БиндэрХэнтий аймгийн сум.

Биндэр сум
ᠪᠢᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ
Биндэр сум албан ёсны тамга
Улс Монгол
Аймаг Хэнтий
Байгуулагдсан1923 он
Сумын төвОнон
Газар нутаг
  Нийт5,386 км2 (2,080 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,179
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Халхын Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу 200 гаруй жилийн түүхтэй, Монгол улсын зах хязгаарын өргөн уудам газар нутгийг хамарч, хүн малынхаа тоогоор аймгийнхаа хэмжээнд томоохонд тооцогддог засаг захиргааны нэгж байжээ. 1923 онд Ардын засгийн газрын 38, 43-р тогтоол, 1923.01.05-ны өдөр батлагдсан нутгийн захиргааны дүрмийн дагуу Хан Хэнтий уулын аймгийн Биндэръяа уулын хошуу хэмээн нэрлэж Баянхутаг, Баян-Өлзийт, Баруун баян, Хутагтхайрхан, Дэлгэрхаан Жинс, Биндэръяа, Түмэн, Жаргалан, Баря, Баян-Адарга зэрэг 10 сумаар зохион байгуулж төв Биндэръяа нь Хурх голын хойно төвлөрч Шагдарын Гомбо гэдэг хүн хошуу даргаар ажиллаж байжээ.

Тоо баримт

засварлах

Биндэр сум 536601 га нутагтай, далайн түвшнээс дээш дунджаар 1049м өргөгдсөн, өвөлдөө дунджаар -23 хэм орчим, зундаа дунджаар +18 хэм, жилийн дундаж температур -2,2 хэм, жилд дунджаар 317 мм тунадас унах ба үзэсгэлэнт сайхан байгальтай ойт хээрийн бүсэд оршдог.

Одоо тус сум засаг захиргааны 5 багт 1266 өрхийн 4000 хүн амтай, 174,0 мянган малтай, 478 малчин өрхтэй, 25 мянгат малчинтай. 2006 онд Э.Дашдэндэв, 2008 онд М.Пүрэв “Аймгийн сайн малчин” болсон. 2015 онд М. Пүрэв улсын сайн малчин болсон.

Суманд төсвийн 6 байгууллага, 22 аж ахуйн нэгж байгууллага, 14 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

2015 оны тооллогоор Биндэр сумын суурин хүн ам - 4000[1]. Энэ тооллогоор хүн амаараа 17 сумаас 5-д орсон байна (Хэрлэн, Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Батноровын дараа). Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг.

Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2015)
1 Баян-Өндөр 615
2 Мандалхаан 690
3 Баянгол 812
2 Дэлгэрхаан 640
3 Онон 1243

Удирдлага

засварлах

Засаг Даргын Тамгын Газар

засварлах

Биндэр сумын ЗДТГазар 13 орон тоотой ажиллаж, Засаг даргаар Н.Алтангэрэл 2004 оноос, Тамгын Газрын даргаар Р.Бадрах 2004 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

засварлах

Биндэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1992 оны 9-р сарын 29-ний өдөр хуралдаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Цэрэндорж, тэргүүлэгчдээр Ц.Монхоодой, Г.Үүрцайх, Г.Үржинсүх, Ч.Эрдэнэболор нар, сумын хурлын төлөөлөгчөөр 25 хүн сонгогдсон байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2-р хуралдаан 1993.3.23-нд хуралдаж ИТХТ-ийн даргаар Г.Үржинсүх, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хуралдаан 1994.2.21-нд хуралдаж ИТХТ-ийн даргаар Г.Үржинсүх, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаан 1994.10.14-нд хуралдаж ИТХТ-ийн даргаар Ч.Эрдэнэболор сонгогдон ажиллаж байжээ. ИТХТ-ийн даргаар С.Дорждагва 1996.10.18-наас /анхны орон тооны/ 2000.10.18, Г.Үржинсүх 2000.10.18-2004.11.03, Ж.Ренчиндорж 2004.11.03-2008.10.30, С.Сарантуяа 2008.10.30-наас эхлэн ажиллаж байна. ИТХ-ын ажлын албанд З.Доржсүрэн, Г.Ганбаатар, Ч.Оюунтуяа, Д,Алтанцэцэг, Б.Бадарч нар ажиллаж байсан бөгөөд 2008 оноос эхлэн Ц.Сэргэлэн ажиллаж байна.

Баян-Өндөр

засварлах

Мандалхаан

засварлах

Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р баг нь тус сумын баруун талаар буюу Батширээт, Гурванбаян сумдтай залгаа орших нутаг юм. Тус багаас Монгол улсын гавьяат нэгдэлчин С.Цэнд, Монгол улсын ерөнхий сайд Д.Бямбасүрэн зэрэг олон алдартан төрөн гарсан билээ.

Мандалхаан гэдэг нэр нь тус багийн нутаг болох Тусгалд орших уулын нэр юм. Тус баг нь социализмын жилүүдэд Бүтээлч нэгдлийн 2-р бригад гэж нэрлэгдэж байлаа.

Баянгол

засварлах

Дэлгэрхаан

засварлах

Албан байгууллага

засварлах

Боловсрол

засварлах

Ерөнхий Боловсролын Бүрэн Дунд Сургууль

засварлах

Ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит Биндэр сумын 11 жилийн сургууль нь 900 гаруй суралцагч,60 гаруй багш, ажилтантай, Хэнтий аймгийн хойд бүсийн төв сургууль юм. Багш нарын 56 хувь нь мэргэжлийн болон боловсролын зэрэгтэй. АБТА, доктор багш Б.Соёлмаа нь Хэнтий аймгийн багш нараас анхлан гарсан доктор юм. Улс аймгийн уралдаан тэмцээнд АБТА Х.Батмөнх, О.Хүрэлбаатар дасгалжуулагчтай баг тамирчид шатар болон цанын төрлөөр байнга амжилттай оролцож, сурагчдын авьяасыг хөгжүүлж ирсэн. Дотуур байранд 125 хүүхэд амьдардаг. 420 хүүхдийн хичээлийн байр, компьютерийн кабинет болон хөдөлмөр эрхлэлтийн төвтэйгээс гадна урлаг танхим, одон бөмбөг болон шатрын клубтэй. Мөн 200 гаруй малтай, бага оврын трактор, ”Вонга” машинтай.

Хүүхдийн цэцэрлэг

засварлах

Биндэр сумын хүүхдийн цэцэрлэг нь 1962 онд нэгдлийн төсвөөр 25 хүүхэдтэй, 4 ажилтантайгаар хуучин сумын төвд 2 эсгий гэртэй байгуулагдсан. 1973 онд улсын төсвөөр санхүүжих болж 50 хүүхэдтэй 6 ажилтантай ажиллах болжээ. 1980 оны 11 сард 100-120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн зориулалттай барилга ашиглалтанд орсон. Сумын цэцэрлэг одоо 27 орон тоотой, 8 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж, аргазүйч, бакалавр зэрэгтэй, туслах багшийн эрхтэй дадлага туршлагатай багш нар ажиллаж байна. Тус хамт олон 2005 онд аймагтаа дэд байр, 2006, 2008 онд сумын шилдэг байгууллагаар шалгаран амжилттай ажиллаж байгаа тэргүүний хамт олон юм. Цэцэрлэгт өдрийн бүлгээр 240 хүүхэд, зуны гэр цэцэрлэгт 94 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зуны сургалтыг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, жил бүр хөдөөгийн багуудад нийт 80-115 хүүхдийг хамруулдаг.

Эмнэлэг

засварлах
 
Сум дундын эмнэлэг

1930 онд Онон Хурхын төвд хүний бага эмчийн салбар байгуулагдсан ба анхны эмчээр Варвара Васильевна Маргарита гэдэг орос эмч ажиллаж байжээ. Хүн ардынхаа эрүүл мэндийн ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад эмч нарыг дурсахад Варвара 1942-1944 онд, Миндад 1945-1946 онд, Ж.Дорж 1946-1947 онд, Д.Буджав 1949-1950 онд, Ж.Дорж 1951-1954 онд, Нямбуу 1954-1955 онуудад тус тус ажиллаж байжээ. 1950 онд хүний их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Амгалан 1956-1957 онд, Балжинням 1957-1958 онд, хүний гавъяат эмч Гончигданзан 1958-1959 онд, Гомбо 1960-1961 онд, Сэрээтэр 1961-1962 онд, Б.Загдаа 1962-1978 онд, Б.Мягмар 1979-1989 онд Бямбаа 1990-1991 онд, Дэмбэрэл 1991-1993 онд, Ё.Цэцгээ 1993-2005 онуудад ажиллаж байжээ. Одоо Биндэр сум, сум дундын эмнэлэг нь 2006 онд “Эрүүл мэндийн салбар хөгжил-2” төслийн хүрээнд 159 сая төгрөгний их засвар хийгдэж, 30 орон тоотой, 14 ортой 3 их эмч, 7 бага эмч, 7 сувилагчтай сумын 3784 хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 5 жилд 0-5 насны хүүхдийн эндэгдэл улс аймгийн дунджаас доогуур, халдварт өвчний гаралт жил ирэх тутам буурсан, 0-15 насны хүүхдийн вакцинжуулалт 100%, хөдөөгийн 4 баг багийн эмчээр хангагдсан, эхийн эндэгдэл гаргалгүй ажиллаж байна.

Соёлын төв

засварлах

Сумын соёлын төв анх 1926 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдсан ба улмаар 1950 онд сумын Улаан булан болж, 1987 онд Соёлын төв болон өргөжиж, одоо 7 орон тоотой, мэргэжлийн 4 боловсон хүчинтэй, захирлаар нь Н.Амарсайхан ажиллаж байна. Тус соёлын төв аймгийн болон тойргийн сумдын урлагийн наадамд 2006-2008 онд тэргүүн байр, “Алтаргана” наадамд тогтмол амжилттай оролцдог ба үндэсний хөгжмийн сургалтанд 45 хүн хамрагдан хичээллэж байна.

Биндэр сумын холбооны салбар 1933 онд “утсан харилцаа” нэртэй анх бий болж, 1939 оноос аймгийн төвтэйгөө МБ аппаратаар 1 сувгаар 3 сум зэрэг ярьж байснаа 1970 онд координатын 50/200 маркийн АТС тавигдаж, албан байгууллага болон айл гэрээсээ ярих боломж бүрдэж байсан. 1983 онд холбооны барилга ашиглалтанд орж телевизийн Орбит станц суурилуулснаар Зөвлөлтийн телевизийг 1991 онд үзэх боломжтой болсон. 1992 онд холбоо шуудангийн үйлчилгээнд онгоц нисэх болж 7 жил үйлчилгээ явуулсан. 1998 оноос шуудангийн алба бие даан үйлчилгээ явуулдаг болжээ. 2002 оноос эхлэн Германы EWSD станц аймгийн төвд тавигдаж, бүх аймаг хоттой АТС-ээр холбогдох боломж бүрдсэн. 2001 онд аймгийн болон сумын тэргүүний салбараар, 2002 онд аймагтаа 2-р байр, 2003 онд аймгийн тэргүүний салбараар шалгарч байсан. 3 компаний бие төлөөлөгч 3 хүн ажиллаж, эрхлэгчээр нь Э.Алтансувд ажиллаж байна.

Хаан Банкны 225-р тооцооны төв

засварлах

Биндэр суманд 1942 онд үйлчлэх тооцооны касс нэртэйгээр байгуулагдан эрхлэгчээр Л.Гэндэн ажиллаж байжээ. 1991 оноос ХААН банкны 225-р тооцооны төв болон өргөжжээ. Одоо Биндэр сум дахь ХААН банкны тооцооны төв нь 6 орон тоотой мэргэжлийн боловсон хүчин ажиллаж, эрхлэгчээр нь С.Болорцэцэг ажиллаж байна.

Цаг уурын станц

засварлах

1927 оноос эхлэн цаг уурын ажиглагч ажиллаж, 1940 онд Ус цаг уурын хоёр дахь станц байгуулагдан Н.Г.Киселёв удирдаж байв. 1976 онд баригдсан 5 өрөө байртай болсон. Одоо 5 орон тоотой ажиллаж эрхлэгчээр нь 2001 оноос эхлэн Г.Алтанчимэг ажиллаж байна.

Ойн аж ахуй

засварлах

Байгалийн нөөцийг хамгаалах, Ой модны түрээс хураах анги 1924 онд Ульхан харуулд байгуулагдсан. 1925 онд энэ анги Ламын хүрээнд шилжин ирж “Ойн 3-р анги” нэртэй болжээ. 1964 онд “Ойн аж ахуй” болон өргөжиж, одоо тус байгууллага нь 8 үндсэн ажиллагсадтай, даргаар нь Г.Даваажаргал ажиллаж байна. Ой тарьж ургуулах хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэнд 10 нэр төрлийн мод сөөг тарьж байна. 6 га мод үржүүлгийн талбайд жилд 1-1.5 сая тарьц суулгац ургуулж, 5-6 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Одоо цэцэрлэгжүүлэлтэнд хэрэглэгдэх 8 төрлийн 40.0 мянган мод сөөг борлуулахад бэлэн байна. Тус байгууллага нь 99 жилийн хугацаанд 5300 га ой тарьж ургуулан, 5276 га талбайд 500 тн боргоцой бэлтгэж, 9800 кг цэвэр үр боловсруулсан.

Эмийн эргэлтийн сан

засварлах

Биндэр сумын Эмийн эргэлтийн сан нь 1997 он хүртэл “Монгол эмимпэкс” компаний харъяа Хэнтий компаний салбар аптекаар ажиллаж байгаад 1991.9.1-нээс эхлэн “Бамакогийн санаачилга” буюу “Хамт олон–эрүүл мэнд” төсөлд хамрагдан үйл ажиллагаа явуулж, 1992 оноос эрхлэгчээр нь С.Амгалан ажиллаж байна. Тус Эмийн эргэлтийн сан нь хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай, хэрэглэхэд тохиромжтой эмээр хангах, тэдгээрийн зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх явдлыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

ХИТХөтөлбөр

засварлах

Биндэр суманд 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн ХИТХөтөлбөрт 450 хүүхэд хамрагдаж, Франц спонсортой үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд Хүний хөгжлийн төв, ЕБСургууль, Соёлын төвийн номын санд ном, үндэсний хөгжмийн бүрдэл, цэцэрлэгийн нэг ангийг тохижуулж, Хүн эмнэлэгт УВЧ шарах аппарат, шүдний иж бүрэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж, орон гэргүй 15 өрхийг гэр, байшин, хоол хүнсний тусламж 50 өрхөд, эм тариа болон эмчилгээний замын зардал 70 хүүхдэд, өвлийн хувцас иж бүрнээр 200 хүүхдэд, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд хувцас тогтмол олгодог. Малчдын амьжиргааг дээшлүүлэх төсөл Биндэр суманд “Малчдын амьжиргааг дээшлүүлэх төсөл” 2004 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд төсөлд 258 өрх хамрагдаж жил бүр төмс, хүнсний ногооны үр, багаж төхөөрөмж, хүлэмж зоорь олгож байгаагаас гадна бага оврын трактор, хатуу эдлэлийн болон шулуун оёдлын машин, дугуй засварын тоног төхөөрмж, 196 толгой шилмэл болон үржлийн мал, 60 үнээнд зохиомол хээлтүүлэг хийх зэргээр хөрөнгө оруулалт хийгээд байна.

Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр

засварлах

ХАА-г хөгжүүлэх ОУСан, Монгол улсын Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг ХЯБХ Монгол улсад 2003 оноос, Биндэр суманд 2004 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна. Хөдөөгийн иргэдийн ядуурлыг бууруулах зорилгоор төмс хүнсний ногооны үр жил бүр олгож, орлого бүрдүүлэлтийн чиглэлээр бороожуулагч- 2, шарах шүүгээ- 2, бага оврын трактор- 2, үсчин, гутал засвар, дугуй засварын тоног төхөөрөмж, генератор мотор гэх мэтчилэн 45 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 7 худаг засварлаж, 3 багийн төв тохижуулж, 1 багийн эмчийн байр, сургуулийн дээвэр, дотуур байрны засвар, үнээнд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийж, бичиг үсэг үл мэдэгчдэд болон сургууль завсардсан хүүхдэд сургалт явуулж, зуны гэр цэцэрлэгт жил бүр 80 хүүхдийг 4 жил дараалан сургуулийн өмнөх боловсролд хамруулсан.

“Бидний хүч- Биндэрийн хөгжил” холбоо

засварлах

2006.10.25-нд “Бидний хүч- Биндэрийн хөгжил” холбоо 8 гишүүнтэйгээр байгуулагдсан бол одоогоор 40-өөд үндсэн гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. ЗОРИЛГО: Хувь хүний хөгжилд тулгуурлан сумынхаа хөгжил дэвшлийг цогцлоон, төрөлх нутгийнхаа байгалийн унаган төрхийг хамгаална. 2007 оны 09-р сард 2 хүүхдийг “Жонон” дээд сургуульд оруулж, суралцах хугацааны буюу 4 жилийн сургалтын төлбөрийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба санхүүжүүлэн суралцуулж байгаа нь орон нутгийн боловсон хүчний асуудалд оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсон. ЕБС-ийн дэргэдэх хүүхдийн оролцооны байгууллагын удирдлага, 9-11-р ангийн хүүхдүүдийн болон ахмадын төлөөлөлтэй хамтран 20 хүний бүрэлдэхүүнтэй “Үүргэвчтэй аялал”-ыг Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт эмийн ургамлыг таниулах, ахмадын амьдралын баялаг өв туршлагыг хүүхэд залуучуудад өвлүүлэн таниулах зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Арвин 120 000 төгрөгөөр ивээн тэтгэсэн. Сумын төвд байрлах Дашчойплин хийдийг сэргээн засварлах ажлыг анх санаачлан төсөл боловсруулж, Ганжуур хэмээх их хөлгөн судрыг ард түмнийхээ хандив сэтгэлийн их өргөлөөр хийддээ залан аравнайлж, нутаг орныхоо сайн сайхныг сүслэн залбирцгаалаа. Энэхүү их бүтээн байгуулалтыг нутгийн хүү лам Б.Хэрлэнбаатар хувиасаа 2 сая гаруй төгрөгөөр ивээн тэтгэж, шавь нарынхаа хамт янзлах ажиллагаанд гар бие оролцсон бөгөөд сумын ЗДТГ-аас 500000 төгрөг, бусад эд материалын тусламж өгсөн. 2008 онд “Бидний хүч-Биндэрийн хөгжил” холбоо ТББ нь “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 4 сая төгрөгийн санхүүжилтээр “Шинэ зуун” гэрэлтүүлгийн төслийг хэрэгжүүлж, 450 өрхийн гадна гэрэлтүүлэг, 23 ширхэг рекламны самбартай гудамжны гэрэл хийх ажлыг зохион байгуулж орон нутгийнхаа өнгө үзэмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эх сурвалж

засварлах