Хангал нь Монгол Улсын Булган аймгийн сум юм. 1924 онд байгуулагдсан. Богд хаант Монгол Улсын үед Халхын Түшээтхан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошуунд харьяалагдаж байсан. Сөрт, Урт, Хонгор-Өндөр, Хялганат гэсэн 4 багийн 1,493 өрх, 4,543 хүн амьдардаг. Булган аймгийн 16 сумаас газар нутгийн хэмжээгээр 13 дугаарт, хүн амын тоогоор 3 дугаарт (Булган сум, Хутаг-Өндөр сумын дараа) ордог. Аймгийн төв Булган хотоос 110 км зайд байрладаг. Эдүгээ тус сум нь хойд болон баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сум, урд талаараа Орхон аймгийн Жаргалант сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, зүүн талаараа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумтай хиллэн оршиж байна. Сумын баруун захын цэг Хараа толгой, хойд захын цэг Сэлэнгэ гол, Сэлэнгийн татуургын уулзвар Дөшлүүр, зүүн захын цэг Шувуутын даваа, баруун урд захын цэг Ингэтийн даваа, урд захын цэг Хутаг-Өндөр уул юм. Далайн түвшнээс дээш 800-2000 метрт өргөгдсөн. Булган аймгийн Хангал сум нь Монгол орны төв хэсэгт Хангайн уулархаг бүсэд хамаарагддаг 165.6 мянган га газар нутагтай. Газар хөдлөлтийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой.

Хангал сум
ᠬᠠᠩᠭ᠋ᠠᠯᠰᠤᠮᠤ
Хангал сум албан ёсны тамга
Улс Монгол
Аймаг Булган
Байгуулагдсан1924 он
Сумын төвХонгор-Өндөр
Засаг захиргаа
  Засаг даргаМ.Төмөрбат (АН)
Газар нутаг
  Нийт1,656 км2 (639 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,528
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтkhangal.bu.gov.mn

Хангал сумын нутагт “Хангал хээр” гэж алдаршсан нэг хурдан морь байжээ. Түүнээс үндэслэн Хангал гэдэг нэр бий болсон домогтой. Гэвч “Хангал хээр” хэн гэгч айлын адуун сүргийн унага болох, хэдий үед байсан, тэр морь аль газрын ямар наадамд хэдэн удаа түрүүлж байсан мэдээ олдоогүй. Үүний тухай эргэцүүлэн үзэхэд манай нутагт Хангалын голоос гадна Чингэлийн гол байдаг. Гэтэл ноён хутагт Ламын төвдөөр бичсэн нэгэн номонд “Цэн-голын ноён хутагт” гэж бичсэн байдаг гэсэн. Үүнээс үзвэл Цэн гол гэдэг нэр явсаар Чингэл болон хувирсан, түүнчлэн зэс, оюу, номин зэрэг олон эрдэнэсийг агуулсан уулыг өвөг дээдэс маань “Эрдэнэт” гэж нэрлэжээ.

Арвин эрдэнэсийн сан болсон Эрдэнэт уулын өмнө хормойгоор Чингэл, ар хормойгоор нь Хангал гол урсаж байдаг.”Хангах, цэнгэх” гэсэн үгнээс гаралтай хангалуун, цэнгэлүүн утгатай, Хангах гол, Цэнгэх гол гэсэн үндсэн утгаар нэрлэсэн байх гэж үзэв. Харин Хангал хээр гэдэг морины домог бол огт үндэсгүй зүйл биш бөгөөд тэр морь улс даяар алдартай онцгой сайн морь байгаагүй боловч үзэмж байдал сайтай, орон нутгийн чанартай наадамд давхидаг байж болно. Хангалын голд байснаар нь “Хангалын хээр” хэмээн нэрийдэж, эцэст нь “Хангал хээр” гэж ярьдаг байсан байж болох юм.

/1970 онд сумын нарийн бичгийн дарга З.Чойжамц “Сумын нэгдлийн түүхэн танилцуулга”-д дурьджээ/[1]

Газар зүй

засварлах
 
Хонгор-Өндөр уул

Хангал сумын нутаг дэвсгэр нь газар зүйн мужлалын хувьд Хангай, Хөвсгөлийн уулсын цаг уурын бүсэд хамаарагдана. Бүс нутгийн цаг уур нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, сар, улирал, жилийн агаарын температур хэлбэлзэл ихтэй байдаг. Өвлийн улиралд салхины хүч намдаж цэлмэг хүйтэн өдрүүд олонтаа тохиолдоно. Хаврын улиралд салхины хүч намдаж, агаарын даралт аажмаар буурдаг. Зуны эхний хагаст хур тунадас багатай хуурайвтар, харин хоёрдугаар хагасаас нэлээд бороошдог. Сумын төв далайн түвшнээс дээш 1200-1300 м өндөрт оршино.

Цаг уур, орчны байдал
засварлах

1962 оны 8 сарын 5-нд Хангал сумын төвд цаг уурын харуул ажиглагч нэртэйгээр цаг уурын станц байгуулагдсан. Энэ станцын олон жилийн ажиглалтаас үзэхэд нутгийн агаарын жилийн дундаж температур (-1° - 4°), өвөл агаарын температур хөрсний гадаргынхаас (1° – 3°) дулаан, зун (3° – 5°) сэрүүн байдаг. Жилд 200-230 орчим хоног хүйтэн байна. Тус сум ойт хээрийн уулархаг хэсэгт багтдаг учир хоногийн дундаж температур бараг 4 дүгээр сарын эхний 10 хоногт 0 градус болж цаашид дулаардаг. Намар 10 дугаар сарын эхний 10 хоногт 0 градус болж цаашид хүйтэрнэ. Хаврын эцсийн цочир хүйтрэл 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт тохиолддог боловч 6 дугаар сарын эхний 10 тохиолдох удаа цөөнгүй байдаг. Намрын цочир хүйтрэл ихэнхдээ 9 дүгээр сарын эхний 10 хоногт тохиолддог. Хамгийн хүйтэн 1 дүгээр сарын дундаж температур -20 -25, хамгийн дулаан 7 дугаар сарын дундаж температур (+17° - 20°) байна. Газрын хөрс 2.5-3 м гүн хөлддөг.

Чийгний горим нь хур тунадас, хөрсний бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой. Намрын цас хөрс хөлдсөнөөс хойш ордог учир чийгний хангамжинд намар, өвлийн цас нөлөө багатай байдаг гэж үздэг. Жилд дунджаар 350 мм, голын хөндийд 250-300 мм хур тунадас унах боловч бороо ихтэй жил /1988 онд/ 350 мм тунадас, гандуу жил 200-220 мм тунадас унах нь бий.

Газрын гадарга
засварлах

Тус сумын нутаг дэвсгэр нь физик газарзүйн мужлалын хувьд Хангай, Хэнтий, Хөвсгөлийн салбар уулсад хамаарагдах бөгөөд далайн түвшнээс дээш дундажаар 1200 м өндөрт өргөгджээ. Уулсын гарал үүсэл болон морфологийн шинж чанараараа жижиг дов толгод болон дунд зэргийн өндөрлөг уулст гадаргад хамрагдана. Байгалийн төрх байдал нь ойн дундаж уул, нам уул, ойт хээрийн дундаж, нам уулс хоорондын хотгор гүдгэр, хээрийн хэв шинжтэй. Уулсын хоорондын хөндий далайн түвшнээс дээш 1200-1300 м орчим өргөгдсөн, тариалалтанд тохиромжтой хөрстэй.

Ашигт малтмал
засварлах

Монгол орны томоохон гол, мөрөн болох Орхон-Сэлэнгийн сав газрын далайн түвшнээс дээш 1300 м өргөгдсөн Булган аймгийн Хангал сумын үзэсгэлэнт сайхан нутагт Эрдэнэт уул оршино. Эрдэнэт ууланд геологийн хайгуул хийж, хөрсөн доорхи баялгийг нь нарийвчлан судалснаар зэс, молибдений олборлолтоор дэлхийд нэрд гарсан 10 том ордын нэгийг нээн илрүүлсэн юм. Зэс, молибден хэмээх энэ 2 металл нь орчин үеийн техникт ихээхэн хэрэгцээтэй.1983 онд Эрдэнэт уулыг наанадаж 80-100 жилийн нөөцтэй хэмээн тогтоож, зэс, молибдений орд газрыг түшиглэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан түүхтэй.

Орон нутгийн гол мөрөн, рашаан
засварлах
  • Сэлэнгэ мөрөн
  • Хангалын гол
  • Чингэлийн гол
  • Чулуутын гол
  • Зөөхийн гол
  • Сөртийн гол
  • Сэвсүүлийн гол
  • Галтын гол
  • Чулуутын рашаан
  • Хөөвөрийн рашаан
  • Хулстайн рашаан
  • Галтайн рашаан
  • Хүрэнбулагийн рашаан
  • Алтанбулагийн рашаан
  • Агуйтын рашаан
  • Сөртийн рашаан

Газрын гадарга нь хэд хэдэн давхаргатай. Хамгийн өнгөн хэсэг нь ургамлын үндэс бүхий бусдаас илүү бараан өнгөтэй давхарга байдаг. Энэ бол өнгөн хөрс юм. Хөрс нь бараанаас улаан шар хүртэл өнгөтэй байдаг нь түүнд байгаа чулуулгийн найрлагаас хамаарна. Сумын газар нутгийн 70 орчим хувь нь уулын ширэгт тайгын, 20 орчим хувь нь уулын хар шороо, 10 хувь нь уулын ойн бараан хөрстэй. Газар тариаланд тохиромжтой хөрстэй учир Сэлэнгэ мөрний хөндийн гадарга нэлээд хэмжээний талбайг эзэлдэг. Энэ үржил шимт хөрсөнд өвөг дээдсийн үеэс тариалан эрхэлж ирсэн.

Эмийн ургамал
засварлах

Нутгийн ард иргэд олон жилийн тэртээгээс эрүүл мэнд болон амьдрал ахуйдаа эмийн ургамлыг хэрэглэсээр иржээ. Зүрх судасны өвчинд алтан хундага, даралт бууруулахад долоогоно, мэдрэлийн эрхтнийг тайвшруулахад бамбай, сэрхлэг, лантанз /хортой/ амьсгалын замын эрхтнийг идэвхжүүлэх, тарваган шийр, цөсний эмгэгт хэрэглэдэг гишүүнэ, багваахай цэцэг, цэр ховхлох таван салаа, чихэр өвс, тарваган шийр, гэдэс дотрын өвчинд хэрэглэдэг сөд, нэрс, мойл, хоолойн өвчинд царван, шарилж, хөх дэгд зэрэг эмийн ургамлууд сумын нийт нутгаар тархан ургадаг.

Жимс жисгэнэ
засварлах

Тус суманд ургадаг жимс жимсгэний дотроос өвслөг ургамлын гүзээлзгэнэ, аньс, нэрс, модлог ба бутлаг ургамлын бөөрөлзгөнө, тошлой, үхрийн нүд, долоогоно, мойл, өрөл, чацаргана, улаалзгана зэрэг жимс жимсгэнэ ургана. Эдгээр нь чихэрлэг амттай. Олон төрлийн органик хүчил, төрөл бүрийн витамин агуулсан байдаг учраас хүнс тэжээлээс гадна эмийн үйлдврэийн үнэт түүхий эд болдог.

Ан амьтан
засварлах

Хангал сумын нутаг нь ан амьтнаар нэн баян. Өндөр уул, өргөн уудам хээр тал, өтгөн их ой хөвч, том жижиг гол мөрөн хосолсон энэ нутаг янз бүрийн ан амьтан оршин амьдрах таатай нөхцөл бүрдсэнтэй холбоотой. Үслэг ангаас үнэг, хярс, суусар, шилүүс, туулай, чандага, мах арьсны чиглэлийн буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хандгай болон махчин амьтан чоно олон бий. Зүйл зүйлийн мэрэгч, шавьж, хоёр нутагтан, мөлхөгчид зэрэг агнуурын биш амьтан нэн олон.

Тус сумын ойт хээрийн бүсийн холимог ойд хур, гургуул, хар арантас, элээ, үлэг ба морин харцгай, явдаг сар, хөхөө, хүүрзгэнэ, ууль, алаг тоншуул, турлиах, гургалдай, тодол, цэгцгий, хөх бух, уран шувуу, намнаахай, хөөндэй ээрэг олон зүйл шувуунаас гадна намаг, нуга, ус, зэгс зэрэгт тогоруу, галуу, нугас олноороо өндөглөн зусна. Элдэв амьтнаар баян энэ орчинд бүргэд, харцага, цагаан элэгт мэтийн махчин шувуу бас бий. Хээр талд тоодог, талын болжмор, шийхнүүхэй, адууч чогчоохой зэрэг элдэв жижиг шувууд элбэг.

Хүн ам зүй

засварлах

Хүн ам суурьшлын нягтрал нь нэг км2 тутамд 2.7 хүн ноогдоно. Хангал сум 4,543 хүн амтай. Сумын хүн амын дундаж наслалт 62 байгаа нь улсын дундаж наслалтаас 3 насаар бага байгаа бөгөөд сумын хамгийн өндөр настан нь эрэгтэйчүүдээс 90 настай, эмэгтэйчүүдээс 92 настай буурай бий. Нийт хүн амын тоог багаар харуулбал: Хүснэгт[2]

Баг, хороо Хүйс 1990 2000 2005 2010 2015 2018 2019 2020 2021
Хангал Нийт дүн 1,371 4,393 4,294 4,111 4,510 4,660 4,509 4,490 4,543
1-р баг, Сөрт Нийт дүн 531 587 565 592 612
2-р баг, Урт Нийт дүн 492 524 511 523 529
3-р баг,

Хонгор-Өндөр

Нийт дүн 435 422 395 405 427
4-р баг, Хялганат 3,052 3,127 3,038 2,970 2,975
Ард түмэн
засварлах

Хангал нутагт Боржигон, Баатад, Өөлд, Борнууд, Жаран, Зэлмэн, Урианхай, Өрлүүд, Төвд, Харад, Чорос, Чонод, Чонос, Йөншөөбү, Их сум, Хиад, Гүжир, Долоод, Чулуунн дүүгүүртэй, Чулуун тайнхан, Олхонуд, Шавхиар, Мэргэн шандас, Хонгоо дар, Харьд, Шаргадуул, Талас, Дүнээхэр, Саратаул, Тавнангийнхан зэрэг овгууд байсныг сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ.

Сүүлийн жилүүдэд сумын иргэд удам судраа судлан, угийн бичгийг үнэн зөв хөтлөх нарийн чимхлүүр ажилд цаг заваа зориулж, ургийн баяр хийж, худ ургийн холбоотой хүмүүстэй ярилцах, эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдтэй уулзах, ном зохиолыг нь судлах гэх мэт ажлуудыг хийцгээх болжээ.

Хангал сум 1924 онд байгуулагдсан. Сумын анхны занги (дарга) «Хонхор» хэмээх Очир байсан. 1911 оны хувьсгалаас өмнө Түшээт Хан аймгийн хошуудад, нутгийн урд ба ихэнх хэсэг нь Ханддоржийн Дайчин вангийн хошуу, арын хэсэг нь Лувсанхайдавын Ахай гүний хошуунд, 1920-иод оноос Богд Хан уулын аймгийн Булган Хан уулын хошуу, Бүрэн Хан уулын хошуунд, 1931-1937 онд Газар Тариалан (Cэлэнгэ) аймагт тус тус харьяалагдаж байв.

1924 онд нутгийн хойд хэсгээр Сэлэнгэбүрэн хэмээх сум байгуулагдаж байсан ба тус сум нь сургууль, захиргаа, эмнэлэг, хоршоо, дэлгүүртэй жинхэнэ сумын чанартайгаар олон жил оршин тогтносон аж. Сэлэнгэбүрэн сумын даргаар 1927 оноос «Захирагчийн» хэмээх Цэмбэлийн Дэмбэрэл олон жил ажиллаж тус суманд артель, хамтрал, коммун байгуулж байжээ. Тус суманд «Ялалтын зам» нэгдэл байгуулагдаж байсан юм. Энэхүү сум нь хожим 1962 онд татан буугдаж, ар тал нь одоогийн Булган аймгийн Сэлэнгэ суманд харьяалагдах болж, урд тал нь Хангал сумын мэдэлд шилжсэн байна.

Tус сумын нутагт 1954 онд "Cаруул зам" нэгдэл байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, ХТАЗүтгэлтэн Л. Oчир, Ардын депутатын хурлын тэргүүлэгчээр хүн эмнэлгийн бага эмч Л. Лувсандорж, малчин Л. Дамдиндорж нарын хүмүүс ажиллаж, хожим 1960 онд «Жаргалын зам», Сэлэнгэбүрэн сумын «Ялалтын зам» гэх 2 нэгдэлтэй нийлж томоохон хэмжээний МАА-н нэгдэл болжээ. Нэгдлийн дарга нараас О. Пирлай, Б. Даваасүрэн нар чадварлаг ажиллаж байв.

Тус сумаас МАХН-ын үе үеийн их хурлуудад хүний бага эмч Л. Лувсандорж, 1966 оны 15-р их хуралд Х.Чанцалдулам эмчийн ээж,АИХ-ын депутат, аймгийн аварга саальчин Г. Долгор, 1971 оны 16-р их хуралд АИХ-ын депутат, Булган аймгийн Улсын Тэргүүний бага сургуулийн захирал С. Дарьсүрэн, Хангал сумын бага сургуулийн захирал Ш. Дамдинсүрэн, Фермийн эрхлэгч Д. Нармандах, 2007 оны 25-р их хуралд Хүний их эмч Х.Чанцалдулам, 2013 оны 27-р их хуралд 2-р Багийн Засаг дарга Х.Өнөрцэцэг нар оролцож байлаа.

Сумын ИТХ-ын даргаар:

1992-1996 онд Б. Гомборагчаа,

1996-1998 онд Н. Бямбасүрэн,

1998-2000 онд Д. Шагдарсүрэн,

2000-2004 онд С. Пүрэв,

2004-2012 онд А. Бадамдорж,

2012-2016 онд М. Цэцэгмаа,

2016-2020 онд Х. Өнөрцэцэг,

2020 оноос Л. Ойдов нар ажиллаж байна.

Хангал сумын нутагт 1976 онд зэс, молибдены «Эрдэнэт» үйлдвэр байгуулагдаж, түүнийг түшиглэж 1994 онд Орхон аймаг байгуулагдсан ба Ноён хутагтын хийд (1702 онд байгуулагдсан ба сүүлчийн хутагт нь Агваанжигмэд) гэх сүсэг бишрэлийн төв хийдтэй байжээ. Тус Ноён хутагтын хийд нь одоогийн Эрдэнэт хотын Говил багийн нутагт байсан.

Сумын ЕБС
засварлах

Хангал сумын нутагт анх 1932 онд 3 сарын түр сургууль, 1940 онд «Бэлчир» гэх газар С. Лувсанжамц захиралтай, Д. Чилхаажав, Гунаажав, Г. Долгор нарын багштай бага сургууль байгуулагдаж байжээ. 1982 онд Гавьяат багш Ш. Шийтэр захиралтай байх үед 8 жилийн сургалттай болж, улмаар 1997 онд их эрдэмтэн Б.Шагжийн нэрэмжит дунд сургууль болсон байна.

Үе үеийн захирлууд:

1940 оноос С. Лувсанжамц, Лувсанням, Дашдорж, 1975-1982 онд Ш. Дамдинсүрэн,

8 жилийн сургалттай сургуулийн захирлаар 1982-1985 онд Гавьяат багш Ш. Шийтэр (хими биологийн багш),

1985-1992 онд АБТА Н. Бямбасүрэн,

1992-1996 онд АБТА Б. Гомборагчаа,

1996-1999 онд АБТА Б. Цэндсүрэн (бага ангийн багш), Л. Бавуу (физикийн багш), Ж. Баасан,

1999-2003 онд АБТА Ч. Оюунтуяа,

2003-2004 онд АБТА А. Бадамдорж (дизайн технологийн багш),

2004-2011 онд АБТА Д. Пүрэвсүрэн (орос хэлний багш),

2011-2017 онд Б. Шинэбаяр (математикийн багш), 2017 оноос БТА Х. Тамжид (түүх, нийгмийн багш) ажиллаж байна.

Сумын ЭМТ
засварлах

Тус суманд 1933 онд хүн эмнэлгийн салбар үүссэн ба түүнээс хойш эрхлэгч эмчээр бага эмч Найдан, Жадамба, Г. Магван, Л. Лувсанжамц, Бадамханд, Санжаажамц, 1974 оноос их эмч Саранцэцэг, Эрдэнэцэцэг, Х. Бямбасүрэн (хүүхдийн эмч), Бужгар, 1993 оноос Д. Дорждэрэм (чих хамар хоолойн эмч, АУ-ны доктор), Л. Болормаа, Ганболд, 2003-2004 онд Ө. Баатарзориг, 2004-2011 онд Х. Чанцалдулам (дотрын эмч, Эмэгтэйчүүдийн эмч, байцаагч түшмэл), 2011 оноос Д. Туул, Үүрийнтуяа, 2014 оноос Ч. Ганчимэг (шүдний эмч), Болортуяа, Уранчимэг, Цогзолмаа нар ажиллаж байсан ба ажиллаж байна. 1938 онд хүрэн эмнэлэг, 1997 онд Д. Дорждэрэм эмчтэй байх үед барилгын сүрлэн материалаар хүн эмнэлэг барин ажиллаж байсан.

2005 онд Алтан гадас одонт ЭХТА Х. Чанцалдулам эмчтэй байх үед 1, 2 багт Багийн эмчийг ажиллуулан багийн иргэдэд шуурхай тусламж үзүүлэн түргэний тэргийг шинэчлэн 2006 онд эмнэлгийн барилгыг стандартын дагуу болгох зорилгоор 2 давхар хүн эмнэлэг, эмийн санг ашиглалтад оруулж туслах аж ахуйн суурийг тавин чийрэгжүүлэлтийн кабинетыг шинээр бий болгож 2007 онд тус эмнэлэг "Эхийн эндэгдэлгүй хамт олон"-оор шалгарч байжээ.

Сумын Сүү тосны завод
засварлах

1942 онд бий болж, мастераар Д.Санжаа, Д.Сандагсүрэн, А.Цэнд нар ажиллаж, жолоочоор Х.Баасандорж олон жил ажилласан байна.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Хувьсгалын дараа ардын төр засгаас хуучин хошууны зохион байгуулалтыг халж, “баг” нэртэй болгосон ч 1931 оноос өөрчлөн засаг захиргааны хамгийн бага нэгж 7 багтайгаар ажиллаж байв. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж, иргэдийн мал нийгэмчлэгдсэнээс хойш “баг” гэдэг нэр нь нэгдлийн бригад нэрээр солигдсон байна. Улмаар 1992 оны шинэ Үндсэн хуулийн засаг захиргааны бага нэгжийг “баг” хэмээн нэрлэх болжээ. Булган аймгийн Хангал сум нь засаг захиргааны 4 багтай.

Сөрт баг /1-р баг/
засварлах

Хангал сумын 1-р баг нь Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 24 дүгээр тогтоолоор үүсэн байгуулагдсан бөгөөд Сэвсүүл, Сөрт, Тариат, Галт, Эргэл хайрхан, Гурван эвэртэй, Сэлэнгэ мөрний өргөн уудам нутаг усыг хамран оршдог. Энэ уудам нутагт 1960-1990 оны үед улсын өвсний фондыг бэлтгэхийн зэрэгцээ өвөл цаг хүндэрсэн үед отроор малаа бэлчээн малладаг гол газар байв. Сэвсүүл, Шивэрт, Сөрт, Тариат, Галтайд тус багийн нийт малчдын 60 орчим хувь, Хандгайт, Эргэл хайрхан, Улаан бургас, Гурван эвэртэйд цөөн тооны, Сэлэнгэ мөрнийг уруудан мянгаас дээш малтай малчид өвөлжиж, Чулуут, Зөөхийн голоор зусдаг.

175 өрхийн 532 иргэн, 30 орчим мянган толгой малтай. Багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалд ашиглах болон хотын ахуйн хэрэглээг хангах усан цахилгаан станц 2, тус үйлдвэрийн ажиллагсдын “Сэлэнгэ” амралтын бааз, хүүхдийн “Янзага” зуслан, “Галтай” амралт, саам эмчилгээ, сувиллын газрууд, Дэлхийн аварга болон нэр бүхий тэмцээнд тамирчдыг бэлтгэдэг “Олимп” спортын бэлтгэл сургалтын төв байрладаг.Тус багийг газар тариалангийн гол бүс нутаг хэмээдэг. Анх “Саруул зам” нэгдлийн дэргэд 1500 га атар газар ашиглан үр тарианы тасаг байгуулж, Гурван эвэртэй, Цагаан тавиланд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Молор эрдэнэ түрүү” ХХК 1800 га, “Сүмийн нуга” ХХК 100 га, Нармандах эзэнтэй “Бүрэнхаан ХЭАА” 100 га, иргэд 500 га газар эзэмшин үр тариа, төмс, хүнсний ногоо, халтар арвай, овъёос, хар будаа тариалж байна.

Урт баг /2-р баг/
засварлах

Сумын 2-р баг нь 1990 оноос өмнө буюу “Саруул зам” нэгдлийн үед хонин сүрэг голлосон МАА-н 2-р бригад хэмээн нэрлэгдэж байв. Тур бригадынхан Хонгор овооны хөндий, Алагийн нуруу, Хөшөөтийн хөндий зэрэг газраар отор нүүдэл хийж, Хангал, Чингэл, Зуны голоор зусч, мал сүргээ өсгөн үржүүлдэг байв.

1992 оноос Засаг захиргааны шинэчлэлээр багийн зохион байгуулалтанд орсон. Тус баг нь 63028 га газар нутагтай бөгөөд үүнээс 997.5 га тариалангийн, 21711.3 га бэлчээрийн, 3225.3 га хадлангийн талбайтай. 166 өрхийн 486 хүн ам, 20345 толгой малтай бөгөөд голлох эдийн засгийн үндэс нь мал аж ахуй юм. Тус багийн нутаг дэвсгэрт ойн нөхөрлөл 10, мод үржүүлгийн газар 1, малчны бүлэг 6, хоршоо 1, фермер 3 бий. Мөн Орхон аймгийн харьяа аялал жуулчлал, саам эмчилгээний “Мажаа” амралт сувилал, “Ногоон төгөл” амралт, “Энэрэл” хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байна. “Эко хан буян” хоршоо нь газар тариалан, мал аж ахуй хоршин, улаанбуудай, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо, хар будаа тарьж тус багт үйлдвэрлэл явуулдаг.

Хонгор-Өндөр баг /3-р баг/
засварлах

Хангал сумын 3-р баг нь Хангал сумын төв юм. Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 24-р тогтоолоор анх үүсэн байгуулагдсан.

Тус баг нь 139 өрхийн 930 орчин хүн амтай, 2144 тоо толгой мал тоолуулсан, 6525 га газар нутагтай. Сумын төвд Засаг даргын тамгын газар, 150 гаруй суралцагчтай 9 жилийн сургууль, сумын хүн эмнэлэг, 75 хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн алба зэрэг төсвийн байгууллагууд болон Хаан банк, Төрийн банк, “Долоон бар” ХХК, шатахуун түгээх станц, Хангал нутгийн өндөг, “Хүй манель” ХХК зэрэг хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Баг, сумын нэрийн бүтээгдэхүүн болох гурил, арвайн гурил, бог будаа боловсруулах цехтэй.

Багийн хэмжээнд Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайл зэрэг үүрэн телефоны салбарууд ажиллаж, багийн иргэд төдийгүй малчид, тариаланчид гар утас ашиглан интернет үйлчилгээнд холбогдож байна.

Хялганат тосгон /4-р баг/
засварлах

Хялганат тосгон нь Хантай, Бүрэнгийн ой хөвч, уул нуруудын өргөн Сэлэнгэ мөрний хөвөөнд далайн түвшнээс дээш 900 метрт Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан 20,000 га эдэлбэр газар эзэмшин оршдог. 1957 онд Цулхарт мод бэлтгэлийн бригад болон байгуулагдаж, улмаар 1967 онд артель болон өргөжсөн. Хантай нурууны ойн нөөцөд түшиглэн Үйлдвэрлэл хоршооллын байгууллагын харьяанд Дамдиндагваар удирдуулсан 10 гаруй хүнтэй 3 тасаг, 100 гаруй ажиллагсадтайгаар өргөжин ажилласан байна. БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1972 оны 2-р сарын 25-ны өдрийн 57-р тогтоолоор Артелийг Сэлэнгийн мод бэлтгэлийн аж ахуй болгон өөрчлөх шийдвэр гарч, ЗХУ-н техник эдийн засгийн тусламжтайгаар Мод бэлтгэлийн аж ахуйг иж бүрнээр барьж байгуулан, 1975 онд ашиглалтанд оруулсан. 1976 оноос Эрдэнэт хотын харьяа Хялганат хороо гэж нэрлэсэн.

1994 онд Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн дагуу тус хороо нь Булган аймгийн Хангал сумын 4-р баг, Хялганат тосгон болон харьяалал өөрчлөгдөж, тосгоны захирагчаар Х.Батаа /1994-1996/, С.Пүрэвээ /1996-2000/, Ж.Төмөрбаатар /2000-2009/, Б.Уянгабат /2009-2012/, Б. Ууганбаяр /2013-2017/, А.Сод-Эрдэнэ /2017-одоо/ ажиллаж байна.

Хялганат тосгон эдүгээ 915 өрхийн 3128 хүн ам, 20131 толгой мал, 50 га эргэлтийн ногооны талбайтай, 140 га-д үр тарианы тариалалт явуулдаг. Тосгоны захиргаа, 800 гаруй суралцагчтай 12 жилийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг, 3 их эмчтэй эмнэлэг, Онцгой байдлын гамшигаас хамгаалах 50-р анги, Зэвсэгт хүчний 234-р анги, Цагдаагийн хэсэг, Соёлын төв, худалдаа үйлчилгээний 25 цэг, үйлдвэр худалдааны 14 компани нөхөрлөл, Монгол-Хятадын хөрөнгө оруулалттай “Хиллан Жун” ХХК, шахмал түлшний үйлдвэр, 110/10 кВ-н дэд станц, 2 шатахуун түгээх станц, холбооны болон шуудангийн салбар, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн.

Эдийн засаг

засварлах
Газар тариалан
засварлах

Газар тариалангийн эргэлтийн талбай 2011 онд 1315 га газар талбайг эргэлтэнд оруулж, тариалангийн зориулалттай талбайн 90 гаруй хувийг ашиглаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой өсч 2010 онд үр тариа 1100 га-д, төмс хүнсний ногоо 115 га-д тариалж байсан бол 2013 онд үр тариа 1200 га-д, хүнсний ногоо 130 га-д тариалах болсон. Мөн таримлын төрөл нэмэгдэж, арвай 15 га, овъёос 40 га, будаа 6 га, малын тэжээлийн ургамал 60 га-д тариалан, Засгийн газрээс хэрэгжүүлсэн “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд сумын иргэд, аж ахуйн нэгжүүд 45 га-д нийт 43 мянган суулгац тариалж, 6000 кг ургац хураасан.

Тус суманд “Молор эрдэнэ түрүү” ХХК, “Сүмийн нуга” хоршоо, “Хүй манал” ХХК-д 42 иргэн төмс хүсний ногоо үр тариа, тэжээлийн ургамал тариалж газар тариалангийн салбарт ажиллаж байна.

Мал аж ахуй
засварлах

Мал аж ахуйг дэмжих үйлчилгээний чанар хүртээмж сайжирснаар нэг өрхөд болон нэг хүнд ноогдох малын тоо өсч, нэг өрхөд 162, нэг хүнд 54 мал ноогдож байна. Энэ хэрээр малчин өрхийн амьжиргааны түвшин чадавхи сайжирч, 1000 хүртэлх малтай айл 18, 1000-с дээш малтай айл 10 болсон. 2012 оны эцэст 76701 тоо толгой мал тоолуулж өмнөх оныхоос 2152, 2008 оныхоос 17727 толгойгоор өссөн дүнтэй гарсан. 2022 оны малын тооллогоор нийт 102.72 мянган толгой мал тооллогдсон. Үүнд хонь 37.57 мянган толгой, ямаа 33.54 мянган толгой, үхэр 22.37 мянган толгой, адуу 9.23 мянган толгой, тэмээ 0.01 мянган толгой тоологдсон.

Мал сүргийн тоо толгойгоор өсгөхийн зэрэгцээ нутгийн шилмэл омгийн болон өндөр ашиг шимтэй үүлдэр угсааны хээлтүүлэгчийг нэмэгдүүлэх замаар цөм сүргийн тоо толгойг олшруулах, 2008 оноос эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг фермер 4 бий болж, 144 сүүний чиглэлийн үнээтэй болсон. 2013 онд 3020 эрлийз мал тоологдсон.

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ
засварлах

2009 оноос ЖДҮ-г дэмжих сан байгуулагдаж улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бондын хөтөлбөр төсөл, хөдөлмөр эрхлэлтийн сангуудаас хөрөнгө төвлөрүүлж, арилжааны банкуудтай хамтран ажиллах замаар үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж байна. ЖДҮ-г дэмжих сангаас 10.5 сая төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлэлттэй, эргэн төлөх нөхцөлтэй зээл олгож, үүнд 2010 оноос эхлэн давхардсан тоогоор 30 хүн хамрагдан өрхийн үйлдвэрлэл, ажлын байраар хангажээ.

Алдар цуут хүмүүс

засварлах
  • БНМАУ-ын Ерөнхий сайд агсан А.Амар (1886-1941)
  • Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, үндэсний спортын ууган Гавьяат тамирчин Б.Түвдэндорж (1916-1986)
  • Mонгол хэл бичгийн их эрдэмтэн, нэрт толь зүйч, мэргэн гүүш, анхны жижиг ном зохиогч Б.Шагж (1886-1938)
  • Даншигийн их аварга Намжилжав (XVIII зуун)
  • Mонголын анхны усан замын инженер, капитан (усан цэргийн Бригадын генерал) O. Жамц (1933-1978)
  • Хөдөлмөрийн баатар Ц.Чойжил (1934)
  • Хөдөлмөрийн баатар Ж.Эрдэнэчимэг (1956)
  • Хөдөлмөрийн баатар П.Бирабазар
  • Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Үенч (1954)
  • Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал асан Д.Ёндон (1944-1998)
  • Химийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Aкадемич Ж.Tэмүүжин (1967)
  • Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Жадамбаа (1941)
  • ХААЯамны орлогч сайд, ШУА-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал асан, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Д.Моёобуу
  • МУ-ын анхны Ойн Гавьяат ажилтан Н.Гомбожав (1922-?)
  • Гавьяат эмч, Анагаах Ухааны доктор (Ph.D), дэд профессор С.Mанлай (1936)
  • Гавьяат эмч Д.Цэнд-Аюуш (1931-?)
  • Гавьяат эмч Д.Cанжаасүрэн (1948)
  • Гавьяат багш Г.Банзрагч (1949-2015)
  • Гавьяат багш Ш.Шийтэр (1941)
  • Гавьяат багш Ж.Пүрэвсүрэн (1940)
  • Гавьяат багш Л.Эгиймаа (1957)
  • Гавьяат дасгалжуулагч, Улсын Алдарт Уяач, "Хангарьд" Спорт цогцолборын дарга асан Д. Баясгалан (1956)
  • Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж (1921-1976)
  • Жүдо бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар
  • Гадаад Яамны сайд асан В.Дорлигжав (1893-1937)
  • Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд агсан, соёл судлаач Ё.Доржсүрэн
  • Химийн ухааны доктор (Ph.D), профессор, МУИС-ийн хүндэт профессор А.Доржпалам (1933-2004)
  • Анагаах ухааны доктор (Ph.D), дэд профессор Ж.Жамьяншарав (1931-?)
  • Анагаах ухааны доктор (Ph.D), дэд профессор Д.Дорждэрэм (1932)
  • Хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэн, эрдэмтэн доктор (Ph.D) Б. Цэвэгсүрэн
  • УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, Түүхийн ухааны доктор (Ph.D) Ё.Отгонбаяр
  • Түүхийн ухааны доктор (Ph.D) С.Дэмбэрэл
  • Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) О.Өнөрмаа
  • Цэвдэг судлалын ухааны доктор (Ph.D), эрдэмтэн Д.Лувсандагва
  • УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Ё.Баярсайхан
  • Барилгын Яамны орлогч сайд, НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийн декан, МУИС-ийн Цэргийн тэнхимийн эрхлэгч асан, эрдэмтэн хурандаа Д.Дэмчигсvрэн
  • Улсын сайн малчин Д.Цэдэн
  • Улсын сайн малчин Ц.Сэсэм
  • Улсын сайн малчин С.Өсөгбаяр
  • Улсын сайн малчин Р.Энхбат
  • Улсын Алдарт Уяач Д.Пүрэвжал
  • Улсын Алдарт Уяач Д.Батчулуун
  • Улсын Алдарт Уяач Д.Авирмэд
  • Улсын Аварга тариаланч Ч.Батбилэг
  • Эрvvл мэндийн салбарын удирдах ажилтан, аймгийн 2 удаагийн аварга эмч Х.Чанцалдулам (1948-2021)
  • Aрдын их хурлын депутат асан C.Дарьсүрэн
  • Аймгийн 3 удаагийн аварга фермер, алдарт анчин, ахмад дайчин Д.Хажиддорж
  • Аймгийн 4 удаагийн аварга малчин, алдарт анчин, ахмад дайчин О.Баясгалан
  • Аймгийн 3 удаагийн аварга малчин Г.Равжир
  • Аймгийн аварга саальчин, АИХ-ын депутат асан Г. Долгор, аварга саальчин Д.Чанцал, Ц.Должинсүрэн
  • БНМАУ-ын Нам төрийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Төв Хорооны Зохион зааварлах хэлтсийн эрхлэгч асан Б.Далай
  • Mонголын анхны эрүү нүүрний их эмч ЭХТА Шагдарсүрэнгийн Ичинхорлоо
  1. Налжирмаа, Галдандорж (2014). Хангал сум 90 жил (Mongolian хэлээр). Улаанбаатар хот: Улаанбаатар принт ХХК. p. 27.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. [1212.mn "Баг, хороодын хүн амын статистик мэдээлэл"]. 1212.mn. 2022. {{cite web}}: Check |archive-url= value (help); Check |url= value (help)CS1 maint: url-status (link)