн Намсрай /1984-1986/
Өлзийхутагийн Чойжилсүрэн /1988-1991/
Б.Түмэн /1994-1998/
Дашдаваагийн Чулуундорж /1998-2002/
Тугалхүүгийн Баасансүрэн /2002-2006/
Отгоны Дамбийням /2008-2012/
Адьяагийн Ганбаатар /2012-2016/
Нэмэхийн Батаа /2016-2020/
Бархасын Дорж /2020-2024/
Польшоос Монгол Улсад сууж байсан Элчин сайд нар:
засварлах1953 оны 6 -р сарын 30 - 1957 он - Вацлав Левиковски /Wacław Lewikowski /
1957 оны 4 -р сарын 15 - 1959 - Тадеуш Геде /Tadeusz Gede /
1960 оны 4 -р сарын 6 - 1966 - Станислав Ткачув / Stanisław Tkaczow /
1966 оны 11 -р сарын 23 - 1969 - Владислав Какиетек /Władysław Kakietek /
1969 оны 11 -р сарын 24 - 1974 - Францишек Новак /Franciszek Nowak /
1974 оны 7 -р сарын 4 - 1980 - Роман Гайзлер /Roman Gajzler /
1980 оны 4 -р сарын 4 - 1984 - Станислав Ставиарски /Stanisław Stawiarski /
1984 оны 3 -р сарын 1 - 1987 - Иозеф Урбанович /Józef Urbanowicz /
1988 оны 3 -р сарын 22 - 1991 - Станислав Зачковски /Stanisław Zaczkowski /
1991 оны 3 -р сарын 7 - 1995 - Станислав Гожиньски /Stanisław Godziński /
2000 оны 7 -р сарын 26 - 2001 он - Лешек Вионцэк (түр хамааргч-Leszek Wiącek )
2001 оны 12 -р сарын 5 - 2005 - Кшиштоф Дебницки / Krzysztof Dębnicki /
2005 оны 12 -р сарын 12 [123] - 2009 оны 7 -р сарын 31 [124] - Збигнев Кулак /Zbigniew Kulak /
2009 он - Улаанбаатар дахь Польшийн ЭСЯ хаагдсан
2010 оны 1 -р сарын 18 - Тадеуш Хомицки / Tadeusz Chomicki / (Бээжингээс хавсран суусан)
2015 оны 7 -р сарын 7 - 2018 оны 9 -р сар - Михал Лабенда ( Варшавт байнга оршин суудаг) / Michał Łabenda /
2019 оны 5 дугаар сараас - Кшиштоф Бойко / Krzysztof Bojko/
Улс төрийн харилцаа
засварлахХоёр оронд ардчилсан үйл явц идэвхтэй өрнөсөн 1990-ээд оноос эхлэн харилцаа, хамтын ажиллагааг шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажиллаж ирсэн. Тэрчлэн манай талаас парламентын шугамаар төлөөлөгчид 1991- 2020 онуудад 6-8 удаа, Гадаад харилцааны дэд сайд 1995 онд, УИХ-ын дарга 1997 онд, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, Ц.Элбэгдорж 2013 онд, Эрүүл мэндийн сайд Т.Ганди 2005 онд тус тус Польшид,
Польшийн талаас БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Б.Коморовски 2013 онд, Анджей Дуда 2023 онд Монгол Улсад албан ёсоор тус тус айлчилжээ.
УИХ-ын дарга Р.Гончигдорж 1997 онд, З.Энхболд 2015 онд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд 2010 онд, Польшийн Сенатын дэд маршал З.Куратовска 1991 онд, Сенатын маршал А.Стрүжик 1995 онд, Сенатын Маршал Б.Борусевич 2013 онд, Сеймийн Дэд маршал Е.Вендерлих 2014 онд, Сеймийн Дэд маршал Э.Гжэшчак 2015 онд тус тус харилцан айлчилсан.
Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 онд, Польшийн Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд, Польшийн Гадаад хэргийн дэд сайд Б.Стелмах 2011 онд, Е.Помяновски 2012, 2013 онд тус тус харилцан айлчилсан. Үүнээс гадна НҮБ-ын чуулган, олон улсын хурал, чуулганы үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ажлын уулзалтууд хийж ирсэн.
Эрүүл мэндийн сайд Т.Ганди 2005, Сангийн сайд Н.Баяртсайхан 2006, БХ-ын сайд Д.Сономпил 2006 онд, БХ-ын сайд Л.Болд 2008 онд, ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо 2009 онд, БХЯ-ны ТНБД З.Болдбаатар 2015 онд, ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг 2018 онд тус тус Польшид айлчилсан бол Польш Улсын эдийн засгийн дэд сайд М.Королец 2009 онд Монголд айлчилжээ.
Үүнээс гадна алдарт "Солидарношчь"-ийн /Эв нэгдэл/ удирдагч, Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса 2013 онд Монгол Улсад айлчилсан байна.
Хоёр жилд нэг удаа хоёр улсын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт хийдэг уламжлал тогтоод байна.
2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качинскийг Монгол улсад албан ёсоор айлчлах үеэр хоёр орны Ерөнхийлөгч нарын гаргасан "Хамтарсан тунхаглал" нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөлд хөгжүүлэх чиг баримжаа болоод байна.
"Найрамдал хамтын ажиллагааны тухай" 1975 оны Гэрээ, Эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх тухай урт хугацааны Программыг тус тус 1993 онд цуцалсан.
2013 оны 5 дугар сард Бүгд Найрамдах Польш улсын Сенатын маршал Богдан Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал хийсэн.
2015 оны 3-р сарын 18-21-нд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар БНПУ-д албан ёсны айлчлал хийлээ. БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорски, Гадаад хэргийн сайд Гжегож Схетына, Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн сайд Януш Пехочиньски зэрэг албаны хүмүүстэй уулзав.
УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр БНПУ-ын Сеймийн урилгаар айлчлав. 2020 оноос Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байна.
2018 оны 5 дугаар сард Бүгд Найрамдах Польш Улсын Парламентын доод танхим болох Сеймийн гишүүн, Сейм дэх Польш, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.
2019 оны 7 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал болон Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодтой харилцах асуудал эрхэлсэн дэд сайд ноён Мачей Ланг манай улсад айлчилсан.
2019 оны 12 дугаар сард Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн Монгол Улсад хийх албан айлчлал хийв.
2023 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Монгол улсад Төрийн айлчлал хийсэн.
Хэлэлцээрүүд
засварлахМонгол, Польшийн шинэ үеийн харилцааны эрх зүйн үндсийг бүрэлдүүлэх ажил аажим боловч хийгдэж байна. Тухайлбал, “Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай хэлэлцээр” (1995), “Орлогын ба хөрөнгийн татварыг давхардуулан олгохгүй байх тухай хэлэлцээр” (1997), “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр” (1997), Хоёр орны иргэдэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шинэ гэрээ (1998), Соёл, боловсрол, ШУТ-ийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр (1999), Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр (2011), Монгол, Польшийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр (2013), Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай БНПУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2013), “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр” (2018) зэрэг хэлэлцээрүүдийг байгуулаад байна.
Худалдаа, эдийн засгийн харилцаа
засварлахХоёр орны худалдааны анхны хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Монгол, Польш Улс 2019 онд 60 сая еврогийн худалдаа хийсэн байна. Үүний дийлэнхийг ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн болон жимс, жимсгэнэ, өргөн хэрэгцээний бараа, барилгын материал эзэлдэг. Худалдаанд манай импорт 90 гаруй хувь эзэлж байна. Польш Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлэсэн 50 сая еврогийн нөхцөлт зээлийн Хэлэлцээр 2019 онд байгуулж соёрхон батлаад байна.
2004 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад БНПУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 16 компани нийт 1782 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд байгааг салбараар нь авч үзвэл аялал жуулчлал, МАА-н гаралтай түүхий эдийн боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, худалдаа, нийтийн хоол, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Монгол, Польшийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан Комиссын 2 дугаар хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахимаар болж хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, польшийн талаас Хөгжил, технологийн дэд сайд Г.Пеховяк нар даргалав. Хуралдааны үеэр БНПУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирсон Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, Баян-Өлгий, Говьсүмбэр, Увс, Завхан, Дорнод зэрэг 5 аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, хөдөө орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн цахим засаглал, мэдээллийн технологи, авто тээвэр, геологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, соёл урлаг, археологи, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ярилцаж, талууд Комиссын хамтарсан Протоколд гарын үсэг зурав.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа
засварлахХоёр улсын хооронд соёл, ШУТ-ийн талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр анх 1958 онд байгуулагдаж, 1974 онд шинэчлэгджээ. 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудыг манай 230 орчим оюутан төгссөн бөгөөд Ж.Алтангэрэл, Н.Төмөрхуяг, Д.Чимиддорж нар анхны оюутнууд байжээ. Нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр /Баабар/, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Боловсролын сайд асан Аюурзаны Цанжид, Социал-демократ намын дарга Адьяагийн Ганбаатар, МХАҮТ-ийн ерөнхийлөгч асан Баатаржавын Лхагважав зэрэг алдартнууд Польшид дээд боловсрол эзэмшсэн байдаг байна.
2020 оны байдлаар жилд Монголын 25 оюутан Польшид сурахаар явдаг бөгөөд 2019 оны байдлаар 47 оюутан, 5 аспирант Польшид суралцаж байна.
Монгол Улсын Их Сургууль 1992 онд польш хэлний ангид анх оюутан элсүүлж авч 2016 он хүртэл польш хэлний ангийг 87 оюутан төгсөж польш хэл, орон судлаач мэргэжил эзэмшин диплом гардан авсан юм.
Варшавын их сургуулийн доктор, монгол судлаач, эрдэмтэн хатагтай Агата Барэя-Стажынска-г Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 2021 оны 7 дугаар сард шагнав. Доктор Агата Барэя-Стажынска нь эдүгээ БНПУ-ын Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын сургуулийн Түрэг судлал, төв Азийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр Польш дахь Монгол судлалын түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаас гадна олон тооны судалгааны ном, эрдэм шинжилгээний товхимол, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Монгол судлаач гадаадын шилдэг эрдэмтэн шагнал”, 2010 онд “Найрамдал” медалиар шагнуулж байсан юм.
2021 оны 7 дугаар сад Монголын соёл, уламжлалыг сурталчлан түгээх, Монгол, Польшийн парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргасан идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн Польш улсын Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марк Жонсаг “Найрамдал” медалиар шагналаа. Мөн Монгол, Польшийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй дэмжлэг, идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн БНПУ-ын эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Польш, Монголын холбооны тэргүүн Г.Цессакыг “Найрамдал” медалиар тус тус шагнасаныг Элчин сайд Б.Дорж гардуулав.
2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр МУБИС-ын ректор, профессор Ж.Батбаатар, МУБИС-ын харьяа Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал С.Батцоож, тус сургуулийн багш, зураач, доктор Г.Одпүрэв нар БНПУ-д айлчилж Варшавын Их сургуулийн ректор Алойзы Новак, тус сургуулийн харъяа Багшийн сургуулийн Декан Барбара Муравска нар болон эдгээр сургуулийн бусад албаны хүмүүстэй уулзав.
Цэргийн хамтын ажиллагаа
засварлах2007 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Мишигийн Сономпил Польш улсын Батлан хамгаалах яамны сайдын урилгаар айлчисан.
БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Роберт КУПЕЦКИ тэргүүтэй Польшийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид 2013 оны 11-р сарын 12-14-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатартай албан ёсны уулзалт хийхийн зэрэгцээ Монгол-Польшийн Батлан хамгаалах яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.
Хоёр орны Батлан хамгаалах яамдын зөвлөлдөх уулзалтаар дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцож хэлэлцэв. Зөвлөлдөх уулзалтын үед талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв. Түүнчлэн цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн аж үйлдвэрийн салбар, цэргийн сургалт, судалгаа, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын батлан хамгаалах салбарын харилцаа 1970-1990-ээд оны хооронд Варшавын гэрээний орнуудын харилцааны хүрээнд амжилттай хөгжиж байгаад хэсэг хугацаанд зогсонги байдалтай болсон. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003 оноос Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож Польшийн цэргийн командлалын удирдлагад үүрэг гүйцэтгэх болсноор харилцаа сэргэж, өндөр хэмжээний айлчлалуудыг харилцан солилцох, цэргийн албан хаагчдыг сургах зэрэг хэлбэрээр эрчимжин хөгжиж ирсэн юм.
Энэхүү харилцаа , хамтын ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 1 дүгээр сард БНПУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурснаар улам гүнзгийрэн хөгжих эрх зүйн үндэс тавигдсан юм.
Польш дахь Монголчууд
засварлах1990 оны эхээр монголчууд олноор "ганзагын наймаа" хийж Польшид зорчих болсон бөгөөд зарим нь тэндээ суурьшиж, ажиллаж амьдарч эхэлсэн. Ихэнх нь дорнын уламжлалт анагаах ухааны эмч нар юм. 2020 оны байдлаар албан бус тоогоор нийт 1000 орчим (үүний 50 гаруй нь оюутан) монголчууд Польшид сурч, ажиллаж байнга амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Польшид “Польш дахь монгол хэл, соёлын төв”, “Цахим өртөө” ТББ-ууд бий болж үйл ажиллагаагаа явуулж хоёр талын харилцааг хөгжүүлэхэд тус нэмэр болж байна.