Зуны Олимпын наадам

[1][2]Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Монголын оролцсон байдал

засварлах
Үндсэн өгүүлэл: Монгол Улс Олимпод

Монгол улс зуны олимпын 13 удаагийн наадамд оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн. Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 51 дүгээр байрт орж байна. 1964 оны Токиогийн олимпод 21 тамирчин оролцож медаль хүртэж чадалгүй иржээ. Нийт 93 орны тамирчин тус олимпод оролцсон байна.

1968 онд 16 тамирчин Мехиког зорьж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт байранд хоёр тамирчин орсон байна. 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байранд орж байжээ.

1972 оны Мюнхений олимпод 41 тамирчин явж нэг мөнгөн медаль, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон бол 1976 оны Монреалийн олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгө, шагналт байр дөрвийг хүртэж 92 орноос 35 дугаар байрт орсон байна.

Манайхаас хамгийн олон буюу 43 тамирчин оролцсон 1980 оны Москвагийн олимпоос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх томоохон орнууд оролцоогүй.

Дараагийн олимп буюу АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23-р наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелесийг зориогүй билээ.

1988 оны Сөүлийн олимпод манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль зүүж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байрыг эзэлсэн байна.

1996 оны Атлантын олимпод 18 тамирчин оролцож нэг хүрэл медаль хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпод 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртэж чадаагүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгигсдын эгнээнд багтжээ.

2004 оны Афины олимпод жүдо бөхийн 60 кг ийн жинд барилдсан Хашбаатарын Цагаанбаатар хүрэл медаль хүртжээ.

2008 оны Бээжингийн олимпод жүдо бөхийн -100кг ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртсэн ба 25м-н спорт гар бууны төрөлд спортын мастер Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль, боксын төрөлд Энхбатын Бадар-Ууган алтан медаль, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртжээ.

2012 оны Лондоны олимпод жүдо бөхийн -100кг ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хошой медальтан болсон бол боксын төрөлд Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдогийн төрөлд Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхийн төрөлд Соронзонболдын Батцэцэг, боксын төрөлд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Тус олимпоос монголчууд анх удаа хамгийн олон буюу 5 медаль хүртсэн.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод жүдогоор Доржсүрэнгийн Сумъяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн.

Зуны олимпын наадмууд

засварлах
д.д Он Наадам Зохиогдсон улс Тайлбар
1 1896 он Афины олимп   Грек .
2 1900 он Парисын олимп   Франц [2]
3 1904 он Сент-Луйсын олимп   Америкийн Нэгдсэн Улс .
тусгай 1906 он Афины олимп   Грек [3]
4 1908 он Лондоны олимп   Нэгдсэн Хаант Улс .
5 1912 он Стокхольмын олимп   Швед .
6 1916 он Берлиний олимп   Герман [4]
7 1920 он Антверпены олимп   Бельги .
8 1924 он Парисын олимп   Франц .
9 1928 он Амстердамын олимп   Нидерланд .
10 1932 он Лос-Анжелесын олимп   Америкийн Нэгдсэн Улс .
11 1936 он Берлиний олимп   Герман .
12 1940 он Токиогийн олимп →Хельсинкийн олимп   Япон  Финланд [1]
13 1944 он Лондоны олимп   Нэгдсэн Хаант Улс [5]
14 1948 он Лондоны олимп   Нэгдсэн Хаант Улс .
15 1952 он Хельсинкийн олимп   Финланд .
16 1956 он Мельбурны олимп   Австрали [6]
17 1960 он Ромын олимп   Итали .
18 1964 он Токиогийн олимп   Япон .
19 1968 он Мехикогийн олимп   Мексик .
20 1972 он Мюнхений олимп   Баруун Герман [7]
21 1976 он Монреалийн олимп   Канад [8]
22 1980 он Москвагийн олимп   Зөвлөлт Холбоот Улс [9]
23 1984 он Лос-Анжелесын олимп   Америкийн Нэгдсэн Улс [10]
24 1988 он Сөүлийн олимп   Өмнөд Солонгос [11]
25 1992 он Барселоны олимп   Испани .
26 1996 он Атлантын олимп   Америкийн Нэгдсэн Улс .
27 2000 он Сиднейн олимп   Австрали .
28 2004 он Афины олимп   Грек .
29 2008 он Бээжингийн олимп   Хятад .
30 2012 он Лондоны олимп   Нэгдсэн Хаант Улс .
31 2016 он Рио-де-Жанейрогийн олимп   Бразил .
32 2020 он Токиогийн олимп   Япон .
33 2024 он Парисын олимп   Франц .
34 2028 он Лос-Анжелесын олимп   Америкийн Нэгдсэн Улс .
35 2032 он - - .
  1. 1.0 1.1 Анх олимпийг зохион байгуулах эрхийг Токио хот авсан боловч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас эрхийг нь Хельсинкид шилжүүлсэн. Гэвч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас зохиогдоогүй.
  2. 2.0 2.1 Парист зохиогдсон Экспогийн хүрээнд явагдсан.
  3. Орчин үеийн олимп явагдаж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулж зохион байгуулсан тусгай наадам.
  4. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас зохиогдоогүй.
  5. Дэлхийн 2-р дайн улмаас зохиогдоогүй.
  6. Австралийн хуулийн дагуу амьд амьтан хилээр оруулахыг хориглосны улмаас морин спортын төрлүүдийн уралдаан тэмцээнүүд Шведийн Стокхольмд явагджээ.
  7. Уг олимпын үеэр Палестины алан хядагчдын гарт Израилын тамирчид амь үрэгдсэн хэрэг явдал гарсан. (Мюнхений олимпын хэрэг)
  8. Африкийн ихэнх орнууд бойкотлосон.
  9. Ихэнх барууны орнууд бойкотлосон.
  10. Социалист орнуудын ихэнх нь бойкотлосон.
  11. Хойд Солонгос (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс) оролцоогүй.

Мөн үзэх

засварлах