Мамлюк нь Монголын эрхшээлд ороогүй Лалын сүүлчийн улс.

Монголын эрхшээлд ороогүй Египетийн Мамлюк улс Дамаск төвтэй байсан бөгөөд Аббассидын халифт улсын хууль ёсны залгамжлагч хэмээн өөрийгөө зарлан Исламын ертөнцийг аврах төдийгүй өөрийн эрх мэдлээ баталгаажуулан тус ертөнцөд нөлөө бүхий байр суурьтай болоход гол зорилгоо чиглүүлэв.

Монголчуудын унагаасан Багдадын халифт улсыг Египтийн султаны ивээл дор ёс төдий сэргээв. Мамлюкийн Хаан нь Кудуз нь ард түмний ихэд шударга хаан хэмээгдэж талархлыг хүлээсэн гэх түрэг хүн байв.

XIII зууны монголчуудын байлдан дагууллын үр дүнд Хар далайн хойт эрэг хавийн нутгаас олзны хүмүүсийг бөөн бөөнөөр Ойрхи Дорнодын боолын зах зээл дээр нийлүүлэх болсон нь чухамдаа Египтийн цаашдын хувь заяанд чухал нөлөө үзүүлэх Султан Байбарс тодрон гарсан юм. Ойрхи Дорнодын боолын захын боолуудаас мамлюк цэрэг, цэргийн дарга тэр байтугай Египтийн султан тодрон гарснаар ойр хавийн газар орны иргэд өөрсдийхөө хөвгүүдийг сайн дураар ирж худалдах явдал ч гарч байв. Боол болж худалдагдсан олзны болон сайн дурын эдгээр хүмүүс чухамдаа монголчуудын талаар сонсох төдийгүй биеэр тэдэнтэй тулалдаж монгол цэргийн арга барилыг сайн мэдэж байлаа.

Мамлюк цэргүүд монголчуудын байлдааны арга барилыг урьдаас нарийн тооцоолон тулалдаж, монголчуудын байлдааны тактик болох гэнэт довтлох, цэргийн тооны давуу байдлыг тооцоолон газар нутгийн онцлогийг сайн мэдэх, ар талын хангамж сайтар базаах гэх мэт бэлтгэл ажилд сайтар анхаарч байв. Мамлюк улсын сүр хүч нь Хорезмын сүүлчийн Хан Хүү Жалал Ад Дины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад болон олзлогдсоос бүрдсэн цэргийн хүчин дээр тулгуурлав.

Хүлэгү Хаан буцмагц Хэт Буха Ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет луу илгээж “Мөнх Хөх тэнгэрийн зарилгаар Хөхрөгчид хөх тэнгэр Хөрстөд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэхийг сануулж, та нар бууж өгч элчээ ирүүлж хүндлэл үзүүл эс бөгөөс байлдахад бэлтгэ гээд цааш нь Хүлэгү Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик түүнийг сөрж зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах Их Хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний Арслангийн зоригт Луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг гэж шаарджээ.”

Байлдах шийдвэр

засварлах

Нэгд, Хэт Буха Ноён бол Хүлэгү Хааны хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмаилитын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсан юм. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая гэжээ. Ийм зоригтой шийдвэрт хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн болно. Үүнд:

  1. Хүлэгү хааны элчийг алснаар дайн шууд эхлүүлэв.
  2. Мамлюк нарт Ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газар үгүй.
  3. Мамлюкийн цэрэг монгол цэргүүдтэй эн зэрэгцэх дадлага туршлагатай, бэлтгэл сайн хангасан байв.
  4. Их цэрэг нутаг буцсан бөгөөд Монголчуудад туслах хүчин ойр хавьд байхгүй бөгөөд Хэт Буха жанжины удирдсан цэргийн тоо, Монголчуудын нөхцөл байдлыг сайн мэдэж байв

Хоёрт, Дээрхийн эсрэгээр Эл хант улсын зүгээс Мамлюктай байлдахад дараах хүчин зүйлс нөлөөлөв. Үүнд:

  1. Ойрхи Дорнодод тогтож Монголын захиргаанд байсан загалмайт орнууд Килийн Армени, Гүрж, Антиохи болон Триполийн вант улсууд Эл хант улстай гэрээ хэлцэлүүд хийсэн нь амжилтгүй болов.
  2. Иерусалимын ван монголчуудаас урваж Мамлюкийн султаны цэргийг өөрсдийг газар нутгаар нэвтрүүлэв.
  3. Алтан Ордны Хаан Бэрх Мамлюктай холбоо тогтоож Хүлэгийг дайлах шийдвэр гаргав. Учир нь Хүлэгийн цэрэгт хүч өгч Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын гурван хан хүү учир битүүлэгээр Хүлэгийн ордонд нас барсанд тэдний албат нар Хан хүү нар хор ууж үхсэн гэж баталсан аж.
  4. Бэрх хаан Хүлэгү хаантай муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хүлэгтэй булаацалдсан явдал байв.
  5. Өгөдэйн удмаас Хаан ширээг Толуйн удмын Мөнх Хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байв.

Судлаачдын үзэл баримтлал

засварлах

Доктор Ц.Энхчимэг болон бусад судлаачдын өгүүлснээр: Монголчуудын холбоотон байсан Иерусалимын вант улсын загалмайтны шашинт эрх баригчид учир битүүлэг шалтгаанаар монголчуудаас урван мамлюкийн цэргийг өөрийн нутгаар нэврүүлж Хойт Палестины Эздрелон голын хөвөөнд байрлаж байсан монгол цэргийн ар талаас маммюкууд 1260 оны 9 сарын 3-нд гэнэт довтлон бут цохижээ гэжээ.

Түүхэнд

засварлах

Түүхэнд “Айн Жалутын тулалдаан” хэмээдэг ба одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны өндөрлөг газар юм. Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сүрийг дарсан хэмээн Арабын түүхчид хөөрөлдөн бичдэг тулалдаан ийнхүү өрнөсөн юм. Мамлюкын цэрэг гэнэтийн давшилтанд орсныг Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар жанжин Өгүл Бек хэмээх элчийг зарж Хэт Буха жанжинд мэдээлж хариуд нь “байрлалаа орхиж үл болно” гэсэн тушаал авав.

Гэнэтийн довиолгоонд Байдарын цэрэг цохигдож ухарсан үед Хэт Буха жанжин ирж шууд давшилтанд оров. Гэвч Хэт Бухаг давших үед Мамлюкууд байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан ухарч улмаар бүсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар өөрийг нь цохисон хэрэг болжээ. Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан “Хүлэгү Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар, “Хааны цэргийн эхнэрүүд нэгэн жил төрөөгүй, унасан азарга маань үрэгдвэл Хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалаагүй гэж бод”. Хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэлээд цэргээ толгойлон байлдав. Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг тарчилган цаазалжээ.

Хэт Буха Ноёныг амьдаар нь олзолж Мамлюкын Хаан өргөөндөө авчирч ингэж хэлжээ, Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд огтхон ч айсан шинжгүйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чи биш бурхны таалал гэж үзнэ, чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэг Хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербайжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж Мамлюкын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хүлэгү Хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би гэжээ. Энэ зоригт, баатар эрийг үтэр цаазалж толгой гар хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөсөн ч султан Кудуз түрхэн зуур баярлаж хэдхэн хоногын дараа өөрийн цэргийн жанжин аз-Захира Байбарс (1260-1277) гарт амь үрэгджээ.

Мамлюкийн Султан болсон Байбарс Алтан ордны исламын шашинд орсон Бэрх хааныг халифын нэрээр өөртөө татан монгол хаадын маргааныг дэвэргэж монголчуудыг дотор нь бутаргах бодлогыг хэрэгжүүлэв. Исламын ертөнцийн шашны тэргүүн халиф мамлюк султаны гарын үзүүрийн тоглоомын хүн болсон бөгөөд гол дайсан болох монголчуудын эсрэг халифыг ашиглах нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байв. Исмаилийнханы Аббасын удмын шинэ халиф нь султанаас бүрэн хамааралтай байсныг аз-Захира Байбарс овжин ашиглан өөрийн өв залгамжлагчдын исламын ертөнцөд тэргүүлэх байр суурийг хууль ёсны болгож чаджээ. Энэ ялалтын үр шимийг мамлюкууд дээд зэргээр хүртэж чаджээ.

Нэгд, тэд нар исламын ертөнцийг мөхлөөс аварч чадсан. Хоёрт, мусульманчуудын амьд шүтээн байсан халифыг эргүүлэн гаргаж иржээ. Тун удалгүй 1260 оны 11 сард монголчууд хариу авах анхны оролдлого хийлээ. Хөх-Илгэ ноёны удирдсан Эл хаант улсын цэргүүд Химса хүрсэн боловч 12 сард болсон тулалдаанд ялагдаж Евфрат мөрний чанад руу ухран гарчээ. Ийнхүү энэ мөрөн тухайн үеийн Ойрхи Дорнодын хоёр хүчирхэг гүрний хилийн зааг болсон юм. Хэдийгээр энэ тулалдаанаас хойш малюкууд хамгаалатын дайнаас довтлох дайнд шилжин орсон боловч монголчууд Евфрат мөрнөөс хойш ухраагүй юм. Ийнхүү Хүлэгү Хаан бие биенээ өөр өөрсдийн шалтгаанаар дэмжсэн Алтан Ордны Бэрх Хаан , Мамлюкын Байбарст хаантай 2 тулалдаанд зэрэг байлдах болж Хэт Буха жанжины хэлсэн “Хааны цэргийн эхнэрүүд нэгэн жил төрөөгүй, Хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалаагүй гэж бод”.

Хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэсэн итгэл төгс амлалтанд хүрэх гэж бүхий л бололцоог дайчилсан ч баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй юм. Тэрээр 1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол түүний хүү Абага Ногайг дийлж түүний хүрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгүй Хүлэгү хаан нас барж дайн түр зогсжээ.