Чингисийн хэрмэн цав
Чингисийн хэрмэн цав — Монгол улсын нутагт "Чингисийн далан", "Чингисийн зам", "Чингисийн хэрэм" нэртэй нэлээд хэдэн дурсгал байдгийн нэг нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур, хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.
Энэ хэрмийн урт нь 500-600 км. Хэрмийн зөв талд буюу урд талд нь харуул хайчны цагдаа цэрэг суудаг байсан бололтой 40x50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайханы хүндийн Талын толгойн өртөөний байсан газраас хойхно буй "Дөрвөлжин буудал", "Улзын өндөр довын энгэрийн хэрэм", Могойн адгийн хэрэм, өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баян булгийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Заримынх нь хоорондын зайг хэмжихэд 8-12 км байв.
Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр, хог үлдэц юу ч илрээгүй. Харин заримаас ваар савны хагархай олддог. Ийм хэрэм Чингисийн Хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг. Тэр ч байтугай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.
Ийм урт хэрэм, хэрмийн дагуу жижиг хэрэмтэй газар Монголын өмнөд хэсэгт бас бий. Тухайлбал Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён сумдын нутагт Чингисийн далан гэдэг ийм шороон урт хэрэм буй. Энэчилэнгээр энд тэнд байх Чингисийн хэрмэн замыг судлаачид эрт цагийн ямар нэгэн харь аймгийн хил мэт байсан боловуу хэмээн үздэг.
Үүнийг доктор Х.Пэрлээ "Монголын нууц товчоо"-ны 281-р зүйлд тэмдэглэсэн 1228-1241 онд Өгөөдэй хаан нутгийн гөрөөсийг ах дүүгийн нутагт явчих вий гэж харамлан урт хороо барьсан нь түүний дөрвөн буруут үйлийн нэг гэж үзэж байсан тэр "Хуруа, Йурха" мөн гэж бичсэн бол хятадын зарим судлаачид Зүрчидийн Алтай улсын үед, Японы судлаачид Ляо улсын үед он цагийн хувьд хамааруулсан зэрэг зүйл буй боловч даланг энэ хэр эртний судлалын үүднээс нарийвчлан судлаагүй байгаа билээ.
"Хэрмэн замд" холбогдох нэгэн домгийг сийрүүлбэл: "Энэ замыг Чингис хаан засуулсан гэх бөгөөд тэр үед хааны бэр эцэгтээ ил харагдах ёсгүй байжээ. Иймээс Чингис хаан бэрийн хамт алс холыг зорих болсонд ёсыг дагаж Чингисээс бэр нь далдуур явах учиртай байснаас олон мянган хүний хүчээр асар их шороон хэрэм бариулж түүний нэг талаар нь Чингис, нөгөө талаар нь бэр нь явсан" гэдэг.