Бохай улс
Бохай (хят. 渤海 Bóhǎi) хэмээх Пальхэ (сол. 발해, Balhae) нь Манжуур, Солонгосын хойгийн умард талд 698-926 оны хооронд 228 жил оршин тогтносон хаант улс байв. Улсын эзний цолыг ван гэнэ. 698 онд Тэ Жу-ён үүсгэн байгуулсан ба анх «Жинь» гэсэн нэртэй байгаад 713 оноос хойш «Бохай» хэмээгдэв.
Бохай улс 渤海國
| |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
698 он–926 он | |||||||||||||||||
Төлөв | вант улс | ||||||||||||||||
Нийслэл | Тяньмэнь уул Дунд нийслэл Дээд нийслэл Зүүн нийслэл Дээд нийслэл | ||||||||||||||||
Нийтлэг хэл | өвөг солонгос, өвөг манж | ||||||||||||||||
Шашин | буддын шашин күнзийн суртал бөө мөргөл | ||||||||||||||||
Төр засаг | хаант засаг | ||||||||||||||||
Улсын ван | |||||||||||||||||
• 698–719 он | Тэ Жу-ён | ||||||||||||||||
• 907–926 он | Тэ Инь-сонь | ||||||||||||||||
Түүх | |||||||||||||||||
• «Жинь» улс байгуулагдав | 698 он | ||||||||||||||||
• «Бохай» гэгдэв | 713 он | ||||||||||||||||
• эзлэгдэн мөхөв | 926 он | ||||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||||
• 7-8-р зуун | 500,000 хүн | ||||||||||||||||
• 10-р зуун | 3,000,000 хүн | ||||||||||||||||
| |||||||||||||||||
Өнөөдөр | ![]() ![]() ![]() |
Пальхэгийн эхэн үе улс төр, цэрэг дайны талаар хятадын Тан улстай нягт холбоотой бол 8-р зууны төгсгөлөөс нөхөрсөгөөр зэрэгцэн оршжээ. Тан улс хожим Пальхэг «Дорнод зүгт цэцэглэсэн улс» гэж тэмдэглэсэн байх ба соёл, улс төрийн харилцааны өв үлджээ. 926 онд Хидан Улсын дайралтад эзлэгдэн мөхөж, Хидан Улс болон дараагийн Зүрчидийн Алтан улсын мэдэлд хуучин Пальхэгийн ард түмэн нь хамаарчээ. Пальхэд солонгос, манж аль угсаатан ноёлох анги байсан нь маргаан мэтгээнтэй боловч ард түмэн нь аль алинаас нь бүрдсэн байсан нь гарцаагүй юм. Үүсгэн байгуулагч Тэ Жу-ёнг өвөг манж буюу мохэ, эсвэл өвөг солонгос буюу Когурёгийн хойч гэж мэтгэсээр байна.[1]
НэрЗасварлах
Ханз үсгийн дурсгалд бичсэнээр бол 698 онд Тэ Жу-ён (Да Зуорун) улсын нэрийг солонгос галигаар Жинь, хятад галигаар Жэнь хэмээн нэрийджээ. 713 онд хятадаар бичигдсэнээр Тан улсаас тус улсын удирдагчид «Бохай удирдлагат нутгийн гүн» гэдэг цол олгожээ. 762 онд Тан улсын бичигт вант улс гэдгийг нь зөвшөөрсөн ба Бохайн удирдлагат нутгаас тусад нь тэмдэглэжээ. Бас хятадын бичигт энгийнээр нэгэн Мохэ гэж нэрийдсэн нь бий.
Улсын ванЗасварлах
Пальхэгийн хааныг ван гэж цоллоно. Доорх 16 ван хаанчилжээ.
Өргөсөн нэр | Өөрийн нэр | Төр барьсан он | |
---|---|---|---|
1 | Ку | Тэ Жу-ён | 698–719 |
2 | Мү | Тэ Мү-е | 719–737 |
3 | Мүнь | Тэ Хөм-мү | 737–793 |
4 | байхгүй | Тэ Вонь-өй | 793 |
5 | Сон | Тэ Хуа-ё | 793-794 |
6 | Кан | Тэ Сүн-ринь | 794–809 |
7 | Чон | Тэ Вонь-ю | 809–812 |
8 | Хүй | Тэ Онь-өй | 812–817? |
9 | Кань | Тэ Мён-чүн | 817?–818? |
10 | Сонь | Тэ Инь-сү | 818?–830 |
11 | мэдэгдэхгүй | Тэ И-жинь | 830–857 |
12 | мэдэгдэхгүй | Тэ Конь-хуан | 857–871 |
13 | мэдэгдэхгүй | Тэ Хонь-сог | 871–895 |
14 | байхгүй | Тэ Ви-хэ | 895–906 |
15 | байхгүй | Тэ Инь-сонь | 906–926 |
УгсаатанЗасварлах
Пальхэ нь аль угсаатны улс байв гэдэгт маргаан мэтгээнтэй. Хятад, Японы судлаачид өвөг Манж-Тунгус хэлний бүлгийн мохэ гэдэг, учир нь Пальхэгийн нутаглаж байсан нутаг нь Когурёгоос ч өргөн буюу Хятадын Хармөрөн, Гирин, Ляонин мужуудыг хамарч байгаа юм. Харин Солонгосын судлаачид өвөг солонгос Когурё нь Тан-Шиллагийн эвсэлд цохигдон эзлэгдсэний дараа Когурёг сэргээх оролдлогууд гарч байсан ба мөнхүү Пальхэг үндэслэгч Тэ Жу-ёнг Когурёгийн хойч мөн гэдэг. Хятадын түүх сурвалд бичсэнээр Тэ Жу-ёнг Когурётой холбоотой "сүмо мохэ" (Зүрчид) гэж бичсэн ба мөн "гаоли биэжун" (高麗別種) хүн гэжээ. "Гаоли" гэдэг нь Когурё буюу Солонгос гэсэн утга юм. Солонгосын түүхчид үүнийг Когурёгийн салбар хэмээн үздэг. Ямартай ч газар зүй, улс төрийн нөхцлийг үзвэл мохэ, Когурёгийн аль алины холимог ард түмэн байсан нь гарцаагүй юм. 727-728 онд Япон руу очсон Пальхэгийн элч нь "Когурёгийн алдсан газрыг эргүүлэн авах, Пүёгийн хуучин заншил" гэх мэтээр өгүүлжээ.
Түүхийн эхлэлЗасварлах
696 онд Киданы Ушан хан нь хүргэн Сүнь Ванрунгийн хамтаар У Зэтянь хатны үеийн Тан улсын эсрэг бослого гаргаж Тангийн нутгийн удирдагчийн амийг хөнөөж Хөбэй рүү довтлов. Ушан удалгүй алагдаж Сүнь түүнийг залгамжилсан боловч Хожуу Түрэгийн хаант улсад ялагджээ. Инжоу (өнөөгийн Чаоян) эзэнгүй үлдсэн ба Тан улс Тэ Жүн-сан болон Геолса Биу гэх нутгийн хоёр удирдагчид "Жэнгийн бэйс" болон "Шюгийн бэйс" цолуудыг олгож тал татсанд Геолса Биу тус цолноос татгалзсанаар Ли Кайгугийн удирдсан Тан улсын цэрэгт цохигдов. Харин Тэ Жүн-сан дагалтын хамтаар дутаасан ба мөн нас нөхцөв. Тэ Жунсангийн хүү Тэ Жу-ён Лууха голийг орхиж Тяньмэнь ууланд (одоогийн Гирин муж) нутаглаж, Тангийн цэрэгт Тянмэньлингийн тулалдаанд хүчтэй цохигдов. 698 онд тэрээр өөрийгөө "Жинь ван" хэмээн өргөмжлөв.
Шилла болон Жингийн хооронд дипломат харилцаа тогтсон ба Шиллагаас зэрэг дэвийн талаар Пальхэ нь олонтоо суралцаж авчээ. 713 онд Тэ Жу-ёнг Тангийн төрөөс "Бохайн удирдлагат нутгийн гүн" гэж цол олгон тэмдэглэжээ. Энэхүү Пальхэ улс нь Бохайн тэнгисийн эрэг дагуу оршин байсан юм. Тан улс нь эхэндээ "бэйст улс" гэж байсан бол 762 он болоход "вант улс" гэж зөвшөөрчээ.
Оргил үеЗасварлах
Тэ Жу-ёнгийн орыг 719 онд хүү Тэ Мү-е (719-737 онд төр барьсан) авсан ба хятадын Тан улс Кидантай байлдахад хавсрахыг шаардсанд тэр татгалзжээ. Пальхэгийн байдлыг тандуулахаар Тан улс эргэн тойрны хэйшү мохэгийн толгойлогчийг ашигласан ба үүнээс Тэ Мү-е дүү Тэ Мүнь-едээ тэрхүү мохэ рүү довтлохыг тушаасан боловч тэр Тангийн холбоотон руу довтлохоос зайлсхийж хоёронтоо татгалзаж байв. Ингэхдээ Тэ Мүнь-е "Когурёгийн цэрэг оргил үедээ 300 мянга гаруй байсан ч Тангийн цэрэгт арьчигдсан тул бид түүнээс сул дорой тул Тангийн холбоотон руу довтлохгүй, Тан улстай дайсан болж болохгүй" гэж ахдаа зөвлөж байжээ. Мүнь-ег цэргийн мэдлээс буулгасанд Мүнь-е Тангийн хаан ордон руу дутаан очжээ. 732 онд Пальхэгийн элч Тангийн хааны ордонд очиж Мүнь-ег гаргаж өгөхийг хүсч байсан боловч Мүнь-ег хол газар буюу Төв Ази руу илгээжээ. Тан нь Шиллагийн Сондогийн үеэл Ким Чүншинийг дуудаж, хамтран Пальхэг дайрах төлөвлөгөө гаргажээ. Тангийн хилийг Пальхэ дайрч 10 мянган цэрэг хөнөөсөн ба 733 онд Тан-Шиллагийн хамтарсан довтолгоонийг няцааж 50 мянга гаруй цэргийг нь устгажээ. 734 онд Шилла Пальхэ руу довтолсон ч амжилт олоогүй. 735 онд Тан улстай хиллэхэд жийрэг болж байсан Кидан толгойлогч Кетую түрэг холбоотныхоо хамтаар Танд ялагдаж, 5 мянган татаби морин цэрэг Танд бууж өгснөөр Пальхэ нь Тантай шууд хиллэх болов. 737 онд Пальхэ Тантай найрамдахыг санал болгов. Удалгүй Мү-е нас нөгцөв.
Мү-егийн хүү Тэ Хөм-мү (737–793 онд 56 жил хаанчилсан) вангийн суурийг залгамжилж, Тан улсын цэргийг Төвөдийн эзэнт гүрэнтэй дайнтай байх үед нь Солонгосын хойгоос зайлуулав. Хөм-мү Япон, Шилла руу элч илгээж, дипломат харилцаа худалдааг амаржуулав. Пальхэ Япон руу 34 удаа элч илгээж, Япон хариуд нь 13 удаа элч илгээсэн байна. 755 онд Хятадад Ань Лушаны бослого гарснаар Тан улс дорно умард нутгаа алдсан ба бослого дарагдсаны дараа ч тэнд дайнч жанжид хуваан захирав. 762 онд Тан улсын Дайзун хаан Пальхэг улс гэж, Хөм-мүг ван гэж тус тус хүлээн зөвшөөрчээ. Хөм-мүгийн үед Шиллатай худалдаа хийдэг зам тогтов. Түүний үед улсын нийслэлийг хэд хэд сольсон ба Жиньпо нуурийн эрэгт (өнөөгийн Хармөрөн мужийн Нинган хошуунд) байнгын нийслэл Сангёнгийг (Дээд нийслэл) босгож төвлөн захирах байдал, эргэн тойрныг эрхшээх хүчийг бэхжүүлжээ. Тан улстай найрамдалтай харилцаатай байж 766-779 онд Пальхэгээс 25 удаа элч Дайзун хаанд бараалхжээ. Пальхэгийн ханхүү нар Тан улсын Дэзун хааны ордонд ордны хамгаалагчаар ажиллаж байсан нь нэг ёсондоо Тан улсын барьцаанд хэдэн ханхүү байх ёстой гэсэн хүчирхэг Хятадын бодлого хэрэгжиж байсных юм. Тантай найрамдсанаар төвшин болсон боловч Хөм-мүг нас барьсны дараа хаан ширээний тэмцэлд өртөн хямарч хил хязгаарыг аймгууд урван бослого гарав. Тэ Инь-сү (818–830 онд хаан байсан), Тэ И-жинь (830–857 онд төр барьсан) нарын үед заримдаа мохэг ялж, заримдаа мохэ аймгуудад ялагдсаар байв. 9-р зууны дунд үед Пальхэгийн төрийн бүтэц жигдэрч 5 нийслэл, 15 аймаг, 62 хошуу болон хуваагдсан засаг захиргааны хуваарьтай болсон байв.
МөхөлЗасварлах
907 онд Пальхэ өнөөгийн Улаанхад, Тунляогоор нутаглаж байсан Кидантай зөрчилдөж эхэлсэн. Монгол угсааны Киданы Амбагян хаан Лууха голын газрыг авсанд 911 онд Пальхэ-Шилла холбоож Кидантай байлдав. 924 онд Пальхэ Кидан луу довтолсон боловч дараа жил Пальхэгийн жанжин Шиньдог шинэ байгуулагдсан Курёд бууж өгчээ. 925 он Шилла хүчирхэгжиж буй Кидантай холбоолж Пальхэг дайлав. 926 онд Кидан цэрэг Пальхэгийн "Дээд нийслэл" Сангёнгийг бүслэн буулган авчээ. Пальхэгийн газар нутагт Кидан улс Елюй Бэй хунтайжаар удирдуулсан Дундань (хят. 東丹 Дорнод Дан, кидан. Дон Гур) хэмээх хараат вант улсыг байгуулсан. Харъяат ардыг нь хуваан авсан ба түүнээс хойш 982 онд гэхэд Пальхэ нэр бүрмөсөн арчигджээ. Зарим ноёд нь Ляоян руу, зарим нь Курё рүү гэх мэтээр хагацсан ба дорнод нутагт нь харин Хожуу Пальхэ гэж улс оршсон нь хожмаа Динъань (Чонъань) гэж нэрийдэгджээ. 975, 986 онуудад Кидан нь энэхүү Чонъанийг дайлан эзэлжээ.[2]