Гомбожавын Занданшатар

Гомбожавын Занданшатар (1970 оны 3 сарын 8-нд төрсөн. Баацагаан сум, Баянхонгор аймаг) нь Монгол улсын улс төрч, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын дарга. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод буй. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн (англ. Center for Deliberative Democracy, Stanford University) ахлах зөвлөх юм.

Гомбожавын Занданшатар
Монгол Улсын УИХ-ын дарга
Монгол Улсын УИХ-ын дарга
Монгол УИХ-ын дарга
2019.2.1- Өнөөдрийг Хүртэл
ӨмнөхМиеэгомбын Энхболд
Монгол Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2017-2019.2.1
ӨмнөхЖамъянгийн Мөнхбат
ДараахЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Монгол УИХ-ын гишүүн
2004-2012
2016-
Овог нэрГомбожавын Занданшатар
Төрсөн1970 оны 3 сарын 8 (1970-03-08) (53 настай)
Баянхонгор аймаг, Баацагаан сум
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Нам
Гэр бүлЭхнэр Ганбаярын Отгонгэрэл. Дөрвөн хүүхэдтэй
СургуульОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль

Эцэг эх Засварлах

Эцэг Д.Гомбожав нь Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн буюу Дашдоо гүний хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум) туслах тайж Сумаагарьдын хүү Норов тайжийн отгон хүү бөгөөд 1934 онд төржээ. Түүнийг гурван настай байхад 1937 онд эцэг тайж Норов зуурдаар нас барснаар, ойрын төрөл Дамдинжав хэмээх лам хүн гар дээрээ өсгөсөн байна. Занданшатарын эх О.Дашзэвэг нь мөн хошууны уугуул Орос хэмээх хувраг хүний ууган охин болж 1937 онд төржээ. Тэд 1958 онд ханилан сууж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсний 5 дахь нь Занданшатар юм.

Д.Гомбожав нь 1957 оноос багийн тоо бүртгэгч, багийн дарга, сум нэгдлийн дарга гэх зэрэг ажлыг хийж байгаад 1968-70 онд Намын дээд сургуулийн удирдах ажилтны хоёр жилийн анги, улмаар 1972-76 онд тус сургуулийн үндсэн ангид суралцан дүүргэжээ. 1976 оноос тэрбээр намын даалгавраар хөдөө орон нутгийн нэгдэл, сангийн аж ахуйдыг удирдан, ажлыг нь сайжруулах томилолт авч олон аймагт амжилттай ажилласан. Тухайлбал, Хэнтий аймгийн Чандганын сангийн аж ахуйн даргаар 1982 онд томилогдон очсоноос хойш тус аж ахуй улс, аймагтаа хамгийн их ургац хураасан САА-гаар олон жил дараалан шалгарч байжээ. Монгол улсын хөдөө аж ахуй, [газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн 1992 онд түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. [1]

О.Дашзэвэг нь тогооч мэргэжилтэй, зургаан хүүхэд төрүүлж “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон хүртсэн, бага насанд олсон гэрийн хүмүүжлийн эрхээр монгол ардын олон үлгэр туулийг мэддэг, “Жангар”, “Эрийн сайн Хан харангуй” зэрэг томоохон туулиудыг хүүхдүүддээ цээжээр хэлж өгдөг байжээ.

Бага нас Засварлах

Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын найманд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Тухайн үед эцэг Д.Гомбожав нь тус сумын сум нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байв. Занданшатар нэрийг, эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн гэдэг.

Гэрийн эзэн Намын дээд сургуульд суралцах болсон тулд тэднийх 1972 онд Улаанбаатарт нүүж ирэв. Эцэг Д.Гомбожав нь шатарт хорхойтой, Намын дээд сургуулийн сум нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийхээр нийлж шатар тоглох нь олон тул Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ. Гомбожавынх 1976 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд шилжин очсоны (мөн томилолтоор) дараа жил буюу 1977 онд Г.Занданшатар сургуульд оров. Сургуульд тэрбээр сурлага сайтай, урлаг спортод идэвх сонирхолтой хүүхэд байжээ. “Таван онцын эзэн” “Номын сайн нөхөр” цол тэмдгийн болзлыг байнга биелүүлдэг, урлагийн үзлэгт шүлэг уншдаг, үндэсний болон чөлөөт жүдо бөхөөр барилддаг байв.

1982 онд тэднийх нийслэлд шилжин ирэхэд 77 дугаар сургуульд элсэн орж улмаар Хэнтий аймаг руу шилжихэд тэнд очиж хагас жил сураад, эргэн нийслэлд ирж уг сургуульдаа суралцсаар 1987 онд онц дүнтэй төгсгөжээ.

Боловсрол Засварлах

1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (Одоо Байгалын Улсын Их Сургууль) элсэж, санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр 1992 онд төгсгөсөн. 1992-98 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад хамрагдаж байв. 2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын Бизнес Хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэжээ.

Эрхэлсэн ажил Засварлах

1992 оны зургадугаар сард тухайн үеийн Зах зээлийн коллежид (Одоо МУИС-ийн Бизнесийн сургууль) багш-эрдэм шинжилгээний ажилтнаар орж, “Валют, санхүү, банкны үйл ажиллагаа” гэсэн сэдвээр хичээл зааж эхлэв. Энэ нь Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй шилжсэн, улмаар банкны систем хоёр шатлалтай болсон үе бөгөөд эдийн засаг, банк санхүүгийн цоо шинэ орчин бүрэлдэж байх үед Монголд энэ чиглэлээр хичээл заасан анхны багш нарын нэг болжээ. Тухайн үед одоогийн эдийн засагч Н.Дашзэгвэ мөн тус сургуульд багшилж байв.

Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний зургааг Австрали улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм. Тэрбээр 1996 он хүртэл Зах зээлийн коллежид ажиллахдаа Чөлөөт сэтгэгчдийн клуб байгуулж, АНУ-д суралцсан хүмүүсийг урин оюутнуудад лекц уншуулах зэрэг ажлыг зохион байгуулж байв.

1996 оноос тэрбээр тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ. Мөн онд түүнийг, дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Тэрбээр энэ ажлыг аваад тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласан байна. Үүний үр дүнд тус банк төрийн өмчид шилжиж, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болж чаджээ.

2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тус банкинд удирдлагын шинэ баг бүрдүүлэн ажиллахад Маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувиар, банкны нэр хүндийг зах зээлд сэргээх, бэхжүүлэх ажлыг хариуцжээ. Тус банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дахин хөрөнгөжүүлж, нэр, логог өөрчлөн одоогийн ХААН банк нэр логог зохиож брэнджүүлэх ажлыг Г.Занданшатар хариуцан ажилласан гэдэг. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2003 онд Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилсан юм.

2003 онд тэрбээр Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогджээ. Яамны сайд нь Д.Насанжаргал байв. Тухайн үед Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, тариалалт зогсонги байдалд ороод байжээ. Тэр бүү хэл Монгол улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхдээ хүрсэн үе юм. Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, гадаадын зээл тусламж, төр засгийн дэмжлэгээр газар тариаланг сэргээх ажлыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн нь Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурь болсон байна.

Улс төрд Засварлах

МАХН (одоогийн МАН) парламентын сонгуульд томоохон ялагдал хүлээсэн 1996 он, улмаар 1998 он хүртэл тэрбээр улс төрийн намын харъяалалгүй явж иржээ. Улмаар Санжаасүрэнгийн Зоригийг алагдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын гурванд өргөдлөө өгч МАХН-д элссэн гэдэг. Намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ. Мөн 2008 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Тухайн үед гурван мандаттай байсан Баянхонгор аймгаас энэ хоёр сонгуульд МАХН-аас ганцхан хүн, мөн ийнхүү дараалан ялсан нь Г.Занданшатар байсан юм. Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ. 2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.

УИХ-ын гишүүн Засварлах

Парламентын гишүүнээр сонгогдсон өмнөх хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажилласан байна. Улмаар Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээрх УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогджээ.

Гадаад харилцааны сайд Засварлах

2009 оны 11 дүгээр сард Гадаад харилцааны сайд Сү.Батболд Монгол улсын Засгийн газрын Ерөнхий Сайд болсноор Г. Занданшатар Гадаад харилцааны сайдаар томилогдов. Түүнийг энэ албыг хаших хугацаанд сүүлийн 17 жил хэвээр байсан Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэж, 2011 оны хоёрдугаар сард батлагджээ. 2011 онд Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Түүнийг сайд байх үед Монгол улсын Засгийн газар Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг баталсан нь улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг түлхүү чиглүүлж ашиглахад томоохон түлхэц болсон юм. Мөн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар заасан юм. Сайдын алба хаших хугацаандаа тэрбээр АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 шахам улсад айлчилсан нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал, Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан билээ.

Сонгуульт ажил Засварлах

  • МАСЗХ-ны ерөнхийлөгч. (2009-2012 он)
  • Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга. (2008-2013 он)
  • Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. (2011-2013 он)
  • “Нэг Монгол” төрийн бус байгууллагын зөвлөлдөх танхимын тэргүүн. (2015 он)
  • МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. (2015 он)
  • Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч. (2016 он)

Гавьяа шагнал Засварлах

  • “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг. (1999 он)
  • “Алтан гадас” одон. (2005 он)
  • Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол. (2011 он)
  • Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одон, III зэрэг. (2011 он)
  • Байгалийн улсын их сургуулийн хүндэт профессор цол. (2012 он)

Стэнфордын их сургуульд Засварлах

2013 оны 12 сараас АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлж байна. Улмаар Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа юм.

"Улс төрд удаан хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн". Стэнфордын их сургуулийн зочин судлаач Г.Занданшатар [2]

"Монгол Улсын Үндсэн хуульд... иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтцэд байлгана гэсэн санааг тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх ардчилал”-ын аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна". Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл [3]

“Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон, асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд, үр дүн авчрах нь тодорхой юм байна”."Mongolian Economy" сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаяр [4]


Эшлэл Засварлах

  • Монголын хөгжилд Оюутолгой, Тавантолгой чухал. Гэхдээ монгол толгой бүүр чухал.
  • Ардчилал гэдэг нь ардын засаг гэсэн үг. Ардын засаг гэдэг нь төрийн бүх эрх ард түмний мэдэлд гэсэн үг. [5]
  • Зүү олохын тулд тэмтрэх хэрэгтэй. Зөвийг олохын тулд зөвлөлдөх хэрэгтэй.
  • Хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал. [6]
  • Улс төрийн нам улс орноо хөгжүүлэх уураг тархи нь байх учиртай.[7]
  • Монгол нь Оросын төрт ёсны эх, Хятадын бүтээн байгуулалтын эцэг мөн.
  • Монголын заншлын эрх зүйт төрт ёс нь дэлхийн хамгийн аугаа тогтолцоо байсан.
  • Дарга төвтэй намаас гишүүд төвтэй нам руу, олон нийтийн намаас мөрийн хөтөлбөрийн нам болох нь намын шинэчлэлийн эх сурвалж.[8]

Шашин шүтлэг Засварлах

Буддын шашинтай. “Жавзандамба хутагт” төвийн гишүүн. Буддын шашны гүн ухаан, Чойрын номыг сонирхон судалдаг. Далай лам, Жода ринбүүчий нартай дотно харилцаатай.

Хобби Засварлах

Гурван настайдаа шатар тоглож сурсан. Шатар сугавчилчихаад хүн хүн дээр очиж “Тоглоё” хэмээн гуйж явдаг, аавыгаа шөнө орой ирсэн ч ялгаагүй тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байжээ. Сургуулиас авахуулаад хаа очсон газраа сайн шатарчин гэгддэг байв. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойгоор үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарын дунд шатрын томоохон тэмцээн болоход дэд байр эзэлж байв. (“Иргэн” хэмээх Д.Ламжав түрүүлсэн). [9] Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтай тоглож байв. Хувьдаа шатрын баялаг цуглуулгатай. 1994 онд Энэтхэгт суралцаж байхдаа зандан модоор хийсэн шатар олж авч их баярлаж байснаа дурссан бий. Шатар тоглохоос гадна усанд сэлэх дуртай. Хөлбөмбөгт мөн хорхойтой. ИспанийнРеал Мадрид” багийг дэмждэг.

Сонирхолтой баримтууд Засварлах

  • Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдан бараагаа хураалгажээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, албан бичгийг хүлээж авсан багш А.Архипова нь сургуулийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Занданшатарыг өөрийг нь дуудаж уулзаад, онц сурлагатай, үлгэр жишээ, ирээдүйтэй оюутан тул сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, улмаар энэ хэргийг түүгээрээ хав дарж өнгөрөөсөн гэдэг. Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болжээ. [10]
  • Оюутан Г.Занданшатарыг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.Пушкины шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжилснээ хэлж, уншиж өгөөд ой сайтайгаараа гайхагдаж байжээ.
  • Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм. [11]
  • Долоогийн тоо түүний амьдралд тодорхой учир холбогдолтой юм шиг харагдах тохиолдол нэлээд бий. 1970 онд төрсөн, 1977 онд долоон настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн, мөн хожим энэ сургуулийг 1987 онд дүүргэсэн.[12] УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ. Мөн өөрийн намын дарга Н.Энхбаяртай анх удаа түнжин хагарч “Хадгаламж” банкны хэргээр шалгагдсан нь 2007 он байв.
  • 2004-2012 оны УИХ-ын гишүүд дотроо тэрбээр хамгийн сайн шатарчин нь байсан гэдэг.[13]
  • Түүний ээж О.Дашзэвэг хүүхдээ шатар тоглохыг тал бүрээр дэмждэг, “Шатар монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр нь орос ноёны тоглоом” гэдэг байжээ.

Гэр бүл Засварлах

Гэргий Ганбаярын Отгонгэрэл. Улаанбаатар хотод 1974 онд төрсөн. Зах зээлийн коллежийг нягтлан бодогч мэргэжлээр төгсгөжээ. Их Британийн Бирмингемийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, МУИС-д Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэд 1992 онд гэрлэсэн, дөрвөн хүүхэдтэй.

Ном бүтээл Засварлах

  • “Гадаад худалдааны санхүүжилт” банк санхүүгийн гарын авлага. (1995 он)
  • “Арилжааны банкны санхүүгийн менежмент” гарын авлага. (1995 он)
  • Корпорацийн санхүү” гарын авлага. (1994 он)
  • “Мөнгөний үнэ цэнэ” гарын авлага (1994 он)
  • “Хөдөө аж ахуйн шинэчлэлийн санхүүжилтийн механизм”. (2003 он)
  • “Хөдөө аж ахуйн банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө” товхимол. (2003 он)
  • "Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” эмхэтгэл. (2015 он)
  • “Зөвлөлдөх ардчилал-хөгжлийн гарц”. (2015 он)
  • Жэймс Фишкин. “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй: Зөвлөлдөх ардчилал ба олон нийтийн хэлэлцүүлэг”. Англи хэлнээс орчуулсан. (2015 он)[14]

Эдийн засаг, гадаад өр, түүх, улс төр, гадаад бодлогын чиглэлээр 60 гаруй нийтлэл нийтлэл бичиж хэвлүүлсэн.[15]

Холбоос Засварлах

Эх сурвалж Засварлах

  1. http://zandanshatar.blogspot.com/2009/12/blog-post_2103.html
  2. http://dnn.mn/%D0%B3%D0%BE%D0%BC%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B0%D0%B2%D1%8B%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D0%BD%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%80%D0%B4-%D1%82%D2%AF%D0%BC%D1%8D%D0%BD-%D1%82%D3%A9%D1%80%D0%B4%D3%A9%D3%A9-%D0%B8%D1%82%D0%B3%D1%8D%D1%85-%D0%B8%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D1%8D-%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B6%D1%8D%D1%8D-%D1%8D%D0%BD%D1%8D-%D0%B1%D0%BE%D0%BB-%D0%BC%D0%B0%D1%88-%D1%82%D0%BE%D0%BC-%D1%8D%D0%BC%D0%B3%D1%8D%D0%BD%D1%8D%D0%BB/
  3. http://mglradio.com/home/?mid=fastnews&page=11&document_srl=54271
  4. http://mongolianeconomy.mn/mn/i/8490
  5. http://www.unen.mn/content/56568.shtml “Ардчилал нь таны саналыг зөвлөлдөх зарчмаар тусгаж байж төгс болно” нийтлэлээс
  6. http://www.ikon.mn/n/oas ikon.mn сайтын “Leaderships forum” буланд өгсөн ярилцлагаас.
  7. http://politics.news.mn/content/236270.shtml “Улс орны тархи нь нам байх учиртай” нийтлэлээс.
  8. http://politics.news.mn/content/236270.shtml
  9. http://www.parliament.mn/news/parliament25/categories/3192/pages/24479
  10. http://politics.news.mn/content/105891.shtml
  11. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%80%D0%B4%D0%B5%D0%BD_%D0%BA%D0%BD%D1%8F%D0%B7%D1%8F_%D0%AF%D1%80%D0%BE%D1%81%D0%BB%D0%B0%D0%B2%D0%B0_%D0%9C%D1%83%D0%B4%D1%80%D0%BE%D0%B3%D0%BE
  12. http://zandanshatar.com/newsmore.php?id=2
  13. http://zandanshatar.com/newsmore.php?id=2
  14. http://zandanshatar.com/newsmore.php?id=2
  15. http://zandanshatar.com/newsmore.php?id=2