Ганжуур Данжуур

Ганжуур Данжуур гэж Бурхан багшийн их хөлгөн судар буюу суурь онол бүхий нэвтэрхий толь юм. Бурханы шашин бараг 3000 жилийн тэртээгээс, эртний Энэтхэгийн их хаан Шүдходанагийн хөвүүн болон элдэв гайхамшиг үзэгдэл билгийг үзүүлэн мэндэлсэн Сиддихарта хамаг амьтныг зовлон зүдгүүрээс нь ангижруулахын төлөө хэцүү бэрх хатуужлыг үйлдэн бясалгал оюуны хүчээр хэрхэн гэгээрэлд хүрч болдгийг өөрөө биечлэн үзүүлж Бурханы хутгийг олон гэгээрсэн, мөн хамаг амьтанд гэгээрэх боломж буйг баталж тэрээр ном зааж номын хүрдийг гурвантаа эргүүлсэн, гэгээрэхүйд зорин буй хуврагийн аймгийг байгуулсан зэрэг эрдэм үйлсээс улбаалан Бурханы шашин хэмээн нэрлэгдэн өдгөө цаг үед хүрч ирсэн байна.

Бурхан багшийн аман зарлигийн чуулганыг Ганжуур буюу Зарлигийн орчуулга хэмээн нэрлэдэг. Энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр суурилж, учир шалтгаан, шүтэн барилдлагын үүднээс юмс үзэгдэл, сансар хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх тухай онол сургаалыг Ананд тэргүүтэй шавь нар нь эмхтгэсэн байна.

Бурхан багшийн аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан бүтээлийг Данжуур буюу Шашдарын орчуулга хэмээн нэрлэдэг. Данжуур нь буддын арван ухааны 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан их хөлгөн судар юм.

Түүхэн уламжлал засварлах

Ганжуур, Данжуур нь анх санскрит хэлний өвөг болох эртний Пали хэлээр бичигдэн явцын дунд санскрит хэлэнд, түүнээс Түвд, Хятад хэлэнд, улмаар Монгол хэл бичгээр хөрвүүлэгджээ. “Ганжуур”-ыг анх бичиж үлдээсэн Пали хэл нь Бурхан багшийн айлдсан гурван сав аймаг буюу винайн аймаг, судрын аймаг, авидармын аймаг савын ном болон хиндү шашны номууд бичигдэж үлдсэн хамгийн эртний боловсронгуй хэлэнд тооцогддог юм. Пали хэл нь Санскрит хэлтэй шууд хамаарахгүй ч язгуурын хувьд нэг гаралтай, панины хэлэн зүйн тогтоцтой өөр хоорондоо авиа дуудлага, үг, үгсийн аймаг төсөөтэй хэл юм. Бурхан багшийн сургаалыг пали хэлэнд буулгаж үлдээсэн ч түүний тайлбар сэлт ихэнхдээ сонгодог санскрит хэлэнд буулгагдаж байсан.

Учир нь пали хэл нь алгуураар санскрит хэлэнд байраа олгож уусан алга болсонд юм. Өдгөө өмнөд азийн улсууд тухайлбал, Бенгал, Бангладеш, Лаос, Энэтхэгийн зарим нэг газар хэрэглэж байгаа Бенгали хэл нь пали хэлнээс үүссэн гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон бөгөөд “Ганжуур” нь эхээрээ хадгалагдан шүтээнд залан судлагдаж байна. Ганжуур, Данжуурыг их номч Будон Ринчендүв (1290-1364) тэргүүтэй эрдэмтэд буддын бүх номлолын шүүн орчуулж эмхтгэсэн байна.

Монголчууд Ганжуурыг ХШ зууны эцэс ХҮ зууны эхэн буюу Өлзийт хааны үед монгол хэлнээ орчуулж эхэлжээ. Чингэхдээ Лигдэн хааны /1592-1636/ зарлигаар их эрдэмтэн Гунгаа Одсэр, Дархан лам Самдан Сэнгэ, Билэгт Эрдэнэ Дай гүүш, Тойн Сандүв тэргүүтэн эрдэмтэд удирдан зохион байгуулж 1628-1629 онд “Зарлигийн орчуулга” бүрнээр нь хөрвүүлэн дүүргэсэн байна.

Монгол Ганжуурын эхний 25 боть болон түүний тайлбар Монгол Данжуурын эхний 85 боть нь Дандарын аймаг хэмээгддэг бөгөөд энэ нь Хими, Биологи, Математик, Физик, Сансар судлал, Газар зүй, Барилга архитектор ба Дэлхий ертөнцийн зүй тогтол, бодис элементийн шинж чанар, тэдгээрийг урвалд орсноор үүсэх нөхцөл шалтгааныг судалдаг бөгөөд түүнийг сэтгэл оюуны бясалгалтай уялдуулан төгс танин мэддэг нь орчин цагийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээтэй яв цав нийцэх аж. Хэрхэн нийцэх тухайд жишээ өгүүлбэл алдарт химич Менделевийн үелэх системийг хүн болгон мэдэх ба энэ систем үндсэн 108 нүхт хүснэгтээс бүтдэг. Үүний 106 нь буюу 106 бодис нь хүн төрөлхтөнд нээгдсэн байдаг билээ. Тэгэхээр цаашид мөн 2 элемент нээгдэх ёстой гэдгийг шинжлэх ухааны эрдэмтэд нотлон судалдаг.

Харин “Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй хамаг монголын 200 орчим эрдэмтэн гүүш нар Түвд хэлнээс Монгол хэлэнд 1741-1742 онд орчуулан 1742-1749 онд 226 боть болгон модон бараар Бээжинд барлан хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. “Монгол шунхан Данжуур” нь гүн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, урлах ухаан, дуун ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамарсан 3427 нэр төрлийн ном, зохиолыг багтаасан 107839 хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм.

Ганжуур, Данжуурыг монгол хэлэнд орчуулах, хэвд сийлэх, бичээч, урчуудын хүнс, ажлын хөлсөнд нийт 41600 гаруй лан мөнгө орсоноос 31200 лан мөнгийг монголын ард түмэн сайн дураар тусалж, бусдыг нь улсын сангаас гаргажээ. Монгол Ганжуур, Данжуурын бүрэн боть Монгол улсын Төв номын санд хадгалагдаж байгаа бөгөөд 1995 онд хосгүй үнэт дурсгалын жагсаалтанд оруулан баталжээ. Монгол Ганжуур, Данжуур нь олон эхтэй тулган нягталж, шүүн тунгааж, нарийн нямбай буулгасан хамгийн алдаа мадаггүй сонгодог бүтээл хэмээн эрдэмтэд үздэг билээ. Тийм ч учраас гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачид Монгол Ганжуур, Данжуурыг шимтэн судалж судалгааны эх сурвалжаа болгож байна.

АЧ ХОЛБОГДОЛ засварлах

Хүн төрөлхтний оюуны их өв болсон дорнын их нэвтэрхий толь Ганжуур, Данжуурыг нийт монголчуудын хүртээл болгох

• Орчин цагийн монгол хэлний үгийн санг баяжуул


• Монголын судлаач, сонирхогчдын судалгааны хэрэглэгдэхүүн болох

• Уламжлалт өв соёлыг сэргээн хадгалах, уламжлах, өвлүүлэх

• Дэлхийн олон улсын “Монголч эрдэмтэд”-ийн том судлагдахуун болох

• Монголын бурхан шашныг дэлхийд монголын онцлогоор таниулах

• Монголын ард түмний олон зууны түүхэн оюуны охь манлайллаар үндэсний үзэл, бахархал бий болох зэрэг юм.