Баян-Адарга сум

Баян-АдаргаХэнтий аймгийн сум. 1931 онд байгуулагдсан. Баруун талаараа Биндэр сум, хойд талаараа Дадал сум, зүүн талаараа Норовлин сум, өмнө талаараа Батноров сумтай хиллэдэг. Нутаг дэвсгэр - 3021 ам дөрвөлжин километр.

Баян-Адарга сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠠᠳᠤᠷᠭ᠎ᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хэнтий
Сумын төвДуурлиг
Газар нутаг
  Нийт3,021 км2 (1,166 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,589
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Монгол улсын харъяат суурин хүн ам - 2,205[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 7-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.

Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2010 он)
1 Сайхан 361
2 Жаргалант 246
3 Адарга 305
4 Дуурлиг 1293

Газар зүй

засварлах

Сумын төв Дуурлиг нь Онон голын хөндийд далайн түвшнээс дээш 1000 орчим метр өндөрт, х.ө 48°33', з.у 111°05'-ын солбицолд Өндөрхаанаас хойш 154 км, Улаанбаатараас 440 км зайтай оршино. Дуурлиг нарсанд орших Хүннүгийн булшийг улсын хамгаалалтад авсан. Сумын тахилгат уул нь Адаргын овоо, Баян-Өлзий.

Хэнтийн нурууны зүүн зах, Эрээний нурууны баруун урд захын намхан уулс толгод дотор байрлана. Хамгийн өндөр цэг нь сумын нутгийн зүүн хойд хэсэгт орших 1437 м өндөр Хөх чулуут уул юм. Хамгийн нам цэг нь Онон гол бөгөөд далайн түвшнээс дээш 930 орчим метр өндөр юм. Өнгөт төмөрлөг, жонш зэрэг ашигт малтмалын нөөц бий.

Уур амьсгал

засварлах

Сумын төвд нэгдүгээр сарын дундаж температур -20°С-25°С, долоодугаар сарынх 16°С-18°С, жилд дунджаар 200-400 мм тунадас орно.

Сумын нутгаар алдарт Онон гол 80 орчим км урсана. Ононгийн цутгал Арангат, Шуус, Урт,Баруун-булаг, Хүйтэн, Сайхан зэрэг гол горхи урсана. Сайн-цагаан, Холбоо, Шийр, Улаан, Баян зэрэг нууруудтай. Гидрокарбонат-кальц-магнийн найрлагатай Арангатын рашаан бий.

Хөдөө аж ахуй

засварлах

Хонь голлосон 44 мянган малтай. Тайгын ширэгт, хар шороон, хар хүрэн, хүрэн хөрстэй, шинэс, нарс, хусмод, улиас модон ойтой, мойл, улаалзгана, өрөл зэрэг жимсгэнэ элбэг. Уулын хээрийн бэлчээр, хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан цэн тогоруу, ховор амьтдаас тоодог, буга, бусад амьтдаас дагуур зараа, гахай, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага болон усны, нүүдлийн шувуудтай. Гол мөрнөөр нь тул, зэвэг, цагаан хадар, амрын хадран, амрын цурхай, амрын сугас, улаан живэрт, морин загас, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, цулбуурт гутаар загас бий. Нутгийн хойд хэсэг Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт багтана.

Засаг захиргааны анхны нэгж үүссэн нь

засварлах

Монгол орон Манжийн ноёрхолд орсон 1691 онд Дол нуурын чуулганаас халхын найман хошууг өөрчлөн аймаг, хошуу, сум гэсэн зохион байгуулалт хийхэд халхын Цэцэнхан аймаг, Дайчин Жонон вангийн хошуу тамгын газар үүсгэн байгуулагдсан.

Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялж Богдын засгийн газрыг татан буулгаж, ардын хурлыг бий болгосноор 1922 оны 1 сарын 25-нд хамжлагат ёсыг халах шийдвэр гарч Цэцэнхан аймгийг Ханхэнтий уулын аймаг гэж нэрлэхээр тогтов. 1931 онд 28 сум байгуулагдсаны нэг нь Баянхонгор сум байв. 1933 онд Баянхонгор сумын нэрийг Баян-Адрага сум болгон өөрчилжээ.

Тэргүүний сайчууд

засварлах

БНМАУ-ын Мянгат малчингууд: Цэдэнгийн Дамдин, Балдангийн Доржгомбо, Ванжилын Юндэнбазар нар "Улсын алдарт сайн малчин" цол хүртжээ.

Сум нэгдлийн дарга

засварлах
  1. Гэндэнгийн Чойнжуур 1940-1945
  2. Насангийн Тогооч 1945-1946
  3. Жамцын Дамдин 1946-1954
  4. Пунцагийн Дуламжамц 1954-1959
  5. Ядамын Найдан 1959-1960
  6. Бадрахын Базарсад 1960-1965
  7. Дондогийн Доржханд 1965-1966
  8. Лхамжавын Жигжид 1966-1975
  9. Чойчигийн Буянтогтох 1975-1980
  10. Дашийн Цэгмид 1980-1981
  11. Паньджунайн Сүрэнхор 1981-1989
  12. Дамдингомбын Баатархуяг 1989[3]

Эх сурвалж

засварлах
  1. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
  2. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)
  3. Баян-Адарга сум, Хэнтий. Улаан Од нэгдэл 50 жил (1 ed.). Хэнтий. pp. 12, 13.