Мөнххайрхан сум

МөнххайрханМонгол Улсын Ховд аймгийн сум. Улаанбаатараас 1421 км, аймгийн төвөөс 155 км хол. Газар нутгийн хувьд хойд талаараа Ховд аймгийн Дуут, зүүн хойгуураа Манхан, зүүн урдуураа Мөст, урдуураа Үенч, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумдтай хиллэдэг. Ховд аймгийн хамгийн цөөн хүн амтай сумын нэг юм. Сумын төв нь Сэнхэр. Алаг, Борт, Хаг, Сэнхэр дөрвөн багтай. Хүн амын 98 хувь нь урианхайчууд. Сундуйсүрэн

Мөнххайрхан сум
ᠮᠥᠩᠬᠡᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Ховд
Сумын төвСэнхэр
Газар нутаг
  Нийт2,554 км2 (986 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,146
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

Монгол Алтайн нурууны мөнх цаст Мөнххайрхан уулын эзлэх газар нутгийн ихэнх хэсэг тус сумын нутагт байдаг тул энэ нэрийг авчээ. 1930 онд Алтай хан уулын Урианхай баруун хошууг Чандмань уулын аймагт харъяалж, тусдаа сум болгон зохион байгуулахад анх Мөнххайрхан хэмээн нэрийдсэн. Харин сумын төв нь Мөнххайрхан уулаас эх авдаг Сэнхэрийн голоор нэрлэгдсэн байна.

Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж улсаа мянгатын тогтолцоонд оруулахад урианхайн зарим нь Толуй, улмаар түүний отгон хүү Аригбөхийн мэдэлд очиж яваандаа Тагна уулын өмнө бие, Алтайд одож ойрадын дотор багтдаг болжээ. Харин үлдэх хэсгээр нь дараах мянганыг байгуулсан байна. Үүнд, урианхайн Сүбэдэй баатар, Есүй Буха, Удачи нарт нэжгээд мянган захируулан хамтад нь Монгол улсын зүүн жигүүрт харъяалуулсан бол урианхайн Есүн туа-таркид нэгэн мянган өгч баруун жигүүрт оруулжээ. Чингис хаан мөн өөрийн ургийн Элжигэдэйд гурван мянган өгсний нэг нь урианхай нараас голлон бүрдэж байв. Дээрх мянгануудаас Удачийнх нь Бурхан Халдун ууланд асан их хаадын хоригийг сахин хамгаалах чухал үүрэг хүлээдэг тул цэргийн албанд явдаггүй байв. Хожим XIY зууны эцэст Мин улс хүчирхэгжиж умард хязгаараа батлан сахихын тулд Монголын нутгийн зүүн этгээдэд гурван харуул гэгчийг байгуулсны Доён харуулыг нь урианхай нараар байгуулсан бөгөөд эдгээр нь Зэлмэ жанжны үр сад юм. Зэлмийн хойч Хотон ноёны үед буюу 1500-гаад оны ихээр нэлээд хүчирхэгжсэн урианхайчууд Батмөнх хааны үед захиргаанд нь орсон төдийгүй алтан ургийнхантай байн байн ураг холбож, ойр дотно харилцсаар байв. XY-XVI зууны тэргүүн хагасын Зүүн Монголын зургаан түмний нэг нь урианхай түмэн байв. Эдгээр нь XIII зууны эхээр их хаадын хоригийг сахиж байсан Удачи нарын урианхайн удам юм. Хааны төвлөрсөн засаглалыг эсэргүүцэн тэмцсэн тэднийг зарим сайд түшмэд тархаан суулгах гэсэнд Батмөнх даян хаан “Урианхай эзний алтан хөмрөгийг сахисан бас их заяат улс тул” тараан жишиж хэрэггүй гэсэн ажээ. Батмөнх даян хааны дараа отгон хөвгүүн Гэрсэнзийнх нь мэдэлд очсон Зүүн Монголын урианхай нар баруун тийш нүүдэллэсээр Алтайн ууланд хүрч нутаглах болов. Үүнээс хойш 200 гаруй жилийн дараа буюу 1759 онд Манж Чин улсын Хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжны газраас Алтайн урианхайг долоон хошуу болгон зохион байгуулж, Зүүн ба Баруун гар болгон хуваажээ. Ингэхдээ урианхай нараар дөрөв, тува нараар гурван хошуу болгосон бөгөөд хоёр гарын тус бүр хоёр, нийт дөрвөн хошуу нь монгол урианхай нараас бүрдсэн байв. Монгол урианхай нарын дөрвөн хошуу нь Зүүн гарын зүүн амбаны хошуу, Мэйрэн зангийн хошуу, Баруун гарын баруун амбаны хошуу, Гомбо даагийн хошуу юм. Алтайн урианхайн Зүүн гарын чуулган дөрвөн хошуу, 16 сумтай, анхны чуулган дарга нь Сандаг, Баруун гарын чуулган нь гурван хошуу, 11 сумтай, дарга нь Түвшин болов. XIX зууны үед уг долоон хошуу нийт 12000 орчим хүн амтай, үүнээс монгол урианхайн дөрвөн хошуу 8000 гаруй хүн амтай байжээ. Алтайн урианхайн хошууд хожим Богд хаант Монгол улс, Ардын засгийн эхэн үеүдэд өөр өөрөөр нэрлэгдэж явав.

1911 оноос хойш

засварлах

1911 оны Үндэсний хувьсгал ялсны хойтон жил Алтайн урианхайн долоон хошуу Богд Хаант Монгол Улсад Ховдын хязгаарын олон хошуудын хамтаар даган орсон юм. 1923 онд уг долоон хошууг нэгтгэн нэг чуулган болгож Ховдын сайд жанжны газарт захируулсан бол 1927 онд Алтай хан уулын Урианхайн зүүн баруун хоёр хошуу болгосон бөгөөд баруун хошууны тамгын газрыг одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Их Жаргалантын аманд байршуулснаар өнөөгийн Мөнххайрхан сумын үндэс суурь тавигдсан гэж албан ёсоор үздэг. Да лам Чүлтэмийн захирсан энэ хошуу Булган, Дэлүүн, Гурван цэнхэр зэрэг өргөн уудам нутгийг хамарсан, Мянгад, Ах, Цэрвээ, Оорцог дөрвөн элкэн буюу овогтой, 2000-аад өрхтэй байжээ. Мөн хурлын хоёр дацан бүхий Дашлхүмбэ хэмээх хийдтэй, да лам нь Бааваа байв. Улмаар 1930 онд Урианхайн зүүн баруун хоёр хошууг нэгтгэж Чандмань уулын аймагт захируулан дөрвөн сум байгуулсны нэг нь Мөнххайрхан болов. Сумын анхны дарга нь Чүлтэмийн Дэлгэр, тамгын бичээч нь Дуламжавын Урганжав байжээ.

Орчин үе

засварлах

1942 онд одоогийн Мөст, Дуут сумдыг шинээр байгуулах болсноор Мөнххайрхан сумыг хоёр хувааж, захиргааг Мөст суманд шилжүүлжээ. Мөн оноос сумын ардууд санаачлагаараа хэд хэдэн нэгдэл байгуулж хамтын хүч хөрөнгөө нэгтгэн ажиллаж ирсэн бөгөөд 1959 онд Мөнххайрхан сумыг дахин байгуулж Ендэрт гэдэг газар төвлөрөн 1965 он хүргэв. Гэвч тухайн үеийн аймаг сумын зарим удирдлагын шийдвэрээр уг сумыг Мөст, Манхан суманд дахин хуваан шилжүүлж, ард олны хамтарч бий болгосон ихээхэн хөрөнгийг тарамдуулсан нь сумынхны сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөв. Иймээс нутгийн зарим сэхээтэн, цөөнх урианхай ястны хувь заяанд сэтгэл зовниж өргөдөл гаргасан нь нам засгийн удирдлагад хүрчээ. Ингэснээр “Сум цаашид хөгжих эдийн засгийн боломж нөөц, газар нутаг, хүн амын өсөлт зэргийг нарийвчлан тооцсон тооцооны хамт хүсэлтээ ирүүлж болно” гэсэн хариу хүлээн авсан бөгөөд Г.Намжилдорж, Х.Омбог нарын хүмүүс хамтран тооцоо гаргаж, тухайн үед Намын дээд сургуульд сурч байсан Б.Батаа Засгийн газарт биеэр өргөн барьснаар 1968 оны аравдугаар сард Мөнххайрхан сум одоогийн суурин дээр 300 гаруй өрх, 1000 гаруй хүн ам, 40 мянган толгой малтай, мал аж ахуйн гурван бригадтайгаар зохион байгуулагдаж, сум нэгдлийн даргаар О.Лхамжав, орлогч даргаар С.Сонинтөр нар томилогджээ.

”Хувьсгал гээч гарснаас хойш урианхай нарыг хэд ч салгаж, хэчнээн ч тасадсан юм дээ. Хөх тэнгэрийг мөрлөсөн Хүжийн Хөх Өндөр, оройн нарны туяанд орой нь галын заль шиг бадардаг Ямаат улаан уулын хооронд сумын төв оршдог аж. Дээшээ харвал Дахын дээд ам задгайрч, доошоо харвал Дунд хаалгын доод ам битүүрчээ. Ямаат улааны бэлд тулгын гурван чулуу шиг хар толгой буй. “Энэ л дагшин газрыг түшиж сумын төвөө байгуулъя гэсэн санааг нутгийн ах сахал Ч.Риймэд гуай гаргаж, 1964 онд шавыг тавьснаас хойш манай сум сайн явж байна” гэж багш, уулын спортын мастер Б.Эрхэмбаяр хуучилсан…” “Туульс хайлдаг уулс”. Г.Аким. [1]

1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хуулийн хүрээнд засаг захиргаа, нэгжийн хуваарьт өөрчлөлт орж, нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон даяар байгуулагдахад Мөнххайрхан сумын анхны ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Бадарчийн Нямаа сонгогдон ажиллаж байжээ.

Газарзүй, уур амьсгал

засварлах
 
Мөнххайрхан уул

Монгол Алтайн нурууны гол хэсэг болж 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэх Мөнххайрханы нурууны зүүн биеийн уулархаг нутагт оршино. Баянсай, Алаг, Улиастай, Хөх, Борт, Шуурхай, Сэнхэр, Долоон нуурын голууд, Бөөрөг, Алаг, Хөх, Шуурхай, Долоон, Хотгор зэрэг цэнгэг нуурууд бий. Эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш дундажаар 1940 метрийн өндөрт оршдог. Жилийн дундаж температур Цельсийн +2 градус, зуны дулааны температурын дундаж нь 15-аас 16 градус, хамгийн дулаан нь 28-аас 30 градус хүрнэ. Өвлийн хүйтний температурын дундаж -13-аас -14 градус орчим, их хүйтэн нь -29-өөс -30 градус байдаг. Жилийн дундаж хур тунадас 70 мм, хуртай жилийн тунадас 142 мм, гантай жилийн дундаж тунадас 60 мм орчим. [2]



Байгаль, амьтан ургамал

засварлах

Мөнххайрхан уулын үзэсгэлэнт сайхан байгалийг нутгийн зон олон үеийн үед онгон ариунаар нь хадгалан хамгаалж, тахин шүтэж, нутаглан ирсэн уламжлалтай. Мөнххайрхан уул түүний орчмын 301219,9 га газар нутгийг УИХ-ын 2006 оны 26-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 2011 онд өргөтгөснөөр 582446 га болжээ. Мөнх цаст Мөнххайрхан уул, Шуурхайн Мөсөн бөөрөг, Хөх нуурын Бух чулуу, Нарийн хагийн Мэлхий хад, Сэнхэрийн голын Эмгэн хад, Долоон нуурын Майхан хад, Шуурхайн чулуу, Их тошингийн Нүдэн нуур, Байнжуурын Тэмээн хад, Арцат, Ямаатын цагаан, ногоон, шар нуурууд, Шуурхай, Долоон нуурын эхний цагаан, ногоон нуур, Гавартай ус, Алагийн Буурал хайрхан, Хар усны агуй, Бортын Хэрсэн хад, Бөөрөг нуурын Бугатын хар шовгор, Ямаат улааны агуй, Битүү нуур, Цагаан сайгийн Жоншит агуй зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд бий. Буга, аргаль, янгир, ирвэс, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага зэрэг сүүн тэжээлтэн, тас, бүргэд, ёл, хойлог, шонхор зэрэг шувууд бий. Гол төлөв эмийн найрлагад ордог вансэмбэрүү, таван салаа, хонгор зул, сэржмядаг, алтан гагнуур, гоньд, балгана, баргашин зэрэг олон төрлийн ургамал, хад, тошил зэрэг жимс ургадаг. Голуудад нь монгол хадран (Thymallus brevirostris) бий. 128 метрийн өндрөөс буудаг үзэсгэлэнт сайхан хүрхрээтэй. [3]

”Алгийн буурал хайрхан над ийм нэг тууль хайллаа. Манай энэ хавьд нэг хүү ээжтэйгээ хоёулан суудаг асан. Тэр залуу ан хийж амь зуудаг байсан тул нэг өдөр Алгийн буурал хайрханд гөрөөлөхөөр гарчээ. Тэгтэл нэг ямаа (янгир) таарчээ. Буудах гэтэл цагаан өвс овоог нь хаачихаад болж өгдөггүй гэнэ. Гэсэн ч залуу гох мултлаад, янгирын хөлийг нь хуга буудчихаж. Ямаа цааш зугтаж, хүү хойноос нь хөөж дээ. Гэтэл Хулгайчийн онгорхой (хонхорхой)-д ууль хар урц байх юм гэнэ. Урцанд нэг эмгэн байж, урцныхаа баруун хатавчинд ишигтэй доголон хар ямааг уячихсан байна. Эмгэн хэлж байх юм гэнэ. “Ямааг буудуулахгүй гэж тэвнээр ташаалсаар байтал чи буудчихлаа. Сүүтэй ямаа байсан юм” гээд “Дахиад ан бүү хий. Замд чинь цагаан үхэр тааралдана. Түүнийг аваачиж мал хийж аваарай” гэжээ. Мориндоо мордоод эргээд хартал урц байсан газар хов хоосон. Доош буухад нүд нь сохрон нуухтсан цагаан сарлаг байж. Хүү сарлагийн нүдийг нь угаагаад гэртээ аваачиж мал болгож авчээ. Тэднийх олон үхэртэй болжээ. Хүү дахиад ан хийсэнгүй” “Туульс хайлдаг уулс”. Г.Аким.[4]

Хүн ам, мал аж ахуй

засварлах

2008 оны байдлаар нийтдээ 586 өрхтэй, 2400 хүн амтай. 93 мянган толгой малтай. Хүн амын 97.6 хувь нь урианхайчууд. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 255413 га. Үүнээс 167971 нь хөдөө аж ахуйн эдэлбэр, 95403 нь тусгай хамгаалалттай, 1338 нь усны эдэлбэр, 1176 нь хот суурингийн эдэлбэр газар юм. Нийт газар нутгийн 15 га-гаас хадлан авдаг бол хоёр га тариалангийн талбайд одоогоор тариалалт хийгээгүй. Ойн нөөц нь 12 га. Уул уурхайн эдэлбэр газар байхгүй.

Хүн амын үзүүлэлт[5]
Үзүүлэлт 2006 2007 2008
Сумын нийт хүн ам 2504 2477 2432
Эдийн засгийн идэвхтэй хүн ам 1085 1002 999
Ажил эрхэлдэг хүн ам буюу ажил эрхлэгчид 975 981 968

Соёл боловсрол

засварлах

Сумын анхны сургууль 1948 онд хоёр багш, 63 сурагчтайгаар таван эсгий гэрт анхны хичээлээ эхэлсэн бөгөөд 1976 онд найман жилийн сургууль болон өргөжсөн бол 1992 онд 10 жилийн сургууль болжээ. 50 шахам багш, 600 гаруй сурагч, хичээлийн хоёр байр, 120 хүүхдийн дотуур байр, компьютерийн иж бүрэн кабинеттэй, багш нарын 75% нь мэргэжлийн зэрэгтэй байна. Анх 1975 онд байгуулагдсан “Оргил” цэцэрлэгт одоо 80 шахам хүүхэд сурч хүмүүждэг. Соёлын төв нь 1959 онд байгуулагдсан. 2012 онд урианхайн алдарт туульч, Төрийн соёрхолт Б.Авирмэдийн нэрэмжит болгожээ. Сумын хүн эмнэлэг 1950 онд нэг бага эмч, нэг ажилчин, хоёр гэр, хоёр ортой анх ажиллаж эхэлсэн бол 1972 оноос хүний их эмчийн салбар болон өргөжиж одоо сумын нийт өрхийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. 1975 онд байгуулагдсан цаг уурын станц нь 1989 онд “Мөнххайрхан станц” нэртэй болж, хөдөөгийн малчид, иргэдэд цаг агаарын мэдээг шуурхай дамжуулж байна. 1998 оноос “Цэнхэрийн долгио”, 2002 оноос “Мөнххайрхан царцаа” нэртэй хоёр мал эмнэлэг ажиллаж 80 мянга гаруй малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Шашин шүтлэг

засварлах

Бөө мөргөл, Буддын шашин шүтлэгтэй. Алаг багийн иргэн Риймэдийн Балданжав 2004 онд Дашбалжир хийдийг байгуулснаас хойш хоёр шавийн хамтаар өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Билгийн тооллын сар бүрийн 29-нд гол шүтээнээ залж хурал хурдаг. Хийдийн гол шүтээн нь Гомбо, Махагал бурхан. 2006 онд тус хийдэд Ганжуурын 108 боть хөлгөн судрыг залжээ.

Ашигт малтмал

засварлах

Гантиг, усан болор, хайлуур жонш, гялтгануур, шороон будаг зэрэг ашигт малтмалтай.

Түүхийн дурсгал

засварлах
 
Шуурхайн амны хүн чулуун хөшөө

Долоон нуурын Улаан толгойн хадны бичээс, Доод улаан говийн амны хүн чулууд, Долоон нуурын хүн чулууд, Шуурхайн амны хүн чулуун хөшөө, Хар говийн буган чулуун хөшөөд, Тэлэнгидийн амны хөшөө зэрэг эртний түүхийн дурсгалууд бий. Эдгээрээс Улаан толгойн бичээс нь Монгол орны нутгаас олдож буй анхны бичгийн дурсгал болж байгаагаараа чухал ач холбогдолтой учир 1990 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Бусад нь аймгийн болон орон нутгийн хамгаалалтад буй.

Алаг баг

засварлах

Нутаг дэвсгэр нь 90 мянган га. Сэнхэрийн голын сав газрын нэлээд хэсгийг хамардаг, хадлангийн талбай ихтэй. Тус багийн байгалийн үзэсгэлэнт газар Битүү нуурын ойн сав газрыг 1990 онд орон нутгийн хамгаалалтад авчээ.

Борт баг

засварлах

Сумын төвөөс баруун урагш 18 километрт оршдог бөгөөд 68.2 мянган га нутагтай. Далайн түвшнээс 4362 метр өргөгдсөн мөнх цаст Мөнххайрхан уул оршдог, аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай бүс нутаг юм.

Нийт 65.5 мянган га нутагтайн 30 хувь нь улсын тусгай хамгаалалттай бүст хамрагддаг. Эндэхийн Долоон нуурын хадны бичээсийг 1990 онд улсын хамгаалалтад авчээ.

Сэнхэр баг

засварлах

36.7 мянган га газар нутагтай, сумын төвийн баг юм.

Алдартнууд

засварлах
  • Б.Авирмэд. Төрийн соёрхолт туульч
  • О.Батсүх. Монгол улсын хүний гавъяат эмч
  • Г.Сэсээр. Дипломатч, гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн
  • Г.Дашган. Монгол улсын гавъяат багш, дугуйн спортын мастер
  • Б.Эрхэмбаяр. Уулын спортын мастер
  • Ц.Бөхөө. Хөнгөн атлетикийн спортын мастер
  • Ц.Олдох. Улсын аварга малчин
  • М.Баттулга. Улсын аварга малчин
  • Ж.Намсрай. Гавъяат тээвэрчин
  • Г.Мөнхдаваа. Спортын мастер
  • М.Өлзийтогтох. Эрдэмтэн, доктор
  • Ш.Адьшаа. Улс төрч, бизнесмэн
  • Ц.Батзориг Монгол Улсын хошой мэргэн (Урианхай сур)
  • Б.Баянмөнх. Монгол Улсын начин, жүдо бөхийн спортын мастер,самбо бөхийн ази тивийн мөнгөн медальт
  • Э.Хосбаяр Монгол Улсын мэргэн (Урианхай сур)
  • Б.Мөнхзориг Монгол Улсын мэргэн (Урианхай сур)
  • С.Мөнхдалай. Аймгийн начин

Эх сурвалж

засварлах
  1. http://goakim.wordpress.com/2012/03/01/%D1%86%D0%B0%D1%81%D1%82-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%83%D1%83%D0%BB-%D1%86%D0%B0%D0%B4%D0%B8%D0%B3-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85-%D1%85%D2%AF%D2%AF%D1%80%D0%BD%D1%8D%D0%BB%D1%8D%D1%8D_01/ Г.Аким. "Туульс хайлдаг уулс" номын "Цаст цагаан уул цадиг түүх хүүрнэлээ" бүлгээс.
  2. Archive copy (Memento 14. Арванхоёрдугаар сар 2014 цахим архивт) Ховд аймгийн албан ёсны вэбсайт. Мөнххайрхан сум. Уур амьсгалын байдал.
  3. Archive copy (Memento 14. Арванхоёрдугаар сар 2014 цахим архивт) Ховд аймгийн албан ёсны вэбсайт. Мөнххайрхан сум. Байгалийн баялаг, түүх дурсгалын болон үзэсгэлэнт газрууд.
  4. http://goakim.wordpress.com/2012/03/01/%D1%86%D0%B0%D1%81%D1%82-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%83%D1%83%D0%BB-%D1%86%D0%B0%D0%B4%D0%B8%D0%B3-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85-%D1%85%D2%AF%D2%AF%D1%80%D0%BD%D1%8D%D0%BB%D1%8D%D1%8D_01/ Г.Аким. "Туульс хайлдаг уулс" номын "Цаст цагаан уул цадиг түүх хүүрнэлээ" бүлгээс.
  5. http://mercycorps.org.mn/beta/documents/publications/ledplan/2010/HO-Munhhairhan.pdf[permanent dead link] Мөнххайрхан сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн мастер төлөвлөгөө

Ном зохиол

засварлах
  • "Алтайн урианхайн угсаатны зүй" Г.Золбаяр, М.Ганболд, Б.Өмирбек, Б.Жаргалсайхан, А.Гантулга, Н.Эрдэнэбаяр, Б.Уранбилэг. 2006. Улаанбаатар хот. ISBN 978-99973-41-27-3