Лех Валенса
Лех Валенса (пол. Lech Wałęsa, [ˈlɛɣ vaˈwɛ̃sa]; Лэх Вавенса гэж монголоор дуудна, 1943 оны 9-р сарын 29-нд Померани мужийн Тлухово гминагийн Поповод төрсөн) —Польшийн улс төрийн зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч, Польшийн "Эв санааны нэгдэл" буюу "Солидарношч" хэмээх Үйлдвэрчний Эвлэлийн анхны дарга, 1990-1995 онуудад Польшийн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Дэлхий дахинд коммунизмыг нураахад хамгийн их үүрэг гүйцэтгэж, ардчиллын бэлгэ тэмдэг болсон хүн. 1983 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.
Бага залуу нас
засварлахЛех Валенса 1943 оны 9-р сарын 29-нд нацист Германд эзлэгдсэн Померан мужийн Попово тосгонд мужаан эцэг Болеслав Валенса (1908–1945), эх Феликса Валенса (өмнөх овог Камиеньска; 1916–1975) нарын гэрт төржээ. Лехийг төрөхөөс өмнө эцэг Болеслав Валеса Германы эзлэн түрэмгийлэгчдэд олзлогдож, албадан хөдөлмөр эрхлэх лагерь руу явсан байна. Дайн дуусахын өмнөхөн 1945 оны 4-р сард хүнд өвчтэй эцэг Болеслав гэртээ эргэн ирээд 1945 оны 6-р сарын 16-нд нас барсан байна. Лех хүүг 9 настайд буюу 1952 онд түүний эх Феликса нь нас барсан нөхрийнхөө ах Станислав Валенсатай гэрлэсэн байна.
Тэрээр 1961 онд Техник-мэргэжлийн сургууль дүүргээд 1961-1963 онуудад автомеханикаар ажилласан.
1963-1965 онуудад хоёр жилийн хугацаат цэргийн алба хааж ахлагч болж ирээд 1967 оны 7-р сарын 12-ноос Польшийн Гданьск хотын В.Лениний нэрэмжит усан онгоцны боомтод цахилгаанчнаар ажилласан байна.
Ажилд орсон цагаасаа эхлээд Лех ажилчдад тулгамдаж буй асуудлыг сонирхож эхэлсэн. 1968 оны оюутны бослогыг шүүмжлэн буруушаах зорилготой удирдлагаас зохион байгуулсан албан ёсны цуглаанд оролцохгүй байхыг нөхөддөө уриалж байжээ.
1970 онд хүнсний барааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж усан боомтын ажилчдыг бослогод уриалж байсан бөгөөд Ажилчдын хамгаалах Хороотой (польш нэр нь: KOR) хамтран ажиллаж байжээ.
1976 онд Польшийн тухайн үеийн нам, төрийн шийдвэрүүдийг эсэргүүцэж зөрчилдөж байсан тул ажлаасаа халагдсан байна.
Улс төрд орсон үе
засварлах1980 онд бусад нөхдийн хамт Зүүн Европод анх удаа Засгийн газраас хамааралгүй бие даасан "Эв санааны нэгдэл" (Солидарношч) хэмээх Үйлдвэрчний Эвлэл байгуулсан байна.
1981 оны 12-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө орой БНПАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Польшийн Нэгдсэн ажилчны Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга генерал Войцэх Ярузельски цэргийн байдал зарлаж "Эв санааны нэгдэл"-Үйлдвэрчний Эвлэлийг хууль бус байгууллага гэж зарласан. Цэргийн онц байдал зарлаад удалгүй Л.Валенсаг оролцуулаад 3 мянга орчим Үйлдвэрчний Эвлэлийн идэвхитэн гишүүдийг "дахин хүмүүжүүлэх" төвд шилжүүлэн хорьсон байна.
Лех Валенса сүүлд Ерөнхийлөгч болсон Лех Качински зэрэг ихэнх баривчлагдагсдын хамт 1982 оны 11-р сарын 14-нд суллагдсан байна.
1983 онд тэрбээр Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн.
1988 оны хавар, зуны турш болсон олон нийтийг хамарсан бослогын үр дүнд Польшийн удирдлага «Эв санааны нэгдэл»-тэй яриа хэлэлцээнд орж эхэлсэн.
1988 оны 8-р сарын 25-нд Дотоод хэргийн сайд Чеслав Кищак, Лех Валенса нар польшийн сүмийн төлөөлөгч гэгээнтэн Алоиз Оршуликийг зуучлагчаар байлцуулан уулзсан. Засгийн газартай 1988 оны Магдаленк дахь, 1989 оны Дугуй ширээний уулзалт хэлэлцээнд Валенса голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр яриа хэлэлцээний үр дүнд «Эв санааны нэгдэл» байгууллага хууль ёсны болж, улмаар 1989 оны 6 дугаар сард парламентын чөлөөт сонгууль явуулсан юм. Энэхүү сонгуульд «Эв санааны нэгдэл» польшийн Сенат дахь 100 суудлаас 99-ийг авч чадсан байна. Жишээ нь Лех Качински Гданьск хотоос сонгогдсон.
Сонгуулийн дүнгээр 9-р сарын 7-нд "Эв санааны нэгдэл"-ийн төлөөлөл болсон, Валенсагийн зөвлөх байсан Тадэуш Мазовецки тэргүүтэй Польшийн анхны коммунист бус Засгийн газар байгуулагдсан түүхтэй.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон үе
засварлах1990 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Лех Валенса өрсөлдөж хоёр дахь шатандаа 74,25% санал авч ялалт байгуулж 1990 оны 12-р сарын 22-нд Тангараг өргөсөн байна.
Түүний өмнө Польш Улсыг улс төрийн шилжилтийн тогтворгүй байдлын үед зах зээлийн эдийн засгийг тогтоох хүнд хэцүү асуудлууд байсан юм. Тэрбээр Польш Улсыг НАТО (1999), Европын Холбоонд (2004) элсүүлэхийг тал бүрээр дэмжиж ажилласан.
Л.Валенса 1995 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Квасньевскид ялагдсан байна.
Сүүлийн үед түүнийг 1970-аад онд коммунист Польшийн тусгай албаны нууц мэдээлэгч байсан гэж буруутгаж байгаа.
Ерөнхийлөгчөөс буугаад
засварлах1995 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд судалгааны "Лех Валенсагийн институт" байгуулсан. Тэрээр 2000 оны Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд 1,4% авсан байна.
Гэр бүл
засварлах1973 онд түүний эх, хойд эцэг нар эдийн засгийн шалтгаанаар АНУ руу цагаачилж Нью-Жэрсид амьдарч байгаад эх нь 1975 онд авто ослоор, хойд эцэг нь 1981 онд зүрхний шигдээсээр тус тус нас барсан байна.
1969 оны 11-р сарын 8-нд Валенса цэцгийн худалдагч Мирослава Данута Голоштай /Mirosława Danuta Gołoś/ гэрлэсэн ажээ.
Лех, Мирослава нар 8 хүүхэдтэй болсон: ууган хүү Богдан (1970-), хүү Славомир (1972-), хүү Пшемислав (1974–2017), хүү Ярослав (1976-), охин Магдалена (1979-), охин Анна (1980-), охин Мария-Виктория (1982-) болон охин Брижида (1985-).
Монголд ирсэн
засварлахЛех Валенса 2013 оны зун Наадмаар Монгол Улсад ирж Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүн төрлөхтний түүхэнд эрх чөлөөний хувьсгал хийхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн Нобелийн шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн баяр хүргэж Монгол оронд тавтай морилохыг хүсэн ерөөж байсан.
Шагнал
засварлах- Унгар Улсын Гавьяаны одон
- 2004 онд Гданьск хотын Олон улсын нисэх буудлыг түүний нэрээр нэрлэх болсон байна.