Цахар (мо.б. čaqar) — 14-17-р зууны үеийн нөлөө бүхий монгол аймаг, зүүн монголын нэгэн түмэн, өдгөө олонхид нь тоо бүртгэл алдарч гээгдсэн ястан. Цахар ястны хэлэлцэх монгол хэлний аялгууг цахар аялгуу гэх бөгөөд монгол хэлний халх, ордосыг бас багтаасан төв аялгуунд хамаатуулж ойлгоно. Батмөнх даян хаан улсаа зургаан түмэн болгон өөрчлөн байгуулсны нэг түмэн нь цахар байсан. Түүнээс хойших Лигдэн хүртэлх хаад бүгдээр цахар нутагт сууж, цахар түмнийг өөрийн гараар эзэн мэдэж байжээ. Манжид цахар түмэн эзлэгдсний дараа цахараас манж хааны гэр бүлд бэр буусан нь цөөнгүй. 1636 онд цахарын Могулай Баатар босч тэмцээд дийлдэн аргагүйн эрхэнд албат иргэдийн хамт говийг туулан Хотогойдын Алтанханд дагаар орсон байна. Уурсаж хаширласан Энх Амгалан хаан Цахарын хуучин зохион байгуулалтыг өөрчилж Хаалганд аваачаад, чуулгантай болгохын оронд өөрийн цэргийн шууд захиргаанд байх цахар найман хошууг байгуулжээ. Чингийн цэрэг Зүүнгарыг буулган авсны дараа 1758 онд Шинжааны Или руу харуулын албанд цахаруудаас нүүлгэсэн. Тэдний үр сад өдгөө торгууд, өөлдтэй цуг Борталд суудаг. 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдахад Шинжаанаас Сумъяа бэйс ардаа дагуулан Оросоор дамжин явсаар Ар Монголд ирж, шинэ тулгар Монгол Улсдаа хүчээ өргөжээ. Хиагтын баруунтаа газар авсан тэднийг Сэлэнгийн цахарууд гэдэг.

Цахар ястан
Нийт хүн ам
≈ 299,000 (таамаг)
Томоохон хүн амтай улсууд
 Хятад (1987 он)≈ 299,000[1]
Монгол УлсМонгол Улс Монгол Улс (2010 он)132[2]
Хэлнүүд
Монгол хэл бичиг, хятад хэл бичиг
Шашин
зарим нь буддын шашинтан (шарын шашинтан), зарим нь шашин шүтдэггүй, зарим нь уул усаа шүтэн тахидаг
Холбоотой угсаатны бүлэг
Баарин, найман, үзэмчин, халх г.м бусад монгол үндэстэн, монгол угсаатан
Цахарын байршил 1851 он

Хошуу, сум засварлах

Зүүлтийн холбоос засварлах