Сэлэнгэ мөрөн
- Энэ мөрнийг бусад Сэлэнгээс ялган таниарай.
Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.
Сэлэнгэ мөрөн | |
---|---|
Эх | Дэлгэр мөрөн, Идэр гол |
Адаг | Байгал нуур (Сэлэнгэ балгас) |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол |
Байршил | Монгол |
Урт | 1024[1] км (үүнээс 615 км нь Монгол оронд) 1476 км (Идэр голын хамт) |
Эхийн өндөр | 1176 м |
Адгийн өндөр | 456 м |
Урсац | -дундаж 284 м³/с |
Ус цуглуулах талбай | 447.060[1][2] км² |
Голын систем | Енисей мөрөн |
Зүүн цутгалууд | Зүлэгтийн гол, Эгийн гол, Зэд гол, Химни гол, Баян гол, Оронгой гол |
Баруун цутгалууд | Хануй гол, Алтатын гол, Орхон гол, Цөх гол, Хилго гол, Үд гол, Итанца гол |
Дэлгэр, Идэр хоёр голын бэлчрийг Сэлэнгийнх гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 615 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай Умард мөсөн далайн талбайн 87,3 хувь, манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна.
Голын эхний хэсэгт голдрилын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа голдрилын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг.
Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна. Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөн болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгана.
Сэлэнгэ мөрний эрэг дагуу үржил шимт уужим хөндийтэй. Татам дагууд нь шинэс, улиас бүхий өтгөн бургас, бут сөөг ургана.
Сэлэнгэ мөрөн 1751, 1785, 1830, 1864, 1867, 1869, 1872, 1897 онуудад ихээхэн хэмжээгээр үерлэж байсан баримт бий. Сэлэнгэ мөрөн 11 сарын хоёрдугаар хагасаас дараах оны 4 сарын хууч хүртэл 140-185 хоног хөлддөг. Мөсний зузаан нь 67-167 см байна. Усны температур нь өвөл 0 хэм хүртэл хөрдөг бөгөөд 1973 онд оны зун нэмэх 25 градус хүртэл халж байжээ.
Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын хамгийн том цутгал юм. Байгал нуурт 1/2 усыг нь хангаж өгч байдаг юм.
Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц бөгөөд нуур луу задарч, олон садраа үүсгэн цутгадаг байна. Садраа нь маш том ба 680 км² талбай үүсгэдэг байна.
Усны дундаж зарцуулалт Орос, Монголын хилийн ойролцоо 310 м³/сек, 127 км, цаана адагтаа 935 м³/сек зарцуулдаг байна.
Сэлэнгэ мөрөн нь 26 зүйлийн загастай бөгөөд агнуурын ач холбогдолтой загас үүнд: цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь гэх мэт. Агнуурын үнэт загас үүнд: сибирь хилэм, тул, омуль гэх мэт.
Сэлэнгэ мөрөн нь маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг юм. Ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй юм. Энэ бүс газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Сэлэнгэ мөрөн нь хилэм загасны гол нүүдэллэдэг, түрсээ шахдаг газар нь юм.
Цахим холбоос
засварлахЗүүлт тайлбар
засварлах- ↑ 1.0 1.1 textual.ru: ОХУ-ын улсын ус зүйн бүртгэл
- ↑ Projektförderantrag (PDF; 1,6 MB) Global Environment Facility, 2010