Бенедикт Полак буюу Польшийн Бенедикт (Латин: Benedictus Polonus, пол. Benedykt Polak; 1200 оны орчим төрж, 1252 оны орчим нас барсан) — Польшийн судлаач, анхны аялагч. Францискийн сүмийн лам.

Польшийн Вроцлав хотод байх, Бенедиктийн дурсгалын самбар

Ромын пап IV Иннокентийн Монголын Эзэнт Гүрэнд илгээсэн элч Жованни да Пиан дел Карпини буюу Плано Карпиниг дагалдан явсан. Энэ аялал нь алдарт Марко Пологийн аяллын өмнө болсноороо онцлог юм. Бенедикт Полак “Францискийн лам нар Татаруудад аялсан нь” (Латин: De Itinere Fratrum Minorum ad Tartaros) хэмээх аяллын тэмдэглэлийн зохиогч юм. Уг тэмдэглэлийг Парист 1839 онд д’Авезак хэвэлсэн. Дараа жил нь буюу 1840 онд Польшид хэвлэсэн байдаг. Сүүлд 1965 онд АНУ-ын Йелийн Их сургуулийн эрдэмтэд «Татарчуудын түүх» (Латин: Historia Tartarorum) нэртэйгээр дээрх эх зохиолыг товчлон хэвэлжээ. Бенедикт Полакийн уг илтгэл-зохиол Монголын Эзэн хааны Ромын Папад илгээсэн захидлын хуулбарыг оруулснаараа үнэтэй юм.

Бенедикт Полак ламтны хувийн амьдралын тухай мэдээлэл түүхэнд үлдээгүй байна. Тэрээр туршлагатай аялагч бөгөөд газарзүй, латин, эртний орос хэл сайн мэддэг байжээ гэсэн таамаг байдаг. Үүний дотор монгол хэл ч бага зэрэг сурсан байж болох магадлалтай.

Плано Карпини их аялалдаа Францын Лион хотоос 1245 оны 4 дүгээр 16-нд гарсан бөгөөд замдаа Польшийн Вроцлав хотод түр саатаж, эртний орос хэл сайн мэддэг Бенедиктийг орчуулагчаар сонгон авсан гэдэг. Аялагчид Алтан Ордын нутгаар урт зам туулж 1246 оны 7 дугаар сарын 22-нд Хархорин хүрсэн байдаг юм. Гүюг хаантай уулзах гэж гурван сар хүлээсэн байдаг.

1246 оны 11 дүгээр сард буцаад 1247 онд Монголын Их Эзэнт гүрэнд хийсэн аялалаас эргэж ирээд аяллын талаарх тэмдэглэлээ эмхтгэн гаргасан. Зарим түүхчид энэхүү тэмдэглэлийг Бенедикт Полак нь Плано Карпинитай хамтран бичсэн байж болох талтай гэж үздэг.

2004 онд “Бенедикт Полакын мөрөөр” аялал зохион байгуулсан бөгөөд 2007 оны 8 дугаар сарын 4-нд Варшав хотоос Улаанбаатар хүртэлх автомашины аяллыг Польш дахь Монгол Улсын ЭСЯ хэсэг польш иргэдтэй хамтран зохион байгуулж байжээ.

2004 онд Бенедикт Полакын дурсгалын самбарыг Польшийн Вроцлав хотод байрлуулсан байна.