Жиргалан
Жиргалан (манж хэл: ᠵᡳᡵᡤᠠᠯᠠᠩ, галиг:Jirgalang; хятадаар: 濟爾哈朗, пиньинь: jì ěr hā lǎng) (1599 оны 11 сарын 19 - 1655 оны 6 сарын 11) нь Манж Дайчин гүрний чин ван, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин хүн юм. Айсингиоро овгийн Шурхач бэйлийн 6-р хөвүүн, Хошой үжэн чин ван (ᡥᠣᡧᠣᡳ ᡠᠵᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, 和硕郑亲王) цолтой. 1643-1647 оны хооронд Эеэр засагч хааны өмнөөс чин ван Доргоны хамтаар төрийн хэргийг хариуцан удирдан чиглүүлж байсан. Түүний байгуулсан гавьяа зүтгэл, улс төрд нэр нөлөөтэй байсны улбаагаар хошой чин ван цол хүртэж үр хойч нь үе залгамжилсан 12 төмөр малгайт вангийн нэгд орох болжээ.
Намтар
засварлахТэрбээр Манжийн Нурхач хааны дүү Шурхач бэйлийн 6-р хөвүүн. 1627 онд манж нар Чосонь улс руу анхны довтолгоон хийхэд ах Амин бэйлийн удирдлага доор байлдаж, оролцсон. 1630 онд Амин бэйлийн удирдсан хөвөөт хөх хошууны цэргүүд Мин улстай хийсэн тулалдаанд ялагдсанд, Хунтайжийн зарлигаар хэргэм зэргийг нь хураан авч, шоронд хийгээд, дүү Жиргаланд нь Хөвөөт хөх хошууг захируулжээ. 1632-1635 оны хооронд Мин улс, Монголын эсрэг хийсэн дайн тулалдаанд их бага гавьяа байгуулсанд, 1636 онд үе улиран залгамжлах хошой жөн чин ван (ᡥᠣᡧᠣᡳ ᡠᠵᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, 和硕郑亲王) цол соёрхжээ. 1642 онд түүний удирдсан цэргийн хүч Мин улсын Ляодунгийн хойгт үлдсэн цөөхөн чухал хотын нэг Жиньжоуг бүслэн байлдаж 1 жилийн дараа эзлэн авсан.
1643 онд Дээд эрдэмт хаан гэнэт өөд болсны дараа Чин улсын язгууртны дотор хаан суурины төлөөх тэмцэл өрнөсний эцэст ноёдын эцсийн саналаар 6 настай Фулинийг шинэ хаанаар сонгож, балчир хаанд төр засгийн хэргийг явуулахад туслах сайдаар Доргон, Жиргалан хоёрыг томилсон байдаг. Гэвч 1644 оны 1-2 сарын үед Доргоны талын ноёд түшмэд төрд зонхилох болсноор Жиргалангийн онцгой эрх мэдлийг Доргонд шилжүүлсэн бололтой. 1647 онд Доргоны шахалтаар түүний төр баригч сайдын эрх мэдлийг хураан авч, чин ван цолыг жүн ван болгон бууруулж шийтгэв. Гэсэн хэдий ч 1647-1649 оны хооронд түүний удирдсан цэрэг Өмнөд Мин улс, Ли Зичэнгийн цэргийн үлдэгдэл хүчийг устгах дайнд идэвхтэй оролцож ялалт байгуулж байв.
1650 оны 12 сарын 30-нд Доргон чин ван нас барсны дараа Чин гүрний төрд Жиргалангийн тэргүүлсэн ноёдын фракц бэхжиж, хэлмэгдсэн ноёд түшмэдийг цагаатгаж, Доргоны талын ноёд вангуудыг зайлуулснаар 1655 онд Жиргалан ван Чин улсын төрд дангаар ноёлсон.
Өв залгамжлал
засварлах1655 оны 6 сарын 11-нд Жиргалан ван өвчнөөр нас барсны дараа дэд хөвүүн Жиду нь угсаа залгамжлан жөн чин ван болсон. Ингэхдээ Жөн (鄭) гэх үгийг Жянь (簡) болгон өөрчилсөн. 1778 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар буцааж Жөн чин ван болгож, Манжийн хаадын өвгөдийн сүмд алдар гавьяаг нь сийлсэн гэрэлт хөшөө босгожээ.
Жиргалангийн 13-р үеийн ач Жөн чин ван Дуаньхуа, дүү Сүшүний хамтаар Түгээмэл элбэгт хааны зарлигаар төрийн хэргийг баригч найман сайдын нэгд сонгогдож байсан. Гэвч 1861 онд Цыши хатан, Гун чин ван нарын удирдсан хуйвалдаанд баригдан алуулсан.
Гэр бүл
засварлах- Эцэг: Шурхач бэйл
- Эх: Уланара овгийн Хунай хатан
Хатад хөвүүд, охид:
- Их хатан: Ниохуру овгийн хатан, Эйдугийн охин.
- 2-р хатан: Ехэнара овгийн хатан, Гинтайшийн хөвүүн Дэрхэли тайжийн охин. Сутай тайхугийн эгч.
- 3-р хатан: Гүрхасу овгийн хатан (侧福晋 钴尔哈苏氏),Зоригт тавнангийн охин. (卓礼克图塔布囊)
- Жиду (济度;1633-1660), дэд хөвүүн, Жяньчүнь чин ван (简纯亲王)
- 4-р хатан: Жаруд овгийн хатан, Бага бэйлийн охин.
- Фурдун (富尔敦;1633-1651), ууган хөвүүн, Цюэхоу шизи
- Лэду (勒度;1636-1655), 3-р хөвүүн,
- 5-р хатан: Ехэнара овгийн Сутай тайху (叶赫那拉·苏泰), Дэрхэли тайжийн охин. (德尔赫礼台吉) Цахарын Лигдэн хааны их хатан байсан.
- Татвар эм: Гувалгия овгийн эм (庶福晋 瓜尔佳氏), Чалалайгийн охин (察喇赖)
- Шитужун (锡图军; 1642-1651), 6-р хөвүүн
- Татвар эм: Сарду овгийн эм (庶福晋 萨尔都氏), Даху дувэйгийн охин (云骑尉达祜)
- Гүмэй (固美), туслагч жанжин(辅国将军), 7-р хөвүүн
- Татвар эм: Гувалгия овгийн эм (庶福晋 瓜尔佳氏), Жатагийн охин (扎塔)
- Баркан (巴尔堪), Жянь-у чин ван (简武亲王), 4-р хөвүүн
- Татвар эм: Ань овгийн эм (庶福晋 安氏), Ань Тиэланийн охин (贴喇尼)
- Күньлань (裈兰), 5-р хөвүүн, хошууны бэйс
- Татвар эм: Юнь овгийн эм (庶福晋 云氏), Дэкэсуонигийн охин (德克素尼)
- Уши (武锡;1653-1707), туслагч жанжин (辅国将军)
- Татвар эм: Дайгия овгийн эм (庶福晋 戴佳氏), Наньдахай юньцидувэйгийн охин (云骑尉品级南达海)
- Татвар эм: Ниохуру овгийн эм (庶福晋 钮祜禄氏), Байргэгийн охин (伯尔格)
- Люши (留锡;1648-1703), 8-р хөвүүн
- Татвар эм: Хэшэри овгийн эм (妾 赫舍里氏), Дайдалигийн охин (戴达礼)
- Хайлунь (海伦, 1655-1683), 10-р хөвүүн
- Татвар эм: Ма овгийн эм (妾 马氏), Улайгийн охин (武赖)
- Татвар эм: Дай овгийн эм (妾戴氏), шяоцижяо Сонкүний охин (骁骑校松坤)
- Татвар эм: Жинь овгийн эм (妾晋氏), Шаньлонгийн охин (山隆)
- Татвар эм: Монгусу овгийн эм (妾蒙郭苏氏), Маймишаний охин (迈密山)
- Ууган охин, Өвөр халхын Баяд отгийн Боржигин овгийн тайж Энгэдэрийн хөвүүн Эрх дайчинтай хуримласан.