Лаварын Сумъяа

(Сумъяа бэйс-с чиглүүлэгдэв)

Ялгуун баатар Сумъяа бэйс буюу Лаварын Сумъяа (1874-1935) нь Богд Хаант Монгол Улсын үндэсний тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, Манж болон Хятадын дарлалын эсрэг тууштай тэмцэгч, цэргийн чадварлаг жанжин хүн байжээ.

Лаварын Сумъяа
1874 он – 1935 он

Төрсөн газар Манж Чин улс, Шинжаан, Илийн цахар хошуу (Бор тал)
Нас барсан газар БНМАУ, Сэлэнгэ аймаг
Эх орон Богд Хаант Монгол Улс
Ажиллагаа/салбар Богд Хаант Монгол Улсын арми
Албан үүргийн он жилүүд 1912-1919 он
Цол Гүн, бэйс
Цэргийн удирдах албан тушаал Таван замын байлдаанд жанжин, Ардын журамт цэргийн дэд жанжин
Тулалдаанууд/дайнууд Таван замын байлдаан, Хиагтыг чөлөөлөх тулалдаан бусад
Шагналууд Богд Хаант Монгол Улсын ялгуун баатар
Богд Хаант Монгол Улсын гүн, бэйс

Ялгуун баатар Сумъяа бэйс тухайн үеийн Манж Чин улсын Шинжаан буюу Шинэ хязгаар (одоогийн БНХАУ-ын Шинжаан - Уйгурын өөртөө засах орны Бор талд) Цахар Монгол угсааны Лаварын гэрт төржээ. Улмаар бага наснaасаа бие даан суралцаж байсны дүнд Хөвөөт шар хошууны дэд дарга болжээ.

1910 оны үеэс Шинжаан дахь Манж-Хятадын дарлал тэсвэрлэшгүй болсноос ард олноороо эсэргүүцсэн бослого гарч эхэлсэн. 1911 оны 11-р сард Илийн Хөвөөт шарын хошууныхан Илийн манж жанжны цэргийн эсрэг бослого гаргаж байлдаж эхэлжээ. Энэ бослогод бусад хошуу нутгийнхан бас оролцож сар орчим дайтсан байна. Хятадууд сарын дотор янз бүрийн насны 100 гаруй хүнийг алж хядаж, эд хөрөнгө, малыг нь булаан дээрэмджээ. Мөн бослогод оролцогчдыг харгислаж байсан байна. Жишээлбэл, Надмид тэргүүтэй 30 шахам цэрэг эрсийг олны өмнө харгис хэргийгээр цавчин алсан байна.

Энэхүү зэвсэгт бослогод Хөвөөт шар хошууны дэд дарга Сумъяа нь удирдагч нарын нэгнээр голлон оролцож, олон удаагийн тулалдаанд босогчдын цэргийг толгойлон байлдсан байна. Манж-хятадын олон тооны цэрэг, давуу зэвсэглэлийн эсрэг хүн цөөтэй муу зэвсэглэсэн босогчид хэдийгээр баатарлаг зориг гаргасан боловч бут цохиулсан ажээ. Бослогыг хятад цэргүүд харгислан дарахад Сумъяагаар ахлуулсан 600 орчим хүн Оросын хил рүү буюу одоогийн Казахстаны нутаг руу нүүж оржээ. Дүрвэгчид Хаант Орост өргөдөл хүсэлт гарган, түр хоргодуулаач гэсэн хүсэлт тавьсныг Оросууд найрсгаар хүлээн авч, Казахын дотор нэгэн газарт 1912 оны 4-р сард түр суулгасан байна. Тэнд гурван сар орчим байсан ба ард үлдсэн манжуудаас буцааж нүүлгэж авах тухай элдэв ухуулга ятгалга явуулж эхэлсэн. Тэр ятгалгад автсан зарим хүмүүс буцаж нүүсэн. Бараг л тал хагас нь буцсан байна. Нутагтаа очоод олзлогдож баригдаж, ял шийтгэл оноосон тул буцагсдын хувь заяа хэцүү эмгэнэлтэйгээр дууссан, хожим зарим нь оргож буцаж Оросын хил давжээ. Тэр үед Оросын сонин хэвлэлд “Богд Хаант Монгол Улс мандав. Монголчууд тусгаар тогтнолоо олж авав” гэсэн сайхан мэдээ гарчээ. 1912 оны намар тэд ах дүү, үндэс угсаа нэгтэй Монгол улстайгаа нэгдье гэж шийдээд Монголын Засгийн газарт өргөдөл гаргаж Оросуудаар дамжуулан илгээснийг Богд хаан хүлээн авсан. Сумъяа 1912 он өөрийн харьяат 271 хүнийг дагуулан Оросын нутгаар усан зам болон төмөр замаар олон хоног урт зам туулан Хиагтаар Монголд иржээ. Богд хаан түүнд түшээ гүнгийн хэргэм шагнаж, Сумъяаг даган нүүн ирсэн Илиийн цахарын ардуудыг тусгай нэг хошуу болгон тэр хошуунд Хиагтын зуун цэргийн нутгийг олгож, Сумъяаг засаг ноён болгон захируулснаас хойш өөрийг нь дагаж ирсэн ядуу тарчиг ардынхаа амьдрал ахуйг өөд нь татах их ажилд орсон байдаг. Энэ үед Өвөр Монголыг чөлөөлөхөөр Таван замын байлдааныг эхлүүлсэн ба энэхүү 5 замын нэг замын цэрэгт Сумъяа гүнг цэрэг захируулан илгээхэд өөрийн хошууны 10 хүнийг цэрэгт дагуулан очиж энэхүү чөлөөлөх дайнд онцгой баатарлаг тулалдсан байна. Cумъяа гүний цэрэг нь Бяруу хотыг чөлөөлөн Жанчхүү хот хүртэл олон удаагийн тулалдаанд Хятадын цэргийг бут цохисон байна. Энэхүү гавъяаг үнэлэн Богд хаанаас Л.Сумъяаг харьяат Ялгуун баатар цолоор шагнажээ.

Ялгуун баатар нь Ардын хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь чин сэтгэлийг барим зүтгэсэн бөгөөд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд Ардын журамт цэргийн дэд жанжнаар оролцжээ. Улмаар 1921 онд АТЗГ-ын анхны гишүүн, Баруун замын цэргийн тусгай ангийн дэд жанжнаар томилогдож, Хиагтыг чөлөөлөх болон Баруун замын байлдааныг удирдаж байв. Түүний удирдсан цэрэг эрс Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэж, баатарлаг гавьяа байгуулсан боловч 1930-аад оны улс төрийн хилс хэрэгт аймшигтайгаар хэлмэгдсэн юм.

Л.Сумьяа нь 1921-1929 онд Богд Хан уулын аймгийн Их Түшиг уулын хошуунд намын 87-р үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдож байв.

Зүүний нугалааны үед түүнийг хуучин гүн, бэйсийн зэрэгтэй засаг ноён явсан хэмээн намаас хөөж, улмаар 1931 онд сонгуулийн эрхийг нь хасч байсан байна. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид 1934 оны 4 сарын 4-нд иргэн Л.Сумьяагийн гомдлыг хянаж үзээд түүнд ардын нэгэн адил сонгуулийн эрх мэдүүлэх шийдвэр гаргаж байжээ.

1934 оны 7 сарын 8-нд Л.Сумьяаг ардын хувьсгалын партизан болгож 418 тоот үнэмлэх олгосон байна. Л.Сумьяа 1935 оны эхээр 61 насандаа өвчний улмаас нас нөгчжээ.

Лаварын Сумъяа нь Ардын засгийн жилүүдэд өөрийн цол хэргэмээс сайн дураараа татгалзсан байдаг ба Сумъяа бэйс, түүний ах дүүс нь Монгол улсын түүхэнд тод мөрөө үлдээсэн гавъяат үйлстнүүд байсан юм. Лаварын Сумъяа, Самъяа, Дэмбэрэл, Равжаа нар нь МАН-ны анхны гишүүдийн нэг байжээ.

Ялгуун баатар Сумъяа бол 270 гаруй хүн амыг алс холоос дагуулан туурга тусгаар Монголд авчирч, хойчийн үед нь сайхан амьдрал, эрх чөлөөг бэлэглэж, тусгаар тогтнолын төлөө цуцалтгүй тэмцэгч, түүхийн хуудсанд цагаан замтай, дуурсагдах нэр нь зөв мөртэй, Монголчууд бидний мартах ёсгүй гавъяатны нэг билээ.

Уран зохиол

засварлах

Цахим холбоос

засварлах