Цэндийн Намсрай
Олхонууд овогтой Цэндийн Намсрай (1918 оны 6-р сарын 25-нд өнөөгийн Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрж, 1990 оны 7-р сарын 23-нд нас барсан) - БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн сэтгүүлч, орчуулагч.
Цэндийн Намсрай | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | сэтгүүлч |
Намтар
засварлахТэрээр хоёр хүү, зургаан охинтой Цэнд гэх малчин ардын гэрт төржээ. Түүний ах Цэндийн Гантөмөр 1932-1937 онд Гэгээрлийн сайд байсан бөгөөд “Лхүмбэ”-ийн хэрэгт холбогдон 33-хан насандаа цаазлуулжээ.
Намсрай 1930-1933 онд Улаанбаатарт үлгэр жишээ дунд сургуульд суралцаад ЗХУ-ын Улаан-Үд дахь "Монгол Рабфак"-т суралцан 1937 онд төгсжээ. Монголрабфакт суралцаж байхдаа Нямын Лувсанчүлтэм, Чадраабалын Лодойдамба, Дамдинжавын Майдар, Базарын Ширэндэв, Юмжаагийн Цэдэнбал зэрэг хожмын Монголын тэргүүлэх сэхээтнүүдтэй танилцан нөхөрлөжээ. Улмаар Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-ийг 1942 онд, МУИС-ийг 1952 онд, Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурыг 1962 онд тус тус дүүргэжээ.
- 1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч,
- 1942-1948 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн дарга,
- 1948-1950 онд БНМАУ-ын Гэгээрлийн сайд,
- 1950-1959 онд Намын Төв хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн сонгодог зохиолыг орчуулах зөвлөлийн ерөнхий редактор, Намын түүхийн институтын орлогч захирал,
- 1962-1963 онд Гадаад Явдлын яаманд ерөнхий нарийн бичгийн дарга,
- 1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч,
- 1984-1985 онд Бүгд найрамдах Польш Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна.
Ардын боловсролыг хөгжүүлэх, Марксизм-Ленинизмийн сонгодог бүтээлийг олон түмний хүртээл болгох, сонин хэвлэлийн газрыг бэхжүүлэхэд эрдэм мэдлэг, хүч авьяас, туршлагаа зориулсан удирдах ажилтан, нэрт орчуулагч, шилдэг нийтлэлч байжээ.
1953 онд Солонгос дахь дайны галыг зогсоох Солонгос, Хятад, Америкийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болон дайны галыг зогсоосон үйл явдлыг буюу манай улсын сэтгүүлчдээс олон улсын хэмжээний ийм томоохон түүхэн үйл явдлыг анх удаа сурвалжилжээ.
“Үнэн” сонины улс төрийн тэргүүн өгүүлэл хэдэн зуугаас гадна гадаадын хэвлэлд Монгол Улсынхаа тухай олон арван өгүүлэл бичиж нийтлүүлжээ.
Гэр бүл
засварлахЦ.Намсрай 1944 он шинэ жилээр, сүүлд Ардын жүжигчин болсон Лувсанжамцын Цогзолмаатай танилцаад 1946 оны 1-р сарын 5-нд гэрлэж 5 хүүхэд төрүүлжээ.
Охин Ардын жүжигчин Намсрайн Сувд, охин Намсрайн Шүр, охин Намсрайн Ганчимэг, хүү ая зохиогч, дуучин Намсрайн Ганхуяг, охин Намсрайн Энхтүвшин.
Цол хэргэм
засварлах- Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн /1962/ - Сэдэв: “Монгол оронд морин өртөөний албан үүргийг халж, орчин үеийн тээвэр байгуулсны эдийн засгийн нөхцөлүүд”
Гавьяа Шагнал
засварлах- БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал /1947/ - И.В.Сталины “Ленинизмийн асуудлууд” зохиолыг орчуулахад идэвхтэй оролцсоны дээр хариуцлагатай редакторласны учир
- БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн - /1980-11-06. №269/
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа болон бусад медалиудаар шагнагджээ.
Сонгуульт ажил
засварлах- Ардын Их хурлын депутатаар олон удаа сонгогдож,
- МАХН-ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож,
- Намын Төв хорооны гишүүн,
- Монголын сэтгүүлчдийн холбооны хорооны дарга,
- Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр нэг биш удаа сонгогджээ.